2021.10.07

Б.Бат-Эрдэнэ: Гадаадын хөрөнгө оруулалт гэж хэт туйлширч болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудлыг цогцоор нь авч, нэлээн сайн дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй юм шиг. Өөрийн улсын газар зүйн байршил, хүн ам, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт хэмээн хэт туйлшрах нь ямар үр дагаварт хүрдгийг мэднэ. Жишээлбэл, Тамсагийн сав газрын нефттэй холбоотой асуудал бий. Түүнийг ЗХУ-д зараад явчихсан. Оюу-Толгойн хөрөнгө оруулалттай асуудлыг эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн хамт анх яригдаж эхэлж байхад нь бид санаа тавьж байсан. Гэтэл 10 жилийн дараа хэчнээн тэрбум төгрөгийн өрөнд орлоо. Дундуур нь Дубайн лууврын гэрээ хийгээд асуудал үүсгэсэн.

Хууль эрх зүйн орчин амьдрал дээр хэрэгжихгүй байгаа шалтгааныг өөрөөсөө хайх хэрэгтэй юм билээ. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын хариуцлага, хүнд суртал, тээг, дарамттай холбоотой асуудлыг авч үзмээр санагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчид хууль хяналтын өндөр албан тушаалын хүмүүстэй үгсэн хуйвалдаж, гаднын хэвлэлүүдээр онигоо болж байна. Энэ хүмүүст яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Эхний ээлжид Монголд бодитой хөрөнгө оруулсан хүмүүсийн хохирлыг яагаад барагдуулдаггүй юм? Улс орны нэр хүнд, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү дээ.