Д.Зоригт: Шалгуур хангасан компаниудад Хөрөнгө оруулалтын хууль буцаж үйлчилнэ
Намрын чуулганы эхний хуулийг УИХ өчигдөр баталлаа. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт-той ярилцав. Тэрээр хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан юм.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ баталлаа. Одоо хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Эндээс ярилцлагаа эхэлье.
-Одоогоос 20 жилийн өмнө баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болголоо. Монгол Улсад өнөөдөр хөрөнгө оруулалтын цоо шинэ эрх зүйн орчин бүрдлээ. Өмнө нь бид зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан хөнгөлөлт үзүүлдэг, дэмждэг, татварын орчноо тогтворжуулдаг байлаа.
Тиймээс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмждэг, татварын тодорхой орчныг нь тогтворжуулдаг болгох зорилт тавьж, ийм бодлогоор анх энэ төслийг санаачилсан. Хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт маргаашаас эхлээд Монгол руу урсаад байна гэсэн үг биш шүү дээ. Энэ бол урт хугацаанд үйлчлэх хууль болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татахын тулд зөвхөн энэ биш, өөр олон хууль, бичиг баримтад өөрчлөлт оруулах ёстой. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох эрдэс баялгийн салбарын бодлогоо тодорхой болгох ёстой.
Энэ хүрээндээ Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх ёстой. Янзлах зүйл их бий дээ. Татварын багц хуулиа ч шинэчлэх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой байх орчин бүрдүүлэх хэрэгтэй юм. Их олон юмнаас бид эхний томыг нь л хийлээ гэж хэлье. Цаана нь хийх дөрөв, таван том ажил бий. Тэгж байж хөрөнгө оруулалтын орчин иж бүрнээрээ сайжирсан гэж үзнэ.
-Сая баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс нь, хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг нь юу вэ?
-Гол хөшүүрэг нь гэвэл бид гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад Монголын төр эрх зүйн, хуулийн баталгаа өгч байгаа юм. Оруулсан хөрөнгө чинь төрийн хамгаалалтад байна, булааж авахгүй, та олсон ашгаа чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй шүү гэж баталж хэлж байгаа юм.
Таны оюуны өмч хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтыг бид хамгаална. Ноу хау, патентыг чинь хамгаална гэсэн баталгаа өгч байгаа. Энэ бол эхний том ач холбогдол. Хоёрт, хөрөнгө оруулагч болгон ашгийн төлөө л явдаг. Тэд тооцоо, судалгаа хийдэг. ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө гээд хийдэг шүү дээ. Гэтэл яг тэр дагуу хөрөнгөө оруулаад явж байтал гэнэт л татварын орчин огцом өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө нь өөрчлөгдөөд явчихдаг.
Одоо энэ хуулиар гол дөрвөн татварыг тогтворжуулснаар бизнес төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй, тогтвортой байх баталгааг гаргаж өгч байна. Ийм баталгаа өгснөөр хөрөнгө оруулах гэж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдэнд зээл өгөх гэж байгаа банк, санхүүгийн байгууллагад итгэл үнэмшил бий болно. Энэ бол нэг зорилго. Гуравт, Монголын төр хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ зарлалаа. Татварын болон татварын бус орчноор дэмжинэ гэдгээ зарлаж байгаа нь том ач холбогдолтой.
Дээр нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг, урин залдаг, Монгол руу хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ бүтэц гаргаж ирлээ. Дэлхийн 236 оронд ийм бүтэц байдаг юм байна. Манайд л байхгүй байсан. Тиймээс Хөрөнгө оруулалтын газар гэсэн агентлаг байгууллаа. Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц бүрэлдэхүүнд байгаа орон тоонд тулгуурлаж, төсөв зардал нэмэхгүйгээр байгуулах юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлгүйгээр эрх ашгийг нь хамгаалдаг тийм байгууллага бий болгоно.
-Татварын хөнгөлөлт ямар зарчмаар явах болов. Улаанбаатарт болон орон нутагт ялгаатай байна гэсэн хэлэлцүүлгийн явцад гарч байсан санал хуульд ямар байдлаар тусгалаа олсон бэ?
Татварын хөнгөлөлт бус тогтворжуулалт гэдгийг тодотгох ёстой.
-Татварын хөнгөлөлт бус тогтворжуулалт гэдгийг тодотгох ёстой. Мөн энэ тогтворжуулалтаа ялгаатай тогтоож байгаа. Улаанбаатараас алслагдах тусмаа тогтворжуулах гэрчилгээ авах хөрөнгө оруулалтын босго буурч, хугацаа уртсах юм. Таван бүс нутагт хуваагаад ялгавартай босго, шаардлагууд гаргаж өгсөн.
Үүний ач холбогдол нь зах зээлээ дагаад хөрөнгө оруулагчид Улаанбаатар руу шавдаг. Үүнийг өөрчлөх юм. Алслагдсан буюу хөдөө орон нутагт, ялангуяа баруун, зүүн хязгаар руу хөрөнгө оруулагчдыг татах зорилго тавьсан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татварын тогтворжуулалтад хамаарах болчихож байгаа юм. Улаанбаатарт бол энэ босго 10 тэрбумаас дээш байна. Товчхондоо орон нутаг руу хөрөнгө оруулалтыг татах хөшүүргийг хуульд оруулж өглөө.
-Тогтворжуулалтад хамрах босго 2-10 тэрбум төгрөгийн хооронд байна гээд ойлгож болох уу?
-Улаанбаатарт 10 тэрбумаас эхэлнэ. Орон нутагт бүсээсээ хамаараад ялгавартай. Хамгийн бага босго бол баруун таван аймагт хоёр тэрбум төгрөг юм. Эхний тогтворжуулах хугацаа таван жил байх бөгөөд түүнээс дээшилнэ. Компаниудад тогтворжуулалтын гэрчилгээ олгох юм.
-Алслагдсан бүс нутгаас гадна хөрөнгө оруулалтыг салбараар нь ялгаж татварын тогтворжуулалтад хамруулж байгаа гэсэн. Үүнийг тодруулахгүй юү?
-Дэд бүтэц, экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэл, төмөр зам, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын үйлдвэрлэлийг дэмжих шаардлага бий. Бид сая дурдсан салбаруудад хөрөнгө оруулж байгаа бол татвар тогтворжуулах хугацааг илүү урт болгох, бүр хуульд заасан хугацаагаа 1.5 дахин өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн.
Хоёрт, энэ чиглэлийн үйлдвэр, дэд бүтцийг байгуулах барилга угсралтын ажлын явцад нь гадаадаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг тэг хүртэл хувь болгон бууруулж болно гэж хуульд оруулсан. Энэ бол хуулиар эцэслэн зохицуулагдаж байгаа харилцаа биш л дээ.
Ийм дэмжлэг байж болно гээд ерөнхийд нь тусгачихсан. Татварын хуулиар зохицуулна гээд заасан юм. Татварын багц хуулийн шинэчлэлийн тухайд намрын чуулганы явцад Засгийн газраас төслөө өргөн мэдүүлнэ. Тэр үед нь тодорхой зохицуулалт хийгээд явна.
-Хэлэлцүүлгийн явцад гишүүдийг хоёр талцуулаад байсан зүйл нь дөрвөн тогтворжуулсан татвараас гадна гэнэт шинэ татвар ороод ирвэл яах вэ гэсэн асуудал байсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар шиг зүйл УИХ баталчихвал тогтворжуулалтын гэрчилгээ авсан компаниудад үйлчлэх үү?
Батлах босго нь өндөр байх, эсвэл хууль санаачлагч заавал Засгийн газраас дэмжсэн санал авах ч гэдэг юм уу босго нөхцөл оруулах нь зүйтэй.
-Энэ асуудлаар хуулийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд ярилцсан. Олонх юу гэж үзсэн гэхээр шийдэх ёстой гэдэг дээр л санал нэгдлээ. Гэхдээ энэ хуулиар шийдэх нь буруу гэж үзсэн. Татварын харилцааны зохицуулалт учраас Татварын ерөнхий хуульдаа зохицуулалт оруулъя. Жишээ нь, цоо шинэ татвар гаргахдаа УИХ-ын ердийн санал хураалтаар бус тодорхой хэмжээний босготой байх ёстой гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, батлах босго нь өндөр байх, эсвэл хууль санаачлагч заавал Засгийн газраас дэмжсэн санал авах ч гэдэг юм уу босго нөхцөл оруулах нь зүйтэй гэж ярилцсан. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад тооцоо судалгаа, үндэслэл муутай татварын хууль санаачлагдаж, тэр нь богино хугацаанд УИХ-аар батлагдсан тохиолдол хэд хэд бий. Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагчдад сөрөг үр дагавар авчирсан байдаг шүү дээ. Бид ийм алдаагаа давтахгүйг хичээнэ.
-Хөрөнгө оруулагчдад айх юм бас үлдсэн гэсэн үг үү?
-Энэ хуулиар хийж чадаагүй л нэг зүйл гэж ойлгох хэрэгтэй. Тогтворжуулж байгаа дөрвөн татвар бол аль ч улсад аж ахуйн нэгжид ачаалал болдог гол татварууд. Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид бол роялти маш их нөлөөтэй. Шууд л борлуулалтаас нь хувь хэмжээгээр авдаг татвар шүү дээ.
Нөгөө гурав нь буюу гааль, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч хамгийн гол татварууд. Дэлхий даяар ч тийм, манайд ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, үндсэн татваруудыг бид тогтворжуулчихлаа. Энэ дөрвөн татвар бол Монгол Улсын төсвийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр ямар чухал нь ойлгомжтой биз дээ. Тийм учраас бид тогтворжуулалтыг дундын хувилбараар л авлаа.
-Зарим хүн бүх төрлийн татвараа тогтворжуулах байсан гэх юм.
-Манайд 20 гаруй татвар бий. Татвар, хураамж, төлбөр нэртэй ч бүгд л татвар. Энэ бүгдийг тогтворжуулах боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл, энэ хуулиар олгож байгаа тогтворжуулах хугацаа нь харьцангуй урт болчихсон. 15 жил, зарим салбарт дээд тал нь 22 жилээр тогтворжиж байгаа байхгүй юу.
Ийм урт хугацаанд Монголын бүх татварыг тогтворжуулах нь эргээд төдийлөн сайн биш. Олон нийтийн эрх ашгийн үүднээс зарим төрлийн татварыг нэмэх, өөрчлөх шаардлага гарч л таарна. Бид 10, 20 жилийн өмнөхийг урьдчилан харж чадахгүй шүү дээ. Тийм учраас гар хөлөө боож баглах нь зохистой биш гэж гишүүдийн олонх үзсэн.
-Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр урамшуулалтай холбоотой бүлэг нэмэх санал гишүүдээс гарч байсан. Хуульд ямар байдлаар зохицуулагдсан бэ?
-Засгийн газраас зөвхөн тогтворжуулах зарчим орж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад урамшуулах бодлого нэмж оруулсан. Энэ бол дэлхийн олон оронд, ялангуяа өндөр хөгжилтэй “бар” гэгддэг улсуудад байдаг. Хятадад ч бий. Тийм учраас хөрөнгө оруулагчдад татварынхаас гадна татварын бус дэмжлэг үзүүлэхээр болсон. Шинэ бүлэг, шинэ юм нэмсэн.
-Татварын бус дэмжлэг нь юу байх вэ. Гадаадынханд 100 жилээр газар эзэмшүүлэх, гэр бүлээр нь орших суух зөвшөөрөл олгох зэрэг нь хэтэрхий найр тавьж байгаа хэлбэр биш үү?
Засгийн газрын хуралдааны үеэр Д.Зоригт
-Гаднынханд найр тавиад байгаа зүйл биш ээ. Энэ бүгд бол хөрөнгө оруулагчдад тохиолддог нийтлэг хүндрэл, бэрхшээлтэй асуудал. Хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэхэд газрын асуудал байдаг. Гадаадаас ажиллах хүч оруулах, өндөр мэргэжилтэн авчрах гээд л. Өндөр технологи, инновацын салбарт бол бүр онцлог. Гэхдээ энэ бүхнийг манай холбогдох хуулиар зохицуулсан байдаг юм.
Газрын тухай, Инновацын тухай, Ажиллах хүчин гадаадаас авах тухай хууль гээд л. Энэ бүх зохицуулж байгаа хуулийн заалтуудыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд давхар оруулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын суурь хуулиасаа бүх зүйлээ харах боломжийг хөрөнгө оруулагчдад хангаж өгч байгаа юм. Нарийвчилсан харилцааг нь тухай тухайн хуулиас нь харна биз. Ерөнхий зохицуулалтаа эндээс харж болох юм. Энэ бол Монголд байгаа, байсан, өмнө нь явж ирсэн дэмжлэгийг бусад хуулиасаа оруулсан л хэлбэр.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж эхэлснээр бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, тогтворжуулалт нь гадаад, дотоод гэж ялгалгүй ижил үйлчилнэ биз дээ?
-Яг адилхан. Хуучин бол өөр байсан. Өнгөрсөн 20 жилд гадаадын долоон хөрөнгө оруулагчтай Монгол Улсын Засгийн газар тусгай гэрээ байгуулсан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ л дээ. Энэ гэрээнийхээ дагуу долоон аж ахуйн нэгжид олон төрлийн татвар тогтворжуулж, хөнгөлөлт чөлөөлөлт өгч, шинээр татвар гарвал тэдэнд үйлчлэхгүй болгож дэмжиж ирсэн.
Долоохон хөрөнгө оруулагчид шүү дээ. Тэгсэн хэрнээ дотоодынхоо нэг ч хөрөнгө оруулагчид таатай орчин өгөөгүй. Энийг л халлаа. Хөрөнгө оруулж л байгаа бол дотоод, гадаад гэж ялгахгүй. Нөгөөтэйгүүр, Монголд өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд 17 хуулиар 240 гаруй хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлдэг юм байна. Сангийн яамны гаргасан судалгаагаар ингэж гарсан. Ихэвчлэн олон хүн ажилладаг хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт энэ хөнгөлөлт очдог.
Жижиг үйлдвэрлэлийн салбарт маш олон хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Харин дунд, том хөрөнгө оруулагчдадаа чиглэсэн, тэдэнд зориулсан дэмжлэг, хөнгөлөлт гэж бараг байгаагүй. Тэгэхээр энэ хууль маань Монголын яг голлох хөрөнгө оруулагчдад анх удаа боломж гаргаж ирсэн нь онцлог. Мэдээж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого маань үргэлжилнэ. Дээр нь том хэмжээний хөрөнгө оруулагчдадаа дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.
-Энэ хууль гарахаас өмнө хөрөнгө оруулалтаа хийчихсэн аж ахуйн нэгжүүдэд хууль буцаж үйлчлэх үү?
-Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад энэ хууль батлагдахаас таван жилийн өмнөх хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад энэ хуулийн шаардлагыг хангаж байвал үйлчилнэ гэсэн заалт оруулсан. Өнөөдөр /өчигдөр/ баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хууль арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Тэгэхээр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш хийсэн, энэ хуулийн шаардлага хангаж байгаа хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын газарт хандаад тогтворжуулах гэрчилгээгээ авна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг гаргахдаа ялгаварлаж болохгүй гэж гаргасан. Өмнө нь хөрөнгө оруулчихаад байгаа, тэр нь үргэлжлээд явж байгаа хөрөнгө оруулагчдаа ялгаж хаяж болохгүй.
-2008 оноос хойш гэхээр Оюутолгойд үйлчлэх үү?
-Энэ хууль Оюутолгой зэрэг урд нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан долоон компанид үйлчлэхгүй.
-Монголд ер нь хуульд заасан хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадвартай аж ахуйн нэгж хэд байгаа вэ?
-400 орчим компани энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадвартай гэсэн Сангийн яамны судалгаа бий. Бид энэ хууль батлагдсанаар 400 маань 600, 800, 1000 болоосой гэж хүсч байна.
Эцсийн эцэст Монголд ажлын байр аль болох олноор бий болгох, олон төрлийн бүтээгдэхүүн экспортлох, импортыг хумих, төсвийн орлогын бааз суурийг өргөтгөх зорилгоор энэ хууль хийгдсэн.
Өнөөдөр Монголд том хөрөнгө оруулагч 10 байна гэхэд энэ хуулийн үйлчлэлээр магадгүй 5, 10 жилийн дараа 50 том татвар төлөгчтэй болж байж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Ийм логик дээр суурилж энэ хууль хийгдсэн. УИХ тэгж л баталсан.