Б.Гарамгайбаатар: Намын даргыг марафоноор шийдэх тохиролцоонд хүрч байх шиг байна
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-АРДЧИЛСАН НАМ ОЛОН ЖИЛ ОРШИН ТОГТНОСОН, ТУРШЛАГАТАЙ ТОМ НАМ-
-Маргааш Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо /ҮЗХ/ хуралдана. Энэ хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 15:00 цагт хуралдана гэсэн зар ирсэн. ҮЗХ-ны хурлын бэлтгэл ажил хангагдаж дууссан байх. Энэ хурлаар хэлэлцэх асуудлыг цэгцэлсэн байх гэж бодож байна. Миний бодлоор хоёр үндсэн асуудал хэлэлцэх ёстой. Нэг нь шинэ дүрмийн ажлын хэсэг байгуулах, энэ хугацаанд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлттэй холбоотой хэд, хэдэн төслийг хэлэлцээд, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүдийн хооронд санал солилцоод, ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг ярьсан.
Тиймээс энэ асуудлуудаа цэгцлээд, хайрцаглаад ҮЗХ-ны хуралд оруулах байх. Тэрний үндсэн дээр ажлын хэсэг гарч таарна. Шинэ дүрмийг танилцуулах, нэгтгэх, зохион байгуулах ажлын хэсэг байгуулах байх. Хоёрдугаарт, 12 дугаар сарын 6-нд болох Ардчилсан намын Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдах байх. Гэхдээ зарим асуудлууд яригдаж байх шиг байна. Албан ёсоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна.
-Зун эхэлсэн Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал хоёр ч удаа хойшилсон. Энэ хурлаа үргэлжлүүлэх үү, эсвэл шинээр хуралдах уу?
ҮЗХ-ны хурал зун эхэлсэн. Хоёр удаа хойшлогдсон. Тэгэхээр энэ хурлаар хойшлогдсон хурлаа хаах байх. Тэгээд Үндэсний Зөвлөлдөх хорооны шинэ хурлаа эхлэх болов уу.
-Ардчилсан намынхан үндсэн дүрмийн шинэчлэлийн талаархи хэлэлцүүлгийг орон нутгуудад хийж буй гэсэн мэдээлэл байна. Гэтэл таны ярьснаас хэд, хэдэн дүрмийн төсөл байгаа гэж ойлголоо. Дүрэм боловсруулсан хүмүүс нь тус, тусдаа орон нутагт ажиллаад байгаа гэсэн үг үү?
Шинэ дүрмийг орон нутагт танилцуулаад байна гэсэн шуугиан яваад байна. Гэтэл дөрөв, таван дүрмийн төсөл байгаа. Алийг нь ч сонгож аваагүй. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүд, Ардчилсан намын гишүүд олон дүрмийн төслийг хэлэлцэж байна. Зарим нэг нь өөрсдийнхөө төслийг орон нутагт танилцуулах ажлаа хийгээд байгаа юм байна. Үүнийг буруу гэж бодож байна. Ардчилсан намын гишүүд шинэ дүрмээ хүлээж байгаа.
Ардчилсан намын ҮЗХ хуралдаж танилцуулах дүрмийн чиглэлээ олоогүй байгаа нөхцөлд хөдөө орон нутгаар яваад сурталчлаад байгаа нь авцалдаагүй асуудал болчихоод байна. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлын дараа Ардчилсан намын нийт гишүүдэд танилцуулах төсөл гарч ирнэ. Тэр төслийг танилцуулах ажил бол өөр асуудал. Одоо яваад байгаа асуудал бол хувь хүмүүс, бүлэглэлүүд, сонирхогчид намын гишүүдийг үймүүлсэн, мэдээлэл дутуу байгааг далимдуулсан ажил яваад байна. Энэ бол буруу.
-Таны хувьд намын дүрмийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?
Манай Ардчилсан намын дүрэм сайн дүрэм. Тодорхой хэдэн зүйл заалтуудад өөрчлөлт орох ёстой. Тэр юу вэ гэхээр Ардчилсан намын үндсэн үзэл бодлоо тодорхойлчих хэрэгтэй. Хоёрдугаарт, дүрэмд заасан боловч хэрэгждэггүй заалтуудаа хэрэгжүүлдэг болох ёстой. Гуравдугаарт, дүрэмд тодорхой өөрчлөлт орсон хасагдсан зарим зүйлийг эргээж сэргээх нь чухал. Нэмээд өнөөдрийн цаг үетэйгээ нийлсэн зарим өөрчлөлтийг хийхийг үгүйсгэх арга байхгүй. Түүнээс биш намын дүрмийг үндсээр нь өөрчлөөд, шинэчилнэ гэвэл энэ дүрэм биш болно.
Ардчилсан нам олон жил оршин тогтносон, туршлагатай том нам учраас дүрэм бол сайн. Зарим нэг хэлэлцүүлэгт оролцоод сонсож байхад дүрмийн их бие одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм, харин тодорхой давхцалгүй зарчмын хэдэн өөрчлөлт байна гэсэн дүн шинжилгээ гарч байгаа юм шиг байна лээ. Тийм учраас Ардчилсан нам үндсэн дүрмээ барих нь илүү чухал. Намуудын дүрэм үндсэндээ ижилхэн. Намуудын тухай хууль УИХ-аар батлагдчих юм бол асуудлыг арай өөр өнцгөөс харж болох байх.
-ЭНЭ УДААГИЙН НАМЫН ДАРГЫГ МАРАФОНООР ШИЙДНЭ-
-Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой гээд хэсэг залуучууд яваад байна. Та үүнийг юу гэж бодож байна?
Ардчилсан намаа шинэчлэхийг бүх гишүүн хүсч байна, бүгд дэмжиж байгаа. Ардчилсан намыг шинэчлэх сайн дурын үндсэн дээр байгуулагдсан олон ажлын хэсэг байна. Түүний нэг хэсэг нь дүрмийн шинэчлэлт хийх гээд байгаа залуучууд.
Тэр залуучууд намын удирдлагуудтай, хэд хэдэн дүрмийн төслүүдтэй танилцаад харьцангуй ойлголцлын түвшинд хүрсэн байх. Өмнө нь өөр байдлаар яваад байсан. Одоо зөв гольдролдоо орж байх шиг байна.
-Шинэ оноос өмнө Ардчилсан намынхан дотоод асуудлаа цэгцлээд, намын удирдлагуудаа сонгоод, дүрмээ өөрчлөөд, шинэчлэгдэж чадах уу?
Ардчилсан нам бол том нам. Тийм учраас хүмүүсийн анхаарал Ардчилсан намын шинэчлэл рүү төвлөрч байна. Ардчилсан нам маргааш ҮЗХ-гоо хуралдуулаад, хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа шинэчлэлийг эхлүүлж таарна.
Энэ бол ганцхан Ардчилсан намын шинэчлэл биш, бусад намууд ч гэсэн манай намаас үлгэр дууриал авч, намынхаа дотоод асуудлыг цэгцлэх, шинэчлэх энэ алхмыг хийх байх гэж бодож байна. Үргэлж анхдагч түүчээ болж байдгаараа Ардчилсан нам эхний шинэчлэлээ хийх гэж байна.
-Намын даргын асуудал Их хурлаар яригдах уу, хэзээ эцэслэн шийдэгдэх юм бэ?
Өнөөдөр хуучин дүрэм мөрдөгдөж байгаа. Энэ удаагийн ҮЗХ хуучин дүрмээр явагдана. 12 дугаар сарын 6-нд бид шинэ дүрмээ Их хурлаараа баталж чадвал үүнээс хойш бүтцийн өөрчлөлтүүд хийгдэнэ. ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, шат, шатны намын байгууллагууд гээд бүгдэд нь өөрчлөлт орно. Шинэчлэлт тэр утгаараа явагдана. Шинэ дүрмийн хүрээнд намын даргыг хэрхэн сонгох юм, ямар статустай байх зэрэг нь шийдэгдэнэ. Тэгэхээр шинэ дүрэм батлагдсаны дараа намын даргын асуудал яригдаж таарна. Ардчилсан нам энэ удаагийн намын даргыг марафоноор шийдье гэдэг тохиролцоонд хүрч байх шиг байна.
Нэгэнт намын даргад нэр дэвших сонирхолоо илэрхийлж байгаа хүмүүс бол мэдээж энэ дүрэм батлагдсанаас хойш орон нутгуудад явж, намын анхан шатны байгууллагын хүмүүстэйгээ уулзаж, өөрсдийгөө таниулах болохоос биш, өнөөдөр яваад гишүүдийн санаа сэтгэлийг үймүүлээд байж болохгүй л дээ. Тийм учраас өрсөлдье гэж бодож байгаа хүмүүст нээлттэй. Тэр хүмүүс 12 дугаар сарын 6-нд батлагдах шинэ дүрмийн хүрээнд намын даргын марафонд өөрсдийгөө сойх хэрэгтэй.
-Сонгуулийн тогтолцоотой уялдуулж, 76 намын даргатай байх асуудал яригдаад байсан?
Тэр бол төсөл. Тойргийн намууд байгуулъя гэж нэг хэсэг яригдсан. 76 жижиг нам болох нь байна шүү дээ. Гэхдээ энэ нь өнөөдрийн цаг үетэй тохирох нь эргэлзээтэй. Тойргийн нам байгуулж болохгүй бол тойргийн зөвлөл байгуулья гэдэг зүйл яригдаж байгаа юм. Энэ нь Улаанбаатар хотод боломжтой хувилбар байж магадгүй. Хөдөө орон нутагт боломжгүй.
Хэрвээ бид тойргийн намууд юм уу, тойргийн зөвлөл байгуулах юм бол үндсэндээ мажоритарийг Монгол Улсад үүнээс хойш мөрдөх нь гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Энэ бол байж боломгүй асуудал. Өнөөдөр холимог байх уу, жижиг 76 байх уу, пропорцианаль байх уу? Аль ч хувилбар гараагүй байгаа нөхцөлд нийтэд нь ажиллахаас өөр арга байхгүй. Тиймээс миний хувьд тойргийн нам, тойргийн зөвлөлд санал нэгдэхгүй байгаа.
-ХУУЛЬ БАЙХГҮЙГЭЭС НАМ БОЛГОН ӨӨРИЙН ЗОХИОСОН ДҮРМЭЭРЭЭ
ЯВААД БАЙГАА ЮМ-
Намын даргыг марафоноор сонгох байх гэж та хэлсэн. Дахиад л фракци дундаас намын дарга сонгогдох юм биш үү?
Марафон гэдэг нь ойлгомжтой болчихсон. Ардчилсан нам марафон хийгээд үзчихсэн нам. Марафоны давуу болон сул тал гэж байгаа. Тэр л ялгаанууд гарч ирнэ. Өнөөдөр Ардчилсан намын гишүүд сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа гэж бодож байна. Тэр утгаараа марафон явуулахад илүү зөв, зөрчилгүй байна. Мэдээж өрсөлдөөн гарна. Хэн нэгэн нь түрүүлж таарна. Түрүүлсэн хүнээ бусад нь дэмжих бичигдээгүй хуулийн дагуу зөв явагдана.
Одоо Ардчилсан нам туршлагатай болчихсон учраас зохицуулалтаа хийгээд явна. Мэдээж муу зүйлийг нь зохицуулах биш, эрүүл үзэгдлийг нь дэмжих байх. Тэрнээс биш өмнөх шиг дүрмээ зөрчиж байгаа зүйл дээр арга хэмжээ авдаггүй, эвлэрээд байдаг энэ зарчмаас салах гээд байгаа. Хариуцлагын асуудал байхгүй болчихсон гэдэг дээр гишүүд анхаарлаа төвлөрүүлээд байгаа.
Хариуцлагын тогтолцоог нь устгачихсан учраас үүнийг буцааж оруулъя, хэрэгжүүлдэг болгоё, намын эсрэг, бодлогын эсрэг явж байгаа, хувь тоглолт хийж байгаа хүмүүст авдаг арга хэмжээг цэгцлэе гэж яригдаж байгаа. Цаашдаа намуудын хууль гарчихаар өөр болно. Өнөөдөр хууль байхгүй учраас нам болгон өөрийн гэсэн зохиосон дүрмээрээ яваад байгаа юм. Дүрмийг хэдийгээр хүлээн зөвшөөрдөг ч хуульчилсан бүтэц биш учраас хүмүүс дүрмийг өөр хувилбараар тоглож болоод байгаа юм.
-Өнгөрсөн парламентын үед Улс төрийн намын тухай хуулийг батлах боломжгүй байсан юм уу?
Өнгөрсөн дөрвөн жилийн парламент хүнд парламент байсан. Маш хүчтэй сөрөг хүчинтэй байсан. Бүх асуудал дээр тээг тавьдаг байсан. Тэр тээг тавьсныхаа хүчинд өнөөдрийн байдал харагдаж байна. Үндсэндээ эдийн засаг болоод бусад асуудал дээр тээг тавьсныхаа гайг өнөөдөр амсаж байна. Намуудын хууль ч гарах боломжтой байсан. Гаргахгүй нөхцлүүдийг тэд бий болгож байсан учраас баталж чадаагүй.
-ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан Ардчилсан намын зарим гишүүдэд хариуцлага тооцно гэх мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой вэ?
Ардчилсан намын өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрмээр тийм асуудал гаргасан хүмүүст тодорхой хариуцлага хүлээлгэх санкцууд байгаа. Тэр утгаараа Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос хоёр тогтоол гарчихсан байдаг. Дүрэм одоохондоо өөрчлөгдөөгүй байгаа учраас тэр хоёр тогтоол хүчинтэй.
Энэ асуудлыг өнөөдөр ярих нь зөв үү, буруу юу гэдэг асуудал яригдаж магадгүй. Гэхдээ олонхи юу гэж шийдэхээс шалтгаална. Анхнаасаа бид сахилга баттай, хариуцлагатай байя, Ардчилсан намаа шинэчилье гэж бодож байгаа бол арай өөр өнцгөөс харах байх.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг та хэрхэн хүлээж авсан бэ?
Ерөнхийлөгчийн сонгууль хуультай. Гэхдээ хугацаа нь болоогүй. Хувь хүмүүс дэвших сонирхолоо илэрхийлэх нь нээлттэй. Тэр утгаараа Алтанхуяг Ерөнхий сайд нэр дэвшихээ мэдэгдсэн байх. Энэ бол хувь хүний гаргаж байгаа шийдвэр. Нам шийдвэрээ гаргах хуулийн хугацаа болоогүй. Мэдээж намаас Ерөнхийлөгчийн сонгуульд 45-аас дээш насны иргэнийг нэр дэвшүүлэх боломжтой. Тэр утгаараа Ардчилсан нам дотроо ярилцаад шийдэх байх. Өнөөдөр тэгнэ, ингэнэ гэж дүгнээд яах вэ.
-АРДЫН НАМЫНХАН ХАР МАШИНЫГ ШАТААЖ ХҮРТЭЛ ҮЗСЭН-
-Орон нутгийн сонгуулийн дүнгээр Ардчилсан нам хэд, хэдэн газарт ялалт байгуулсан. Гэхдээ зарим газруудад маргаантай байгаа. Магадгүй Ардчилсан нам Их хурал, нийслэлдээ ялагдсан учраас сум, дүүргийн сонгуульд ач холбогдол өгөхгүй байна уу даа гэсэн зүйл ажиглагдаж байна?
Яах вэ, гаднаас нь харахад тиймэрхүү зүйл ажиглагдаж байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр ч тийм бухимдал төрүүлэхээр зүйл байгаа. Их хурал, нийслэлд ялагдчихсан. Орон нутгийн сонгуульд хүч сул орсон тал бий. Ялалт байгуулсан газруудаа бүрэн авч чадахгүй байна. Ардын намын эсрэг гэдэг ч юм уу тууштай явах боломж байхгүй байна, тэгж явахгүй байна.
Энэ бол шүүмжлэх ёстой асуудал. Өнөөдөр Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн асуудал байна. Энэ асуудлуудаар хариуцаж байгаа хүмүүс нь явах ёстой. Гэхдээ намын шинэчлэл, намын даргатай холбоотой асуудлаар хазгай гишгэчих вий гэсэн болгоомжлол байгаад хүмүүс орохгүй байх шиг байна.
Ардын намынхан ч гэсэн нэгэнт сонголт хийгдчихсэн байхад маргалдаад байх шаардлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Үнэмлэхүй олонхийг авчихсан газарт айгаад байх шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл айгаад байна гэдэг нь Ардчилсан нам хүчтэй байгааг харуулж байгаа юм. Тийм ч учраас болгоомжлоод, аль болох цөөн байлгах гэж, дарж авах гэж улайраад байна. Энэ бол буруу зарчим.
-Дүүргийн сонгуулийн саналын хайрцгаас Их хурлын сонгуулийн саналын хуудас олноор гарч ирсэн гэх баримтыг Л.Болд гишүүн дэлгэсэн. Уг нь хар машинд итгэдэггүй хүмүүс нь Ардын намынхан байсан даа?
Энэ баримтыг би хараагүй. Гэхдээ Л.Болд гишүүн баримттай ярьсан байх. Бид анх хар машиныг оруулж ирсэн. Энэ бол дэвшил байсан. Хар машины программыг өөрчилж болно, болохгүй гэх маргаанууд их байсан.
Тэр дундаа Ардын намынхан шатааж хүртэл үзсэн. Гэтэл өөрсдөө энэ хар машины дүнгээр олонхиороо гараад ирчихсэн учраас дуугүй болчихсон. Тэр машин зөв ажилладаг байсан байгаа байхгүй юу. Гэхдээ ийм саналын хуудас гарч ирсэн бол машиндаа байна уу, хүндээ байсан уу гэдэг асуудлыг ярих ёстой байх.
-Та УИХ-ын сонгуулиас хойш ямар ажлууд амжуулав. Намын дотоод асуудлуудад оролцож байна уу?
Сонгуулиас хойш орон нутгийн сонгуулийн ажилд оролцлоо. Сонгуулийн ажлаар аймагтаа ажиллалаа. Сонгуулиас хойш цэвэр намын ажилд оролцож байна.
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байсны хувьд одоогийн эрх баригчдыг хэрхэн ажиллаж байгаа гэж дүгнэж байна вэ?
Сэтгэл хангалуун бус байна. Ямар ч төлөвлөлт, хөтөлбөргүй байсан нь нотлогдож байна. Өнөөдөр өр, зээлээр айлгаж байна. 580 сая ам.долларын өр төлнө гэж яриад байна. Тэрийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ. Анх Хөгжлийн банкийг байгуулахад Сү.Батболдын Засгийн газрын оруулж ирсэн зээл шүү дээ.
Түүнээс биш Ардчилсан намын оруулж ирсэн Чингис, Самурай бонд биш байхгүй юу. Тэгэхээр 580 бол Ардын намтай холбоотой зээл. Энийгээ төлөх ээлж нь ирчихсэн. Төлж чадахгүй байгаа болохоороо бүгдийг нь өмнөх Их хурал, Засгийн газар руу чихээд байгаа байхгүй юу. 580 сая ам.доллар оруулж ирчихээд юу ч хийгээгүй. Буруутан хайгаад тэрийг олох гээд дөрвөн жил болох байх. Хийсэн зүйл нэг их гарахгүй байх.
-Ирэх оны төсөв батлагдчихлаа. Өмнөх оныхоос хэр төсөв батлагдсан гэж харж байгаа вэ?
Төсөвт шинэ зүйл байхгүй. Хуучин, хийж дуусгах ёстой ажлууд байгаа. Энэ ажлууд дуусах ёстой учраас хийгдэж байгаа юм. Энийг Ардын нам шинээр санаачлаад оруулж ирээд байгаа юм байхгүй. Хүндрэлүүдийг даван туулах нөхцлүүдийг Монголбанк, Сангийн яам бий болгож чадахгүй байна. Зөвхөн шүүмжлээд байна. Яах вэ, харж л байя. Дахиад гурван жил байна.
Гэхдээ Ардын намаас шинэ зүйл гарахгүй байх. Магадгүй Засгийн газар солигдох байх. Дээр нь Олон улсын зээл босгож чадахгүй. Яагаад гэхээр өөрсдөө өнгөрсөн жил Монгол Улсын гадаад түншүүдийг хангалттай зайлуулах арга хэмжээг нь хийчихсэн. Тиймээс тэдэнд юм олдохгүй. Ганцхан олдох юм нь яриад байгаа Хятадын улс төрийн шийдвэрээр олгогдох зээл байгаа байх. “Стэнд бай” бол бага хэмжээний байх. Сахилга батыг сайжруулах арга хэмжээ л авагдана.
-ГАЦУУРТЫГ ЦӨӨНХ БАЙХДАА МАШ ИХ ШҮҮМЖИЛСЭН, ӨНӨӨДӨР
АШИГЛУУЛНА ГЭЭД ЯРЬЖ БАЙНА-
-Гадны хөрөнгө оруулагчид Засгийн газрыг хэрхэн хөдлөхийг анхааралтай ажиглаж байна?
Ерөнхий сайд нь Оюутолгойн гэрээг бид дахиж хянаж үзнэ, татвар нэмнэ гэж ярьсан. Ингэж ярьж болж байна уу, үгүй юу. Тэгэхээр Оюутолгойн үйл ажиллагааг хэрхэн яаж хөдлөхийг гадны хөрөнгө оруулагчид харж байгаа. Тавантолгойн нүүрсэн дээр ажиллаж байгаа хувийн болон төрийн компаниудыг нэг цонхоор бүх юмаа гарга гэж хэлсэн. Өнөө, маргаашдаа шийдэгдэх асуудал биш. Гачууртыг цөөнх байхдаа маш их шүүмжилж байсан.
Гудамжинд тэмцээд эсэргүүцэж байсан хүмүүсийг хөхиүлэн дэмжиж байсан улсууд. Гэтэл өнөөдөр Гачууртыг ашиглуулна гээд яриад явж байна. Үүнээс шалтгаалж гадны хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь шийдэгдэнэ. 2012 оны өмнө хэвлэл, банк, газрын баялаг гурав дээр гадны хөрөнгө оруулалтыг хориглосон хууль гаргасан. Тэр улсууд чинь өнөөдөр Их хуралд сууж байгаа шүү дээ. Тэрний хүчинд бүх хөрөнгө оруулагчдыг Монголоос дайжуулсан. Ардчилсан нам хуулинд нь өөрчлөлт оруулж байсан.
-Валютын ханш ойрын хэдэн өдрүүдэд өсөлттэй байлаа. Ханшийн өсөлтийн бурууг өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан Ардчилсан нам руу чихээд байгаа шүү дээ?
Монголбанкны валютын нөөцийг зараад дуусчихсан гэж яриад байна. Зарим эдийн засагчид хэлээд байна. Арилжааны банк бол ашгийн төлөө байгууллага. Тэд Монголбанкнаас худалдаж байгаа бүх валютыг хамж авах чадалтай газар. Эргээд хиймлээр хомсдол үүсгээд байгаа.
Хоёрдугаарт, валютын нөөц байхгүй, хасах руу орчихсон гээд зарлачихсан учраас хиймэл өсөлтүүдийг бий болгож байгаа юм. Бодлого байхыг үгүйсгэх арга байхгүй. Бурууг өмнөх засаг руугаа чихэж байна. Магадгүй дөрвөн жил өмнөх засаг руугаа бүх муу, муухайгаа чихээд дуусах байх. Тийм л дүр төрх харагдаж байна.
Буруутанг хайсан, гэхдээ буруутнаа олохгүй. Яагаад гэхээр өөрсдөд нь буруутан байгаа учраас гаргаж ирж чадахгүй байгаа юм. Энэ Засгийн газраас сайн зүйл хүлээхгүй байна. Ардын намынхан дотроо ч үүнийгээ ойлгож байгаа. Магадгүй 2020 он хүртэл хугацаа байгаа учраас богино хугацаанд чадварлаг Засгийн газар байгуулвал өөр байж магадгүй.
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөр орж ирсэн байгаа. Шинэ зүйл харагдахгүй байна гэх юм. Ардчилсан намыг эрх барьж байх үед эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр гэж оруулж ирж байсан. Энэ хоёр уялдаж байгаа болов уу?
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт шинэ зүйл байхгүй. Монгол Улс 2030 он хүртэл хөгжил бодлогын баримт бичгээ гаргачихсан. Тухайн үед судлаач эрдэмтэд, МАН-ын нөлөө бүхий хүмүүс сууж байгаад Их хурлаар батласан. Энэ баримт бичигт маш тодорхой заачихсан байгаа. Энэ бичиг баримтыг сайн үзэх ёстой.
Тухайн үед бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогт энэ баримт бичиг дээр маш шаргуу ажиллаж байсан. Үнэхээр энэ хэрэгтэй баримт бичиг, аль ч нам засгийн эрхэнд гарсан үндсэн бодлогын баримт бичигт тулгуурлаж хөтөлбөрөө гаргах үүрэгтэй. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь өмнөх хоёр гарсан тогтоолтой уялдаж орж ирсэн нь зөв.
-Казиногийн хуулийг батлаад, эдийн засгаа эрчимжүүлж чадах болов уу?
Казино байгуулаад, эдийн засгаа сайжруулна гэж бидний үед ч ярьдаг л байсан. Ер нь дэлхий нийтэд тоглоомын бизнес эдийн засгийг хурдан сэргээх боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ өнөөдрийн энэ хямралтай цаг үед хийх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой. Ард иргэдийг бухимдал руу түлхэж байгаа энэ үед иймэрхүү зүйлээр оролдох нь буруу байх талтай. Гишүүд нь казино байгуулчихвал эдийн засаг сэргэчихнэ гэж яриад байх шиг байна лээ. Тийм зүйл байхгүй л дээ.