Ч.Улаан: Одоо Ж.Энхбаярын асуудлыг орхи,март
2012.03.14

Ч.Улаан: Одоо Ж.Энхбаярын асуудлыг орхи,март

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Төсвийн тодотголыг баталчихлаа. Гэхдээ сонгуульд зориулсан тодотгол болчихов уу даа?

-Ер нь төсөвт тодотгол хийх хэрэгцээ шаардлага гардаг юм. Угаасаа ноднин бидний баталсан төсөв дэндүү богино настай гэдгийг би хэлж л байсан. Анхнаасаа төсвөө боловсруулахдаа холыг харж, нэлээд сайн тунгааж байж батлах ёстой байсан юм. Гэвч зайлшгүй шаардлага гарсан учраас сая төсвийн тодотгол хийлээ. Энэ бол байх л зүйл. Мэдээж сонгуульд зориулсан тодотгол гэдгийг нуугаад хэрэггүй. Түүнээс хаашаа ч бултах аргагүй шүү дээ. Угаасаа сонгуулийн жилийн төсөв үр ашиг муутай л байдаг хойно

-Энэ жишгийг өөрчлөх бодол гишүүдэд байсангүй юу?

-Онолын хувьд уг нь энэ жишгийг өөрчилж болно. Гэхдээ практикт хэзээ ч биелэхгүй л дээ. Яагаад гэхээр энэ парламентад суугаа 76 нөхрийн нүдэнд сонгууль харагдаад байгаа болохоор тэр шүү дээ. Ер нь хариуцлагатай улс төрийн хүчин бол Монголын эдийн засгийг үр дүнтэй байлгахын төлөө явах ёстой. Харамсалтай нь өнөөдөр Монголын эдийн засаг, банк санхүүгийн талаар мэргэжлийн цөөн хэдэн хүн л санаа зовж байгаа. Р.Амаржаргал гишүүн бид хэд л санаа зовохдоо энэ тухай ярьдаг юм.

-Сая уг нь Сангийн сайдаараа илүү туршлагатай хүн томилох хэрэгтэй байсан байх Яагаад таныг болгосонгүй вэ?

-Асуудалд хандах хандлага гэж өөр юм байна. Намын гишүүний хувьд би саналаа тавьсан. Парламентын хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. Засгийн газарт шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал олон байна. Тиймээс банк, санхүүгийн асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй байна. Хэрэв надад даалгавар өгвөл бэлэн байгаа шүү гэдгээ хэлсэн. Гэвч надад нам даалгавар өгсөнгүй.

-Таныг намдаа фракцгүй, ганцаараа явдаг учраас сайдын суудалд очоогүй гэж ярьдаг юм билээ...

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа л даа. Түүний нэг нь энэ шалтгаан гэдгийг хүмүүс хэлдэг л байх. Үнэндээ би хэзээ ч, хэнээс ч албан тушаал гуйж яваагүй. Ил, далд хуйвалдаанд оролцож ч үзээгүй. Ямар ч асуудалд ажил хэргийн шалгуураар хандах ёстой гэсэн байр суурьтай явдаг хүн. Харин сүүлийн үед манай намын хийж байгаа томилгоо ажил хэргийн шинж чанараа орхигдуулсан, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилсэн, хэд гурваараа нийлж хуйвалдаж, хор найруулсан маягаар явдаг болчихсон байна. Энэ бол зохисгүй л дээ. Үүнтэй хэзээ ч санал нийлэхгүй.

-Энэ байдал нь жирийн гишүүдээ намаасаа холдуулахад хүргээд байгаа юм болов уу. Танай намын гишүүд фракц байгуулахаар нэгдээД эхэлсэн гэсэн. Та тэдэнтэй нэгдсэн үү?

-Тэр тухай сонсоогүй юм байна. Тийм учраас яаж тэр фракцид багтах билээ. Чухам ямар зорилгоор байгуулж байгааг нь мэдэж байж, нэгдэх эсэхээ шийднэ. Улс орны болоод төрийн ажлыг үр дүнтэй явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэвэл дэмжинэ Нийгэмд шударга ёс тогтоох тал дээр надад ухрах ухралт байхгүй шүү дээ.

-Фракц байгуулах шаардлагуудын нэг нь МАХН, МАН-ыг нэгтгэх асуудал юм шиг байна лээ...

-Фракц байгуулснаар хоёр нам нэгдчихгүй л дээ. Фракц бол нам дотор байдаг жижиг нэгж. Гэтэл нам гэдэг тэр хоёр том бүтцийг фракц гэх жижиг нэгж нэгтгэнэ гэдэг юу л бол. Тийм асуудлаар фракц байгуулах гэж байгаа бол бүтэхгүй зорилт болов уу. Нэг үзэл баримтлал, нэг орон зайг эзлэн оршиж байгаа энэ хоёр нам хамтарч ажиллаасай, хэл амаа ололцоосой л гэж бодож байна.

-Хэрвээ тэр фракциас санал тавьбал та нэгдэх үү?

-Үүнийг ярихад эртдэж байна. Шийдвэр гаргахын тулд сайн судлах ёстой. Ямар нэг асуудалд би дүйвээнээр ханддаггүй.

-МАН-ын толгойд  хэдхэн олигархи гарчихаадэнэ намыг үгүй хийж байгаа юм биш үү. Та юу гэж бодож байна?

-Ер нь МАН бол том нам. Тийм учраас ямар ч асуудалд ил тод, зарчимч шударга байр сууринаас хандаасай гэж хүсч байна. Харамсалтай нь, томилгооны асуудал дээр энэ зарчим тэр болгон мөрдөгдөхгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Үүнийг манай нам хүлээж авах ёстой гэж боддог. Учир битүүлэг, цаад мөн чанар нь сайн танигдаагүй шийдвэрүүд гэнэт гардаг болжээ. Тэгэхээр манай нам шударга ил тод, нийтлэг, ажлын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг байгаасай. Үүнийг би чөлөөтэй хэлж, шүүмжилдэг. Албан тушаал өгсөнгүй гээд гомдож тунирхаад, хаалга саваад явдаггүй.

-Гэхдээ шүүмжлэлтэй ярьсан гишүүддээ тойрог өгөхгүй болов уу гэсэн айдас танай намынханд байх шиг байгаа юм...

-Сонгуулийн тойрог хуваарилах асуудалд танил тал, гуйвраар ханддаг байж болохгүй. Мэдээж манай намынхны дунд ийм айдас байгаа. Хэсэг бүлгээрээ хуйвалдвал тойрог өгөлгүй унагаачих вий. Эсвэл ингэж чимээгүй явж байгаад хоосон хоцорцох вий. Намаа шүүмжилбэл дарга нарын анхаарлын гадна үлдэх вий гэж бодож байгаа байх Гэхдээ асуудалд ингэж хийсвэр хандаж болохгүй. Улс төрийн аль ч нам ялахын төлөө сонгуульд оролцдог. Энэ байр сууринаасаа асуудалд хандах хэрэгтэй. Сонгогчдын саналд үндэслэж сонгуулийн тойргийг хуваарил-бал шударга болно. Энэ нь намд ялалт авчирна. Үгүй бол сонгуульд ялалт байгуулах найдвар байхгүй.

-Гэхдээ МАН мөнгөтэй залуустаа тойрог хуваарилаад байгаа юм биш үү. Та ийм зүйл ярьж, тайван суусаар байгаад тойроггүй хоцорчихвол яах вэ?

-Би асуудалд хувь хүний үүднээс хандах ёсгүй. Тодорхой тойргийн ард иргэд надад итгэл үзүүлнэ гэвэл нэр дэвшихэд бэлэн байна. Тодорхой хэсэг бүлэг хүн ард түмэнд намаас тодорхой нөхцөл тулгаад явах юм бол бүтэхгүй. Тиймээс асуудалд зарчимтай хандаасай гэж боддог. Гэлээ гээд голио шиг зүгээр суумааргүй байна. Тойрог руугаа явж ард түмэнтэйгээ уулзаж л байна.

-Нам иймэрхүү мангаар гишүүдээ гомдоогоод байвал гишүүдээ МАХН руу алдах шинжтэй. Танд тийм бодол байна уу?

-Үүнийг хэн хэн нь бодох л асуудал. Нам гэдэг бол үзэл бодол, үйл ажиллагаа нэгдсэн хүмүүсийн нэгдэл байдаг. Хэрэв тэр нэгдэл өөр зорилготой байвал нам тэртэй тэргүй тарж бутарна. Үнэхээр үзэл бодол, үйл ажиллагаа нийлэхгүй бол гишүүд өөр зам сон-гохыг нь буруутгахгүй.

-Та тэр замыг сонгох уу?

-Надад ямар нэг асуудал тохиолдвол ул суурьтай, эргэж буцахгүйгээр шийдвэр гаргана.

-Танай намын дарга нар гишүүдтэйгээ уулзаад яваа гэл үү?

-Тийм л гэсэн.

-Тантай уулзсан уу?

-Үгүй.

-Яагаад?

-Ээлж дараалал нь болоогүй юм байгаа биз дээ.

-Бүх гишүүнтэйгээ уулзсан л гэсэн дээ?

-Би мэдээгүй юм байлгүй. Уулзах байлгүй дээ.

-Сая ээлжит бус чуулганаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцээд танай нам хамгаалаад аваад үлдлээ. Үнэхээр алдаа хийсэн хүнийг огцруулах ёстой байсан юмбишүү?

-Харин тэр хүн алдаа гаргасан юм болов уу

-Гаргасан гэдгийг нь АН-ынхан батлаад байгаа шүү дээ?

-Тэр баталгаа нь итгэл үнэмшил төрүүлээгүй.

-Яагаад Сонин хэвлэлд өгсөн ярилцлага, яриад байгаа зүйлүүд нь баталгаа биш юм уу?

-Нотолгоотой, баримттай зүйл алга байна лээ. Үнэхээр тэр хүн улсын нууц задруулсан бол хаацайлж авч үлдэх ёсгүй байсан юм.

-Гэхдээ Ж.Энхбаяр сайд Л.Болд гишүүнээс уучлалт гуйгаад байсан. Тэр нь алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэж үү?

-Хууль зөрччихлөө, уучлаарай гэсэн юм уу Хувь хүмүүсийн хоорондын ёс зүйн асуудал байна л гэж  би ойлгосон  шүү дээ.

-Долдугаар сарын 1-н шиг зүйл болно. Тиймээс мэргэн бууч бэлтгэнэ гэж сайд нь ярьсан байна лээ. Тэгэхээр ард түмнийхээ өөдөөс буудажхороох нь зүйн хэрэг гэж та үзээд байна уу?

-Би тэр хүнийг тэгж ярьж байгааг нь сонсоогүй. Яагаад Монгол Улс мэргэн бууч бэлдэж болдоггүй юм гэдэг асуудал ярьсан шүү дээ. Долдугаар сарын нэгэнтэй холбоотой мэргэн бууч бэлдэж байгаа гэж яриагүй ш дээ.

-Зөвхөн долдугаар сарын 1-н гэлтгүй мэргэн бууч бэлтгэх ёстой гэсэн байна лээ. Р.Гончигдорж гишүүн түүнийг нь хэлээд байгаа л даа?

-Мэдэхгүй ээ. Хүний хэлсэн зүйлийг үг нэг бүрчлэн ойлгох ёстой юм шүү дээ. Тэгэхгүй бол гажуудна.

-Харин ч АН-ынхан Ж.Энхбаяр сайдын хэлсэн зүйлийг үг бүрчлэн ойлгочихоод асуудал тавиад байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Надад тийм мэдээлэл байхгүй. Тэгээд хэлчихсэн зүйлийг нь би үзээгүй.

-Хэрэв та Ж.Энхбаяр сайдыг үнэхээр тэгж хэлснийг сайн нягталсан бол түүнийг огцруулах кноп дарах байсан уу?

-Мэдээж шүү дээ. Үндэсний эрх ашигт харшлах зүйл ярьсан бол хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй. Ер нь төрийн алба хашиж байгаа хүн бүхэн хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээх ёстой. Энэ бол өнөөдрийн бидний ярианы сэдэв биш байх. Одоо Ж.Энхбаярын асуудлыг март, орхи.

-Өнөөдөр мартаж болох сэдэв байж магадгүй л дээ. Гэхдээ дахиад долдугаар сарын 1үрэгдвэл яах юм бэ?

-Үүнийг хэрүүл маргаан, авгай хүүхнүүдийн хов живээр шийддэг асуудал биш. Улс төрийн намууд хариуцлагатай тохироогоор ийм асуудал үүсгэхгүй байх ёстой. Ер нь өнгөрсөн зүйл хов жив болж л үлдэнэ. Өөр ямар сургамж үлдээх юм. Ж.Энхбаяр сайдын асуудал та нарт нэг л сургамж үлдээлээ. Төрийн алба хашиж байгаа хэн ч гэсэн хариуцлагатай ярьдаг байх ёстой юм байна. Хэлж, ярьж бай-гаагаа цэгнэж байх хэрэгтэй юм байна. Үгүй бол хэлсэн үгэндээ ороогддог юм байна. Тиймээс төрийн өндөр алба хашиж байгаа хүн угийн алдаа гаргадаггүй байх ёстой. Хэлсэн үгийг нь хүн дэгээдэж, нээнэтэглэхээргуй тийм өөгүй ярьж байх ёстой юм байна гэсэн сургамжийг өглөө.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.