Ч.Улаан:Санал ирвэл хүлээж авна л гэсэн. Гэвч ирсэнгүй
-Засгийн газраас гарах, орох тухай ид шуугиж байна. Та энэ байдлыг яаж харж байна вэ?
-Одоо хуулийн дагуу нөхөн томилно. Сайдуудыгаа чөлөөлөөд, оронд нь нөхөн томилоод л явах хэрэгтэй. Засгийн газарт ямар нэгэн саад, донсолгоо үүсэхгүй, ажил тасалдал, саатал гарахгүй байх ёстой. Тиймээс энэ бол байдаг л зүйл болж байна гэж харж байгаа. Гагцхүү уг асуудлыг хурдан шийдэх л ёстой байгаа юм.
-Сангийн сайд болох хүн нь таныг хэмээнөнгөрөгч долоо хоногт олонтаа ярьсан. Гэтэляг шийдэл дээр та байсангүй?
-Удирдах зөвлөл дээр хэлэлцээд олонхоороо санал хураагаад шийдсэн тул юу гэх билээ.
-Удирдах зөвлөлийн шийдвэрээс өмнө та өөрөө туршлагатай тул сайд болох боломжтой хэмээн ярьж байсан л даа...
-Хэрэв санал ирвэл хүлээж авна л гэсэн. Гэвч тийм санал ирсэнгүй. Олонхын санал авсан хүн нь нэр дэвшээд л явж байна.
-МАН-ын удирдлагуудаас нэр цэвэр, туршлагатай хүмүүсийг сайдад нэр дэвшүүлнэ гэж байсан. Одоогийн нэр дэвшигчид үнэхээр тийм хүмүүс мөн үү?
-Би хүмүүсийг үнэлж, дүгнэмээргүй байна. Аяндаа нийгэм нь дүгнэх биз.
-Тэгвэл Сангийн сайдын тухайд?
-Салбартаа анхан шатны нэгж дээр ажиллаж байсан хүн. Цоо шинэ хүн биш. Энэ салбарын талаар тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй, Төсвийн байнгын хороонд ажиллаж байсан хүн л нэр дэвшлээ. Байж болох л хүн.
-Удирдах зөвлөлийн хурлаар гурван сайдад 28 хүн нэр дэвшсэн гэх юм. Энэ нь МАН-ын гишүүд албан тушаалын сонирхолтой их байна уу гэж харагдаж байна?
-Би ерөөсөө тэгж харахгүй байна. Саналаа хэлсэн хүмүүс нь 28 хүрсэн байх. Дэвшсэн нь тийм олон байгаагүй. Ер нь ийм үед аль ч гишүүндээ нам нь даалгавар өгвөл бүгд л хүлээж авна шүү дээ.
Авахгүй байхын аргагүй биз дээ.
Ажлын эрх ашгийг бодоод авах ёстой. Тийм болохоор манай гишүүд даалгавар өгвөл авахад бэлэн байна хэмээн илэрхийлж байгаа нь зөв гэж бодож байна. Ажлын ачааллаас айхгүй зүтгэе хэмээн хэлж байсан нь сайн л үйлдэл. Юу нь муу байгаа юм.
-Нэрээ татсан хэдхэдэн гишүүд бий. Тэд хугацаа нь хэтэрхий бага тул нэр цэвэр үлдье гэж шийдсэн юм болов уу?
-Мэдэхгүй. Янз бүрийн л шалтгаан байсан байх. Гэхдээ хугацаа нь богино гэдэг нь ажил хэрэгч хандлага биш. Эсвэл сайд болохын тулд, ийм албан тушаалтай байж үзэхийн төлөө нэр дэвшсэн бол харин энэ нь буруу. Ажлын эрх ашиг шаардвал хийх л ёстой. Хийхэд ч бэлэн байх учиртай. Хэрэв нэр дэвшигчдийн дунд ийм бодолтой хүн байсан бол хариуцлагагүй хүн байна л гэхээс өөр юу гэхэв.
-Ерөнхийлөгч албаа өгч байгаа болон нэр дэвшигчдийг хүлээн авч уулзахдаа нэлээд хатуу үг хэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч нэр дэвшигчдэд тийм таатай хандахгүй байгаа. Энэ байдлаас харахад тэд "гологдоод" байна уу даа?
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонин дээрээс л уншлаа. Төрийн тэргүүн хийх ёстой ажлаа л хийж байна. Тодорхой хэлэх ёстой асуудлуудыг хэлсэн байна лээ. Төрийн удирдлага хүн санал бодлоо хэлэх бүрэн эрхтэй. Нэр дэвшигчдийн хувьд би ямар далдыг харах биш. Аяндаа ний-гэм, амьдрал харуулах биз дээ.
-Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын хувьд хугацаа тун бага үлдлээ. Ямар нэг ажлыг хийж чадна гэж үү?
-Шинэ он дөнгөж эхэлж байна. Энэ оны төлөвлөгөө, зорилт, төсөв хөрөнгийг нь УИХ-аас батлаад өгчихсөн. Тиймээс төсөв, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлаа л шуурхай хийх хэрэгтэй байгаа юм. Одоо тэдэнд шинэ зүйл бодоод байх шаардлага байхгүй. Бодлого, хөрөнгө мөнгө нь тодорхой, хийх ажил нь ч цаг хугацаатай байна. Одоо ажиллах л хэрэгтэй дээ.
-Шинээр томилогдох сайд нарын хувьд МАН-ыг ирэх сонгуульд ялалт байгуулах эсэхийг шийдэх хүндхэн үүрэгтэй гээд байгаа?
-Тийм л итгэл найдварыг хүлээлгэж нэр дэвшүүллээ.
-МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал яригдаж байна. Ер нь ямар хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга болох бол?
-Хэн гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг намын дүрмийн дагуу нам дотроо хэлэлцэж, шийдвэрээ гаргана даа.