С.Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурав байтугай тавина
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2011.09.07

С.Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурав байтугай тавина

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Ерөнхий сайд С.Бат­болдод нэр бүхий гишүүд шаардлага хүргүүлэх гэж байгаа. Та тэдний нэг. Та бүхэн шаардлагаа хэзээ өргөн барих гэж байна вэ?
-Бид Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ирэх аравдугаар сарын 1-ний дотор хариу өгөхийг хүссэн шаардлагыг Ерөнхий сайдад өргөн барина. Ер нь Оюутолгойн гэрээг байгуулахад юуг анхаарах хэрэгтэй, яаж гэрээ байгуулах ёстой тухай Засгийн газарт тодорхой чиглэл өгч УИХ-ын 57 дугаар тогтоолыг баталсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг хэрэг­жүүлэх талаар ямар ч ажил хийсэнгүй. Жишээ нь гэхэд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нөхөгдмөгц Монгол Улсын эзэмших хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх үүргийг Засгийн газарт өгсөн. Бидний хийсэн тооцоогоор анхны хөрөнгө оруулалтыг 2.8-4 жилийн дотор нөхөх бүрэн боломжтой байгаа. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулсан байх жишээтэй. Энэ мэт олон асуудал байна. Тиймээс эдгээр асуудлыг тодорхой болгож, үүний дагуу ямар арга хэмжээ авах боломжтой болон авч буй талаараа хариу мэдэгдэх ёстой.
-Ерөнхий сайдад хүргүүлж байгаа шаардлагатай нэгэн ижил шаардлагаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай санал гарсан уу. Аль эсвэл үндэслэл нь өөр байгаа юу?
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудлыг тавина гэх яриа хэвлэл мэдээллийн дунд байх шиг байна. Бид өмнө нь хоёр удаа Д.Зоригтыг огцруулах асуудлыг тавьсан. Хоёр удаа тавихад заасан тэр бүх үндэслэл тухайн үед ямар байсан яг л хэвээрээ байна. Шаардлага тавьснаас хойш ахиц дэвшил гарсан зүйл алга. Эрчим хүчний хангамж, шинэ эх үүсвэр барих асуудал бахь байдгаараа л байна. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь битгий хэл зураг төслийн тухай ч яригдахгүй нам гүм байх юм. Стратегийн 15 орд хэний эзэмшил дор, ямар зориулалтаар ашиглаж байгаа талаар ч мэдээлэл байхгүй. Мөн стратегийн ордод оруулах магадлалтай 39 ордыг судалж, санал дүгнэлтээ УИХ-д танилцуулах үүргийг таван жилийн өмнө Засгийн газарт өгсөн. Гэвч одоог хүртэл нэг ч ордын талаар танилцуулсангүй. Энэ мэтчилэн яриад байвал эрдэс баялаг, эрчим хүчний салбарт гарч буй дорвитой өөрчлөлт үнэхээр алга. Тавантолгойн гэрээ гэхэд Оюутолгойн гэрээний араас ороход бэлэн болчихлоо. Иймээс л Ерөнхий сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт асуулт тавихаар бэлтгэж байна. Энэ асуултаа маргааш /өнөө­дөр/ өргөн барина.
-Хуулийн хүрээнд асуултын хариуг хэзээ өгөх ёстой вэ?
-14 хоногийн дотор хариу өгөх ёстой.
-Тантай хамт хэдэн гишүүн шаардлага хүргүүлэхийг дэмжээд байгаа вэ?
-Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх бичигт өнөөдрийн /өчигд­рийн/ байдлаар УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурсан байгаа.
-Эдгээр гишүүдийн олонхи нь Ардчилсан намынх уу?
-Ерөнхийдөө хоёр намынхан холилдсон.
-Ардын намаас тэгвэл хэчнээн гишүүн байна вэ?
-Яг одоо тоо хэлэх боломжгүй байна. Өргөн барьсны дараа тодорхой болно байх. Ер нь асуултынхаа хариуг авч байж цаашид хариуцлага тооцох ямар алхам хийх вэ гэдгийг шийдэх болно. Мөн сүүлийн үед Монголд цөмийн хаягдлыг булах тухай асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүс оролцсон талаар ярьж байгаа. Тиймээс уг асуудлаар асуулт тавьж хариулт авах зорилготой байна.
-Гүйцэтгэх засаглалын тэр­гүүнд шаардлага хүргүүлэх болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огц­руулах талаар санал нэгдэж байгаа гишүүд нь өөр үү?
-Д.Зоригтыг огцруулах асуудал тусдаа. Тухайн үед огцруулах асуудлыг тавихад “Эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу V цахилгаан станцыг III цахилгаан станцын хашаанд барьж эхэлнэ” гээд л телевизээр гаргаж байсан. Гэтэл одоо болтол эхлээгүй л байх жишээтэй. Энэ талаар мэргэжлийн хүмүүсээс асуухад “V цахилгаан станцыг бариад одоогийн III цахилгаан станцын өндрийн зуухнуудыг нураана” гэж байна лээ. Тэгэхээр энэ бол V цахилгаан станц биш III цахилгаан станцын өргөтгөл л гэсэн үг.
-Д.Зоригт сайдыг огцруулах тухайд хэдэн гишүүн санал нэгдсэн бэ?
-Одоогоор гурав, дөрвөн гишүүн энэ талаар санал солилцож, асуулт тавих ерөнхий материалыг нь бэлтгэж байна.
-Сайдынхаа хувьд ажлаа муу хийж байна гэж үзэж байгаа. Хэрэв түүний оронд өөр хэн нэгэн байсан бол адилхан шаардлага тавих уу?
-Адилхан л тавих байсан. Ер нь яах гэж сайдыг томилдог юм бэ. Тухайн салбарын ажлыг хариуцаж, үүрэг хүлээх гэж л томилдог шүү дээ. Гэтэл салбарынх нь ажил явахгүй байна. Манайхаас өөр улсад 30,40 жилийн өмнө барьсан гүүр нурахад одоо ажиллаж буй Зам, тээврийнх нь сайд хариуцлага хүлээж, огцордог. Харин манайд бараг гэмт хэрэгтэнтэй хамт суух хэмжээний үйлдэл хийчихээд байхад хариуцлага тооцдоггүй. Тухайлбал нефть импортын асуудлаас болж хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэдэн тэрбум төгрөгөөр хохирлоо. Бүр сүүлдээ үнэ нь ч яамай бензин, шатахуун л байж байвал боллоо гээд л нефть импортын компаниудын хэлж буй үнээр нь үг дуугүй авдаг болсон. Үүнээс нөгөө монополь гэдэг чинь л харагдаад байгаа юм. Иргэдийг ийм харамсалтай байдалд энэ салбар л орууллаа. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол 2008 онд гарч, энэ талаар судлахыг Засгийн газарт үүрэг болгон өгсөн. Гэвч мөн л нэг ч алхам хийсэнгүй. Нефть боловсруулах үйлдвэр баривал түүхий нефтийн олборлолтоос дотоодынхоо хэрэгцээний 60 хувийг хангах боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Мөн гурван тонн нүүрснээс нэг тонн шингэрүүлсэн түлш гаргах боломжтой технологи байхад бэлэн байгаа байгалийн баялгаа ашиглаад шингэрүүлсэн түлш үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж болохгүй гэж.
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг Ардын намынхан олонхиороо авч үлдсэн удаатай. Энэ удаа огцруулах асуудал бүтэлгүйтвэл яах вэ?
-Ардын намынхан гурав дахь удаагаа аваад үлдэнэ л биз. Ямар ч байсан энэ салбар чинь болохгүй байна. Улс орны эрх ашиг хохирч байна гэдгийг би тавих үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тавих болно.
-“УИХ-ын гишүүдийн  асуул­тад хариул­даггүй”, “Хариуцлага хү­лээ­дэггүй” гэж Засгийн газрыг шүүмжилдэг. Тэгвэл ийм Засгийн газрыг яах ёстой вэ, таныхаар?
-Энэ Засгийн газар хариуц­лага хүлээдэггүй, амлалтаа биелүүлдэггүй, ажил хийдэггүй. Өнгөрсөн хаврын чуулганаар Ардчилсан намын бүлгээс гарсан ажлын хэсэг Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн. Бид “30.8 хувийн биелэлттэй байна” гэж үзсэн шүү дээ. Бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад нийт мөрийн хөтөлбөрийнх нь 30-хан хувь биелнэ гэдэг Засгийн газар ажил хийгээгүйтэй адил юм.
-Гэтэл Засгийн газрын хурал­даанаар саяхан 70 гаруй хувийн биелэлттэй яваа гэсэн шүү дээ?
-Ер нь Засгийн газар өөрөө, өөртөө дүн тавьдаг юм уу. Ямар ч байсан Ардчилсан намын ажлын хэсгийн дүгнэлт өөр гарсан. Наад захын жишээ хэлэхэд жил бүр 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Үнэн хэрэгтээ хэдэн мянган ажлын байр бий болгочихов, тэр нь хаана байна. Мөн өрхийн сарын дундаж орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэж байсан. Одоо өрхийн дундаж орлого хэд байна вэ. Үүнтэй адил яриад байвал олон зүйл бий. Бүтээн байгуулалтын ажил тэр дундаа 1100 км төмөр зам барина гэсэн яасан. Мөнгөгүй болоод бүх зүйл нь зогсчихсон. Өнгөрсөн хавар баахан зам засварын ажил эхэлж, зам хаасан. Гэтэл засаж дууссан нь хэд байна. Дуусгах гэсээр байтал түрүүч нь үерийн усанд ховхорч эхэлдэг. Тэгээд үүнийгээ нөхөх ажилтай болдог. Замаа нөхөхдөө бүр хорлонтой. Бороо орсны дараа нөхдөг байхгүй юу. Хурдан ховхорвол буцаад ажил гарах учир тэр. Нэг ёсондоо энэ бол хотынхны, нэг хэсэг хүний бизнес болчихсон. Үүнээс л Засгийн газрын ажил ямар байгааг харж болох юм. Шулуухан хэлэхэд ажил хийдэггүй хүмүүст хариуцлага тооцох цаг нь хэдийнэ болсон. Хэрэв хамгаалаад байвал бүхлээрээ л унана даа. Одоо биш юм аа гэхэд сонгуулиар ард түмэн дүн тавих байлгүй дээ.
-“Д.Зоригт сайдыг огцруулна” гэж ярьсаар байтал олон нийтэд улиг болчих вий дээ?
-Улиг болчихлоо гээд хаях юм уу. Ингээд байвал улс орон хөгжихгүй шүү дээ. Харин улиг болтлоо ажил хийхгүй явж байгаа Засгийн газар ичмээр юм. Түүнээс биш би инээдтэй харагдахгүй. Би энэ асуудлыг гурав байтугай 30 удаа тавина. Ажил хийхгүй байгаа нь үнэн биз дээ. Ажил хийгээд бүтээгээд байгаа хүнийг оролдоод байгаа бол өөр хэрэг. Асуудал тавихаар яагаад улиг болно гэж. Миний хувьд улиг болохгүй гэж бодож байна.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хамтарсан Засгийн газраас гарах эсэх талаар ярина гэсэн. Энэ үнэн үү?
-Одоогоор Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын талаар яриагүй байна.
-Тавантолгой ордын тухайд Хятадын компанид 40, АНУ-д 24, Орост 18 гэж хувь хувааж буй нь ойлгомжгүй байна. Үүний цаана тодорхой нэг зүйл байна гэхчлэн ярьж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь энэ хувийг хэн, хаанаас тогтоосон юм бэ гэдэг нь сонин. Эсвэл Засгийн газар, асуудал хариуцсан этгээд нь авсан авлигынхаа хэмжээгээр хувь хуваасан юм уу. Их авлига өгсөнд нь их хувь өгсөн хэрэг үү. Чухам ямар үндэслэлээр хуваасан нь тодорхойгүй л байгаа шүү дээ. Үүнийхээ оронд Тавантолгойн хувьцааг гаргаж, IPO хийгээд олон улсын Хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэгтэй. Тэгээд Тавантолгойн хувьцааг эзэмших хүсэлтэй улс орнууд Хөрөнгийн бирж дээрээс худалдаж аваг л дээ. Авсан хэмжээгээрээ хувиа эзэмшиж яагаад болдоггүй юм бэ. Заавал яагаад 40,24,18 гэсэн тоог нь манай Засгийн газар зааж өгөх ёстой гэж. Том гүрнүүд өөрсдийгөө хэзээ ч хоёр, гуравдугаар зэргийн улс гэж бодохгүй. Ийм байхад өөрсдөдөө дайсан бий болгож, лай хураах ямар хэрэг байна аа. Өөр аргаар мөнгө босгож, луйвардаж чаддаг л юм билээ. Ухаахудагийг гэхэд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр гаргаж, 6-7 зуун тэрбум ам.доллар босгосон. Энэ мөнгөө идэж, уугаад явж л байна. Үүнтэйгээ адилхан Тавантолгойн хувьцааг IPO хийх хэрэгтэй. Боломж бий.
-Цөмийн хаягдлыг Монголд булах тухай мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэж байгаа. Харин зарим гишүүн “Энэ тухай хэн ярьсныг нь мэднэ” гэж ярьж байсан. Таны хувьд ямар мэдээлэл байна вэ?
-Энэ асуудлаар би Ерөнхий сайдад удахгүй асуулга тавих гэж байгаа. Ямар үндэслэлээр ийм яриа гарах болов. Шалтгаан нь юу байна вэ гэж асууна. УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд үнэн зөв хариулах үүрэгтэй. Юун түрүүнд энэ мэдээллийг авсны дараа өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ гэж бодож байна.
Нийтлэлч
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.