Ж.Сүхбаатарыг байнгын хорооны гишүүд бүгд дэмжлээ
2010.12.24

Ж.Сүхбаатарыг байнгын хорооны гишүүд бүгд дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10 цагт болж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын нэрийг дэвшүүлж буйг байнгын хорооны гишүүн Д.Дондог танилцуулав.

Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусангүй, харин зарим гишүүн саналаа хэлэв. Тухайлахад гишүүн Р.Раш хэлэхдээ, Ж.Сүхбаатар бол хуулийн сайн мэдлэгтэй, хувь хүний хувьд чанаржсан, бас нэлээд шударга залуу гэж харагддаг. Ер нь л шаасан гадас, шахсан бялаг шиг залуу гээд орон нутагт эрх мэдэл олгох, төвлөрлийг сааруулах тухай их ярьж буй өнөө үед сум орон нутгийн амьдралыг сайн анхаарч мэдэрч, шийдвэр гаргахдаа бодолцож ажиллахыг захив. Мөн гишүүн Э.Мөнх-Очир УИХ-ын хаврын чуулганаар орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, эрх хэмжээний чиглэлээр зарим хуулийн төсөл яригдах байх. Иймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын менежерийн томилгоо, боловсон хүчнийг чадваржуулахад байнгын хороо анхаарах шаардлагатай, гишүүн Д.Дондог төрийн албаны нэр хүнд сайнгүй байгаа тул төрийн бүх шатанд хариуцлага сахилгыг нэмэгдүүлэх, сахилга алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог байх, хүнд суртлыг арилгах чиглэлээр шахаж шаардаж, зоригтой ажиллахыг санал болгов.

Ингээд санал хураалт явуулахад Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн бүгд дэмжлээ.

Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хуралдааны төгсгөлд хэлэхдээ, тус байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар батлуулж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн, одоо УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн томоохон хуулийн төслүүд хүлээгдэж байгаа, түүнчлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм уу шинэчлэн найруулах шаардлага гарч магадгүй байгаа тул байнгын хороо ихээхэн ачаалалтай ажиллах шаардлага тулгарч буйг дурдав.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байсан төрийн алба, хууль эрх зүйн мэдлэг, чадвартай залуу гишүүн гээд нэр дэвшигчид байнгын хорооны гишүүдийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүслээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Харин АН-ын бүлэг байнгын хорооны даргад нэр дэвшигчдээ шинэ оны дараа тодруулах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.