Ж.Сүхбаатар: Ерөнхий прокурор албан ажлаа өгчхөөд иргэний хувиар УИХ-ын шүүмжлэх эрх нь нээлттэй байгаа.
2010.08.18

Ж.Сүхбаатар: Ерөнхий прокурор албан ажлаа өгчхөөд иргэний хувиар УИХ-ын шүүмжлэх эрх нь нээлттэй байгаа.

Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг тудгэлзуулэх тухай асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д саналаа удаа дараалан тавиад байгаа билээ. Иймээс бид энэ асуудлаар УИХ-ын хуульч гишүүдийн нэг Ж.Сухбаатартай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын бүрэнэ эрхийг түтгэлзүүлэх санал УИХ-д дахиад орж ирлээ. Та парламентын гашүүнийхувьд энэ асуудалд ямар байр сууриар хандаж байна?

-Хаврын чуулганы төгсгөлд Улсын ерөнхий прокуророос Авилгатай тэмцэх газрын дарга,дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсан. Хууль зуйн байнгын хороо энэ асуудлыг хугацаанд нь хаалттай хэлэлцсэн ч Байнгын хорооны санал дүгнэлтээ гаргаагүй байна. Хуульд УИХ түдгэлзүүлэх саналыг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Ерөнхий прокурорын тавьсан саналын гол үндэслэл нь гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулсан асуудал байсан. Хууль зүйн байнгын хорооны гишүүд бид УИХ-ын нэгдсэн хуралдаанд асуудлыг үндэслэлтэй танилцуулахын тулд УИХ-ын бүтцийн байгууллага болох Тусгай хяналтын дэд хороогоор баримтыг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана гэж салаа утгагүйгээр заасан байдаг. Иймд Байнгын хороо асуудлыг Дэд хороогоор магадласны дараагаар санал дүгнэлтээ гаргая гэж үзээд, энэ завсар мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлээд явахаар тогтсон. Миний хувьд тавьсан саналын үр дагавар маш том учраас нухацтай хандах байр суурьтай байгаа. Авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргыг нэгэн зэрэг ажлаас нь хөндийрүүлэх тухай яригдаж байна. УИХ томилсон эдгээр албан тушаалтнуудаа яагаад албан ажлаас түдгэлзүүлэх эсэхэд хүрэв гэдгийг нягтлахаас аргагүй. Чухам ийм тохиолдолд ингэж тодруулж байхын тулд зориуд тэдгээрийн бүрэн эрхийн баталгааг УИХ-аас хуулиар гаргаж өгсөн хэрэг шүү дээ.

-Бусад улс орнуудаас харах жишээ байгаа байх?

-Ажил үүргийн эрсдэл, онцлогтой холбоотойгоор хууль зүйн баталгаагаар хангагдсан тодорхой өндөр албан тушаалтай хүмүүсийн гэм буруутай үйлдэл яригдсан тохиолдолд парламентын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлдэг дэлхийн улсуудын жишиг бий. Харамсалтай нь манайд парламентын хяналт сул дорой байгаа учраас парламентын мөрдөн шалгах ажиллагаа одоогоор тухайлан зөвшөөрөгдөөгүй байна. Асуудлыг ажлын хэсэг байгуулах, танилцах төдийхнөөр шийддэг. Уг нь парламент өөрөө Засгийн газрын юм уу тодорхой байгууллагуудын хавчлага, зүй бус нөлөөнөөс ангид зарим хэргийг тусгайлан авч үзэхийн тулд өөрөө татаж авч шийдвэрлэдэг явдал, шаардлага гардаг. Энэ тогтолцоо Монголд алга. Тэгэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулиар тэр чигт нь түдгэлзүүлчихвэл прокурорын байгууллага тухайн хэргийг хянаад шийдвэрлээд явна л даа. Гэтэл үүнд анзаарч үзмээр зүйл харагдаад байгаа.

-Ямар?

-Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор хоёр хоёулаа хэрэг дээрээ ижил статустай шахуу байгууллага байхаар хуулиар тодорхойлсон байгаа.Тодруулбал ,Улсын ерөнхий прокурор бол Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийн хүрээнд оролцон ажилладаг байгууллага, Авлигатай тэмцэх газар бол хуулийн байгууллагуудын ажил муугаас болж УИХ-аас аргагүйдэж байгуулсан тусгай бие даасан байгууллага. Удирдлагынх нь эрх мэдэл, баталгаа нь Улсын ерөнхий прокурортойгоо дүйцэхүйц хэмжээнд тодорхойлогдчихсон. Прокурор нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон гүйцэтгэх ажилд хуулиар хяналт тавих эрхтэй бол Авлигатай тэмцэх байгууллага нь Улсын ерөнхий прокурорыг авлигын хэрэгт холбогдуулан шалгах эрхтэй. Хэрэв түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бол Ерөнхийлөгчөөс бас зөвшөөрөл авах журамтай. Ингээд харахаар зохион байгуулалтын талаасаа Авлигатай тэмцэх газар УИХ-ын мэдлийн хүрээнд, Прокурор нь Ерөнхийлөгчийн мэдлийн хүрээнд, Тагнуулын газар, Цагдаа нь Засгийн газрын хүрээнд байхаар зохицуулан тэнцүүлсэн ч юм шиг. Яг үнэндээ төрийн бодлого талаасаа оновчтой хуваарилалт болж чадаагүй юм уу гэмээр. Эдгээрийн хооронд мэдээж ажил хэргийн болон хүн хоорондын харилцааны зөрчилдөөн гарч таардаг. Гол нь эдгээр байгууллагуудын удирдлага нь мэргэжлийн бөгөөд ёс зүйтэй, өндөр ур чадвартай төрийн боловсон хүчнүүд байх ёстой байдаг. Гэтэл ингэж бас чаддаггүй. Дээр нь улс төрийн тоглолт ороод явчихаар бүр хачирхмаар марзан шоу өрнөчихөж байна. Асуудлуудынх нь цаад мөн чанар олон талтай байгаа юм.

-Асуудлыг хэт улстөржүүлж байгаа талаар амтай бүхэн л ярьж байна?

-Улс төртэй ч холбож үзэх үндэс бий. Саяхан Улсын ерөнхий прокуророор улс төрийн том хүчний дарга байсан, улс төрийн том зүтгэлтэн томилогдсон. Улстөрийн өнцгөөс дүгнэвэл хүссэн хүсээгүй төрийн байгууллагуудын хүчний харьцаанд өөрчлөлт уруулах, Улсын ерөнхий порокурорын эрх мэдлийг түлхүү харуулах гэсэн байдлаар үргэлжлэх улс төрийн үр дагавартай алхам хийгдэж байгаа гэж зарим судлаачид ярьж байна. Нөгөө талаас, тухайн хоёр байгууллагын удирдлагууд одоогийн байдлаар хэн хэндээ мөчөөгөө,, өгөхгүй гэцгээн "нүүдэл" хийж байна. Ийм байдалд оруулчихлаа хэмээн буруугаа УИХ-д тохох сонирхол давхар байх шиг. Үүнд УИХ бодитой, голч хандахаас өөр арга байхгүй. Би хуулийн салбарт шинэчлэл хийхийн төлөө байдаг. Гэхдээ огцом бөгөөд олон түмэнд гүр таашаагдах улс төрийн "акц" хэлбэрээр өөрчлөх гэж оролдвол энэ салбар даахгүйгээс гадна, улс орны дэг журамд илүү хохирол тусна гэж үздэг. Жирийн иргэн, хэвлэл мэдээллийнхэн гээд төрийн бүх салбарын хэн ч УИХ-ыг ил тод шүүмжилж болно. Болохгүй бол хуулийн дагуу УИХ-д хяналтаа тавих эрхээ эдэлнэ. Харин улсын өндөр албан тушаалтан бүгд УИХ-ын өмнө бас үүрэг хариуцлага хүлээдэг юм.

-УИХ-ыг асуудалд хэт хойрго хандлаа гэсэн шүүмжлэл хүчтэй байгаа?

-Намын даргын хувьд, улстөрчийн хувьд асуудалд хэрхэн хандах нь чөлөөтэй. Харин Ерөнхий прокурор өөрөө УИХ-аас дэмжлэг зөвшөөрлөө аваад, УИХ-тай харилцах харилцаа нь хуулиар хатуу хайрцаглаад явдаг орчинд орчихсон хүн. Иймээс УИХ-ын ажил байдалд сонгогч түмэн шүүмжлэх, тусгайлан эрх олгогдсон төрийн дээд байгууллага хяналт тавих эрхтэй. Гэтэл Ерөнхий прокурор хаяглаж явуулсан албан бичгээ олон нийтэд дэлгэн тавьж идэвхтэй сурталчилж байна. Ингэж болохгүй шүү дээ. Ийм байдлаар Улсын ерөнхий прокурор цаашдаа УИХ-д шахалт үзүүлж ямар нэгэн хэвлэлийн бага хурал хийх, олон нийтэд хандах юм бол харин бид өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага гарах байх. Авлигатай тэмцэх газрын асуудлыг цээжээрээ хамгаалаад, толгойг нь илээд байгаа юм байхгүй. Өгсөн мэдээллийн тусламжтайгаар харин ч УИХ эхлээд авах ёстой хариуцлагын арга хэмжээ, магадлах ёстой зүйлүүдээ тодруулж л байна. Иймээс УИХ-ыг ноцох, тодорхой гишүүдийг ийм үйл ажиллагаанд татан оролцуулах байдлаар яс хаясан мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацаж байгаа энэ үед УИХ шуурхай хандана гээд зүтгээд байх шаардлага харагдахгүй байгаа. Бичиг цаас явуулах нь төрийн ажил.

Гэхдээ хэвлэл мэдээллээр хандах, түүндээ тодорхой хэсгээс дэмжлэг авч УИХ-д шахалт үзүүлэх зэрэг нь тун зохисгүй, шууд утгаараа улс төрийн нөлөөлөл гаргах гэсэн оролдлого болно. Би анх л Улсын ерөнхий поркурорын томилогдоход л "Энэ хүн мэргэжлийн салбар руу очиж байна. Мэргэжлийн салбарт очоод зарим нэг асуудлыг шийдэж магадгүй. Ингэхдээ улстөржүүлж болзошгүй" гэж хэлж байсан. Одоо яг л тийм алхам руу орчихлоо шүү дээ.Одоо үүнийг дагаж халдварлаад төрийн тодорхой байгууллагын удирдлагад байгаа хүмүүс ийм байдлаар ажил төрлөө явуулдаг УИХ, Засгийн газар руугаа бичиг цаас шиддэг, эргүүлээд хуулийн байгууллагын хамгаалалтад ордог байдал үүсч болзошгүй. Ингээд л ирэх юм бол нөгөө төрийн чинь захирах захирагдах ёс, дэг жаяг гэдэг юм юу болох вэ.

Улсын ерөнхий прокурорын оруулсан саналыг нь би буруу гэж үзэж байгаа юм биш. Парламентыг үл хүндэтгэн удаа дараа саналаа тавиад байгааг хэвийн асуудал гэж үзэх үү. Эрх хэмжээнийхээ хүрээнд анх тавьсан асуудлыг нь УИХ хэлэлцээд явж байна. Нэгэнт УИХ шийдвэрээ гаргаагүй, тухайн асуудлаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байхад дахин саналаа УИХ-д тавьж шийдвэрээ гаргасангүй гэж шүүмжлэх эрх тухайн төрийн албан хаагчид байхгүй. Хуулийн нэрийн өмнөөс дуугарахад бас учир жанцан бий л дээ. Шууд хэлэхэд, Улсын ерөнхий прокурор УИХ-д хяналт тавих ажлын чиг үүрэггүй л байхгүй юу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.