НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Оюунхоролыг сонголоо
2011.06.27

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Оюунхоролыг сонголоо

Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус V чуулганаар шинэ тэргүүнээ сонголоо. Чуулганы өмнө Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шинэ тэргүүнд дэвшүүлэхээр олонхын саналаар дэмжсэн бол танхимаас намын Бага хурлын гишүүн Г.Идэрмаа, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарын нэрийг дэвшүүлжээ. Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэж нэрээ татсан юм.

 

Ийнхүү санал хураалтыг нууцаар явуулж, 71 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол холбооны хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нэр дэвшихдээ МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоог шинэчлэх шинэчлэлийн таван зорилт дэвшүүлсэн нь чуулганы төлөөлөгчдийн сэтгэлд хүрсэн. Мөн чуулганаар холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж Бага хурал зургаан дэд ерөнхийлөгчтэй байхаар зохион байгуулагдлаа.

Ингээд Бага хурлыг 115 төлөөлөгчтэй байгуулсан бол холбооны ерөнхийлөгчийн санал болгосноор Бага хурлаас зургаан дэд ерөнхийлөгчийг сонгов. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Идэрмаа, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх Л.Нинжжамц, мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин нар ажиллахаар боллоо. НАМЭХ-ны чуулган ажил хэрэгч, эв нэгдэлтэй, хамгийн гол нь шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн уур амьсгалд болж өнгөрлөө хэмээн төлөөлөгчид онцолж байлаа. Шинэ ерөнхийлөгчөө сонгосон чуулганы төлөөлөгчид холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.