П.Алтангэрэл, Я.Батсуурь Д.Зоригт нарыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэв
Уг нь шинэ он гарахаас өмнөхөн бүх Байнгын хорооны даргыг шинээр томилох учиртай ч АН-ынхан хараахан санал болгож амжаагүй байв.
УИХ-д авсан суудлынх нь тоог харгалзан дөрвөн Байнгын хорооны даргыг МАН, гурвыг нь АН-ын бүлэг УИХ-д санал болгож байгаа. МАН-ын бүлэг он солигдохоос дөрөв хоногийн өмнө Байнгын хорооны даргад санал болгосон гишүүдээ УИХ-ын чуулганаар батлуулсан. Энэ үеэр бусад гурван Байнгын хорооны даргын нэрсийг яагаад хамт оруулж ирээгүй хэмээн Н.Ганбямба гишүүн асуудал үүсгэж байсан удаатай.
Тухайн үед Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн ирц хүрэхгүй байгааг тайлбарлаж, ирцээ бүрдүүлж байгаад асуудлыг шийдэхээр хойшлуулсан юм. Харин өчигдөр тус намын бүлэг 21 гишүүний ирцтэй хуралдлаа. Тэд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Я.Батсуурь, Д.Одхүү нарын нэрийг дэвшүүлж, 15 хүний дэмжлэгээр Я.Батсуурийг санал болгохоор болжээ.
Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад П.Алтангэрэл, Г.Баярсайхан нар өрсөлдөж П.Алтангэрэл гишүүн олонхын санал авсан байна. Харин Ц.Баярсайхан гишүүн сүүлийн хоёр жил даргалж байгаа Эдийн засгийн байнгын хороонд Д.Зоригт гишүүн ганцаараа нэр дэвшиж, 100 хувийн дэмжлэг авчээ. Нэр дэвшүүлсэн хүмүүсээ УИХ-ын нөгөөдрийн чуулганаар хэлэлцүүлнэ гэж АН-ын бүлгийн дарга хэллээ.
Дашрамд дурдахад, Хууль зүйн байнгын хороог УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Төрийн байгуулалтын байнгын хороог Ж.Сүхбаатар, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороог Д.Очирбат, Төсвийн байнгын хороог Д.Хаянхярваа нар оны өмнөөс эхлэн даргалж байгаа билээ.