МАН-ын бүлгийн ахлагчаар Ө.Энхтүвшинг сонголоо
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаас АН-ын бүлэг УИХ-ын Сонгуулийн хуультай холбоотойгоор завсарлага авлаа. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг намын бүлэг" нь байнгын болон нэгдсэн хуралдаанаас албан ёсоор завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы нэгдсэн хуралдаанаас намын бүлгүүд завсарлага авах эрхтэй. АН-ын бүлгээс гаргаж байгаа хүсэлтийг зөвхөн өнөөдрийн хуралдаанаас завсарлага авч байна гэж ойлголоо. Маргааш чуулганы хуралдаан хуваарийн дагуу хуралдах ёстой. Ажлаа хохироохгүйн тулд бусад ажлын хэсгүүд хуралдаанаа шуурхайлах хэрэгтэй гэлээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан Сонгуулийн хуулийг даруй гаргах тал дээр МАН-ын бүлэг санал нэгтэй байгаагаа хэлээд "Намын бүлгийн ажлын хэсгийнхэн хоёр ч уулзалт хийсэн. Санал зөрөлдөөнтэй зургаан асуудлаас гурав нь ойлголцолд хүрч чадахгүй байна. АН-ын бүлгийн ажлын хэсэг тодорхой хувилбар гаргах байх.
Чуулганы хуралдаан гацах ёсгүй. Манай бүлгээс тавьсан саналууд тодорхой байгаа. МАН-ын удирдах байгууллага сонгуулийг мажоритар давамгайлсан холимог тогтолцоог дэмжсэн. Иргэд сонгогчидтой уулзахад хүнээ шууд сонгодог тогтолцоог түлхүү дэмжсэн учраас энэ хувилбарыг гаргаж байна. Олон түмэнд энэ талаар буруу сэтгэгдэл төрөх вий. Пропорциональ тогтолцоо гуравны нэгд орж байгаа нь том дэвшил. Хэлэлцэх шаардлагатай, хүлээгдэн хууль олон байна. Улс орны эрх ашиг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэг мөр ойлголцолд хүрч чадахгүй байгаад УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч нарын байр суурь нөлөөтэй гэж бодож байна. Иймд миний бие бүлгийн даргын ажлаа өгөхөө мэдэгдэж байна" гэсэн тайлбарыг хийсэн юм.
Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн ч МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа суухаар ирцгээв. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан ажлаа хүлээлгэн өгөхөө албан ёсоор мэдэгдсэний дараа бүлгийн дэд дарга Д.Дондог мөн албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн.Тэрбээр "Бүлгийн ажил сайн, муу байх нь дарга, дэд даргаас шалтгаална. Бүлгийн дарга шийдлээ гаргасан байхад дэд дарга нь овойж оцойтол ажил хийсэн юм шиг үлдэх нь миний хувьд ёс зүйд нийцэхгүй. Өөртөө дүгнэлт хийн хэнтэй ч санал хуваалцалгүйгээр албан тушаалаасаа татгалзаж байна" гэлээ. Ингээд үдээс хойш шинэ удирдлагаа сонгохоор МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нар өрсөлдсөн байна. Санал хураалтын дүнд Ө.Энхтүвшинг дөрвөн саналын илүүтэйгээр бүлгийн даргаар сонголоо.