Ч.Улаан:Би С.Баярцогтод ажлаа өгсөн,тиймээс засгийн газарт ажиллаач гэдэг санал ирвэл хүлээж авна
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэр гаргаснаас болж Засгийн газар цаашид оршин тогтнож чадах уу гэсэн асуудал яригдаж байна?
-АН-ын гишүүн сайд нар гарснаар Засгийн газарт ямар ч өөрчлөлт орохгүй. Тэн хагас нь нэг зэрэг өөрчлөгдвөл засаг өөрчлөгддөг. Гэтэл өнөөдөр засагт байтаа АН-ын сайд нарын тоо тэн хагаст нь хүрэхгүй учраас Засгийн газар хуулийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Засгаас гарсан АН-ын сайдуудынхаа нөхөн томилгоог хийх учиртай.
Ямар нэгэн онцгой асуудал үүсэхгүй. орох нь ороод гарах нь гардаг байдаг л жишиг. Ер нь Ардчилсан засаглалтай улс орны гүйцэтгэх засаглал ажлын үр дүнгээс нөхцөл байдлыг өөрчлөлтөөс шалтгаалж уян хатан хөдөлгөөнтэй байдаг зарчимтай. Тэгэхээр энэ жишгээр л явж байгаа болохоор гайхаж сандраад балмагдаад байх явдал байхгүй гэж бодож байна.
-Гэрээг нэг тал нь дангаар цуцалж болохгүй гэсэн. Гэтэл Засгийн газраас гарах шийдвэрээ Ардчилсан нам бие даан гаргачихлаа?
-Анх эвсэж ажиллахдаа байгуулсан гэрээний биелэлт юу болох нь өөр хэрэг. Анх гэрээ байгуулахдаа бүрэн эрхийн хүрээнд олон асуудлыг амжуулна гэсэн. Эвслээс аль нэг тал нь дангаараа гарах санаачилга гаргаж болохгүй тухай ч гэрээнд заасан байгаа. Монголд бол гэрээ мөрдөгддөггүй шүү дээ. Соёлтой ертөнцөд гэрээ мөнгө төгрөгөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг. Манайд гэрээ, хэлцэл тохиролцоог аль нэг тал нь дураараа өөрчилдөг муу зуршил болчихсон жишиг болчихсон. Үүгээрээ л явж байна.
-УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга нарын хувьд ямар нэгэн нөлөөлөл үүсэх үү?
-Байхгүй. Учир нь УИХ Засгийн газрыг байгуулдаг. Түүнээс биш Засгийн газар УИХ-ын өөрийнх нь бүтцийн байгууллага биш учраас нөлөөлөхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байнгын хорооны дарга нар жилийн хугацаатай томилогдон ажилладаг. Тэгэхээр нэг жилийн хугацаа дуусаж байгаа учир хуулийнхаа дагуу яригдах учиртай.
-Байнгын хороодын дарга дөрөв нь ардын нам гурав нь АН-ынх байгаа нь хамтарсан Засагтай холоотой гэж ойлгогддог. Үүнээс болоод өөрчлөлт орж магадгүй гэсэн зүйлийг зарим хүмүүс хэлж байна л даа?
-Өөрчлөлт орон үр дагавар гарч болзошгүй. Үүнийг бодитойгоор авч хэлэлцэх хэрэгтэй. Эвсэж хамтарч ажиллахаа больж байгаа учраас Шадар сайд, яамдын дэд сайдуудын асуудал цаашлаад улс төрийн тохиролцоогоор томилогдсон албан тушаалтнуудын хувьд өөрчлөлт орох нь мэдээж. Нэгэнт Засгийн газрын бүтцэд ийм өөрчлөлт орж байгаа учраас түүнийгээ ухаалгаар, түргэн шийдчих бололцоо гарч байна гэж би харж байна.
Нийгэмд илэн далангүй шүүмжлэл бий.
Засгийн газрын аппарат том, орон тоо олон, зардал нэмэгдэж байгаа, үүнийг шийдсэн алхам хийгээсэй гэсэн хүлээлт байна. Энэ асуудлыг шийдээд Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг бодлогынхоо хүрээнд авч үзэх нь зүйтэй. Ингэсэн тохиолдолд УИХ, Засгийн газар, яам, агентлагууд тэр ч байтугай ЗДТГ, сумдын төвшинд хүртэл бүтцийн өөрчлөлтийг хийх боломжтой. Ардчилсан нам шийдвэрээ Үндэсний зөвлөлдөх хороондоо танилцуулна гээд байгаа биз дээ.
-Гэхдээнамын удирдлагууднэгдсэн бодлоготой байхадҮЗХ-ноосэсэргүүцсэншийдвэр гарахгүй байх гэсэнтаамаг бий?
-Тийм л байх. Соёлтой улс төрийн хүчинд бүх бодлого нэгдмэл явагдах ёстой. Тиймээс дээрх шийдвэр гарах байх. Гэхдээ цаг хугацааны хувьд асуудал байна. ҮЗХ-нд дээр яригдаад, УИХ шийдвэрийг нь албан ёсоор хүлээж авч чөлөөлсний дараа оронд нь томилох асуудал яригдана. Томилгооны асуудал МАН дээр яригдаж эхлээгүй.
-Гэтэл АН мэдэгдэлхийсний дараагаас эхлээд л дараагийн сайд нарын нэр тодроод эхэлсэн л дээ. Тухайлбал, таныг Засгийн газрын гишүүнээр ажиллах гэж байна гэсэн зүйляригдах болсон?
-Хүмүүс чөлөөтэй тааварлаж, төсөөлж болно шүү дээ. Манай монголчууд ямар нэгэн зүйлийг урьдчилж тааварлах хоббитой. Тэр дагуу л янз бүрийн саналууд гарч байх шиг байна. Ер нь маш хариуцлагатай хугацаа тулчихлаа. Сонгууль болж, дөрвөн жилийнхээ ажлыг дүгнүүлнэ. Дээрээс нь төр засгийн ажил сааталгүй явах учиртай. Тэр тусмаа гүйцэтгэх засаглалын ажил нэг хором ч тасарч болдоггүй. Тиймээс асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зөв юм.
-Хэрэвтанд аль нэг сайдаар ажиллаач гэсэн санал ирвэл тахүлээжавах уу?
-Засгийн газарт ажиллаач гэдэг санал ирвэл би хүлээж авна. Яагаад гэвэл хугацаа их давчуу байна. Тиймээс шинэ хүн томилогдоод, хамт олонтойгоо нэг баг болж, сурч байх хугацаа үлдээгүй. Ажлаа аваад шууд гүйцэтгээд явах хүн томилох нь улсын эрх ашигт нийцнэ. Би С.Баярцогтод сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш 3,4 жилийн хугацаанд Төсвийн байнгын хороо болон УИХ дээр мэргэжлийнхээ дагуу ажилласан. Төсөв санхүүгийн чиглэлийн бодлогын бүх асуудал дээр ажлын хэсгийг нь ахалж байсан. Өөрөөр хэлбэл, надад бүрэн мэдээлэл байна. Мөн миний олон жил цуг ажилласан хамт олон маань тэнд бий. Тиймээс сангийн сайдын ажлыг хийхэд надад цаг хугацаа алдах, танин мэдэхүйн хүндрэл байхгүй.
-Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 85 хувьтай биелүүллээ гэсэн. Таны бодлоор энэ тоо хэр бодит вэ?
-Найдаж байна. Гэхдээ үлдэж байгаа зургаан сарын дотор 15 хувийг нь хийх болж байна. Тун богино хугацаанд их ажил хийх шаардлага гарч байгаа биз. Миний яриад байгаа хугацаа алдаж болохгүй гэдэг чинь энэ.