Ч.Улаан: АН-ын бүлэг хариуцлагагүй дүгнэлт хийсэн
2011.06.29

Ч.Улаан: АН-ын бүлэг хариуцлагагүй дүгнэлт хийсэн

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. МАН-ын бүлэг Сү.Батболдын танхимд "хангалттай" гэсэн дүн өгсөн бол АН-ынхан "туйлын хангалтгүй"хэмээн дүгнэсэн. Энэ талаар МАН-ын Ч.Улааны байр суурийг хүргэе.

-Арга хэмжээ тус бүрээр авч үзвэл янз бүр л байгаа. Бүхэлдээ сайн гэж хэлэхэд төвөгтэй. Бас нэлэнхүйд нь муу гэчихвэл улстөржсөн, хариуцлагагүй хэрэг болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг "туйлын хангалтгүй" гэж АН дүгнэсэн
байна лээ. Үүнийг би улстөржсөн, хариуцлагагүй явдал гэж хэлнэ. Манай нам асуудал нэг бүрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн. Арга хэмжээ нэг бүрийг үнэлээд бүхэлд нь дүгнэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг "боломжийн" гэж хэлнэ.

-АН яагаад ингэж улстөржив. Хамтарсан Засгийн газрын тулах гол хүч шүү дээ. Туйлын хангалтгүй гэж байгаа бол АН хариуцлагыг нь бас хуваалцах учиртай. Сонгуулийн өмнө ингэж дүгнэж байгаа нь АН Засгийн газраас гарна гэсэн дохио байж болох уу.

-Бүхэлдээ намынх нь албан ёсны дүгнэлт биш байх. Хамтарч ажиллаж байгаа нэг нам нь ингэж дүгнэсэн бол үнэхээр хариуцлагагүй явдал. Адилхан ачаа үүрнэ, хамтарч бүтээнэ гэж ярьж тохирч Засгийн газрыг байгуулчхаад өөрийнхөө хийсэн ажлыг хэт үгүйсгэж, харлуулж байгаа бол хэтэрхий улстөржсөн дүгнэлт хийжээ гэж ойлгохоос өөр аргагүй. Ачаа үүрэлцсэн бол бодитой дүгнэлт л хийх ёстой. Нэг талдаа хамтарсан болж харагдаад, нөгөө талд гарахаараа түүнийхээ эсрэг дүгнэлт хийгээд эхлэхээр хамтарсан Засгийн газар удахгүй, сонгуулиас өмнө тарах юм байна гэж олон түмэн ойлгох нь аргагүй шүү дээ. Үнэхээр л хамтарч ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй бол үр дүнг нь хамтдаа үзэж, аль болох нэгдмэл байр суурьтай байх ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.