С.Эрдэнэ: Хяналт байхгүй учраас хамтарсан Засгийн газар юу дуртайгаа хийж байна
2011.04.06

С.Эрдэнэ: Хяналт байхгүй учраас хамтарсан Засгийн газар юу дуртайгаа хийж байна

-Хаврын чуулган эхэллээ. Завсарлагаанаар юу хийсэн бэ?

-Завсарлагаанаар тойрогтоо ажиллалаа.Төрийн албан хаагчидтай уулзах ажил зохион байгуулсан.

-Танай намротацигүй боллоо. Дүрэмдээ өөрчлөлт хийх гэж байна. Энэ талаар ямар бодолтой яваа вэ?


-Ротаци явуулах нь уг нь их зөв зүйтэй юм.ҮЗХ-нд шинэ хүмүүсийг тодорхой түвшинд оруулж, өрсөлдөөн бий болгох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Харамсалтай нь ротаци сүүлдээ явцуураад нам доторх фракцууд хоорондын зөрчил болж хувирсан. Аль мөнгө ихтэй, эрх мэдэлтэй нь өөрсдийнхөө хүмүүсийг түлхүү оруулдаг болгочихсон л доо.

-Ийм хүмүүсийн жишээнд таныг дурддаг юм билээ?

-Асуудлыг газар дээр нь шалгалдаа. Надад бүхэл бүтэн намын удирдлагыг бүрдүүлээд байх олон ах дүү байхгүй. Ганц дүү маань өнгөрчихсөн. Би хэнээс мөнгө төгрөг нэхчихсэн юм. Аливаа юм нэртэй устай, баримттай байх ёстой. Миний хувьд тийм зүйл байхгүй. Намд ийм асуудал байсан учраас ротаци явуулах дүрмийн заалтыг өөрчлөх шаардлага гарсан. Сонгуулийн өмнөх жил дотоод зөрчил хурцадвал намын нэр хүндэд халтай гэж үзсэн. Намын шинэ дүрэм батлагдсанаар дотоод сөргөлдөөн арилах, удирдлагад орж ирэх хүмүүс аль нэг бүлэг фракцыгтөлөөлөхгүй шууд иргэдээс санал авч сонгогдохоор болж байгаа. Энэ мэтчилэн олон заалт бий.

-Ардчилсан нам генсекээ солих гэж байгаа тухай нэг хэсэг ярьсан. Энэ хэр үнэний ортой байсан бэ?

-Одоо байгаа генсекийг өөрчлөх шаардлагагүй. Энэ хүн ямар ч байсан өөрт ногдсон үүргээ хангалттай биелүүлж байгаа. Хэрвээ хариуцлагын тухай ярих гэж байгаа бол зөвхөн хэн нэгнийг онцолж биш намын удирдлагад тооцох учиртай. Ардчилсан намын удирдлага муу ажиллаж байна гэж үзвэл хариуцлага хүлээх ёстой.Түүнээс биш асуудлыг аль нэг фракцд хамааруулаад зөвхөн нэг хүнийг солино гэж ярих нь утгагүй.

-Тэгэхээр энэ үгийг АН-ын дарга руу хандаж хэлж байна уу. Намын даргын асуудал ч нэг хэсэг яригдаад намжсан. Одоо эргээд сөхөгдөх болов уу?

-Шаардлагатай бол ярина. Ер нь Ардчилсан нам одоогийнх шигээ ийм үлбэгэр байх юм бол ирэх оны сонгуульд амжилт үзүүлж чадахгүй. Би анхнаасаа хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан. Ардчилсан нам сөрөг хүчний байр суурин дээрээ очиж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэхгүй байна. Магадгүй энэ хоёр намын аль нь ч олонх болохгүй дахиад хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн тохироо хийгээгүй юм бол нэг нь ялж таараа. Гэтэл бид олонх болсон намын хавсарга, олонд үзүүлдэг гоёлын дэвүүр шиг нь явах юм бол АН хол явахгүй ээ.Тиймээс бид одоогийн байгаа байр сууриндаа дүгнэлт хийж өөрчлөх цаг болсон.

-МАН хоёр хуваагдсан ньтанай намд ашигтайгаар эргэхгүй юу?

-Хоёр хуваагдчихсан намын нэгтэй нь очоод нийлчихсэн болохоор АН-д давуу байдал харагдахгүй байна. Сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байхад бид эрх баригчидтай нийлчхээр яах вэ.

-МАН, АН хоёрыг бужигнаж байх хооронд бусад намууд нийлж хүчирхэгжээд дутагдаад байгаа сөрөг хүчний дуу хоолойг нөхөх гээд байгаа юм биш үү?

-Үүнийг би хүчтэй болж байна гэж харахгүй байна Тэднийг хүчтэй гарч ирж байгаа үгүйг ард түмэн шийднэ. Тиймээс үүнийг цаг хугацаа харуулна. Хамтарсан Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байгаа: Таван толгойн хувьцааны 10 хувийг иргэдэд олгох шийдвэр гаргалаа. Энэ бол шинэ зүйл биш. Угаасаа АН-ын мөрийн хөтөлбөрт "Уул уурхайн баялгаас иргэн бүрт хувь хүртээе, Гэхдээ бэлэн мөнгөний хэлбэрээр олгохгүй, хувьцаа тараая" гэж тусгасан байсан нь одоо биеллээ олж байна. Түүнээс хамтарсан засаг мундагтаа шинэ юм батлаад гаргаад ирсэн зүйл биш. Гэхдээ тэд энэ ажлыг дутуу хийж байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ тодорхойгүй байна. Нэг хүнд 536 хувьцаа ногдоно гэж байгаа. Нэг хувьцааны дээд үнэ мянган төгрөг байлаа гэхэд сая ч хүрэхгүй төгрөг болно. Түүний ногдол ашиг гэж инээдтэй юм байна биз дээ. Энэ мэтчилэн шалгаж судлаагүй, тооцоогүй зүйл их байна. Оюу толгой юу болчхоод байна, Таван толгойг яах гээд байгаа юм гээд яриад байвал олон зүйл бий. Таван толгойг үнэндээ 100 хувь ард түмэнд хувааж өгөөгүй. 20 хувийг нь нэг компанид өгөөд, үлдсэн 80 хувийг нь бусдад нь тарааж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг шударга гэх үү. Энэ хоёр орд руу хамаг анхаарлаа хандуулчихсан байх хооронд араар чинь бусад ордуудыг хайр найргүй зөөгөөд дууслаа. Төмөртэйн орд зэргийг хэн ямар сонгон шалгаруулалтаар өгөөд байгаа нь тодорхойгүй. Сөрөг хүчний хяналт байхгүй учраас хамтарсан Засгийн газар юу дуртайгаа хийж байна.

-Одоо тэгвэл яах вэ?

-Нэг жилийн өмнө ч байна уу, сарын өмнө ч байна уу болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг цэгцэлж гольдролд нь оруулах хэрэгтэй.

-Үүнийг цэгцлэхийн тулд танай нам хамтарсан Засгаас гарч чадах болов уу?

-Манай нам хамтарсан засгаас гарах цаг нь одоо болсон.

-Авилгатай тэмцэх газар одоо удирдлагагүй байгаа.Төрд зүгээр ажиллаж байсан хүнийг нь барьж хориод энэ байгууллагыг толгойгүй болголоо гэсэн шүүмжлэл бий. Та юу хэлэх вэ?

-Төрд өчнөөн мянган хүн ажиллаж байна. Зүгээр ажиллаж байгаа хүнийг аваачаад хорьчихдог юм бол.1937 оны хэлмэгдүүлэлт болно биз дээ. Авилгатай тэмцэх газрын даргын хувьд өөрөө шалга гэсэн. Шалгасны дагуу буруутай нь тогтоогоод ял шийтгэлийг нь өгсөн. АТГ удирдлагагүй байгаа нь УИХ-ын өөрийнх нь хариуцлагагүйтай холбоотой. Тухайн үед эрх бүхий байгууллагаас АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн асуудлыг УИХ-д оруулсан шүү дээ. Ардын намын нөхөд хамгаалж авч үлдсэн. Тэр үед нь асуудлаа шийдэж чадаагүй юм байж одоо олон долоон юм яриад, шүүх хууль зөрчлөө гэх ухааны юм яриад байгааг нь гайхаж байна.Тийм мундаг байсан юм бол асуудлыг эрт өөрсдөө шийдээд өгөхгүй яасан юм. АН-ын нөхдийг шалгаж, хорьж болдог. Ардын намын ивээлд байдаг нөхдийг тэгж болдоггүй юм уу. Би ч гэсэн хэлмэгдээд шалгуулаад хоригдоод явж л байсан. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.