С.Эрдэнэ: Н.Алтанхуяг ширээ балбан уурлаж, харааж доромжилсон
2010.11.24

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг ширээ балбан уурлаж, харааж доромжилсон

AH, MAH хоёр хурлаа амжилттай хийж дууслаа. Гэвч намууд доторхи зөрчилдөөн, маргаан, шүүмжлэл төгсөхгүй араас нь даган чаргууцалдаж, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Нэр зүсээ сольсон намын туг, нэр, тамгыг эзэмшихийг хүссэн хүмүүс байхад ардчиллын түүхийг эхлүүлсэн улс төрийн хүчнийхэн өөр хоорондоо мөн л тэмцэлдсээр. Хууль тогтоох дээд байгууллага дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан даваа гаригт болсон. Уг хуралдааны үед ирэх оны нэгдсэн төсөв тойрсон маргаан өрнөж, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нар хоорондоо ширүүхэн үгээр түншилцэж, чи би дээ тулжээ. Мөн дайны хажуугаар дажин гэдэг шиг намын дарга Н.Алтанхуяг сандал ширээ балбаж, гишүүдээ доромжлон нэлээд цам харайж гэнэ. Зарим хэвлэлд энэ талаар ташаа мэдээлэл түгээж буй тул С.Эрдэнэ гишүүн үнэн бодит байдлыг өчигдөр танилцуулсан юм.

 

Тодруулбал, эрхэм түшээг байнга бусдыгаа дарамталж дээрэлхдэг, бүлгийн хуралдаан дээр зодоон цохион үүсгэсэн болохоор бүлэг завсарлага авсан гэх мэтээр бичсэн тул мэдээлэл хийхээс өөр аргагүй байдалд оруулж. Уг нь, тийм зүйл гараагүй юм байна. Энэ талаар С.Эрдэнэ гишүүн "Өнөөдрийг хүртэл аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирлээ. Одоо тэсвэр, тэвчээр алдагдаж байна. Ирэх оны төсөв батлах хугацаа ойртож байгаа болохоор бүгд л үүнд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Манай бүлгээс ч ажлын хэсэг гаргасан.

 

Тус ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулсны дараа бүлгийн ахлагч, Н.Батбаяр гишүүдийн хооронд хурц маргаан өрнөсөн. Яг энэ үед Н.Алтанхуяг дарга орж ирэн Н.Батбаяр болон над руу хуруугаараа чичилж "Та хоёрын бүх зүйлийг гаргуулж ирнэ шүү. Аятайхан байгаараа" гэж заналхийлсэн юм. Би ч яахав гаргаж ирэх юм байвал гарга л гэсэн. Гэтэл намын дарга бачимдан уурлаж шорон оронгийн хулгайч, луйварчин хэмээн доромжилж, ширээ балбан, өмнөө байсан эд зүйлийг авч шидэж, харааж зүхэн орилсон л доо. Улс төрийн томоохон намын удирдагч хүн гишүүдээ доромжилж, харааж, гутаах асуудал гаргаж болохгүй шүү дээ. Харин асуудалд нухацтай ханддаг байх хэрэгтэй. Би улс төрд хорин жил зүтгэхдээ нэг ч хууль бус зүйл хийж, хэн нэгнийг дээрэлхэж зодоогүй. Хэрэв тийм үйлдэл гаргасан бол баримт нотолгоотой ярих нь илүү дээр. Өөрөө ч хүнд басамжлуулах дургүй болохоор хүнд хор хүргэдэггүй. Тиймдээ ялагдаж буйг нь өмөөрч, хүчтэйнх нь эсрэг байр суурьтай байдаг" гэж хэлсэн юм. Мөн үүнээс гадна түүнийг мөрдөж тагнасан асуудлаар УИХ-ын даргад өргөдөл, хүсэлт гаргасан байна. Намын ҮЗХ-ны хурал дээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай есөн удаа уулзсан гэж Н.Алтанхуяг тодорхой тоо баримт дурджээ. Үүнийгээ бүлгийн хурал дээр ч ил гаргаж тавин санхүүжилт авч намынхаа эсрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг, Тагнуулын ерөнхий газарт манай хоёр хүн бий шүү гэсэн байна. Энэ сүрдүүлэг нь намаа шүүмжлэхгүй үг дуугүй сууж, удирдлагынхаа хүслийг гүйцэлдүүлж байхыг шаардсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Дээрх асуудлаа Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулж, үнэхээр мөрдөж мөшгөөд байна уу, үгүй юу гэдгийг тодруулах ажээ.

 

Ер нь, түүнийг хавчих шахах үйлдэл нь хамтарсан Засгийн газар байгуулахаас эхлэлтэй гэнэ. Тодруулбал, элдэв хэрэгт гүтгэн, гишүүний бүрэн эрхийг нь жил таван сараар хязгаарласнаас эхэлж. Тухайн үед буюу 2009 оны нэгдүгээр сарын 6-нд НХХ-ийн дэд сайд, НДҮЗ-ийн дарга Д.Нямхүү нийгмийн даатгалын санд ямар ч хохирол учруулаагүй гэсэн бичиг үйлдсэн бол төд удалгүй 21 -нд нь албан тоотоо эргүүлэн татаж дахин нягталж бурууг тодруулахаар болжээ. Энэ нь, С.Баярын дарамт шахалт, намын удирдлагуудын явуулга гэж үзэж байв. Ийм зүйл хийж буй нь хамтарсан Засгийн газрыг буруутгаж, стратегийн орд газрын асуудлаар асуулга тавьж, намын үйл ажиллагаа зогсонги боллоо хэмээн шүүмжилж буйтай холбоотой аж.

 

Ямар ч гэсэн хэдэн зуун мянган хүний итгэлийг хүлээн тэдний төлөө парламентад орж ирсэн хүнийг тагнаж, бүрэн эрхэд нь халдаж буй нь буруу зөвийн аль болохыг удахгүй тогтоох биз.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.