Хамтарсан засагт багтсаны баярын бэлэг
Монголын ардчиллагчид тэмдэглэлт ойг тохиолдуулан эрх баригчдын дургүйг хүргэсэн нөхдийн толгой авдаг Коминтернийн аргад гайгүй сайн суралцсан бололтой. Коминтернийн оросууд 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд БНМАУ-ыг тунхагласны 13 жилийн ойгоор Ерөнхий сайд П.Гэндэнг, 1941 оны долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадмаар Ерөнхий сайд А.Амарыг цаазлан Москвагаас Монголын ард түмэнд "баярын мэндчилгээ" дэвшүүлсэн байдаг.Тэгвэл уржигдар буюу энэ сарын 19-нд АН-ынхан хамтарсан засагт багтаж, гэрээ байгуулсны хоёр жилийн ойгоо тэмдэглэлээ.
Энэ түүхэн тэмдэглэлт ойг тохиолдуулан ардчиллагчид маань Ардчилсан хүчний холбоог байгуулалцаж, хамтарсан засгийг эсэргүүцэж дургүй хүргээд байгаа С.Эрдэнийг нийслэлийн АН-ын даргаас огцруулж засагт хамтрагчдаддаа, "Алтан гадас"-ынхандаа ч "баярын мэнд-чилгээ" дэвшүүллээ.С.Эрдэнэ сүүлийн үед ярьж байгаа, биеэ авч яваа байдал нь соёлтой хэлбэл өөртөө итгэлтэй, өөр өнцгөөс нь харвал дэндүү пээдгэр, ягл П.Гэндэн сайд 1936 оны шинэ жилийн өмнө Кремлийн ордонд И.Сталинд агсам тавиад махир гаансыг нь хуга цохиж байхдаа ийм байсан болов уу гэхээр явсан юм.
Гэвч С.Эрдэнэ эсэргүүцээд байсан хамтарсан засгийнхаа хоёр жилийн ойн золиос болж нийслэлийн АН-ын даргаас огцорлоо. С.Эрдэнийг огцруулснаар "Алтан гадас"-ынхан намын модон тамга хэнд байдгийг Ардчилсан хүчний холбооныхонд сануулав. Түүнчлэн хамтарсан засгийн эсрэг дуугарсан хэний ч улстөрийн карьер иймэрхүү дуусна шүү гэдгийг С.Эрдэнийн огцролтоор харуулахыг хичээсэн бололтой.С.Эрдэнэ Монголын ардчилалд байгуулсан гавьяагаараа улсын баатар Э.Бат-Үүлээс дутуу байж болно. Харин ардчиллын төлөө явсан цаг хугацаа он жилүүд нь ойролцоо л байх. Хувь хүний ааш зан, зориг зүрхээс хамаараад улстөрчдийн зангараг, улстөрд эзлэх байр суурь харилцан адилгүй.
С.Эрдэнэ улс төрийн энэ зангарагаараа Э.Бат-Үүлээс илүүрхэж чадахгүй ч шинээр сонсогдсон Ш.Түвдэндоржоос яав ч дутуу биш. Н.Энхбаярыг ид мандаж явахад нь нэг тойрогт хоёр удаа өрсөлдсөн улстөрч С.Эрдэнээс өөр байхгүй. Н.Энхбаярын засаглалын үед түүнтэй Э.Бат-Үүл биш, Ш.Түвдэндорж бол бүр биш С.Эрдэнэ л өрсөлдөж байв. Ийм улстөрчөө хэнээр сольчихов оо.Аль ч салбарт, ялангуяа улстөрд аливаа хариуцлагыг тооцохдоо дараагийн хүнийг нь сайжруулж томилдог. Энэ жишгээр харвал С.Эрдэнийг очиж очиж Ш.Түвдэндоржоор сольсныг бодоход энд хариуцлага тооцох тухай ойлголт байсангүй.
Харин "хариу авах", "тооцоо бодох" улс төр л явчихсан бололтой. С.Эрдэнэ бол энхийн цагаан тагтаа биш л дээ. Биш учраас л тэр хэдэн сарын өмнө ҮЗХ-ны сонгуульд найруулсан хоорондоо өөрөө хордож мэхэндээ уналаа. Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Тэмүүжин нарыг ҮЗХ-ны ротацийн сонгуульд Баянгол дүүрэгт унагахад дүүргийн намын даргын хувьд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тухай Х.Тэмүүжингийн бухимдалтай ярилцлагууд тухайн үеийн хэвлэлүүдэд гарч байлаа. Үүнийх нь хариу нийслэлийн намын даргын огцролтоор ирлээ. Адилхан УИХ-ын гишүүд, бас төрийн сайд нөхдөө намын ҮЗХ-ны сонгуульд хүчээр унагах нь хүн чанарын хувьд арай ч байж болохгүй улс төр л дөө.
Тэр үед С.Эрдэнэ үүнийг ухаарч ийм улс төр хийгээгүй байсан бол өнөөдөр нийслэлийн намын даргын суудалтайгаа үлдсэн байж болох юм. Х.Баттулга, Тэмүүжин, Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ нар бүгд МоАХ-ных. Эхлээд МоАХ-ны гишүүн нь ҮЗХ-ны сонгуульд МоАХ-ны даргаа унагасан. Дараа нь даргынх нь шууд бус оролцоотойгоор МоАХ-ныхан нь С.Эрдэнийг огцрууллаа. Энэ чинь л дотооддоо, эрх мэдэлд хүрэхээрээ хийдэг АН-ынхны үндсэн хийж чаддаг ганц улс төр шүү дээ. Баабарын бичсэнээр АН-ын хууч өвчин сэдэрсэн хэрэг.