2010.06.10

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хамтарсан засгийн газар юу хийж гийгүүлсэн юм

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг "Тал засаагүй яриа" буландаа урилаа. Тэрээр энэ удаа намынхаа дотоод амьдрал, нэр нь холбогдож байсан асуудлуудад дэлгэрэнгүй хариулсан юм.
-АН-д явагдсан ротацийн сонгуулиар нэлээд бужигнасан. Удаан хугацаанд дарагдаж байсан бухимдал нь ил гарч ширүүхэн тэмцлийн хэлбэрт шилжсэн. Өнөөдөр байдал намжсан юм шиг харагдаж байгаа ч далд тэмцэл үргэлжилсээр байгаа гэх юм. Тийм үү?

- Аль ч намд дотоод зөрчил, тэмцэл байдаг. Ний нуугүй хэлэхэд манай нам дотор зөрчил, өрсөлдөөн байнга л байдаг. Үүнийг бид байх ёстой хэвийн үзэгдэл гэж ойлгодог. Ардчилал, хүний эрхийн төлөө үгээ хэлэх, хэвлэн нийтлэх гээд наад захын хэм хэмжээг бий болгохын төлөө 20 жил ажилласан, бид. Тиймээс АН-ын гишүүд харьцангуй чөлөөтэй үгээ хэлдэг, хөгжлөө мэдэрч чаддаг, эрхээ эдэлж чаддаг хүмүүс. Тэр утгаараа 70-80 жил дарангуйлалд явсан, хоёр хүн маргахаар хэрүүл, тэмцэл гэж хардаг нийгэмд явсан хүмүүст манай нам хагаралтай юм шиг харагдаад байна.

-Таныг МоАХ-ны фракцийнх гэдэг. Гэтэл сүүлийн үед "Ардчилсан хүчний холбоо"-г үүсгэн байгуулалцаад явж байна. Эндээс харахад АН-ын лидерүүд хоорондоо ч нэлээд зөрчилтэй, амбиц ихтэй байгаа гэсэн дүгнэлтэд хүрээд байна?

-АН-ын эрүүл байдаг нэг үндэс нь дотроо чөлөөтэй мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж чаддагт юм. Түүнээс хэн нэг намын дарга гарч ирээд захиргаадаад атгасан гар шиг, бүгдийг нэг дор шагай шиг хураана гэвэл мөн чанар нь алга болно. Бид өөрсдөө үгээ чөлөөтэй илэрхийлдэг, эрх чөлөөгөө мэдэрч чадсан нийгэм байгуулахын төлөө тэмцсэн. Гэсэн атлаа нам дотроо дарангуйллын хэлбэр бий болгочихвол нийгэм рүү чиглэж ажиллаж чадахгүй. Нөгөө талаар хүний эрх шударга ёс гэдэг хариуцлага юм. Зарим гишүүд эрх чөлөөгөө илүү мэдрээд эрхээ түлхүү эдлээд үүргээ умартаад байна. Энэ нь АН-ын дүрэмд намын дотоод асуудлаар олон нийтэд хандах, намын нэр хүнд, эв нэгдлийн эсрэг ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалттай. Энэ дүрмийг хүлээн зөвшөөрөөд элссэн хүн зарим нэг эрхээ дүрмийн дагуу хязгаарлуулна гэсэн үг. Дүрэм, журам гэдэг нь хүний тодорхой эрхийг хязгаарлаж, зохицуулах шүү дээ. Намын дүрмийг хүлээн зөвшөөрөөд орж ирсэн хэн ч бай захирагдах ёстой. Чадахгүй бол намаас гарах хэрэгтэй. Намын дотоод асуудал, маргаан мэтгэлцээнийг ил тод гаргаад суулт, өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ гэж заналхийлээд явж байгаа гишүүд дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг.

-Тэгэхээр дүрмээ зөрчсөн гэж үзээд тоолгүй орхисон гэсэн үг үү. Тэмцэлд нэгдсэн гишүүд эсрэгээрээ намын удирдлагууд айгаад байраараа ирэхгүй болсон гэж байсан шүү дээ?

-Айсандаа тэдний эсрэг дуугарахгүй байгаа юм биш. Адилхан суугаад, тэмцэлдээд хурцадмал байдал үүсгээд байх чадалтай гишүүд олон бий. Дүрмээ барьж хүндэтгээд тэдний эсрэг хурц, шийдэмгий үйлдэл гаргахгүй байгааг айж, ичиж байна хэмээн буруугаар ойлгоод байсан л даа. Бид дүрмийн дагуу ажиллаж Хяналтын ерөнхий хороонд хандсан. Хяналтын ерөнхий хороо дүүрэг, аймгийн намын хороод дотооддоо асуудлаа ярьж зөвшилцөх сарын хугацаа олгосон. Ингээд болохгүй бол хэн дүрмээ зөрчсөн гэдгийг шалгаж тогтоогоод шийдвэр гаргахаас өөр аргагүй. Манай намын дотоод амьдрал иймэрхүү л байна.

-С.Эрдэнэ гэдэг хүн Нийслэлийн намын хороог өөрийн болгосон. Баянголдүүргийн намын байгууллагыг өөрийн ах дүүгээрдүүргэж шинээр нэр дэвшүүлсэн, өөрт таалагдахгүйзарим хүмүүсийг шахажгаргасан гэдэг. Та үнэхээртийм ажил хийсэн юм уу?
-Надад сүйд болтол ажиллуулаад байх ах дүү байдаггүй. Би эхээс хоёулаа ч ганц төрсөн дүүгээ 2004 онд алдсан. Надад тэгээд туслаад дэмжээд, намын үйл ажиллагааг өөр хэмжээнд хүртэл тараагаад байршуулаад ажиллуулчих олон ах дүү алга даа. Ээж, аавын хэдэн дүү бий. Тэд өөр өөрийн амьдральн мөрийг хөөгөөд явсан. Яахав, манай ээжийн дүүгийн хоёр бага хүүхэд АН-д бий. Тэр хоёрын улс төрд нөлөөлөх хүртэл зай ч байна, лай ч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.