Ерөнхийлөгч Улсын их хурлыг чуулганаа завсарлуулахаас өмнө өвөлжилтийн асуудлаар дахин нэг хэлэлцэхийг хүслээ
2010.01.19

Ерөнхийлөгч Улсын их хурлыг чуулганаа завсарлуулахаас өмнө өвөлжилтийн асуудлаар дахин нэг хэлэлцэхийг хүслээ

Уулзалтанд Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон Их хурал дахь бүлгүүдийн дарга нар, байнгын хороодын дарга нар, холбогдох яамдын сайдууд оролцсон юм.

Шадар сайд М.Энхболдын мэдээлснээр, энэ өвөл хүйтэрч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү хэмжээний цас орсны улмаас нийт нутгийн бараг 90 орчим хувь нь цасанд дарагдаад байна. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрч, тэдгээрийн 97-д нь байдал онцгой хүнд байна.Засгийн газар шат дараалсан яаралтай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд дэлгэрэнгүй танилцууллаа.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ирэх өдрүүдэд байдал дахин хүндэрч болзошгүй байгаа бөгөөд хэд хэдэн газарт гамшгийн зэрэглэл нэмэгдэх магадлалтай болохыг тэрээр хэлэв. Байдал дахин хүндэрвэл, эхний ээлжинд 5,2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар хийгээд байгаа юм байна. Улсын нөөцөн дэх өвс тэжээл, малын эм, биобэлдмэлийн нөөц багассан тул Засгийн газар холбогдох байгууллагуудад нөхөн бүрдүүлэлт хийх үүрэг өгчээ. Одоогийн байдлаар нөхцөл байдалд үнэлэлт өгөх үнэлгээний баг хөдөө орон нутгуудад ажиллаж байгаа юм байна.

Шадар сайдын мэдээллийн дараа, Их хурлын дарга Д.Дэмбэрэл, төсөв санхүү, хоол хүнсний хангамжийн талаар асууж хариулт авлаа.

Ерөнхий сайд С.Батболд, яамдын үйл ажиллагааг уялдуулах тал дээр анхаарч байгаа гэдгийг хэлээд,хавар болтол хүндрэлийг давахад 5-8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо хийсэн. Энэ тал дээр дэмжээрэй гэж Их хурлын даргад хандан хэллээ.

Ийнхүү мэдээлэл сонссоны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим үүрэг чиглэлийг өглөө. “Юуны өмнө одоо сайн тооцоо хийх хэрэгтэй байна. Малтай хэдэн айл өрх хаагуур өвөлжиж байна, хэдэн өрх хүнд байдалд байгаа, хэд нь хүндэрч болзошгүйг тоогоор нь гаргаж, эм тариа, эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа, хоол хүнс, түлш болон тээврийн асуудал гээд бүх зүйлийг орхигдуулалгүйгээр тооцоо судалгааг нарийн хийх шаардлагатай.

Би Улсын их хурлыг чуулганаа завсарлуулахаас өмнө өвөлжилтийн асуудлаар дахин нэг хэлэлцэж, улсын нөөцийн нөхөн бүрдүүлэлт болон түүний санхүүгийн асуудлыг ярилцаасай гэж хүсч байна. Өнөөдөр Засгийн газрын нөөц хөрөнгө багассан тул бензин түлш , хөрөнгө мөнгө гээд яаралтай шийдэх ёстой асуудал байгаа.

Улсын нөөцөнд байгаа, гурил хийхэд шаардлага хангахгүй буудайг цал алдалгүй малын тэжээл болгож орон нутаг руу явуулах хэрэгтэй байна. Тариаланчдын гар дээр ч мөн гурилын чанар хангахгүй буудай байгаа. Тэдгээрийг яаралтай худалдаж авч, малчдад өгөх нь хэн хэндээ хэрэгтэй байх болов уу.

Өнөөдөр манай улс орон даяар үүсээд байгаа нөхцөл байдалд бид өндөр түвшинд анхаарах хэрэгтэй. Малчиддаа туслах санаачилга гаргаж, аян өрнүүлж байгаа иргэд, байгууллага хамт олон, нутгийн зөвлөлүүдэд, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад талархая.

Бид үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэлт хийх хэрэгтэй. Манай улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бодлого цоо шинэ хандлагаар явах цаг нь болсон гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Хүндрэхээр нь тусалчихдаг гэсэн энэ ойлголт байхгүй болох ёстой юм. Олон жил хадгалж ирсэн мал аж ахуйн бодлого муу байгаагийн, шалгалтанд тэнцэхгүй байгаагийн илрэл энэ боллоо. Тиймээс та бүхэн дүгнэлт хийж, шинэ бодлогоор ажиллаарай “ гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.