Л.Гансүх сайд гишүүдийн асуулгад хариуллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дондогоос “Туул гол болон бусад гол усны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа асуудлаар авч буй арга хэмжээ, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсов.
Туул голын усны бохирдлын одоогийн төлөв байдлыг Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн харуулын шинжилгээний дүнд үндэслэн гаргасан дүгнэлт, Туул гол болон бусад гол, усны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БОАЖЯ-ны сайд Л.Гансүх танилцууллаа.
Туул голын чанарын олон жилийн судалгааны дүнгээс үзэхэд Туул голын ус Сонгиноос доош Тавантолгойн гүүр, Хаданхясаа, Алтанбулаг орчмоор усны чанарын зэргийн ангиллаар “маш бохир” ангилалд хамрагдаж, эрдэс азот, эрдэс фосфор болон органик бодисоор маш ихээр бохирдож, тэдгээрийн жилийн дундаж агууламж нь усны чанарын стандартаас 3-30 дахин давах болжээ.
Сүүлийн жилүүдэд Туул голын ус Улаанбаатар хотоос доош Сонгиноос Тавантолгойн гүүр хүртэлх хэсэгт нь “бохир” буюу “маш бохир” ангилалд хамрагдаж байсан бол 2004 онд 2 цэг нэмэгдэж Алтанбулаг сум хүртэл “маш бохир” ангилалд хамрагдаж байгаа нь голын усны бохирдол эрс ихэссэн байна. Туул голын усны чанар Лүнгийн гүүрийн орчим өмнө нь “бага бохирдолтой” гэж үнэлэгдэж байсан бол 2007 онд IV зэрэг буюу “бохирдолтой” гэж үнэлэгджээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаашид усны бохирдлыг бууруулах чиглэлээр дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
- Туул-Сонгины цогцолборыг ойрын хугацаанд барьж ашиглалтад оруулснаар Төв цэвэрлэх байгууламжаас зайлуулах усыг уг цогцолборт бүрэн цэвэршүүлж хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах,үйлдвэр- ахуйн хэрэглээнд эргэлтийн ус ашиглах,
- Газрын доорхи усны хяналт- шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулах,
- Томоохон хот суурингийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, солих, өргөтгөл шинэчлэлтийг хийх, сэргээн засварлах,
- Нийслэлийн ЗДТГ-тай хамтран арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх “Харгиа” ХК-ны цэвэрлэх байгууламжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж тус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг тус тус шийдвэрлэх ажээ.
Асуулгатай холбогдуулан С.Бямбацогт, Д.Энхбат, Д.Балдан-Очир нарын гишүүд усны бодлогын асуудал олон газарт харьяалагдаж байна. Газрын гадаргын болон гүний усны судалгаа, менежментийг нэг газарт төвлөрүүлэх хэрэгтэй. Хотын төлөвлөлт энэ чигээрээ явсан тохиолдолд туул голын бохирдол байсаар байх болно. Улсынхаа нийслэлд арьс шир боловсруулах үйлдвэртэй улс манайхаас өөр байхгүй. Агаар, хөрс, ус бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийг хотоос гаргах шаардлагатай. Үүний цаана нийгмийн эрх ашиг хөндөгдөж байгаа ч нийт оршин суугчдын эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй гэж байлаа.
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөл авсан 391 иргэн, аж ахуйн нэгжээс газар ашиглах гэрээ байгуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, газар ашиглалтын зориулалт өөрчилж орон сууц, хувийн зориулалттай сууц /хаус/ барьсан, газар ашиглалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар ашиглалтын даац хэтэрсэн зэрэг зөрчлүүд байгаа аж.
Газар ашиглалтын зөрчлийг шийдвэрлэхэд тулгарч буй гол хүндрэл нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-д газрын төлбөрөө төлөөгүй, зориулалт өөрчилсөн, ашиглахаар авсан газраа ашиглаагүй олон жил болсон зэрэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах тухай заалт байхгүй. Иймд БОАЖЯ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэж Засгийн газарт өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа ажээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт сүүлийн 2 жилд ухуулга сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж нутгийн ард иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь улсын байцаагчдын нэг үүрэгт ажил байсан бөгөөд уг ажлыг тасралтгүй хийж байсан нь үр дүнгээ өгч байгаа гэнэ.
Тус яамнаас 2009 онд нийт ХЗ-ны хэмжээгээр 2083 байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг хамарсан 386 удаа шалгалт явуулж төсөвт /улсын орлого, нөхөн төлбөр, торгууль/ 30.930.5 төгрөгийн орлого оруулжээ.