Байнгын хороо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын зарим гишүүд оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгий газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулж буйгаа тэрбээр дурдаад Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Засгийн газрын одоогийн бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах саналтай байгаагаа танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Батбаяр, Д.Энхбат нар асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 2008 оны есдүгээр сарын 17-нд баталсан хамтарсан Засгийн газрын тухай тогтоолын дагуу хэвээр хадгалахыг дэмжлээ.
Ерөнхий сайд хуулийн хугацаанд нь багтаан энэ долоо хоногт танхимын гишүүдээ УИХ-д танилцуулах юм байна.