АН хамтарсан Засгийн газарт орсон нь хамгийн том алдаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг зангиагүй уулзалтад оролцлоо. Тэрбээр өмнө нь зангиагүй, чөлөөт уулзалтад оролцож байгаагүй, энэ уулзалт анхных гэсэн юм. Мөн хэвлэлийн бага хурал, ярилцлага гээд олон зүйлээр сэтгүүлчидтэй уулздагтаа баяртай байдгаа энэ үеэр хэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ З.Энхболдтой мөр зэрэгцэн Ардчилсан хүчний холбоонд хүчин зүтгэж яваа нэгэн. Энэхүү зангиагүй уулзалтаараа тэрбээр улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг ярихаас гадна юу хийх ёстойг хэлэлцэх нь зүйтэй хэмээх саналыг хэлж байлаа. Тэрбээр “Нэгдсэн төсвийг АН-ын бүлгээс буцаасан. Буцаасан төсвөө дахин өргөн барьсан боловч онцын өөрчлөлт оруулаагүй байна. 200 тэрбумын орлогын эх үүсвэр нэмсэн байсан. Цаашлаад Оюутолгой, Тавантолгойн асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Бидний хүсч бодож байснаас өөр өнгө төрх харагдаж эхэллээ. Улс төрийн намууд шинэчлэгдэж, өөрчлөгдөж байна. Гэтэл зарим нам нь яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Нийгмийн өмнө шийдлээ хүлээн байгаа олон асуудлыг шударга, үнэн зөвөөр гаргаж ирдэг шүүгч бол цаг хугацаа юм” хэмээн уулзалтаа эхлүүлсэн. Түүнээс сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.
-Ардчилсан нам дотроо хямрал, зөрчил, хагаралтай байгаа. Энэ зөрчлийг та чухам юу гэж үзэж байна вэ?
-Ардчилсан намын хямрал, зөрчил бол сүүлийн үед гэнэт гарч ирсэн асуудал биш л дээ. Хоёр жилийн өмнөөс л энэ асуудал яригдаж эхэлсэн. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орсноос хойш намын дотоод зөрчил эхэлсэн гэж би ойлгодог. Парламентад цөөнх болсон нь сөрөг хүчин болох зарчимтай. Харин янз бүрийн шалтгаанаас болоод стандарт бус Засгийн газар байгуулсан. Үүнд хөтлөгдөж, уруу татагдаж орсноороо Ардчилсан нам түүхэнд маш том алдаа хийсэн. Хамтарсан Засгийн газарт орж болохгүй гэдгийг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Энэ Засгийн газарт орохыг ҮЗХ-ны хурлаар шийдсэн гэх боловч тухайн үед маш цөөн гишүүний саналын зөрүүгээр батлагдсан юм.
-Тэгвэл өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулагдаад Оюутолгой, Тавантолгой гээд олон бүтээн байгуулалтыг шийдлээ гэж байна. Хамтраад хийсэн зүйл байгаа юм биш үү?
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ямар ч үр дүнд хүрээгүй. Бидний ярьж байсан Сонгуулийн хуулийн өөрчлөлт хаана байна. Оюутолгой луйврын гэрээ болж хувирлаа. Тавантолгойн хөрөнгө оруулагчтайгаа гэрээ байгуулаагүй байна гэх мэт олон асуудал бий. Юу шийдчихэв гээд харахаар шийдсэн зүйл үнэндээ харагдахгүй байна. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Оюутолгой хамгийн сайн хөрөнгө гэж харж байсан. Гэтэл одоо 34 хувиа өөрсдөө худалдаж аваад сууж байгаа. Оюутолгойгоос ногдол ашиг авахад жилдээ 280, 290-ээд сая төгрөг болж байгаа юм. Харин төлөх хүүгээ бодож үзвэл сардаа 300-аад сая төгрөг төлөхөөр харагдаж байна. Хамтарсан Засгийн газрыг гялтайх зүйлгүй гэж хэлж бас болохгүй байх. Төмөр замын бодлогыг баталлаа, ард түмний амьдрал сайжирлаа гэж ярьж л байна. Энэ үлгэр хэдий болтол яригдах юм бэ. Манай нам хамтарсан Засгийн газарт орсноор төрийг хяналтгүй болгосон гэж болно. Аль нэрээр нэрлэхэд хэцүү болсон нэг нам байна.
МАХН гэх үү Ардын нам гэх үү. Энэ намын үүрэх ёстой хариуцлагыг хэн нэхэж, шахаж, шаардах юм.
-Ардчилсан нам Засгаас гарах хэрэг байна уу. Хамтраад явж байсан нь дээр юм биш үү?
-Угаасаа хийсэн бүх зүйл Ардын намын нэр дээр явдаг. Ерөнхий сайд С.Батболдын хөдөө, орон нутгаар хийсэн уулзалтыг харсан л даа. Тэнд Ардчилсан намын нэрийг нэг ч удаа дурьдаагүй. Сүүлийн 20 жилийн өнгөтэй өөдтэй болгоныг Ардын нам өөрийнхөө нэр дээр л нааж байгаа. Ний нуугүй хэлэхэд би нэг зүйл дхарамсч явдаг. Монголын ард түмнийг хагацал зовлонд унагаачихаад Ардын нам уучлалт гуйхгүй байгаад л харамсдаг.
-Ээлжит бус их хурлыг хуралдуулахын төлөө хөдөлгөөн байгуулагдсан. Таны хувьд ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлага бий юу?
-Ээлжит бус их хурлаа хийх хэрэгтэй. Ярилцах зүйл ч их байна. Улс орон болон намын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг ярилцах цаг нь ирсэн. Төрд нүүрэлчихээд байгаа авлига, хүнд суртал, шударга бус явдлыг авч хэлэлцэх, шийдэх арга замыг нь хайх хэрэгтэй. Их хурал хийснээр үр дүн гарах байх л гэж харж байгаа юм. ҮЗХ-ны 200 гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн 30 гишүүний дунд яриад өнгөрөх биш их хурлаар шийдэх хэрэгтэй асуудал олон байна.
-Намын дарга Н.Алтанхуягийг огцруулах хэрэгтэй гэж олон хөдөлгөөн, улстөрчид үзэж байна. Намын даргыг огцруулснаар танай нам шинэчлэгдэх үү?
-Би намын даргатай жирийн харилцаатай байгаа. Нэг нэгэн рүүгээ муухай хараад, ойртохоор гар зөрүүлчихээд байгаа зүйл алга. Хувь хүнийхээ хувьд намынхаа тухай бид хоёр ярилцдаг. Хэн нэгэн даргыг солихдоо гол нь байгаа юм биш. Нам дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бодит үнэнийг хэлсэн хүнийг гудамжных, эсэргүү гэж үзэж болохгүй. Энэ бол намын дотоод хагарал биш юм.
-ҮЗХ-ны хурал удахгүй болно. Хурлаар юу хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-ҮЗХ-ны хуралдаанаар ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлыг ярих ёстой. Мөн хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх хэрэгтэй. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ хүрээнд томоохон өөрчлөлт хийх цаг нь болсон. Тиймээс энэ гурвыг юун түрүүнд хэлэлцэх хэрэгтэй л гэж бодож байна.