М.Энхболд: 2010 он түүхэн жил болж байна
2010.12.27

М.Энхболд: 2010 он түүхэн жил болж байна

Монгол Улсын Шадар Сайд М.Энхболдтой  ярилцлаа.

- Он дуусаж байна. Та Шадар сайдын хувиар хамтарсан  Засгийн газрын 2010 оны хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах  гэрээ хэлэлцээр хийх үед   МАХН-ын талын  ажлын хэсгийн дарга нь  би байсан. Ардчилсан намын ажлын хэсгийн дарга  С.Баярцогт сайд байсан. Бид  эхлээд маш олон зүйлийг  хийх, хамтран    ажиллах гэрээ хэлэлцээрийн  тухай ярьж байсан. Сүүлдээ маш тодорхой цөөхөн хэдэн зорилт  тавьж,  бодитой зүйл хийхийн  төлөө  засаг төрөө хамтарч байгуулъя гэж шийдсэн. Засгийн газар нэгдүгээрт,  уул уурхайн салбарын асуудлыг тавьсан. Хоёрдугаарт,  1.5 сая төгрөгийг иргэддээ олгох асуудлыг тавьж байсан.  Харин 2010 онд хамгийн гол асуудлууд түрүүчээсээ  шийдэгдэж байна. 

Иргэдэд олгох 1.5 сая төгрөгийн  түрүүч 120 мянган төгрөгийг 2010 онд олгочихлоо. 2011 оноос эхлээд сар тутам Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгийг иргэн бүртээ  олгох гэж байна. Мөн сургалтын төлбөр,   Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг олгох гэж байна.  Тэгэхээр  бид энэ жил сонгуулийн  амлалтаа биелүүлэх эхлэлээ тавьж чадсан. Тиймээс   2010 он бол түүхэн жил болж байна.

Хамтарсан Засгийн газар ажилласны үр дүнд олон жил яригдаж байсан ашигт малтмалын томоохон  орд газруудыг ашиглах тал  дээр бодитой ахиц гарч, гэрээ хэлцэл   байгуулаад  явж байна шүү дээ.

- Та Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  Оюутолгой,   Тавантолгой гэх  стратегийн ордуудыг ашиглах тухай  гэрээний төслийг өргөн барьж байсан. Тэр үед бас л хамтарсан Засгийн газар байсан шүү дээ.

- Тийм. Би Оюутолгой,   Тавантолгой  ордуудыг  ашиглах тухай гэрээний төслийг аль алийг нь боловсруулаад 2007 оны дөрөвдүгээр сард өргөн барьж байсан хүн л дээ. Тэр үед хамтарсан  Засгийн газар байсан. Гэхдээ Ардчилсан намтай хамтраагүй. Дөрвөн жижиг намтай,  нийтдээ таван намын хамтарсан Засгийн газар байсан. Тухайн үед Ардчилсан нам  УИХ-д 23 суудалтай, сөрөг хүчин байсан.

Харин  миний өргөн барьсан хоёр асуудал УИХ-аар  шийдвэрлэгдэж чадаагүй. Тэгэхээр  өнөөдөр улс орныхоо төлөө гэсэн үндсэн зорилгын дор хамтарсны үр дүнд  асуудал шийдэгдэж байна.  Төлөвлөсөн асуудал шийдэгдэж байна гэдэг нь  цаашдаа улс орны хөгжилд ахиц өөрчлөлт гарах зам засагдаж байна гэсэн үг. Ерөнхийдөө   ард түмний амьдралд өөрчлөлт гарах нь ээ  гэсэн дохио гэж ойлгох ёстой. Асуудлаа шийдэхгүй, ажлаа эхлэхгүй байж  амьдрал сайхан болно гэж хий дэмий яриад суух нь  үл бүтэх асуудал   шүү дээ.

- Засгийн газар 2010 оныг  “Бизнесийн орчны шинэтгэл” –ийн  жил болгон зарлаад жилийн нүүрийг үзэх гэж  байна.  Та Шадар сайдын хувьд   шинэтгэлийн  жилийг ямар үр дүнтэй үдэж байна вэ?

- Би хувь хүний хувьд ч,   ажил хариуцаж байгаа хүний хувьд ч  аливаа ажлын  эцсийн үр дүн тодорхой,  бодитой, мэдэгдэхүйц  үр дүнтэй  байх ёстой гэсэн зарчим баримталж ажилладаг.   “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Засгийн газар 131 ажлыг хийж хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, сайд тус бүрт  тодорхой ажлуудыг хариуцуулж өгсөн. Миний хувьд Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг журамлах,  цэгцлэх  ажил. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр ажлыг хариуцаж ажиллаад,  дуусаж байна.
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гарган Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох, лиценз, зөвшөөрөл олгож буй өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзэж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх  зорилгоор Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг би ахлан ажилласан.

Сангийн яам,  ХЗДХЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Монголын ажил олгогч эздийн холбооны албаны дарга, Барилгачдын холбооны Ерөнхийлөгч, Хүнсчидийн холбооны гүйцэтгэх захирал, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч болон "Петровис", "Нью Жуулчин турс" компанийн захирал гэсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг  ажилласан. Ерөнхийдөө  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хамтран ажилласан юм. Энэ дашрамд хэлэхэд, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цэгцлэх ажил нь цаг хугацаа, хүн хүч шаардсан, нарийн ажил байсан.
Тодорхой хэлбэл, төрийн захиргааны болон бүх шатны байгууллага, бизнесийн салбар, мэргэжлийн төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцооны үр дүнд амжилттай хэрэгжих ажил гэдгийг хэлмээр байна. Тиймээс юуны түрүүнд хүмүүсээ сургах ажлыг зохион байгуулсан. Төрийн албан хаагчид, яам агентлагийнхан энэ ажилд оролцоход бэлэн бус байсан. Тиймээс энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, баталсан аргачлал, маягтуудыг хэрхэн бөглөх талаар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хоёр удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад яам, агентлагууд болон нийслэлийн захиргааны байгууллагууд, түүнчлэн зөвшөөрөл олгодог эрх бүхий бусад байгууллагуудын холбогдох албан хаагчдыг бүрэн хамруулсан. Ерөнхийдөө төрийн албан хаагчдыг зөвшөөрөл цэгцлэх арга ажиллагаанд сургах ажил амжилттай зохион байгуулагдсан.
Сургалт явуулсны дараа яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас өөрсдийн салбарын хүрээнд олгож байгаа зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актын жагсаалтыг гаргуулан авсан.  Улмаар нийт  11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалтыг хянан үзэж,   Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хуульд заасан зөвшөөрөл, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар  санал боловсруулсан.

- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой  337 зөвшөөрөл гэхээр их тоо байна шүү.

- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэдэгт тусгай зөвшөөрөл, зөвшөөрлөөс гадна дүгнэлт, шийдвэр, гэрчилгээ, сертификат, батламж, виз олгох, патент, үйлчилгээний тохирлын гэрчилгээ, мэргэжлийн аттестатчилал, зөвшөөрлийн цохолт, баталгаа, шинжилгээний акт, үнэлгээний акт, аккредитаци зэргийн хамааруулж авч үзсэн учраас 337 гэсэн их  тоо гарч байгаа юм.

Тэгэхээр 101  зөвшөөрлийг хүчингүй болгохтой  холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэхчлэн  21  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа.  Тэдгээр    21  хуульд  өөрчлөлт оруулахгүйгээр   Засгийн газар  зөвшөөрлийг дангаар цуцлах боломжгүй юм.  Тиймээс хуульд тусгагдсан тэдгээр  зөвшөөрлүүдийг цуцлах тухай Засгийн газрын саналыг УИХ-аас дэмжин, хуулийн төслийг батална гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй асуудлуудыг  шийдэж байгаа учраас,   тодорхой бодитой үр дүнгүүд гарна.

Тухайлбал нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөлсөн. Энэ бол тухайн  салбарын хүмүүст шууд мэдэгдэх үр дүн мөн шүү дээ.  Тухайн аж ахуйн нэгж гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй хоногоо 180 болгож буй хэрэг юм.

- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд  өөрчлөлт оруулсан ажлаа Та хэрхэн дүгнэх вэ?

- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд  оруулах өөрчлөлтийг зургаадугаар сард УИХ-аар оруулаад батлуулсан. Улмаар  хяналт шалгалтын үйл  ажиллагааг ил тод болгох, хяналт шалгалтын давхардлыг арилгах, шалгаж байгаа байгууллага шалгуулж буй байгууллагатай   адил тэгш хэмжээнд харьцдаг болгох. Хяналт шалгалтын ажлыг цаг хугацаатай, тодорхой удирдамжийн  хүрээнд хийдэг болгох  асуудлууд хуульчлагдан шийдэгдсэн.

Тухайлбал,  тус хуульд орсон нэг нэмэлт өөрчлөлтөөр “лабораторид шинжилж байгаа бүтээгдэхүүний дээжийг тухайн  мэргэжлийн хяналтын байгууллага худалдаж авна” гэсэн заалт орсон. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага  дээж авч байна гэдэг нэрийдлээр бүтээгдэхүүн импортлогч  буюу үйлдвэрлэгч   байгууллагуудад дарамт үзүүлдэг.  Ний нуугүй хэлэхэд бүтээгдэхүүний тоо хэмжээг  хязгааргүй  авдаг байдал  байсан. Харин тус хуульд өөрчлөлт оруулснаар  Мэргэжлийн хяналтын байгууллага мөнгөө өгч авна.

Жишээ нь, таван төрлийн чихэр  байлаа гэхэд тус бүрээс нь 200, 200 граммыг, нийтдээ  нэг кг чихрийг шинжилгээний дээж болгон авах  бол   тухайн бизнес эрхлэгчид чихрийн үнийг төлөх ёстой болсон.  Энэ нь   тус хуульд  оруулсан өөрчлөлтийн   гол үр дүн гэж үзэж байгаа.  Мөн  шууд байгууллагын үүд хаалгыг очиж цохиод л гэнэтийн шалгалт хийдэг байсан. Харин шинэ хуулиар ийм  зүйл байхгүй болсон.

Тодорхой төлөвлөгөөт шалгалтыг  хийхдээ 5 хоногийн өмнө тухайн байгууллагын удирдлагуудтай  уулзаж  шалгана  шүү гэдгээ  хэлэх ёстой. Ямар нэгэн гомдол санал  ирээд,  тэрийг  үндэслэлтэй гэж үзээд  гэнэтийн шалгалт  хийх болвол  тухайн байгууллагад хоёр хоногийн өмнө мэдэгдэнэ.  Түүнчлэн,   өгсөн үүрэг даалгаврынхаа  биелэлтийг  шалгах гэж буй бол мөн л хоёр   хоногийн өмнө “танайд очиж шалгана шүү” гэдгээ мэдэгдэх ёстой. Үүнийг хуульчлаад өгсөн.   Тиймээс улсын байцаагч нар дуртай үедээ дуртай байгууллага дээрээ очиж дур зоргоороо шалгадаг байдал хязгаарлагдана.

Мөн улсын  байцаагч тухайн байгууллагын  үйл ажиллагааг  зогсоох акт гаргалаа гэхэд тодорхой хугацааны дотор дээд шатныхаа албан тушаалтанд мэдээлэх, хэлэх хууль эрх зүйн шинэ орчин бий болсон.

Жишээ нь,  хэн нэгэн улсын байцаагч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг акт бичиж зогсоогоод  яваад өгдөг. Тэгвэл одоо тийм биш. Хэрвээ аливаа нэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаасан,  зогсоосон арга хэмжээ авсан бол 5 өдрийн дотор өөрийн  дээд талын ахлах байцаагч юм уу,     даргадаа мэдэгдэнэ.  Улмаар дээд шатны хүн нь  тухайн шалгуулсан байгууллага дээр очиж    улсын байцаагч нь шалгаад хаасан нь зөв үү,  буруу юу гэдгийг нягтлан тогтоох юм. 

Хэрэв буруу байна  гэж үзвэл  5 өдрийн дараа үйл ажиллагааг нь нээх ч юм уу.  Ийм уян хатан байдлаар ажиллахаар хуульчилж өгсөн.  Хэн нэгэн байцаагч дур зоргоороо аливаа бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоох эрх нь хязгаарлагдмал болж байгаа.  Мөн  шалгуулагч нөхдүүд өөрийнхөө бурууг ойлгоод  “алдаагаа засна, дахиж ийм алдаа гаргахгүй”  гэдэг зүйл   ярих юм бол хариуцлага тооцох арга хэмжээг шалгалтын явц дунд нь цуцлаад өгчих эрх зүйн боломжийг  байцаагч нарын  талд олгож  өгсөн.  Мөн төлөвлөгөөт ч бай, төлөвлөгөөт бус ч бай бүх шалгалтыг хугацаатай болгосон. Хугацаагаар хязгаарлаж өгсөн. Нэг байгууллагыг шалгаж байгаа нэрийдлээр нэг сар болдог  байдлыг  байхгүй болгосон. 

Шалгалтын хугацаа дээд тал нь 15 хоног. Тэгээд л 10 хоног, 5 хоногийн дотор шалгалтуудыг хийж дуусах ёстой. Улсын байцаагч шалгалтаа хийж дуусаад, цэгцлээд  дарга нартаа танилцуулна.  Улмаар тухайн байгууллагыг шалгасан мэдээллээ 10 хоногийн дараа МХЕГ-ын веб сайтад тавина. Бас  улсын байцаагч хийсэн шалгалтынхаа тайлан, акт бүх баримтыг  хоёр хувь үйлдэнэ. Шалгасан байгууллагадаа нэгийг үлдээх ёстой. Хожимын нэг өдөр тэр шалгалт худлаа үнэн болсон гэсэн асуудал гарахад, байцаагчид  байгаа хувьд итгэх итгэхгүй гэдэг асуудал үүсэж болох юм. Тэгвэл шалгуулсан  байгууллагад үлдсэн хувь бодитой баталгаа болж үлдэнэ гэсэн үг.  Төрийн хяналт  шалгалтын хуулинд энэ мэтчилэн өөрчлөлтүүдийг  оруулсан.   Ер нь бол  хянаж, шалгаж  хатуу арга хэмжээ  авахаасаа илүүтэй зөвлөдөг, хэлж өгдөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологийн хувьд  зааварчилгаа өгдөг хэлбэр лүү  орох зорилготойгоор тус хуульд нэмэлт өөрчлөлт  оруулсан.

- Тэгвэл Засгийн газрын нийт бүрэлдэхүүний  хийсэн ажлуудыг нэгтгэвэл гарах үр дүн ямар байх бол?

- “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн  жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүхий л   ажлыг бүтэн жилийн туршид зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан ажлын хэсэг дүгнэж цэгнэж  үр дүнг нь тодорхойлох  байхаа. Өнгөрсөн хугацаанд  тодорхой  ажлууд  хийгдсэн. ҮХШХ-н  дээр  гол асуудлыг зангидаж ажиллаж байгаа. Ер нь сайд болгоноос асуухад “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн жилийн хүрээнд хийсэн ажил маань гээд  хэлэх зүйлтэй л байгаа байх. Энэ бүгдийн ард  үр  дүн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ер нь үр дүн   тухайн бизнес эрхлэгчдэд маш тодорхой мэдэгддэг,  мэдрэгддэг байх нь хамгийн чухал. Би ганцхан жишээ хэлье.

2006 онд Аж ахуй нэгж байгууллагуудын татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг    УИХ, Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, шийдэж  чадахгүй   маш хүнд байдалд орсон байсан.  Тухайн үед би Ерөнхий сайдаар ажиллаж байсан.  Тиймээс би тухайн үеийн УИХ-д байсан бүх улстөрийн намуудын төлөөллийг байлгаж байгаад    маш тодорхой санал хэлсэн. 30 хувийг 25 хувь,   15 хувийг 10 хувь болгоё. Босгын  100 саяыг 3 тэрбум төгрөг болгоё. Тэгээд хоёр  шатлалтай татварынхаа тогтолцоог  барьснаараа   байя  гэдэг тодорхой саналыг хэлсэн.  Тэнд байсан УИХ-ын гишүүд миний саналыг дэмжээд, тэгж  энэ хууль  батлагдаж байсан.

Миний хэлсэн саналын дагуу  хууль  батлагдаж,  2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд  бизнесийн орчин маш таатай нөхцөл байдал руу орсон. Монгол орон энэ бүс нутагтаа хамгийн бага татвартай орон болсон. Татварын хоёр шатлалын босго өөрчлөгдсөнтэй холбоотойгоор   180 орчим аж ахуй нэгж байгууллага 30 хувийн татвар төлж байснаа шууд 10 хувийн, 20 хувийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломж бололцоо бүрдсэн. Энэ нь  бизнес эрхлэгчдэд маш тодорхой хөнгөлөлт болсон. Харамсалтай нь,  ямар хүнд, хэцүү  нөхцөлтэй байж байгаад татварын хувь хэмжээ тогтоогдсон бэ. Энэ хэний саналаар шийдэгдсэн бэ гэдгийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Татвар  өшөө л бага байх ёстой гэдэг талаас нь хандаад байдаг.

Тэгэхээр үүний нэгэн адил  “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн жилийн хүрээнд миний хариуцаж хийж байгаа хоёр ажил   тодорхой үр дүн өгч чадна   гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

Лиценз зөвшөөрлийн асуудал ч, Төрийн хяналт  шалгалтын тухай хуулийн холбогдолтой асуудал ч   аль аль нь бизнес эрхлэгчдэд аятай таатай нөхцөл бүрдүүлж өгч чаднаа.  Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд л  үйлдвэрлэгчээс, импортлогчоос  лабораторийн шинжилгээний бүтээгдэхүүн авахдаа л мөнгийг нь төлөөд авна шүү дээ.  Тэгэхээр ийм байдлаар бодитой үр дүн харагдана.

- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.