Я.Батсуурь дарга ажлаа тайлагнав
2011.08.19

Я.Батсуурь дарга ажлаа тайлагнав

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо нь хаврын ээлжит чуулганы  хугацаанд 10  удаа хуралдаж, 23 асуудлыг хэлэлцжээ.

Мөн хаврын чуулганы хугацаанд байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний  жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газруудад ажиллаж, салбарын хуулийн хэрэгжилттэй танилцжээ. Хууль зүйн байнгын хороотой хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Улиастай суманд байрлах хил хамгаалах анги нэгтгэлүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Түүнчлэн Замын-Үүдийн боомтод ажилласан тухай байнгын хорооны дарга хэллээ

.Замын-Үүд боомтын хувьд өнгөрсөн 2008 онд тохиолдсон бэрхшээл одоо дахиж мэдэхээр байгаа гэнэ.

Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой аж. Монгол Улсын нийт экспорт, импортын 70 орчим хувь нь дээрх боомтоор нэвтэрч байгаа тул тус боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдах болжээ. Тиймээс байнгын хорооны дарга өнгөрсөн хавар боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, ачаа барааг саадгүй нэвтрүүлэх, иргэдийг хилээр шуурхай нэвтрүүлэх чиглэлээр холбогдох албаныхныг дуудаж уулзан, тодорхой үүрэг чиглэл өгсөн аж. Гэвч өнөөдөр энэ ажил төдий л биеллээ олохгүй байгаа аж.

Засгийн газрын зүгээс урд боомтыг өргөжүүлэх чиглэлд дорвитой анхаарал хандуулахгүй байна гэдгийг хурлынхаа үеэр тэрбээр онцоллоо. Ирэх намрын чуулганаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх чухал асуудалд Батлан хамгаалахын үзэл баримтлалыг шинэчлэх тухай асуудал, Кибер аюулгүй байдлын тухай, Төрийн нууцын тухай асуудлыг хэлэлцэх үүрэг хүлээж буй ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.