Ч.Улаан: МАН-даа байх уу, МАХН-д байх уу гэдэг сонгогчдод хамаатай болчихоод байна
2011.07.01

Ч.Улаан: МАН-даа байх уу, МАХН-д байх уу гэдэг сонгогчдод хамаатай болчихоод байна

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Хоёр намын зөвшилцөл гацаа үүсгэсний эцэст санал асуулга явуулахаар боллоо. Гацаанаас гарах өөр хувилбар байсангүй юу?


-Аль нэг тал хатуу болзол тулгаж гацаа үүсгэх нь ажилд хохиролтой байна. Парламентын үйл ажиллагааны үндсэн зарчмаа дагамаар байгаа юм. Олонхи нь олон, цөөнх нь цөөнх шиг байх ёстой. Тэгээд дэг жаягаараа явдаг байх ёстой. Аль болох ойлголцох, ойртсон  байр, суурьтайгаар асуудлыг шийдвэрлэе гэсэн нь зөв. Хоёр тал хангалттай алхам хийсэн. Сонгуулийн хуулийг шинэчилж, тогтолцоог өөрчилье гэсэн зарчмын том асуудалд байр суурь нэгдсэн. Холимог хувилбарыг сонгоход байр, суурь нэг байна. Холимог хувилбар дотроо олон хувилбартай. Түүнээс аль нэгийг сонгоё гэсэн нь зүйтэй. Шиидвэрээ гаргаад явах ёстой. Түүнээс биш хэн нэг нь алхам хийхгүй гөжөөд, тунирхаад суугаад байвал ажил явахгүй. Тиймээс шийдлийг хууль, дүрмийн дагуу олж харах ёстой. Олонхи нь цөөнхийн байр, суурийг хүндэтгэж хэлэлцэнэ. Гэхдээ заавал цөөнхийн байр, суурийг дэмжинэ гэсэн байдлаар асуудалд хандах боломжгүй. Ард түмний өгсөн мандат байна. Энэ дагуу эрхээ эдэлж, шийдвэрээ гаргана. Гарц нээлттэй байсан. Гэхдээ хоёр тал тохиролцохгүй байгаа тохиолдолд санал асуулга явуулах нь зүйтэй.

-Олон нийтийн чиг хандлага пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа. Санал асуулгаар АН-ын хувилбар 100 хувь дэмжигдвэл танай намын хувьд ирэх сонгуульд ялагдах дүр зураг харагдаж байгаа юм биш үү?

-Олон нийт ямар тогтолцоог дэмжиж байна вэ. Түүнийг тодруулах учиртай. Өнөөдөр хэн түүнийг бүрэн дүүрэн илэрхийлж, тодорхойлж чадаж байна. Түүнээс биш түрүүлж юм уу, эсвэл чанга дуугарсан нь ард түмний байр, суурийг илэрхийлнэ гэсэн хууль байхгүй. Парламентынхаа жишгээр цөөнх нь саналаа тавьж, олонхи нь хэлэлцээд шийдэх ёстой. Хэрэв парламентын төвшинд хэлэлцэж чаддаггүй юм бол, ард түмэн үнэхээр тэгж хүсч байгаа бол асууж болно шүү дээ. Сонгуулийг ямар хувилбараар явуулах нь оновчтой вэ гэдэг асуудлаар. Түүнээс биш аль нэг нам нь сонгуульд ингэж оролцвол манайх ялагдана, тэгж орвол илүү оноо авчихна гэж хандах учиргүй. Монголын ойрын ирээдүйд улс төр, улс орны хөгжил дэвшилд оновчтой тусах, зөв шийдвэр гаргах тийм хувилбарыг л сонгоё. Энэ үүднээс асуудалд хандаасай гэж бодож байна. Ийм учраас би сонгуулийн холимог хувилбарыг дэмжиж байгаа.

-Намын нэрээр санал авах АН-ын хувилбарын тухайд юу хэлэх вэ?

-Би асуудлыг тэр талаас нь харахгүй байна. Сонгуульд хоёр нам өөр байр суурьтай байгаа асуудал нь нэг нь намынхаа, нөгөө нь хүнийхээ нэрийг дугуйлна гэсэн санал, Намын нэрийг дугуйлах нь Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүи. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг нууц санал хураалтаар шууд сонгоно гэж заасан. Энэ бол шууд хүнээ сонгоно гэсэн санаа. Гэхдээ нууцаар саналаа өгнө. Энэ талаас авч үзвэл намын нэр дугуйлах нь боломжгүй. Нөгөө талаас маш бүдэг бүрхэг үйл явц болж магадгүй. Ард түмэн хэнийг сонгож байгаагаа мэдэхгүй. Намын жагсаалтаар сонгогдох нь байна шүү дээ. Хүнийг шууд сонгох хувилбар нь мажоритар системээр ч байж болно, пропорциональ системтэй ч байж болно. Хамгийн гол нь УИХ-ын гишүүнийг нэрээр сонгох ёстой. Нэрийн ард намынх нь тодотгол байж болохыг үгүйсгэхгүй. Аль намаас нэр дэвшиж байгаа нь хүн бүхэнд ойлгомжтой байг. Тэгж байж ард түмэн хэнийг сонгох вэ, аль намыг дэмжих вэ гэсэн шийдлээ гаргана. Тэгэхгүйгээр учир битүүлэг байдлаар, тухайлбал намын нэрээр харанхуй сонгууль явуулах нь ард түмний эрх ашигт нийцэхгүй, Үндсэн хуультай харшилсан хууль зөрчсөн үйлдэл болно.

-2008 оны сонгуульд МАН-ын гишүүд, жишээ нь та МАХН-ын гишүүн гэсэн нэрээр дэвшиж, олонхийн санал авч төрд төлөөлөл болсон. Ирэх сонгуульд МАН-ын гишүүн гээд очихоор сонгогчид хэрхэн хүлээж авах бол?

- Бий болсон нөхцөл байдал туйлын ойлгомжгүй болчихлоо. Ирэх сонгууль байтугай өнөөдрийн төвшинд ойлгомжгүй зүйл олон байна. Энэ байдлаас яаж гарах вэ, хэрхэн шийдэх вэ гэдэг нь анхаарал татна. Зарим хүн шүүхийн шийдвэр улстөржсөн, зөв буруу гарсан гэж ярьж байна. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх хэмжээ бидэнд байхгүй, Тиймээс шүүхийн шийдвэрийг дагах хэрэгтэй болох байх. Олон асуудал энд байр, сууриа олж тодорхой болох хэрэгтэй байна. Яах аргагүй МАХН гэдэг субъектийн нэрийн өмнөөс дэвшиж ард түмнээс эрх авсан. Одоо эргээд харахаар МАН-ын гишүүн байдаг.Энэ нь хоорондоо зөрчилдөж байна. Зөрчилдөөн байна, түүнийг зөв ойлгох ёстой гэж бодож байгаа. Үнэхээр шинээр байгуулагдсан нам юм уу, аль эсвэл өмнө байсан МАХН-тай ямар нэг хэмжээгээр уялдаа холбоотой байх юм уу гэдгийг нэгдүгээрт шийдэх ёстой. Тэгж зааглаж авах хэрэгтэй. МАН бол МАХН гэдэг нэрээ солиод байгуулагдсан нам. МАХН-ын зүй ёсны эхлэл, зүй ёсны үргэлжлэл гээд батлах дээрээ биччихсэн байдаг, Гэтэл өнөөдөр албан ёсны бүртгэлээр МАН гээд байж байдаг, Би бол МАХН-аас гараагүй шүү дээ. Хуучин батлахаа хадгалж үлдээд нам маань нэрээ сольчихсон байгаа. Тиймээс үүнийг хууль эрх зүйн хүрээнд нэг тийш ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хариулт өгч чадахгүй олон асуудалтай тулгарчихаад байна, Гэхдээ бид одоо төрд илгээсэн сонгогчдынхоо саналыг дагах учиртай. Энэ бол хувь намын гишүүний асуудал биш, бүхэл бүтэн аймгийн 60 мянга гаруй төлөөлөл өөрсдийгөө төрд төлөөлөөч гэж сонгож явуулсан шүү дээ, Тэгэхээр ард түмэн энэ асуудлыг юу гэж хүлээж авах нь вэ. Тэдний саналыг сонсох ёстой. Яах аргагүй ард түмэн МАХН-аас нэр дэвшсэн Улааны төлөө саналаа өгсөн байдаг. Тиймээс Улаан гэдэг хүн МАН-даа байх уу, МАХН-д байх уу гэдэг нь эцсийн эцэст сонгогчдод хамаатай болчихоод байгаа юм. Хэрэв МАН-даа байна гэвэл магадгүй хуулийн дагуу УИХ-ын олонхи биш гишүүн болж хувирна шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд яаж хандах вэ гэдэг нь эргээд МАН, одоо шинээр байгуулагдсан намтай хоорондоо яаж зааглагдах вэ гэдгээс олон асуудал хамаарна. Одоо бол юм юм хольсон хярамцаг боллоо гэдэг шиг болчихоод байгаа. МАН-ын үүх түүхийг хөөвөл 1920онд байгуулагдсан байдаг. Гэтэл 1924 оноос хойш МАХН нэрээр явж ирсэн, 1990 онд дахиад МАН гэсэн нэртэй нам гараад ирсэн байдаг. Тэгснээ татан буугдсан байх жишээтэй, Энэ мэтээр ойлгомжгүй юм олон болчихлоо. Жирийн иргэд, сонгогчдод маш ойлгомжтойгоор зааглаж ялгах учиртай.

-Нэг асуулт байна. Ирэх сонгуульд таныг тойргоо сольж, Дорнодоос нэр дэвшинэ. Дорнод аймгийн хүн амын 50 хувь нь сүхбаатарчууд байдгаас ийм алхам хийх гэж байна гэсэн мздээлэл байна?

-Хүмүүс янз бүрээр таамаглаж, тааварлаж ярьж бичиж байна. Миний хувьд бодол, санаа хоёрдсон юм байхгүй. Би Сүхбаатарын ард түмний итгэлийг хүлээж УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Тэд надад мандат олгосон. Тиймээс би сүхбаатарчуудын төлөө хичээх учиртай, зүтгэх ёстой. Сүхбаатарчууд маань биднийг төрд төлөөлөх итгэлийг та хүлээ гэвэл хүлээгээд явна. Та одоо боль гэвэл болино. Энэ бол би ганцаараа гаргах шийдвэр биш. Надад тойргоо сольж, холино гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Төрөх ч үгүй гэдгийг хатуу хэлье. Дорнод аймаг руу холбоотой байгаа бол ажил төрлийн харилцаа холбоо. Би МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ үүднээс намынхаа Удирдах зөвлөлд Дорнод аймгийг удирддаг, Намын байгууллагын шугамаар Дорнод аймагтай ажил төрлийн нягт холбоотойг зарим хун тэгж тааварладаг шиг байна, Дорнод аймагт манай сүхбаатарчууд олон бий. Хүн амынх нь гуравны нэг багаар бодоход, бодитой хэлбэл бараг тал хувь нь сүхбаатарчууд бий. Тиймээс тэнд сүхбаатарчуудынхаа эрх ашгийг төлөөлөх боломж байгааг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр зүүн бүс гэдэг утгаар зүүн гурван аймаг эдийн засгийн нэгэн цогц юм. Зүүн бүс дотор Сүхбаатар аймгийн байр, суурийг бэхжүүлэх, хөгжил, дэвшлийн асуудлыг цаашид боловсруулж хөөцөлдөхөд Дорнод, Хэнтий аймагтай ажил төрлийн холбоотой байх зайлшгүй шаардлагатай. Энэ үүднээс миний сонгогдсон сүхбаатарчуудын маань эрх ашигт харин эерэг нөлөө үзүүлж байна гэж боддог.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.