Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа бүлгийн хурал дээр гараагүй гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр 13.00 цагт мэдээлэл хийв. Өнгөрсөн даваа, мягмар гаригуудад хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар чухам ямар асуудлууд хэлэлцсэн талаар ярилаа. Үнэндээ энэ өдрүүдэд тус намын бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо яаж ажилласнаа тайлагнасан гэнэ. Хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийг дайж ирснээ танилцуулжээ. Иргэд сар бүр олгодог 21 мянган төгрөгөөс банк шимтгэл авч байгаа талаар гомдол мэдүүлж байсан гэнэ. Банканд орж байгаа шимтгэлийн энэ мөнгийг тооцоод үзэхээр 11
тэрбум төгрөг болж байгаа аж. Тиймээс уг шимтгэлийн мөнгийг юунд зарцуулдаг зэргийг анхааралдаа авах шаардлагатай гэж МАН-ынхан ярьжээ. Мөн "536 ширхэг хувьцааг өнөө маргаашгүй өглөө. Дансаа нээлгээрэй" хэмээн УИХ-аар ч хэлэлцэж эхлээгүй байгаа Таван толгойн асуудлаар бизнес хийж, хөдөөгийн ард түмнийг төөрөгдүүлж 5000 төгрөг хураагаад яваа брокер диллерийн 20 гаруй компани бий тухай гишүүд нь хэлсэн байна. ХААН банкаар 21 мянган төгрөг тараахаа больсноос ачаалал нэмэгдэж, иргэдэд хүндрэлтэй болсныг ард түмэн ярьж байна гэнэ. Үүнийг МАН-ын бүлэг тэр дор нь ХААН банкнаас тодруулжээ. Тэгтэл хаан банкныхан "Манай банк ачаалал нэмэгдээд байна. Бусад банктай хамтарч ажиллая" гэсэн санал хэлтэл манайхаар21 мянгаа тараалгахаа болиод "Хадгаламж" банк руу шилжүүлчихсэн" гэдэг хариу өгсөн байна. Энэ шийдвэрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар гаргасан байна лээ. Тэд тамга, хэлтсийн дарга нараасаа хангалттай мэдээлэл авч чаддаггүй учраас ийм байдал үүсчээ.
Тиймээс иргэдийн үйлчлүүлж дадсан банкаар мөнгөө тараах даалгаврыг бүлгийн зүгээс холбогдох хүмүүст хэлсэн. Хариуцсан ажлаа сайн хийж чадахгүй бол ажлаа өгөх шаардлагыг томилогдсон албан тушаалтнуудад өгсөн гэдгийг бүлгийн дарга нь ярив. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр МАН-ын бүлэг ямар бодлого баримтлахаа ч тодорхойлсон юм байна. Иргэдийн цалин тэтгэврийг нэмж, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахын төлөө дорвитой ажиллах хэрэгтэй гэж үзсэн бол оюутнуудад Засгийн газраас олгох сургалтын төлбөрийг 2012 онд үргэлжлүүлэх, сар бүр иргэдэд олгож байгаа 21 мянган төгрөгийг хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олон сараар бэлнээр олгох нь зүйтэй гэцгээсэн байна. Энэ мэтчилэн улс орон, ард түмний амьдралын тулгамдсан асуудлуудыг энэ намрын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөө гаргажээ. Мөн УИХ, Засгийн газрын хийх ажлыг ялгаж салган төрийн ажлыг хурдтай явуулах чиглэл гаргасан байна.Ингэж ярьсны дараа МАН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Сонгуулийн тухай хуулийн зөвшилцлийг сонирхсон сэтгүүлчийн асуултад "МАН-ын бүлэг АН-д 48:28 гэсэн хувилбар санал болгосон? Гэхдээ АН-ынхан "Тооноос урьтаад нам дугуйлах уу, хүн дугуйлах уу гэдгээ эхлээд ярья. Иргэдийн тоо бүртгэлийн асуудал юу болохыг эхлээд хэлэлцье" гэсэн хариу өгсөн" гэв. Бүлгийн хурал дээр Оюу толгойн бичгийг өөрчлөх бичиг өргөн барьсан гишүүд зэмлэл хүртсэн эсэхийг лавлахад үгүйсгэсэнгүй. Харин Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа огтхон ч өрнөөгүй хэмээн мэдэгдлээ. МАН-ын бүлгийн зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барих гэж байгаа мэдээлэл ч худлаа. Энэ асуудалтай холбоотой сонин хэвлэлээр нэр нь гараад байгаа гишүүдтэйгээ бүлгийн хурлын дараа уулзахад "Тийм зүйл байхгүй" гэж хэлсэн гэнэ. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа байхгүй гэдгийг тэрээр хэлсэн юм. Гэвч энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд бичиг цаас барин, нэгийнхээ өрөөнд цугларч байв. Тэд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өгнө. гарын үсэг цуглуулж байна гэсэн боловч өчигдөртөө өргөн бариагүй юм.