“Компаниуд шатахууны хомсдол үүсгэж байгаа”
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдааны талаарх Мэдээллийг бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хууль, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг 2003 оноос хойш дагаж мөрдөж байгаа. Хуулийг баталснаар тухай үед олон асуудлыг шийдэж чадсаныг Ө.Энхтүвшин дарга онцолсон. Төсвийн байгууллага Сангийн яаманд өгдөг нэг данстай боловч цаанаа валют болон төгрөгийн гэсэн олон давхар данстайгаар "сүүдрийн" эдийн засаг газар аваад байсныг энэ хуулиар цэгцэлсэн аж.Түүнчлэн төсвийн байгууллага санаачилгатай, идэвхтэй ажиллах боломжийг нээж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хэмнэлт гаргасан тохиолдолд тухайн хөрөнгийг өөрөө зарцуулах, орон нутагт эрх олгох зэрэг зохицуулалт хийснийг ч мөн дурдсан. Гэвч хуулийн зарим заалт өнөөгийн нөхцөлд нийцэхгүй, олон удаагийн тайлан гаргаж, зардал их гаргах болсон тул шинэчлэлт хийх шаардлагатай болсныг хурлаар хэлэлцжээ.
Түүнчлэн бүлгийн хурлаар мэргэжлийн хяналтын байгууллагыг энэ хэвээр нэгдсэн тогтолцоотой байлгах уу, эсвээс зарим хяналтыг тухай тухайн яамдад шилжүүлэх үү гэдгийг хэлэлцээд нэгдсэн байгууллага хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Бүлгээс Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Сонгуулийг шударга явуулах нь саналыг яаж тоолсноос хамаардаг. Иймд саналыг дэлхий нийтийн жишгийн дагуу автоматжуулсан цахим хэлбэрээр тоолох нь зүйтэй, хүний гараар тоолох нь зохимжгүй гэж тогтжээ. Дараа нь шатахууны хангамж зэрэг цаг үеийн асуудлууд хэлэлцсэн байна. Шатахууны хангамжийн байдал ямар байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл өгсөн байна. Д.Зоригт сайд "Шатахууны хангамж хэвийн байгаа. Гагцхүү компаниуд шатахуун нөөцөлж хомсдол үүсгээд байна" гэжээ.
Иймээс Монгол Ардын Намын бүлгээс Засгийн газарт "Ажлаа эрчимжүүл, хяналт тавь, холбогдох хуулийн төслийг өргөн барь" гэсэн чиглэл өгөхөөр болжээ. Мөн Дархан-Уул, Дорнод аймагт барих нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг түргэн шийдэх, гадны шатахуун түгээгүүрийн станц Монголд байх нь ашигтай юу, Засгийн газрын хийж буй ажлыг олон нийтэд тодорхой болгох гэсэн чиглэл өгсөн байна. Бүлгээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааг өндөр үүрэг, хариуцлага, эрх мэдэлтэй байгууллага байна гэсэн анхны үүргээрээ ажилладаггүй гэж үзжээ. Нэлээд төлөвлөж байгуулсан ч голчлон судалгаа хийдэг эл байгууллагыг цаашид өөрчлөн ажиллуулах шаардлагатай гэдэг дээр гишүүд нэгдсэн байна. Харин яам байгуулах уу, хороо байх уу гэдэг талаар ярьж, УИХ-аар шийдвэр гаргуулах юм байна.