С.Эрдэнэ: Н.Алтанхуяг том харж чаддаггүй, зөвхөн нэг фракцийн эрх ашгийг хангах гэж зүтгэдэг
2011.12.06

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг том харж чаддаггүй, зөвхөн нэг фракцийн эрх ашгийг хангах гэж зүтгэдэг

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
- Сүүлийн үед сонгууль дөхөөд хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх сонирхолтой хүмүүс олширлоо. Та ч дэмий шүүмжлэл хэлээгүй  бололтой?
-Анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан.Аль нэг нам олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам нь бусад намтайгаа зөвшилцдөг. Олонх нь олонх шиг засаглаад ард түмэнд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр зорилгоо хэрэгжүүлж, хариуцлага хүлээхийг хамтарсан Засгийн газар гэдэг. Түүнээс өвөр түрийдээ орж бие биеэ энхрийлж таалах гэж сонгуульд өрсөлдөх шаардлага юу байгаа юм бэ. Хамтарсан Засгийн газрын хийсэн бүтээснийг харлуулмааргүй байна. Гэхдээ олсноосоо алдсан нь илүү. Үнэхээр хяналтгүй замбараагүй байдлаас болоод төрийн байгууллагууд дунд, доод шатандаа хүнд суртал авилгад идэгдсэн. Ядуурал дээд зэргээр нэмэгдлээ. Иргэдийн амьжиргааны түвшин ямар байгаа билээ. Бодит орлого өссөнгүй. Худалдан авах чадвар нь улам бүр багасчихлаа. Засгийн газар өнөө маргаашаа бодохгүй, хоноцын сэтгэлээр асуудалд хандаад байна.
-Хоноцын сэтгэлээр гэж хэлэх нь арай л хатуудах юм биш үү. Хамтарсан Засгийн газарт хөдөлгөсөн асуудлууд бий шүү дээ?
-Хамтарсан Засгийн газрын хийсэн ажлыг нэрлэ гэвэл хоёр толгойгоо л нэрлэх байх. Оюу толгойн гэрээг аваад үзэхэд Монголын ард түмэнд ямар хор хохиролтой гэрээ боллоо. Таван толгойн ордыг ч гэсэн хар. Бас л бөөн хэл ам. УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн 10 гаруй ордын нэрсийг баталсан ч одоо хаана ч нэр нь байгаа юм. Уул уурхайгаа ашиглаад л байдаг. Эцэстээ хамаг нүүрсийг нь ухаад байгаа говийн байгаль яах юм бэ. Хэдэн мянган жил бүрэлдэн бий болсон маш ховор байгалын бүтэц үндсэндээ устаж үгүй боллоо.Тэнд байгаа ширхэг шавьж, ширхэг өвс ямар үнэтэй вэ.
Тийм ховор нандин байгалийн тогтоцыг хэдэн зуун тэрбум доллар зарцуулаад ч босгож чадахгүй. Төрийн бодлого үнэхээр алдагдаж, өнөө маргаашаа бодсон хоноцын сэтгэлээр асуудалд хандаад байна. Хамтарсан Засгийн газар өнөөдрийн төрийн явуулж байгаа бодлогыг харахад үнэхээр эргэлздэг. Байгаль экологидоо хандаж байгаа хандлагыг нь хар.  Ашигт малтмал уул уурхайд барьж байгаа бодлогыг хар.
Өнөөдөр эдийн засгийн өсөлт хурдацтай явж, цаашлаад ч өснө. Гэхдээ ашигт малтмал уул уурхайгаас орж ирэх асар их баялгийн үр шимийг хэн хүртэх юм бэ. Ард түмэн хүртэх үү, хэдхэн тооны олигархиуд хүртэх үү. Хэдхэн тооны олигархиуд буюу 100 хүрэхгүй айл л гадныхантай нийлж энэ үр шимийг хүртээд Монголын ард түмэн үгээгүй хоосон хэвээр үлдэнэ.
-Хэдхэн олигархиуд гэж чухам хэн хэнийг хэлээд байгаа юм бэ?
-Илэн далангүй хэлэхэд уул уурхай, ашигт малтмал дээр улайрч дээрх шийдвэрийг гаргасан тэр этгээдүүд олигархиудын сонгодог жишээ.
-Нэр зааж хэлэхгүй юм уу?
-Үүнийг хэн ч мэднэ шүү дээ. Ер нь хамтарсан Засгийн газарт  Оюу толгой, Таван толгойн гэрээг байгуулах гэж улайрч зүтгэсэн нөхөд. Таван толгойгоос Ухаа худгийг салгах гэж улайрагсад. Бид Оюу толгой, Таван толгой гэж яриад байгаа боловч үүний ард өчнөөн олон ордыг луйвардаж л байна.
Ганцхан жишээ татахад Австрали улс Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ манайхтай бараг тэнцүү байдаг. Гэтэл Австрали 2-3 тэрбум орчим доллартай тэнцэх ашиг олсон байхад манайх 200-300 сая доллартай тэнцэх хэмжээний ашиг олсон байх жишээтэй. Татварт тооцогдож төлсөн нүүрсний хэмжээ, хил гараад худалдаж байгаа нүүрсний үнэ хоёр газар тэнгэр шиг ялгаатай.
Өнөөдөр төрийн томчууд нь уул уурхайд ямар нэг хэлбэрээр оролцсон. Өчнөөн зуун машин нь нүүрсний тээвэрт явж байна. Гэх мэт өнөөдөр мөнгөний уралдаан л явагдаж байгаа юм. Улс эх орны төлөө гэх сэтгэл юу ч харагдахгүй байгаа шүү дээ.
-Хамгийн тод жишээгээр та хэнийг онцлох вэ?
-Аль нэг нам, тэр энэ гэж онцлохгүй. Хамтарсан Засгийн газарт болон Засгийн газрын  гадна маш олон этгээд бий. Өнөөгийн уул уурхайд хуруу, хошуугаа дүрчихсэн нөхөд бүгд орно шүү дээ.   
-Танхимынхаа үйл ажиллагааг шүүмжлээд байгаа Х.Баттулга сайд хүртэл нэр холбогдох уу?
-Х.Баттулга сайдын хувьд уул уурхайд ямар нэг оролцоотой гэж мэдэхгүй. Сонсоогүй. Харин мах, талх гээд хүнээ тэжээх салбарт хөрөнгө нь илүү байдаг юм биш үү.
-Гэхдээ хамтарсан Засгийн газарт байгаа учраас уул уурхайд нэр холбогдох юм биш үү?
-Ер нь манайхан юм хэлсэн, шүүмжилсэн хүнийг боорлодог, дайрдаг. Шүүмжилдэг моод хамтарсан Засгийн газрын үед илүү газар авлаа. Мөнгөтэй хүн мөнгөө төл, хөгжмөө захиал гэдэг байдлаар ханддаг зарчим үйлчилдэг. Тэгвэл яагаад Х.Баттулга гэдэг хувь хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлж болохгүй гэж.
Ардчилсан Монгол орон мөн биз дээ. Үнэхээр болохгүй байгаа бодит байдлыг тэр хүн хэллээ шүү дээ. Х.Баттулгын хэлсэн ярьсныг бид хоёр гурван жил ярьсан. Энэ Засгийн газар болохгүй байна. Хийсэн бүтээсэн ажил чинь харагдсангүй.
Ард түмний амьдрал дээшилсэнгүй. Тэр зүйлийг л Х.Баттулга давтаад хэлчихсэн. Түүнийг хүн гайхахаар юм яриагүй, бодит байдлыг л ярьсан. Харин бодит байдлыг хэлсний төлөө түүнийг янз бүрээр дайрч доромжилж байна.
-Бодит байдал гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Жишээ нь архи, тамхины эсрэг Х.Баттулга сайд зөв л юм ярьсан. Тэгээд л өөртэй нь холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй өнө эртний юм сөхөж дайраад эхэлж байна.
- Тухайн үед хэвлэлээр яригдаад байгаа асуудалд нэр холбогдсон тал ч бий шүү дээ. Олон нийт дэндүү сайн мэддэг түүх. Түүнийг та үгүйсгэх гээд байна уу?
-Үнэн худал нь бүү мэд. Хэн тогтоосон  юм бэ. Шүүхийн шийдвэр гараагүй биз дээ.   
-Гэхдээ л төрсөн дүү нь 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож ял авсан байх аа?
-Үгүй ээ. Шүүхийн шийдвэр гарч өөрөө яллагдаагүй. Хэн нэгний гэм буруу түүний ах дүү, хамаатан саданд нь бас тохож болохгүй биз дээ.
-Ямартай ч хууль шүүхийн байгууллагад очсон хэрэг гарсан. Тэр тухай нь ч тухайн үеийн хэвлэлээр хангалттай мэдээлсэн?
-Ямар ч айлд сахилгагүй зодоон, нүдээн хийгээд явдаг хүүхэд байдаг. Тийм нөхрийн хэргийг аав ээж, ах, дүүд нь нялзаагаад байвал Монголд хэрэг хийгээгүй хэн үлдэх вэ. Бод доо. Тэгэхээр энэ сэдвийг тэгтлээ гүнзгийрүүлмээргүй байна.
-Ингэхэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ажил хийлгэхгүй байна гэдэг яриаг яагаад гаргах болсон юм бол?
-Х.Баттулга сайд нэг айлын гэрт орчихоод, цай уучихаад гарч байгаа асуудал биш. Бүх л бүтэн салбар хариуцсан сайд. Өнөөдөр шүүмжлэл хэлсний төлөө ингэж туйлшруулж болохгүй. Гурван жил гаруй энэ том салбарт зүтгэсэн хүн. Төмөр замын бодлого, аж үйлдвэрийн цогцолбор гээд том том бодлогын чанартай асуудлыг цаасан дээр буулгаж чадсан. Ярихаас хэтэрдэггүй ажлыг цаасан дээр буулгаж чадсан. Үүнийг санхүүжүүлэх ажлыг нь Засгийн газрын зүгээс дэмжих асуудлууд маш хангалтгүй байгаа. Тэгээд ажил хийе гэсэн сэтгэлээ илэрхийлсэн байх.
-Үнэхээр ажил хийлгэхгүй байгаа юм бол Х.Баттулга сайд Засгийн газраас бас гарч болно шүү дээ. Ингэж айлын эрх хүүхэд  шиг хошуугаа унжуулж, гомдол мэдүүлэх шаардлага байна уу?
-Тэгж хэлснийх нь төлөө тэр хүнийг яв гэж хэлж байгаа юм уу. Уучлаарай тэгвэл тэр хүн чинь өөрийн гэсэн бодолтой хүн. «Sorry» тэгвэл гарахгүй. Гарахгүй байж байгаад эхэлсэн ажлынхаа үр дүнг үзчихээд гаръя гэж тэр хүн бодож болно шүү дээ. Засгийн газар хэн нэгний өмч биш. Засгийн газрын гишүүн кабинетаа шүүмжилснийхээ төлөө гараад байдаг шүүлтүүр зарчим гэж байхгүй. Дахин хэлэхэд Засгийн газар Монголын ард түмний өмч. Ард түмэнд үнэн үг хэлсэн хүн буруудах ёсгүй. Яахаараа ард түмэнд үнэнийг хэлсэн хүн засаг төрөөс гарах ёстой юм бэ. Тэгээсэй гэдэг хүсэлтэй хүн олон бий. Ер нь бол дураараа аашлаад ямар ч хяналтгүй шүүмжлэлгүй дур зоргоороо төрийн зөөлөн сэнтийд тонгочих хүсэл хар мянга байгаа. Тийм хүмүүсийн хүслийг хангаад байх шаардлагагүй.
-Ингэж шүүмжилж байгаа нь нөгөө талаараа АН-ын рейтинг өндөр байгаа учраас ганцаарчилсан тоглолтуудыг дөвийлгөөд байгаа юм биш үү?
-Шулуухан хэлэхэд АН-ын рейтинг өндөр биш, муу байгаа. Судалгаа гэж баахан дуулиан тарилаа шүү дээ. Түүн дээр АН 16 хувьтай гэсэн байсан.
-Түүнээс өндөр хувийг танай намын гишүүд хэлж байсан. Өөр бусад судалгааг үндэслээд 25 хувьтай байгаа гэж байсан?
-Тэр тусмаа 25 хувь ч муу. Жишээ нь АН 30 орчим хувьтай явдаг нам. Дунджаар хоёр намын рейтинг нийлээд 50 хувь  авч байсан тохиолдол бaйдаггүй .  Тэгэхээр нийт сонгогчид иргэдийн  50 хувийн дэмжлэг авч чадахгүй байна. Хоёр нам нийлээд шүү дээ. Хоёулаа нийлээд 50 хүрэхгүй байж яаж олонх  болж,  сонгуульд ялна гэж байгаа юм бэ.  Гайхуулах юм байхгүй. Намын ажлаа сайжруулах, рейтинг дотоод зохион байгуулалтаа анхааръя, энэ намыг амьд байлгая  гэсэн  тэр  хүмүүсийн  хүсэл зорилго биелнэ. Ингэж  хэлсэн  хүнийг сандал суудалд санаархаж байна гэж хардаад байх  юм бол хэн шүүмжлэх юм бэ. Шүүмжилсэн  бүхнийг хардаад байх хэрэггүй.
-Үнэхээр танайхан намынхаа даргад сэтгэл хангалуун бус  байдаг бололтой. Нөгөө талдаа  Н.Алтанхуяг даргыг АН гэдэг олон бүлэглэл фракцийн тэнцвэртэй байдлын алтан дунджийг олж зангидаж чадаж байгаа гэж боддог шүү дээ?
-Ний  нуугүй  хэлэхэд Н. Алтанхуяг бол хөдөлмөрч хүн. Харамсалтай нь том харж чаддаггүй. Зөвхөн нэг фракцийн эрх ашийг хангах гэж зүтгэдэг. Бүх л бүтэн намын дарга бусад фракциа хаячихаад зөвхөн нэг фракцийн эр ашгийг хангахын тулд гал тогооны ажил хийх ёсгүй л байхгүй юу. Зөвхөн Алтангадас фракцид байгаа хүмүүсийг ажилтай болгох, тэр фракцид байгаа хүмүүсийг дээш нь татах гэж АН-ын дарга болоогүй юм байгаа биз дээ. Нийт намыг өөд нь татах гэж, намаа зохион байгуулж зөв удирдаж явах ёстой. Түүнээс аль нэг фракцийн талд явах нь буруу. Шулуухан хэлэхэд одоо терийн албанд АН-аас томилогдсон гээд албан тушаалтнуудыг аваад үзээрэй. Бараг 80-90 хувь нь Алтангадас фракцийнх.
-Танд гомдолтой байна уу. Гэхдээ Н.Алтанхуяг дарга нам доторх бүлэглэлүүддээ сайдын суудлыг тэнцүү хуваарилсан. Энэ нь танд чамлалттай байгаа юм уу?
-Таван хүний амиар сольсон таван сайдын суудал уу. Чааваас даа. Тавхан сайдын суудал шүү дээ. Яагаад тэнцвэртэй хуваарилалт гэж.
-Бүлэглэл фракцдаа албан тушаалын бялууг тэгш хуваарилсан шүү дээ?
-Сайдын суудал гэж айхтар хуваагаад сүйд болох зүйл биш. Фракциудаас Х.Баттулга л сайдын суудалд очсон. Өөр хэн байгаа юм бэ. Ер нь АН Засгийн газарт ордог нь туйлын буруу.
-Нэгэнт хэдэн жил хамтарчихсан учраас яалт ч үгүй Засгийн газрын  ял гавьяаг хамтдаа үүрцгээх болно шүү дээ?
-Үүрдэг нь үүрнэ биз. Би анхнаасаа эсрэг байсан. Цаашдаа ч эсрэг байна. Энэ үгээ хаана ч хэлнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.