Ж.Батсуурь:Үлдсэн жаахан хугацаанд энэ бүтцээрээ үлдсэн нь дээр
Ерөнхийлөгчийн зүгээс Тэргүүн шадар сайддэд сайдын албан тушаал байх шаардлагагүй гэж үзсэн. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Хамтарсан Засгийн газрын бүтэц 2008 онд бүрэлдэх үед намын бүлгүүд болон УИХ-аар хэлэлцээд ямар байхыг хуульчлан баталсан. Энэ хууль хэрэгжээд явж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн бүрэн эрхийн хэдхэн сарын хугацаа үлдээд байхад Засгийн газрын бүтцийг өөрчилнө гээд байх нь хэцүү.
Энэ нь нэлээд олон хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэн баталж байж шийдэгдэх асуудал.
Иймээс энэ удаадаа дэд сайдууд, Шадар сайдтай байх асуудалд онцын ач холбогдол өгөх хэрэггүй гэж бодож байна. Угаасаа Үндсэн хуулийнхаа дагуу сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдчихсэн байна шүү дээ: Ер нь бол сонгуулийн дараа, дараачийн Засгийн газрын үед асуудлаа оруулж, мөрийн хөтөлбөрөө батлах үед ажил хэрэгчээр хандах нь зүйтэй болов уу.
-Дэд сайдууд байх хэрэгтэй гэж бодож байна уу?
-Яамдуудад тодорхой асуудал хариуцсан олон агентлагууд байгаа. Иймээс сайд нь бодлогоо чиглүүлээд, хариуцсан агентлагууд нь мэргэжлийн асуудлуудаа шийдээд явах боломжтой гэж үзэж байна. Энэ удаад бол мөрийн хөтөлбөрийн үлдсэн жаахан хугацаанд энэ бүтцээрээ байсан нь дээр. Өөрчилнө гэвэл дахиад л цаг хугацаа хэрэгтэй болох учраас цаг хугацааны хувьд боломж муутай байгааг ойлгох хэрэгтэй. Ер нь бол дэд сайдууд байх шаардлагагүй гэж бодож байна.