Хатуу үүрэг хүлээсэн танхим
2012.01.19

Хатуу үүрэг хүлээсэн танхим

МАН-ын дангаар бүрдүүлэх Засгийн газарт шинэ цус сэлбэгдэж байна. Гол төлөв 70-аад оныхноос бүрдэх энэ сайд нар сүүлийн хэдэн өдөр хангалттай чимхүүлж, матууллаа. Танхим бүрэлдэхээсээ өмнө шүүсээ шахуулж хор нь тайлагдсан гэхэд болно.

Өчигдөр Ерөнхийлөгч  гүйцэтгэх засаглалын танхимд шинээр орохоор  нэр дэвшиж буй  болон халаагаа өгч байгаа сайд нарыг хүлээн авч уулзсан.   Ерөнхийлөгчийн хувьд  сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэр бүрчлэн ширүүхэн үгээр далайлгасан ч дараагийн хийх ажилд нь ташуур болсон гэхэд болно.

Харин Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа нь МАН-ын хувьд дотоод үйл ажиллагаанаас нь илүү чухал гэнэ. Тиймээс ч намынхаа шилдэг гэсэн боловсон хүчнээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байна хэмээн онцолж байв. Шинэхэн сайдаа хүлээж байгаа салбаруудын хувьд Сангийн яам анхаарал татаж байгаа. Сонгуулийн өмнөх жил болохоор энэ яамны эзэн хэн болох вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаалах  нь мэдээж. Чамбай сайн санхүүч очвол сонгуулийн донсолгоо, эдийн засгийн  хямралыг өлхөн даваад гарна.

Саар нэг нь очвол  Монгол Улсын сангийн хөрөнгийг гөвнө. Тиймээс олон шалтгаан, шалгуурыг бодож, хэлэлцсэний эцэст Дархан хотоор овоглосон Д.Хаянхярваа гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. МАН-д олон сайн боловсон хүчин, Сангийн сайд асан байгаа. Тэдэнтэй өрсөлдөж олонхийн санал авсанг бодоход тэрээр хүний итгэл даах хүн бололтой. Журмын нөхдийнх нь хэлж буйгаар Сангийн сайдад нэр нь явж байсан хүмүүстэй харьцуулахад санхүү эдийн засгаас хол мэт боловч дороос нь аваад 16  жил энэ салбарт ажилласан гэх.

Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг халааг нь авах гэж байгаа С.Баярцогттой нэлээд нухаж байж гаргасан болохоор өмнөх сайдтайгаа ойлголцож, ажлыг нь үргэлжлүүлэх биз.  Тэгвэл ЗТБХБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийг хөгжлийн тулгуур болсон томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд аваад явах чадвартай   эсэхээр нэлээд таавар өрнөж байна. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан  ч гэлээ эрхлэх асуудал нь өргөжиж зам тээвэр нэмэгдсэн гэдгийг анхааруулж байна лээ.

Хувийн хэвшил болон төрийн албанд ажиллаж хор нь тайлагдсан хүн гэж намын нөхөд нь үзсэн болохоор түүнд итгэл үзүүлэхээр шийдсэн бололтой. Х.Баттулга сайдын хийж байсан төмөр зам, 100 мянган айлын орон сууц, шинэ бүтээн байгуулалт зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй орж ирж байгаа түүнийг УИХ-аар баталбал орон сууц, ажлын байртай болохыг хүссэн иргэдийн хүлээлтийг үүрч гарах л үлдэнэ. Улс орны амгалан байдлыг хангах Батлан хамгаалах салбар мөн анхаарал татаж байна.

Генералын хүү гэгдэх Ж.Энхбаяр гишүүн энэ албанд очихоор нэр дэвшсэн. Цэргийн даргын гэрт өсөж хүмүүжсэн  түүнд батлан хамгаалах салбарыг даатгах нь. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш эдийн засаг, батлан хамгаалах, цэрэг, авлига, хариуцлагын талаар илүү дуугарч энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа нь намынхаа болон улстөрчдийн итгэлийг авахад нөлөөлсөн бололтой.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үлдсэн ажлыг дуусгах үүрэг авсан бүрэлдэхүүн  ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар орж ирнэ. Шинэ сайд нар ажлаа хүлээж автал сайд нарын мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.