2012.01.16
С.Эрдэнэ:Н.Алтанхуяг сөрөг хүчний дүрд тоглоно гэвэл бүтэхгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Ардчилсан намын ҮЗХ-ны (Үндэсний зөвлөлдөх хороо хурлын үеэр даргаа солих нь гэх яриа их гарсан. Гэтэл яагаад энэ асуудал олныг хамарч чадсангүй вэ. Намын дарга Н.Алтанхуягийн фракцийнхан хурлын уур амьсгалыг ерөнхийд нь гартаа авснаас ийм зүйл болов уу?
-ҮЗХ-ны хуралдааны үеэр намын даргын тухай ярихаас илүүтэйгээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг шийдэх нь чухал байсан. Тэгээд гол зүйлээ ярилцаж, эцсийн шийдэлд хүрээд хурал тарлаа. Ер нь Ардчилсан намын даргад итгэл үзүүлэх эсэх, түүнийг солих тухай асуудлыг зарим гишүүн сөхөж тавьсан.Гэхдээ намын дүрмээр бол Ардчилсан намын даргыг өөрчлөх эсэхийг их хурлаар хэлэлцэж байж шийдвэрлэнэ.
Тийм учраас энэ тухай ҮЗХ-ны хурлын үеэр чухалчилж үзээгүй юм. Хүмүүс үүнийг янз бүрээр л тайлбарлаж байх шиг байна. Бодит байдал дээр бол тэдний хэлж байгаа шиг ноцтой зүйл байхгүй. Хэрэв Ардчилсан намын даргад хариуцлага тооцохоор болбол намын дүрмийн дагуу түүнийг их хурлаараа хэлэлцэнэ. Тийм ч учраас АН-ын ээлжит болон ээлжит бус их хурлын товыг хэдийгээр зарлах вэ гэдгийг ҮЗХ-ны хурлаар намын гишүүд ярилцсан. Энэ асуудал удахгүй дахиад яригдах байх.-Уг нь ҮЗХ хуралдахаас өмнө З.Энхболд тэргүүтэй хүмүүс 140 орчим хүнийг багцалж, “Алтангадас”-ынхны эсрэг ширүүхэн дайралт хийх гэж байсан юм биш үү. Харамсалтай нь “Фортуна” Н.Батбаяр нарын 50-аад хүн хуралд ирээгүйгээс болж энэ төлөвлөгөө бүтээгүй гэх яриа байна. Тийм зүйл болсон юм уу?
-Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын ирц хангалттай байгаагүй нь үнэн. Танхимд 140-өөд хүн ирсэн байсан. Өөрөөр хэлбэл, ирэх ёстой нийт хүний 60 орчим хувь нь ҮЗХ-ны хуралд оролцсон гэсэн үг. Тиймээс ийм ирцтэйгээр хурал эхэлсэн нь өөрөө асуудалтай л болчихож байгаа юм. Гэхдээ энэ удаагийн хурлаар дан ганц Ардчилсан намын даргын суудлын тухай ярилцах гэж гишүүд цуглаагүй. Тэгээд ч З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарсан тухай дээр хэлсэн. Түүнээс биш өнөөдөр хамтарсан Засгийн газар хэр ажилласан талаар дүгнэлт хийгээгүй байж Ардчилсан намын даргын асуудлыг хөндөж болохгүй. Арай эртэдсэн хэрэг болно.
-Н.Алтанхуяг даргатай Ардчилсан нам УИХ-ын сонгуульд хэр амжилт үзүүлэх бол. Та хувьдаа юу гэж бодож байна вэ?
-Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад энэ талаар хэлэх арай эрт байна. Гэхдээ би хувьдаа бол түүнийг дэмжихгүй байна. Ардчилсан намыг чирээд хамтарсан Засгийн газарт орж, Тэргүүн шадар сайдын албан тушаалд очсон хүн одоо эргээд сөрөг хүчний дүрд тоглоно гэхээр бүтэхгүй санагдаж байна. Тэр хүн гурван жил, дөрвөн сарын турш хамтарсан Засгийн газрыг дэмжиж ажилласан хэрнээ хэзээ хойно бүх зүйлийг үгүйсгэж чадах нь юу л бол. Гэхдээ улс төрийн тавцанд ямар орон зайд ямар тоглолт хийхээ өөрөө бодож тооцож байгаа байлгүй дээ.-ҮЗХ дахиж хэзээ хуралдах вэ?
-Н.Алтанхуяг даргын хэлснээр бол цагаан сарын өмнөхөн нэг хуралдах юм гэсэн. Хэрэв тэгвэл сайн л байна. Яагаад гэвэл хоёр намын хооронд байгуулсан гэрээний биелэлтийг эртхэн дүгнэж, дараа дараагийн алхмаа тодорхой болгох хэрэгтэй байгаа учраас тэр. Эртхэн сайн, муугаа мэдэлцэх шаардлагатай байна. Энэ бол асар том практик жишээ болно. Ардчилсан нам хожим нь улс төрийн аль ч хүчинтэй хамтрахаар гэрээ байгуулсан бай хамаагүй эцэст нь түүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг гэдгээ нотлох юм. Саяын ҮЗХ-ны хурлаар гаргасан нэг том шийдвэр бол УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан явдал. Энэ ажлын хэсэг хамтарсан Засгийн газартай холбоотойгоор хоёр намын хооронд байгуулсан гэрээ, мөрийн хөтөлбөрийг дүгнэхэд гол анхаарлаа хандуулна. Ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Түүний дараа энэ тухай Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараагийн ҮЗХ-ны хурлаар оруулна. Хэрэв хийсэн ажлыг нь хангалтгүй гэж үзвэл аливаа гэрээ, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Анхнаасаа талууд хариуцлага хүлээнэ гэж гэрээ байгуулдаг, мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Тэгэхээр хэрэв З.Энхболдын ахалсан ажлын хэсгийн дүгнэлт тааруухан гарвал хүмүүстэй хариуцлага тооцно гэсэн үг. Аль намын хэнбугай нь ч байсан хамаагүй. Болно, бүтнэ гэж хамтарсан Засгийн газрыг байгуулчихаад болгож, бүтээж чадаагүй хүмүүсийг зүгээр орхиж болохгүй.-Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар хэр ажилласан бэ. З.Энхболд гишүүн намынхаа сайд нарыг жагсааж байгаад хийсэн ажлыг нь асуухад тэд сандарч байх шиг байсан. Ер нь хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан уу?
-Яах вэ, бүх зүйлийг харлуулж, огт үр дүнд хүрээгүй гэж хэлж болохгүй. Хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж эхлэх гэж оролдсон. Тодорхой хэмжээнд санал санаачилга гаргасан зүйл бий. Харамсалтай нь улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөх хэмжээний ажлыг хийсэнгүй. Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан. Магадгүй үүнийг л хамгийн түрүүнд ярьцгаах байх. Гэтэл Монголын ард түмэн Оюутолгойгоос юу хожсон юм бэ. Энэ гэрээ эдийн засагт бодитойгоор ямар нөлөө үзүүлсэн бэ. Эдгээр асуултын хариулт нь маш энгийн. Юу ч олж аваагүй, ямар ч нөлөө үзүүлээгүй. Монголчууд Оюутолгойн гэрээнээс ганц төгрөгийн ашиг ч аваагүй шүү дээ. Харин ч бүр энэхүү гэрээнээс болоод бид 1.8 тэрбум төгрөгийн өрөнд орох магадлалтай болчихоод байна. Тийм учраас Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэж дүгнэхэд буруудахгүй.Гэхдээ нөгөө талаар сүүлийн гурван жил гаруйн хугацаанд монголчуудын амьдрал харьцангуй сайжирсан гэх. Үүнийг 2011 онд эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэнтэй холбон тайлбарлаж байна. Ийм хурдацтай өсөлт ажиглагдахад яг юу нөлөөлсөн юм бэ. Баялаг бүтээх ямар үйлдвэр байгуулж, юу бүтээсэн байна вэ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, шинэ техник, технологи оруулж ирэх, ажлын байр шинээр бий болгох гэх мэт олон зүйлийг орхисон. Бүр ор тас хийгээгүй ч гэж хэлж болно. Тиймээс өөрсдөө баялаг бүтээж эхэлсэн юм шиг онгирч, хөөрөөд байх хэрэггүй л дээ. Зөвхөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортоор дамжин орж ирж байгаа орлогоор өнөөх эдийн засгийн 20 хувийн өсөлт гэгч зүйлийг тодорхойлж байна. Гэтэл энэ нь Монгол Улсын ирээдүйн баталгаа болж чадахгүй. Жирийн иргэн бүрийн халаас руу орох мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй байна шүү дээ. Монголчуудын дийлэнх нь амжиргааны түвшин доогуур байхад цөөн хэдэн олигархи, тэдний гэр бүлийнхэнд бүх ашиг нь төвлөрч байх жишээтэй.
-Та Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын үеэр “MCS” компани ҮЗХ-ны гишүүдийг хүртэл мэдэлдээ авчихлаа” гэж хэлсэн. Ямар учраас тэгсэн юм бэ?
-Ардчилсан нам, Ардын намын сайдууд дунд “MCS”-ын орон сууцанд орчихоод амьдарч байгаа хүмүүс олон бий. Миний хэлсэн үг үнэн гэдгийг нотлох хангалттай шалтгаан бол энэ. Ер нь “MCS” гэдэг нэг компани төрийн бодлогод нөлөөлж байна. Энэ компани Ухаа худагийн ордыг Тавантолгойгоос салгаж, хувьдаа авсан. Одоо түүнийгээ ашиглаж, ганцаараа хагартлаа баяжиж байхад хамтарсан Засгийн газрын сайд нар “А” ч дуугарсангүй. Ардын нам, Ардчилсан нам аль, аль нь үүнийг үл тоомсорлох мэт дүр эсгэж байна. Энэ бүхэн юуг харуулж байна вэ. “MCS” гэдэг хэтэрхий монополь болчихсон ганц компанийн эрхшээлд улс төрийн хоёр хүчин орчихсон байгааг хэлээд байгаа юм биш үү. Тийм ч учраас ҮЗХ-ны хурал дээр би “MCS” компани ҮЗХ-ны гишүүдийг эрхшээлдээ оруулчихлаа” гэж хэлсэн юм.
-Х.Баттулга сайд бас үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ер нь ҮЗХ-ны хурал дээр түүний хэлсэн үгийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Бид цөөхүүлээ байгаа. Түүнийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бидний байр суурь яг адилхан байна. Тийм учраас Х.Баттулгын хэлсэн үгийг би бүрэн дэмжиж байна. “MCS” компанийнхан Ухаа худагтай холбоотой 70 жилийн хугацаа бүхий Тогтвортой байдлын гэрээ байгуулна гээд ичихгүй явж байна. Хэрэв энэ гэрээг байгуулчихвал Монголын Засгийн газар биш, харин “MCS”-ын Засгийн газар болсноо зарлаж байгаа хэрэг болно.-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тухай албан ёсоор мэдэгдсэний дараа Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгэнд танай намын гишүүд нэлээд дургүйцэж байсан. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Ардчилсан намын гишүүдтэй хамт мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, хамтарсан Засгийн газрыг тэргүүлж байгаа хүний хувьд С.Батболд төдий дайны үг хэлэх эрхтэй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн учраас тэр ч бас хариуцлага хүлээх үүрэгтэй. Тиймээс Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин өөр намын дарга байж Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож хэрхэвч болохгүй. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас гаргах аливаа шийдвэрт С.Батболд заавар зөвлөмж өгөхийг би зөвшөөрөхгүй.-Ардчилсан нам Засгийн газраас гарснаар зургаан сайдын суудал эзгүйрлээ. Харин тэнд Ардын намынхан өөрсдийн хүмүүсийг хэрхэн томилох тухай ид ярилцаж байна. Ер нь хамтарсан Засгийн газар энэ хэвээр ажлаа үргэлжлүүлэх нь зөв үү?
-Хамтарсан Засгийн газар бүхэлдээ огцрох ёстой. Яагаад гэвэл Ардчилсан нам засгаас гарснаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байна. Улс төрийн хоёр хүчин анх хамтарч шийдвэр гаргаад гэрээ байгуулсан. Одоо нэг нь Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар бүх зүйл өөрчлөгдөх шаардлагатай болно. Харин ч бүр үүнтэй уялдуулаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийг бүхэлд нь дүгнэх ёстой. Сайд нарыг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, Ардын нам шинээр томилгоо хийх нь зөв юм. Түүнээс биш зургаан сайдыг нөхөж суулгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Учир нь энэ бол Ардын нам дангаараа байгуулж буй Засгийн газар шүү дээ. Тиймээс би үүнтэй холбоотой саналыг дэвшүүлнэ.-Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа бензин, шатахууны үнэ огцом өссөн. Эхэндээ үүнийг Ардчилсан намын шийдвэртэй холбон тайлбарлаж байсан бол сүүлдээ энэ бол улстөржсөн алхам боллоо гэж дүгнэх болж?
-Энэ бол зүгээр л инээдмийн жүжгийн нэг хэсэг шүү дээ. Ам.долларын ханшийг хэн зориуд зохиомлоор хөөрөгдсөн бэ гэдэг бас л их сонин асуулт. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад энэ асуудлыг шалгаж байгаа. Би тэр ажлын хэсэгт багтсан. Өчигдөр (өнгөрсөн пүрэв гарагт) бид хуралдаж, Монголбанк, Газрын тосны газар болон холбогдох агентлагуудад үүрэг өгч, энэ чиглэлээр судалгаа, тайлбар яаралтай гаргаж ирүүлэхийг шаардсан. Тэд тайлангаа тавьсны дараа ажлын хэсгээс “Хэн гэм буруутай вэ” гэдгийг албан ёсоор зарлах юм. Түүнээс биш улс төрийн аль нэг хүчин мэдэгдэл хийснээс болж валютын ханш чангарч, бензин, шатахууны үнэ өснө гэж байхгүй. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монголбанк байна. Үнийн өсөлттэй холбоотой аливаа асуудлыг хариуцдаг Засгийн газар нь ч байна. Ийм үед байж болохгүй зүйл. Уг нь Монголбанкны хувьд иймэрхүү үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой байсан. Хангалттай хэмжээний валютын нөөцтэй учраас ингэж хэлж байна.Түүнээс гадна ам.долларын ханш чангарсныг далимдуулж яагаад бензин, шатахууны үнийг хөөргөсөн бэ гэдэг их сонин. Би бол үүнийг зориуд хийсэн ажил гэж ойлгож байна. Хэдэн жилийн өмнө нэг ам.доллар 1450 төгрөгтэй тэнцэж байв. Тэр үед бензин, шатахууны үнэ литр тутам нь 1100 орчим төгрөг байсан шүү дээ. Тэгэхэд иргэдэд тийм үнээр худалдаж болоод байсан хэрнээ өнөөдөр яг адилхан зүйл давтагдаж байхад үнийг нь 300 төгрөгөөр яагаад нэмж байгаа юм бэ. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэд дорвитой өөрчлөлт гараагүй байгаа үед иймэрхүү гэнэтийн алхам хийх үндэслэл байхгүй. Энэ бол шатахуун импортлогчид хэтэрхий даварч байгаагийн илрэл. Холбогдох байгууллагуудын тайлан гарсны дараа энэ асуудлыг нухацтай авч үзэж, тэдэнд хариуцлага тооцох болно.
-Шатахуун импортлогч компаниуд өмнө нь ч бас иймэрхүү асуудал гаргаж байсан. Энэ бүхнээс болоод шатахууны импортыг төр мэдэлдээ авах шаардлагатай гэж их ярьж байгаа. Ингэсэн нь зөв үү?
-Нефтийн салбар дахь төрийн бодлогыг өөрчлөх цаг болсон. Төр бензин, шатахууныг импортолно. Харин дараа нь хувийн хэвшлийн компаниудаар дамжуулан жижиглэнгийн худалдаа хийвэл зүгээр. Тэгвэл нефтийн үнэд хяналт тавих боломжтой болно. Суурь инфляцид нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн бол нефть. Тийм учраас өөрсдөө газрын тос боловсруулж чадахгүй байгаа үед энэ салбарыг бүхэлд нь төр хянах ёстой.-Ярилцсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.