С.Эрдэнэ: АН-ын аргачлалаар МАН-ын өрийг барагдуулах боломж бүрдлээ
2011.12.07

С.Эрдэнэ: АН-ын аргачлалаар МАН-ын өрийг барагдуулах боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Сонгуулийн тухай хуулийг батлахад ганц долоон хоногийн хугацаа үлдлээ. Хугацаандаа баталж амжих болов уу?
-Хугацаа богино байгааг хүн бүр л мэднэ. Харамсалтай нь бүтэн гурван жил энэ Сонгуулийн тухай хуулийг ярилаа. Гэтэл өнөөдрийг болтол хуулиа ойлгоогүй хүмүүс байна. Тэд бүр ч илүү харамсалтай. Хаврын чуулган эхэлснээс хойш ажлын хэсэг нэлээн ахицтай ажиллаж, өнөөг хүрсэн. Гэтэл хэдхэн хүний асуудлаас болоод дахин гацаанд орлоо. Энэ нь МАН-ын хэсэг нөхөр хуулийн төслийн зарим заалтыг өөрт ашигтай хэлбэрээр өөрчлүүлэх санаа, зорилгоо илэрхийлсэнтэй холбоотой. Ингэхдээ тэрхүү бодлогоо бүлгээрээ хэлэлцээгүй юм шиг байна лээ. Удирдах зөвлөлийн хэдэн гишүүн яриад л шууд бичгээр манай ажлын хэсэгт хүргүүлсэн бололтой. Тэр нь маргаан үүсэж, хуулийг гацаанд оруулаад байна. Хэрэв  МАН-ын бүлэг асуудлаа хэлэлцэж, ажлын хэсэг дээр тохиролцсоноороо явбал АН-ын зүгээс шалтгаалах ямар нэгэн зүйл байхгүй.
-Гацаанд оруулаад байгаа асуудал дээр танай намыг буулт хийх болов уу гэж МАН харж байгаа шүү дээ?
-Манай намаас Сонгуулийн тухай хуулийг гацаагаагүй. МАН-аас тавьсан санал, санаачлагыг өнгөрсөн   хугацаанд  АН   хүлээн авч, буулт хийсээр ирснийг бүх хүн  мэдэж байгаа. 50:26 дээрээс буулт хийж, 38:38 болгож, эцэстээ дахин буулт хийж  МАН-ын дэвшүүлсэн 48:24 гэсэн хувилбарыг хүлээн зөвшөөрсөн. Харин одоо АН-д дахин ухрах орон зай байхгүй.
-Өмнө буулт хийсээр ирсэн АН-ыг энэ удаад ч бөхийнө гэсэн хүлээлт нөгөө намд Чинь бий. Хэрэв танайх байр суурин дээрээ хатуу зогсоно гэвэл магадгүй сонгуулийн тухай хууль батлагдахгүй нь бололтой?
-АН-ын бүлэг хуралдаад саналыг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрээ гаргачихсан. Тийм учраас ямар нэгэн асуудал байхгүй.
-Ямар ч тохиолдолд тэдний саналыг хүлээн авахгүй гэж үү?
-Үгүй. МАН-ынханы санал нь 28 буюу пропорциональ элементээр сонгогдох нэр дэвшигчид зүгээр сууж, алсаас дурандаж байгаад парламентад орж ирэх сонирхолтой. Тэгэхээр УИХ-ын 76 гишүүн чинь тэгш нөхцөлд, ард түмний шууд сонголтоор гарах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөх нь. 
Иймээс тэдний саналыг хүлээн авах боломжгүй.
Ер нь хүн хөдөлмөрлөхгүй, хөдлөхгүй, ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр сонгуульд ялалт байгуулахыг зарим нөхөр "мөрөөдөөд" байгаа бололтой. Тийм зүйл байхгүй. Ноёны бөх гэдэг шиг даргын сэтэртэй хэдэн нөхрийг гараа хумхиж суугаад бусдын хөдөлмөрийг мөлжиж парламентад суух нь шударга ёсонд ч нийцэхгүй. Ийм бусармаг аргаар УИХ-ын гишүүнд хэдэн үеэрээ сонгогдох сонирхолтой нөхдүүд мөрөөдлөө хаях хэрэгтэй. Хэрэв үнэхээр УИХ-ын 76 гишүүн тэгш эрхтэй юм бол тэгш нөхцөлөөр сонгогдох ёстой.
-Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал боловсон хүчний нөөц, бололцоо муутай АН өөрт ашигтай хувилбар олсон нь энэ юм биш үү?
-Үгүй шүү. Боловсон хүчний тухайд АН энэ талаараа МАН-ыг 2-3 дахин нугална. Манай намын боловсон хүчний чадавхи МАН-ынхаас хэд дахин өндөр. Нөөц ч сайтай. Ер нь 2000, 2004 оны АН-аар нь төсөөлж байгаа бол энэ өрөөсгөл. Харин ч МАН боловсон хүчний нөөц багатай. Хийж байгаа томилгоог нь хар л даа. Дандаа л үл бүтэх нөхдүүдийг төрийн өндөр албан тушаалд томилж байна. Нөгөөдүүл нь дандаа гэмт хэрэг үйлддэг. Төрийн хөрөнгө мөнгөөр тоглож, гараа угаадаг. Тийм л боловсон хүчний нөөц бололцоо, чадавхи сайтай юм бол тэр сайн хүнээ тавихгүй яасан юм.
-Магадгүй хоёр намын энэ зөрүүд зангаас болж Сонгуулийн тухай хууль батлагдахгүй бол ирэх онд хуучин дүрмээрээ тоглох нь дээ?
-Энэ байдлаараа МАН сонгуулийн шинэчлэл, амлалтаасаа ухарлаа гэж үзэхэд хүрнэ. МАН амлалтаасаа ухардаг, бултдаг байдал нь гэм биш зан нь болж. Ер нь ч хэзээний аливаа юмнаас дандаа булгиж бултаж байдаг тийм л нам. Ганц жишээ татахад, сонгуулийн   маргааш  л   1.5   сая төгрөгийг Хаан банкин дээрээс  очоод аваарай гэж Монгол Улсын иргэн бүрт батламж тараасны хүчинд 2008 оны сонгуулиар олонхи болсон. Гэтэл маргааш нь Хаан банк тэр мөнгийг өгөх нь битгий хэл өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд олгосонгүй. Харин ч АН-ын дэвшүүлж байсан зорилго зөв байсан учраас ирэх оны төсөв батлагдах үеэр МАН аврагдлаа.
АН-ын аргачлалаар МАН-ын өрийг барагдуулах боломж ч бүрдлээ.
(Өөрөөр хэлбэл, сая төгрөгийн хувьцааг иргэн бүрт олгоё. Иргэд сонирхлоороо хувьцаагаа мөнгөжүүлье. Эсвэл хувьцаа хэлбэрээр нь хадгалах тэр сонголтыг иргэдэд нээж өгсөн. Хэрэв ийн зохицуулалт хийлгүйгээр бэлэн мөнгө тараасан бол нийгэм бутарч, сүйрнэ биз дээ. Хувьцаа бол өөр. Тухайн баялгаас хувь хүртэж байгаа хэмжээгээрээ ногдол ашгаа авна. Улмаар хувьцаагаа өсгөөд арилжих боломжтой. Энэ бол тухайн иргэний тэвчээр, сонголтын асуудал.
-Ирэх оны төсөвт гишүүн бүр тойрог руугаа гурван тэрбум төгрөг татаж чадсан талаар мэдээлэл түгсэн. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
-Үүнийг гайхаад л байна.Жишээ нь, Увс аймагт 71 тэрбум төгрөг улсын төсөвт төсөвлөсөн. Тус тойрог гурван мандаттай. Тэгэхээр нэг гишүүнд 20-30 тэрбум төгрөг ногдоно. Тэгэхээр үүнийг татсан мөнгө гэж үзэх үү, улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж ойлгох уу. Энэ мэтчилэн аймгуудад улсын төсөвт төсөвлөгдсөн мөнгийг тухайн тойргийн гишүүдийн тоонд хувааж, түүнийг нь тойрог руугаа татсан мөнгө гэж үзэх юм уу. Ямар учиртайг ойлгохгүй л байна. Одоогоор гишүүдийн халаасанд орсон мөнгө гэж байхгүй. Тэгээд ч би таван тэрбум төгрөгийн төлөө саналаа өгөөгүй. Ний нуугүй хэлэхэд, тэрбум төгрөгийн төлөө саналаа өгсөн. Тухайлбал, манай тойрогт цэцэрлэг, сургуулийн засвар, гэр хорооллын замыг сайжруулах, гэрэлтүүлэг тавих гэхчлэн тулгамдсан асуудлаа тусгаж, хөрөнгө төсөвлүүлсэн. Гэхдээ тэрхүү мөнгийг би гарын үсэг зурж, захиран зарцуулахгүй. Хороо, дүүргийн Засаг даргын багц дээр суулган, тендер зарлаж, хууль дүрмийнхээ дагуу гүйцэтгэгч шалгаруулж хийнэ.
-АН-ын ҮЗХ энэ сарын эхээр хуралдахаар тов гарсан байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл бий юу?
-Би намын удирдлагад байхгүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Дүрмээрээ жил бүрийн гурав, есдүгээр сард хуралдах ёстой. Одоогоор есдүгээр сарын хурал 2-3 cap хойшилж, дүрмээ зөрчсөн байдалтай байна. Ямар ч байсан он дотроо багтаж хуралдах болов уу гэж харж байтал шинэ оны эхээр хуралдах мэдээлэл байна. Ийм байдлаар дүрэм зөрчигдөөд яваад байж болж байна уу, үгүй юү.
-Намын дарга Н.Алтанхуягийг огцруулахаар намын хэсэг нөхөд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн. Та гарын үсэг зурсан уу?
-Одоогоор гарын үсэг зурсан зүйл байхгүй. Энэ талаар надад хэлсэн ч хүн алга. Ер нь манай намд ҮЗХ-оор ярих, хуримтлагдсан асуудал их бий. Нам бол амьд байх ёстой. Намыг яаж амьд байлгах уу, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх үү гэдэг хамгийн чухал. Түүнээс биш хэн намын дарга байх нь сонин биш. Өнөөдрийн байдлаар манай нам моргийн үхэлд байна. Уураг, тархи нь ажилладаггүй. Аймаг, орон нутгийнх нь намууд ажиллаад л  байдаг. Намын  удирдах дээд байгууллага нь ҮЗХ нь хуралддаггүй. ҮЗХ-ныхоо чөлөөт цагт байнгын хуралдаж, шийдвэр тогтоол байх учиртай Гүйцэтгэх зөвлөл нь ч хуралддаггүй. Гүйцэтгэх зөвлөл сүүлийн хоёр жил огт хуралдаагүй. Товчхондоо, намын   уураг, тархи  нь ажиллахгүй, хамтын шийдвэр гаргахаа больсон. Гагцхүү намын дарга, эрх мэдэлтэй  хэдэн   нөхөр  өөрийнхөө дураар намыг жолоодож байна. Хамтын шийдвэр гарахгүй байна гэдэг  энэ  нам амьд биш байгаагийн л илрэл. Харин АН-ын орон нутгийн үүрүүд  идэвхитэй   ажиллаж   бaйгаагийн хүчинд рейтинг энэ зэрэгтэй яваа болов уу.
-АН-ын рейтинг өндөр байгаа гэж үү. Энэ байдлаараа , ирэх сонгуульд олонхи болох  магадлалтай гэж үзэж байгаа  юм уу?
-Үгүй. Энэ бол худлаа мэдээлэл. АН өнгөрсөн сонгуулиудаар 25-35 хувийн рейтингтэй  тогтмол явж ирсэн. Тааруухан үедээ 25,  сайн бол 35, 39 хувь. Харин МАН  доод тал нь 30, дээд тал нь 40  хувьтай байдаг. Оргил  үедээ 45-49  хувь     хүрч  байсан удаатай. Гэтэл   одоогийн   байдлаар хоёр  намын рейтинг нийлээд  50 хувь хүрэхгүй  байгаа. Уг нь нийлээд 60-65 хувийн нийгмийн дэмжлэг хүлээдэг байсан. Харин одоогоор АН 16, МАН 14 хувьтай. Тэгэхээр юун  рейтинг  өндөр  гэж худлаа  гайхуулах. Харин ч шаварт уначихсан байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.