Г.Баярсайхан: Чонон сүргийг Азарган чоно л тулаанд дагуулж орох ёстой
2011.11.16

Г.Баярсайхан: Чонон сүргийг Азарган чоно л тулаанд дагуулж орох ёстой

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Олон нийтээс байнга далдалж ирсэн АН-ын  дотоод хагарал, тэмцлийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга  өнгөрсөн  долоо хоногт хэвлэлээр илчилж шуугиан тарилаа. АН-ын “акул”-уудын хооронд “дайн”  дэгдээд зогсохгүй, хамтарсан Засгийн газрыг түргэн авахуулсанд залуу гишүүд  ямар дүгнэлт хийж байгаа нь сонин байна?


-Би  АН-ыг ийм байдлаар төсөөлж Их хуралд орж ирээгүй. Аливаа шударга бус зүйл, ард иргэдийг хохироосон асуудал, улс үндэстний эрх ашгийн төлөө түүчээ нь болно, хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй гэж төсөөлдөг. Уул уурхайн баялгийн шударга хуваарилалтыг  ганц  АН л  хийж чадах юм байна гэж би дүгнэж байгаа. Зөвхөн АН олонх  болж эрх барьж байхдаа  шударга хуваарилалт хийсэн. Газрын хуваарилалт, орон сууц, малыг малчдад олгосон гээд яривал олон  юм бий. Одоо ч энэ төсөөлөл хэвээр байгаа. Гагцхүү хамтарсан Засгийн газарт орсноор манай нам зүсээ, дүрээ  хувиргасан. Үзэл баримтлалгүй нам их мөнгөний өмнө бөхийж, бөхдөг юм байна. Өнөөдөр монголд улс төрийн бүлэглэл байхаа бараг больсон, цөөн хэдэн гэр бүлийн бүлэглэлийн хооронд баялгийн  хуваарилалт явж байна. АН үүнийг дуугүй харахад сууж байна. Хамтарсан Засгийн газарт ороход маш их бүтээн байгуулалт хийхээр ярьсан.

Аймгуудыг нийслэлтэй хар замаар холбоно, төмөр зам тавина, Сайн-Шандад үйлдвэр, аж ахуйн парк байгуулна гэсэн.

Гэр бүл, бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл яваад байгаа учраас Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд уул уурхайгаас орж ирж буй баялгийн хуваарилалт явагдахгүй, бүтээн байгуулалт хийгдэхгүй байна. Улс орны аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой шууд холбоотой бүтээн байгуулалтад  цөөн хэдэн  гэр бүл-бизнесийн бүлэглэлүүдээс болоод мөнгөний хуваарилалт явагддаггүй. Нэг гэр бүлийн бизнес бүлэглэлийн эрх ашигт нийцүүлсэн мөнгөний хуваарилалтыг эрх баригчид хийж байна. Үзэл баримтлалдаа хатуу зогсож чаддаггүй эргэж буцдаг нам их мөнгөний өмнө бөхийж бөхдөг. Үнэнийг хэлэхэд, манай нам  ийм л байна.

-Энэ байдлаас тэгээд яаж гарах гэж. Цөөнх болж хяналт тавих ёстой АН хамтарсан засагт ороод загас мэт дуугүй болсон биз дээ. Өөр хэнд найдах юм бэ?


-Олон зүйлд манай нам дуугүй явж ирсэн. Үүнийг би ганцаараа хэлж байгаа ч юм биш. Бүгд мэдэж байгаа шүү дээ. Дэлхийн зах зээл дээрх хамгийн чанартай нүүрсээ  яахаараа 70 ам.доллараар зардаг юм бэ. Цаашаа хил давуулангуут өөр үнэ яригддаг. Хоёр өөр үнээр гэрээ хийдэг гэж байна. Үүнийг захын интернэтээр ороод харахад л Монголын төрд авилга  нэвт шингэсэн нь харагдаад байна. Түүнийг бүгд мэдэж байгаа мөртлөө дуугүй явж байна. Ингэж болдог юм уу. Хэтэрч байгаа юм биш үү. Үүнийг би УИХ-аас, Засгийн газраас асууж байна. Нүүрс 70 ам.доллараар хил гаргаж, цааш нь үнэ хүргэж байгааг УИХ ажлын хэсэг томилж шалгуулах ёстой. Үнэн зөвийг тогтоох хэрэгтэй. Наанадаж одоо 70 ам.доллараар зарж байгаа нүүрснийхээ үнийг нэмж ядаж 100 ам.доллар болгох шаардлагатай. Дэлхийн бүх улс орон гэрээгээ өөрчилж болоод байхад бид яагаад болохгүй гэж. Яахаараа юм л бол хөрөнгө оруулагчид үргэчихнэ, зугтчихна гэж хадны мангаа шиг юм ярьж айлгадаг юм бэ. Харин ч хоёр талд ашигтай гэрээ хийхгүй бол монголчууд өөрчилдөг юм байна шүү гэдгийг ойлгуулах ёстой.

-МАН эрх мэдлээр илүүрхэж АН дуугүй байгаа нь үнэн. Амаа бариулчихсандаа бачуурсан хэсэг нөхөд одооноос  дэлбэрч байгаа юм байна гэж ойлгохоос. Ер нь ам барьсан жишээ нийгэмд олон байгаа байх?


-Оюутолгой гэхэд л Монголын бүх хэвлэлийн амыг барьчихсан байна.  Хамтарсан засаг ч гэсэн хэвлэлийнхэнд дөрвөн мянган айлын орон сууцнаасаа өгснийг авлига гэж харж байна. Ганц нэг сониныг эс тооцвол  хэвлэлээр шүүмжлэлтэй зүйл гарахаа байсан.Энэ байдлаар явбал ирэх сонгуулиар долдугаар сарын 1 давтагдахыг  байг гэхгүй.

-Х.Баттулга сайдын хариуцсан салбарт мөнгө тавихгүй Засгийн газартаа  ганцаардаж байна гэсэн ойлголт төмөр зам, бүтээн байгуулалтын ажлаас харагдаж байгаа. Түүнийгээ өөрөө ч ярьсан байна лээ. Үүнээс юу ойлгогдож байна гэхээр засагт орсон АН-ын сайдууд, тэр дотроо Н.Алтанхуяг, Х.Баттулга нар, цаашилбал “Алтан гадас”, МоАХ-ынхон хоорондоо толхилцож байна гэж болох уу?


-Үнэнийг хэлэхэд өнөөдрийн засагт намын ялгаа арилчихсан байна. 140 ам.доллараар зарагдах ёстой юмыг харсаар байгаад 70 ам.доллараар өгдөг. Долдугаар сарын 1-ний асуудлыг ч гэсэн сөхөж ярьмаар байгаа юм. Авилгын олон хэрэг, өчнөөн хаусны асуудал сөхөгдөж байхад хав дарж байна. Энэ мэтээр  АН  маш олон зүйлийг  харчихаад хараагүй юм шиг байгаа. Сонгуульд сөрөг хүчингүй орох гэмт хэрэг гэж үг бий. Түүнтэй адил сөрөг хүчингүй засаглана гэдэг гэмт хэрэг. Магадгүй таны түрүүнд  асуусан бараг үнэн ч байж мэднэ. Хамтарсан засаг МоАХ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдсан шүү дээ, анх. МоАХ-ны дэмжлэг байгаагүй бол байгуулагдахгүй байсан. Сонгууль дөхсөн үед манай намаас дэвшүүлсэн  гол бүтээн байгуулалтуудыг дэмжихгүй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд сохор зоос ч гаргаж өгөхгүй  байгаа учраас хамтарсан Засгийн газарт  байх шаардлага байна уу, үгүй юу. МАН-ынхан өнөөдөр сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлчихсэн байна.  Манай нам “Монгол хүн-2020” хөтөлбөрөөс өөр юм хийгээгүй. Тэр нь ч нийгэмд доргио үүсгэж сүйд болоогүй. Бид бахь байдгаараа байгаад байдаг, өрсөлдөгч нам хүссэн зүйлээ ханатал хийж байна. Ганц удаа сагс тоглоод манай 2020-ийг МАН арччихлаа.

-Хамтарсан засаг МоАХ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдсан гэж та хэллээ. Х.Баттулга нэлээд үүрэг гүйцэтгэжээ дээ. Тэгээд өнөөдөр өөрөө “жийгдээд” байгаа  юм байна, тийм үү?


-МоАХ чинь ҮЗХ дээр 60 гаруй төлөөлөлтэй шүү дээ. Тэдний  дэмжлэг байгаагүй бол хамтарсан засаг байгуулагдахгүй л байсан шүү дээ. МоАХ-г   одоо ч гэсэн Х.Баттулга тэргүүлж байгаа.

-Тэгвэл Х.Баттулга сайд “ҮЗХ шийднэ биз” гэж хэлэх эрхтэй хүн юм байна. Одоо үүсээд байгаа асуудлыг ҮЗХ хэлэлцэхэд шийдвэр МоАХ-ны талд гарна гэсэн үг байх нь ээ. Өмнө нь ҮЗХ-г  “Алтан гадас”-ынхан бүрдүүлдэг байсан байх аа?


-ҮЗХ-нд фракц болгоны төлөөлөл байгаа. Тэд хуралдаж асуудлыг хэлэлцэж шийдэх ёстой. АН  унтаад  баймааргүй байна шүү дээ. Үүнийг сонгууль дөхөхөөр гэнэт сэрж байна гэж ойлгох хэрэггүй. АН идэвхтэй баймаар байна. Энэ байдлаараа сонгуульд орвол бид ямар амжилт үзүүлэх вэ. Өнөөдөр бусад намуудтай харьцуулахад АН хамгийн өндөр  буюу 16 хувийн рейтингтэй, МАН 14, МАХН зургаан хувьтай гэж байна. 14 дээр зургааг нэмэхэд МАН, МАХН-ын рейтинг 20 хувь байгаа байхгүй юу. Хоёр коммунист угшилтай нам нэгдэх магадлал 99 хувь байгаа шүү дээ. Тэгэхээр АН өндөр хувьтай гэж хийрхэх  хэрэггүй. Ийм муу байж яаж бид сонгуульд орох юм бэ.

-Тэгэхээр л намын даргыг өөрчлөх шаардлагатай байгаа юм байна, тийм үү. Таны ярианаас тэгж л ойлгогдоод байна?
 


-Цаашид засагт байх уу, үгүй юу. Өнөөдрийг хүртэл Ан зөв явж ирэв үү, үгүй юу гэдгээ ҮЗХ-ны хурлаар тодорхойлох хэрэгтэй.

-ҮЗХ-ны хурлаар тодорхойлох хэрэгтэй гэж байгаа нь Х.Баттулга сайдын “ҮЗХ шийднэ биз” гэдэгтэй агаар нэг сонсогдож байна. Гишүүдийн олонх нь хамтарсан засагт орсон нь  буруу гэж үзэж байгаа юм чинь ямар дүн гарах нь ойлгомжтой, Н.Алтанхуяг дарга  унах нь тодорхой болчихсон юм биш үү. Ийм үед “Алтан гадас”-ынхан  нь ч түших бус  харин ч түлхэлцээд байгаа сурагтай байгаа?


-Манай нам хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүн тавьчихсан шүү дээ. Хангалтгүй гэж дүгнэсэн. Бүлэг дээрээ хангалтгүй гэж дүгнэчихээд ҮЗХ-ны хурал дээр хангалттай гэсэн дүн тавихгүй байлгүй дээ. Энэ дүн намын даргад ч бас хамаатай.Үр дүн муу, хангалтгүй гэдэг чинь намын дарга та болохгүй байна аа, зайгаа тавьж өг гэсэн үг биз. Ямар ч байсан ҮЗХ-оор АН засагт байх, эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна.

-Шуудхан хэлэхэд АН-ынхан одоо З.Энхболд, Х.Баттулга хоёрын хэнийг нь сонгох бол. Таны хэлээд байгаачлан АН хүчтэй байхын тулд  мөн тийм удирдагч хэрэгтэй гэсэн үг биз дээ?


-АН хүчтэй баймаар байна. Бидний унтаж байх зуур ардчилал гэдэг үгийг хүн буудаж алдаг намынхан  өөрсдөдөө авч наачхаад тууж явна. АН үндсээрээ шинэчлэгдэх ёстой. Сонгуулийн хуульд пропорционалын элемент оруулсан нь урагш нэг удаагийн алхам ч, улс төрд олон жил явсан хашир бурхинууд зүгээр сууж байгаад улирах арга шүү дээ. УИХ-д шинэ хүн орж ирэх замыг хаачхаад байна. Намын даргын тухайд  эртний нэг жанжны хэлсэн үгийг хэлье “Чонон сүргийг хонь тулаанд дагуулаад орвол ялагдана” гэж. Чонын сүргийг азарган чоно л тулаанд дагуулж орох ёстой. 

-АН-ын ҮЗХ засагт байх, эсэх  асуудлыг хэзээ мөдгүй хэлэлцэх гэж байгаа учраас Засгийн газар түргэн аваад л, Х.Баттулга сайдыг дуудаж салбарт нь мөнгө төгрөг тавихаа амлаад байгаа юм биш үү.  Хоёр намын сайд нар тэгж ярьж  байна лээ?


-Нөхдүүд нэг өдөр ч гэсэн засаг бариад явахыг  илүүд үзэж, тэгж хичээж байна.  Ямар ч үнэ цэнээр хамаагүй ҮЗХ-ээр гал гаргахгүй байхыг мөн хичээж байна. Тиймээс энэ жилдээ багтаж, хөрөнгийг нь гаргаад явъя гэж ярьсан байна лээ. Засгийн газраа хэд хоног ч болов авч үлдэх гэсэндээ тэгж байгаа байх. Харин Х.Баттулга сайд үүнд итгэх үү гэдэг асуудал бол өөр хэрэг. Бодит байдалд эдийн засаг  өссөн дүнтэй байгаа.

Гэхдээ  дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа болохоос Засгийн газар сайн ажилласан юм биш.

Цахилгаан, дулааны  үйлдвэрлэл  өссөнгүй, нүүрсний экспорт хэдэн сая тонноор өссөнөөс бус эдийн засгийн  бодитой өсөлт харагдахгүй, хөрсөн дээр буухгүй байна. Төсөв, мөнгө гээд яривал их юм бий. Өнөөдөр УИХ, Засгийн газар, Монголбанк гурвуулаа өөр юм ярьдаг. Тухайлбал, бэлэн мөнгөний амлалтад идэгдчихсэн Засгийн газар  баруун, солгойгүй мөнгө цацаад байдаг. Монголбанк  нь та нар тэгвэл бид ингэнэ, бодлогын хүүгээ өсгөнө  гэдэг. Төрийн нэгдсэн бодлого үгүй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.