Сонгуулийн үеийн зөрчилдөөнөөс сэргийлэх олон улсын туршлагаас хуваалцав
2011.11.09

Сонгуулийн үеийн зөрчилдөөнөөс сэргийлэх олон улсын туршлагаас хуваалцав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран өнөөдөр Төрийн ордонд “Сонгуулийн үеийн зөрчилдөөн-Олон улсын туршлага, сургамж” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулав. УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намуудын удирдлага, хууль хяналтын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү уулзалт, ярилцлагыг УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Сүхбаатар, НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар нээж товч үг хэлэв.

Дэлхийн аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад иргэн нь саналаа өгч төрийнхөө бодлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц сонгуулийн тогтолцоог бий болгох зорилттой тулгарч байдаг. Ингэхдээ улс үндэснийхээ онцлог болон бусад хүчин зүйлсийг харгалзах шаардлагатай тулгардаг байна. Монгол Улсын хувьд сонгуулийн үеийн зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Индонез, Балба, Тайланд, Филлипин, Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орнуудын туршлагаас сургамж авах, олон улсын байгууллагууд, судлаачдын өгсөн зөвлөмжөөс суралцах нь чухал байна.

Өдгөө манай орны тухайд ч сонгуулийн үеэр гарах зөрчилдөөний зохицуулалт хангалтгүй, сонгуулийг шударга, ардчилсан болно гэдэгт олон нийт эргэлзсэн хэвээр байна. Иймд сонгуулийн үеийн зөрчил, гажуудлаас шалтгаалсан асуудлуудыг дахин гаргуулахгүйн тулд ардчиллын институциуд, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, улс төрийн намуудын төлөвшлийг дэмжих, сонгогчдын оролцоо, төлөөллийг дэмжсэн ач холбогдолтой тогтолцооны шинэтгэл хийх, намууд болон улс төрчийн хариуцлага, соёлыг төлөвшүүлэх, энэ чиглэлээр санаачлага гаргах хэрэгтэй байгаа тул энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгааг тэд онцолж байлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн сонгуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Саймон Алексис Финли “Ази дахь сонгуулийн хүчирхийллийг тайлбарлах нь” сэдвээр хийсэн судалгааны ажлаасаа уулзалт, ярилцлагад оролцогсдод танилцуулав.

1980-аад оны сүүл үеэс Азийн олон орон коммунист, мөргөлдөөнт нийгмээс салж, ардчилал руу шилжиж эхэлсэн билээ. Ардчилсан тогтолцооны тэлэлт эрчимтэй өрнөснөөр 1990-2010 оны хооронд сонгуульт ардчилсан орны тоо 76-аас 116, дэлхийн нийт улс орны доторхи ардчилсан орнуудын хувь 41 байснаа 60 болж нэмэгдсэн байна. Үүний нэг нь болох Монгол Улс 1990 онд хууль тогтоох байгууллагаа анх удаа чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулсан юм.

Эдгээр орнууд эхэн үедээ сонгуулийг ардчиллын төгс зорилго, цэргийн болон коммунист дэглэмээсээ ардчилал руу шилжих эцсийн буудал гэж ойлгодог байсан. Тийм учраас сонгуульт ардчилал тооны хувьд өссөн атлаа ихэнх нь ардчилалд жинхэнэ утгаараа шилжиж, улс төрийн оролцоог өргөжүүлэх, төлөөллийг сайжруулах, сонгуулийг Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх хариуцлагын легитимт хэрэгсэл болгох зэрэг ардчилсан өөрчлөлтийг өргөн хүрээнд хийж чадаагүй.

Гэвч ардчиллын үнэт зүйлс нь чөлөөт, ардчилсан сонгуулиар дамжин бэхжих нь гарцаагүй бөгөөд үүнд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа улстөрчдийн үүрэг их. Эцсийн дүндээ сонгууль бол ардчилсан засаглалыг бэхжүүлэх нийгэм-улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл юм. Гэтэл улс төрийн институциудын төлөвшил сул, хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, ардчилсан засаглал бэхжээгүй улс орнуудад сонгууль нь иргэдийг талцуулах, эмх замраагүй байдал үүсгэх, улстөрчид болон намууд эрх мэдэл, ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгож байгаа нь сонгуульт ардчиллын мөн чанарыг сулруулж байна.

Сонгуулийн үеийн зөрчилдөөнөөс сэргийлэх гол нөхцөл нь сонгуулийн үйл ажиллагаа, түүний үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд зөвхөн техникийн хөгжил, ил тод байдал хангалтгүй бөгөөд улс төр, эрх зүйн шинэчлэл, олон нийтийн болон иргэний нийгмийн өргөн оролцоо, боловсрол шаардлагатай. Өнөөдрийн уулзалт ярилцлагад танилцуулж буй Азийн орнуудын ардчиллын төлөв байдал, сонгуулийн үеийн зөрчилдөөнийг хязгаарлахын тулд сонгуулийн техникийн болон улс төрийн талыг хөндсөн шинэтгэл хэрэгтэй юм. Ялангуяа сонгуулийн булхай, хүчирхийлэл газар авсан орнуудад улс төрийн намууд туйлын чухал үүрэгтэйг судлаач хэллээ.

Иймд намууд сонгуулийг “ялалт бүхнийг авдаг” мажоритариас сонгогчдын оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхүйц систем болох пропорциональ тогтолцоо руу шилжүүлэх шинэтгэл хийх нь чухал юм. Мөн сонгуулийн үеэр гаргах маргаан, будлиуныг түргэвчилсэн аргаар шийдвэрлэх аргачлалыг хуульчлах нь ирээдүйд үүсэх зөрчилдөөнөөс урьдчилсан сэргийлэх, улмаар ардчилсан сонгуулийн үнэ цэнийг хадгалах, нийгмийн эв нэгдлийг хангах, намуудад улс төрийн соёл төлөвших боломж олгох юм гэдгийг тэрээр онцолж байв.

Судлаачийн танилцуулга болон уулзалт, ярилцлагын сэдэвтэй холбогдуулан дараа нь асуулт, ярилцлага үргэлжилж улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл сонгуулийн үеийн будлиан, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн урьдчилан сэргийлж таслан зогсоох чиглэлээр санал бодлоо хуваалцав.

Уулзалт, ярилцлагыг хааж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, УИХ сонгуулийн хуулийн шинэтгэл хийхээр хуулийн төслөө хэлэлцэж буй энэ үед ийм уулзалт, ярилцлага хийж бусад орны туршлага, сургамж, дүгнэлттэй танилцаж байгаа нь бидэнд ч бас сургамж, санаа авах ач холбогдолтой юм гэдгийг тэмдэглэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.