2011.10.27
Д.Оюунхорол: Нийгэм эмэгтэйчүүдийг захиалж байна
УИХ-ын гишүүн Д. Оюунхоролтой Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх квотын талаар ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байгаа. Гэвч энэ асуудал зүүд болж хувирсан тухай яриа байна. Үнэхээр хүнд байдалд байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Хүнд байдалд байна.-Тэгэхээр нэмэгдүүлэх боломж юу бий юу. Юунаас шалтгаалаад байна вэ?
-Мэдээж Сонгуулийн тухай хуулиас шалтгаалж байгаа. Ямар зүйл тулгарч буйг тайлбарлахын тулд Сонгуулийн тухай хуулийг ярих хэрэгтэй болж байна л даа. УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ид хэлэлцэж байна. Энэ явцад гарч байгаа хамгийн том асуудал бол тогтолцоо. Улс төрийн намууд үүнд санал нэгдэж, зөвшилцөж чадахгүй байна. Манай улс Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүнийг Монгол Улсын иргэн шууд сонгоно гэсэн мажоритар системтэй.Тэгэхээр Үндсэн хуулийнхаа энэ заалтыг зөрчихгүйгээр бид яаж пропорциональ элементийг авч УИХ-ын гишүүдээ бүрдүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна л даа.
Улс төрийн намууд, УИХ-ын гишүүдэд ч Сонгуулийн тухай хуулийг өөрчилье гэсэн эрмэлзэл байна. Гэвч өнөөдөр Үндсэн хуулийнхаа заалтаас шалтгаалаад мажоритар системийг авахаар болчхоод байна. Яагаад гэхээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа алга, дээрээс нь Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн. Нэгэнт суурь хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй юм чинь одоогийн байгаа хуулийг бусад хууль нь дагаж гардаг зарчимтай, түүгээрээ л явна. МАН-ын бүлгийн хурлаар 48:28 гэдэг тоонд тогтсон. Харин жижиг тойргоо хуваахгүй гэдгээ Ардчилсан нам мэдэгдчихлээ. Үүнээс болоод бидний шийдэх гээд байгаа зүйл маань чиний хэлдгээр улам л мухардал руу яваад байгаа юм.28 гэдэгт манайх намаа дугуйлъя гэж санал нэгдсэн.
Ингэснээрээ квотын асуудлыг ярих боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ 28-д пропорциональ элементийг оруулчхаар эмэгтэйчүүдийн квот 15 хувь гэж үзвэл нам болгоноос 7-8 эмэгтэй орох боломжтой. Ингэснээр парламентад орох эмэгтэйчүүдийн тоо, төлөөллийн ардчиллыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахад улс төрийн бодлого боловсруулах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх юм. Гэтэл үүнийг бид хийж чадахгүй байна.-Хоёр нам энэ тооны харьцаанд нэг нэгэндээ буулт хийхгүйгээр гэдийчихлээ. Үүнээс болоод энэ хууль гацчихаад байгаа нь ойлгомжтой.Тэгвэл цаашдаа энэ чигээрээ гацаанд орчих юм биш биз дээ?
-Улс төрийн намуудад эрх ашиг бий. Гэхдээ энэ асуудлыг дахин ярина.Төрийн байгуулалтын байнгын хороонд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ долоо хоногт хэлэлцэж шийдэлд хүрэх болов уу. Уг нь, энэ хуульд ахиц гарч байгаа. Ер нь, энэ хууль төрт ёсны зүйл болон цаг үеийн асуудлуудыг гээхгүй байх ёстой. Ийм үед холимог тогтолцоогоор сонгуульдаж, парламентын гадна байгаа иргэний нийгмийнхний дуу хоолойг сонсох хэрэгтэй юм болов уу гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ хамгийн гол нь сонгогчдын төлөөллийг хангасан хэлбэрээр сонгууль явах нь чухал л даа.-Пропорциональ тогтолцоог зарим хүмүүс буруу гэж үздэг шүү дээ. Тухайлбал, нам доторх авилгыг дэлгэрүүлдэг гэхчлэн шүүмжлэл бий?
-Чуулганы завсарлагаанаар сонгогчидтой уулзаад явж байхад мажоритар системээр сонгууль явуулах нь зөв гэж үздэг нь харагдсан. Гэтэл улс төрчид пропорциональ систем нь хэрэгтэй гэж яриад байгаа. Тэгэхээр хамгийн гол сонгуулийг будлиангүй, шударга явуулах тийм л боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Энэ удаагийн хуулиар хариуцлагын системийг чангалж өгсөн. Сонгуулийн хууль зөрчинө гэдэг бол Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг.-Тэгэхээр манай улсад яг ямар систем нь таарах юм бэ?
-Тийм систем нь хамгийн сайн гээд дэлхийд шалгарсан хувилбар байхгүй. Аль аль системээр л явуулж байгаа. Пропорционалиар явуулдаг нь төлөөллийн ардчиллыг оруулах давуу талтай. Гэхдээ аль ч тогтолцоонд эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөнө. Одоо ямар ч тогтолцоогоор сонгууль явуулсан эмэгтэйчүүдийн парламентад орж ирэх боломж нэмэгдэнэ гэж би хувьдаа үзэж байгаа. Одоогийн Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг 20 хувь болгоё гэдгээ намын бүлгийн хуралд тавьсан. Нам бүрээс доод тал нь 15 хүн нэр дэвшүүлнэ гэж үзвэл УИХ-д багагүй суудал авах боломжтой. Гэхдээ энэ бол сонгогчдоос шалтгаална.-Тэгэлгүй яах вэ. Сонгогчдын дунд УИХ-ын гишүүнийг эрэгтэй хүнээр төсөөлдөг мухар сүсэг байсаар байна. Тэгэхээр хамгийн гол нь сонгогчдын сэтгэлгээг өөрчлөх нь чухал биш үү?
-Санал нэг байна. Монгол Улсад эцгийн эрхт ёс давамгайлж байсан болоод ч тэр үү улс төрд, эрх мэдэлтэй эрчүүд давамгайлж байна л даа. Түүнээс мэдлэг боловсрол, чадалтай эмэгтэйчүүд байна. Тэдэнд хамгийн гол нь хууль эрх зүйн орчин, мөнгө саад болоод байгаа. Өнөөдөр бүх л салбарт эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрдэг. Гэлээ гэхдээ эрчүүдээ хүндлэхгүй бай гэж байгаа юм биш. Эрчүүдгүйгээр энэ төрийг төсөөлөх аргагүй.-Гэхдээ УИХ-д эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг олон байгаа байх. Та үүнийг олж харсан байлгүй?
-Эмэгтэйчүүдийн нүдээр харж шийдвэрлэх асуудлууд байна. Үүнд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг хоёр, гуравхан эмэгтэй гишүүд мэдэрч байгаа. Тэгэхээр ядаж УИХ-д 10 суудалтай, бүлэгтэй болох юмсан гэж мөрөөдөж л байна шүү дээ. Өнөөдөр жендер, квотоос гадна маш олон асуудал бий. Тухайлбал, эмэгтэйчүүд ядууралд хамгийн их өрдөг, олон эмэгтэй өрх толгойлж байна. Гэр бүлийн хариуцлагаас зугтаж байгаа энэ эцгүүдэд тооцдог хариуцлага нь цалингийн 20 хувиар хүүхдэдээ тэтгэмж олго гэдэг хуулийн заалтаас өөр зүйл алга.-Эмэгтэйчүүд мөнгөгүй болохоор улс төрд орж чаддаггүй гэх гомдол байдаг. Тэгвэл өнөөдөр улс төрд ороход мөнгө чухал уу. Эмэгтэйчүүдэд яг ийм асуудал тулгараад байгаа хэрэг үү?
-Нийгэм эмэгтэйчүүдийг захиалж байгааг би харж байна. Олон улсын судалгааны дүн үүнийг баталсан. Ардчилсан сонгуулийг таван удаа өгөхөд мөнгөөр үнэлэгдсэн сонгууль байсан. Үүнийг нуух аргагүй. Байгаа алдаагаа засахын тулд сонгогчдоос л шалтгаална. Мөнгөөр, өнгөөр үнэлэгдсэн үнэлэмжээ иргэд өөрчлөх юм байна. Ингэвэл эмэгтэйчүүдийн үнэлэмж дээшилнэ. Эмэгтэйчүүдийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор тогтоодог олон улсын туршлагаас харахад манай улс дэлхийн 133 орноос 127 дугаар байрт орсон. Энэ бол Арабын алчууртай эмэгтэйчүүдээс доогуур үзүүлэлттэй, Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлж чадахгүй л байгаа юм. Төрийн хэрэгтэй хатан ухаан, хааны ухаантай адил хэрэгтэй. Тиймээс үүнийг эрчүүд маань хүлээн зөвшөөрч, квотыг хуульчлах л хэрэгтэй.-УИХ-д эмэгтэйчүүд хэдэн хувьтай байвал зохистой юм бол?
-Өмнө нь 30 хувьтай байна гэж хууль батлуулчхаад тэрийгээ 2008 оны сонгуулиар баллуурдчихсан. Тиймээс одоогийн тэг хувиа шат дараатай өсгөх зорилгоор 10, 20 цаашлаад хувиа нэмэгдүүлэх зарчим барьж байгаа юм.-Тэгвэл парламентад сонгогдох лидер эмэгтэй хэр олон байгаа вэ?
-Мэдлэг боловсролтой, чадвартай эмэгтэй олон. Гэхдээ эмэгтэйчүүд маань бэлтгэгдэх хэрэгтэй. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүд бие биенээ хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах сэтгэлгээний өөрчлөлтийг хийх нь зөв.-Өнөөгийн парламентад эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа гишүүн хэр олон байгаа вэ. Ямар ч гэсэн Ж.Сүхбаатар гишүүн дэмжиж буйгаа илэрхийлсэн?
-Ер нь, бий. Жендерийн мэдрэмжтэй, улс төрийн соёлтой эрчүүд олон шүү. Мэдрэмжгүй нь ч байгаа.-Аль нь давамгайлж байгаа бол?
-Бүлгийн 45 гишүүний 40 нь дэмжье гэсэн хандлагатай шүү. Бараг 80-90 хувь нь гэсэн үг.-Тэгэхээр гэрэл харагдаж байна аа?
Тийм шүү. Гэхдээ ерөөсөө дэмжихгүй гэсэн 5-6 хүн байгаа л даа. Гэхдээ тэднийг нэрлэх нь утгагүй. Ардчилсан намд ч дэмжье гэсэн хүн байгаа шүү. Тэгэхээр энэ удаагийн парламент жендерийн 20 хувийн квотыг дэмжих байх гэсэн горьдлоготой л байна.-2015 он гэхэд парламентын 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн зорилт биелэх нь ээ?
-Бараг биелэнэ гэсэн үг. Эхний алхмыг нь хийчихвэл цаашдаа ахиулах боломжтой. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжээд эхэлнэ. Энэ хуульд заасан квот биелээд явах боломжтой. Ингэхийн тулд бид маш их ажиллана. Ирэх сарын 11-нд, "Монголын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" гэсэн 1000 эмэгтэйг оролцуулсан форум зохион байгуулах гэж байна.-Парламентын гишүүдийн тоог 99 болгоно гэж ярьж байгаа. Хэрэв ингэвэл эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь нэмэгдэх үү?
-Тоо чухал биш л дээ. Нийгэм ч хүлээж авахгүй. Ер нь, толгой нь зантайгаад байвал төсвийг үрэлгэн байдлаар зарах болно. Тиймээс аль болох чадварлаг цомхон л байх ёстой. Өөрөөр хэлбэл, тоонд нь бус чанарт нь хандах хэрэгтэй.-Олон улсын түвшинд эмэгтэйчүүд улс төрд байр суурьтай болсон сонгодог жишээтэй улс байна уу. Бид тэр улсын сонгуулийн хуулийг системийг нэвтрүүлж болохгүй юу?
-Скандиновын орнууд л парламентад олон суудалтай. Европын улс оронд ч бий. Тэд эмэгтэйчүүдийн квотыг хуульчилсан байдаг юм. Тэр байтугай БНХАУ ч гэсэн эмэгтэйчүүдийн квоттой шүү дээ. Нэг намын тогтолцоотой гэж яриад байсан чинь үүнийг хуульдаа хатуу заагаад өгчихсөн. Бангладешт эмэгтэйчүүдэд зориулсан банк байгуулсан байдаг юм. Ингэснээр тэр улс ядуурлаас гарсан байх жишээтэй. Эмэгтэйчүүд яг хэлсэн ярьсандаа байж чаддаг учраас тэр банк ашигтай байсан. Энэ тухайгаа эмэгтэйчүүдийнхээ форумд хөндөж ярина.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.