Жаклин Кеннеди: “Кеннеди өөрийг нь хороож болзошгүй талаар гунигтай хошигнож байсан”
Жаклин Кеннеди найман цагийн турш өөрийн амьдралын тухай Америкийн ерөнхийлөгчийн туслах Артур Шлезингерт ярьжээ. Бичлэгийг 1963 онд Далласт Кеннедийн амь насанд халдсанаас хойш дөрвөн жилийн дараа талийгаач ерөнхийлөгчийн гэргийн гэрт хийсэн байна. Ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий хар арьст америкчуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг “аймшигтай хүн” гэсэн бол АНУ-ын дэд Ерөнхийлөгч Линдон Жонсон болон дэлхийн бусад удирдагчийн талаар таагүй сэтгэгдэлтэй үлдсэн тухай ярьсан байна. Тэрчлэн Кеннеди өөрийг нь хороож болзошгүй талаар гунигтай хошигнож байсан тухай тэрбээр ярьжээ.
Тэргүүн хатагтай асан өөрийг нь нас барснаас хойш олон жилийн дараа нийтэлнэ гэсэн болзолтойгоор өөрийн дурсамжаас хуваалцахыг зөвшөөрсөн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий 1994 онд нас баржээ. “Биеэ тоосон” де Голль ба “бүдүүлэг” Индира Ганди Техасаас гаралтай Линдон Жонсоныг өмнөд муж улсуудын төлөөлөгчийг багтаа байлгахын тулд АНУ-ын дэд Ерөнхийлөгч болгосон талаар түүний нөхөр хорсолтойгоор хошигнож байсныг Жаклин Кеннеди ярьжээ. “Бурхан минь, Линдон ерөнхийлөгч болсон бол энэ улсад юу болох байсныг төсөөлөхөд ч хэцүү байна” гэж тэрбээр ярьжээ.
Тэрчлэн Жаклин хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн тэмцлийн тухай таатай зүйл мөн л ярьсангүй. “Миний санаж байгаагаар, Карибын хямралыг амжилттай давсны дараа Жек надад: “Хэрвээ хэн нэг нь намайг буудахыг хүсвэл үүнийгээ гүйцэлдүүлэх хамгийн тохиромжтой боллоо” гэж надад хэлж байсан. Жаклин Кеннедийн дурсамжаас Ерөнхийлөгч Жон Кеннедиг оршуулахад Мартин Лютер согтуу ирээд хамба лам Ричард Кушингийн хийсэн үйлдлийг шоолон доог тохуу хийж байсан тухай хадам ах Роберт Кеннеди ярьсныг Жаклин дурсан ярьжээ. “Тэр хамба лам Кушингаар доог тохуу хийсэн, оршуулгын ажил дээр согтуу байсан гэж сонссон.
Мартин Лютер Кингийн зургийг харж, түүнийг муухай хүн гэдгийг бодохгүй байж чадахгүй нь” гэж Жаклин Кеннеди нотлон ярьсан байна. Кеннедийн бэлэвсэн гэргий дэлхийн зарим удирдагчийг маш муугаар дүгнэжээ. Францын Ерөнхийлөгч Шарль де Голлийг Жаклин “биеэ тоосон” бөгөөд “ёжтой“ хүн, харин Энэтхэгийн ирээдүйн ерөнхий сайд Индира Гандиг “нэлээд бүдүүлэг, хилэгнэсэн, аймаар эмэгтэй” гэсэн байна.
“Шургалан орогч гэзэгтэй хүн”
Тийм амар Кеннеди овогтон болоогүй гэж Жаклин ярьжээ.“Би түүний эмзэг газар нь байлаа. Бүгд л намайг улс төрийг үзэн яддаг, франц хувцас өмсдөг их гэзэгтэй Ньюпортын айхтар шургалан орогч мэтээр хүлээн авдаг байсан” гэж Жаклин дурсав.
Гэхдээ Кеннедиг Ерөнхийлөгч болоход байдал дээрджээ. “Бид Цагаан ордонд нүүж очиход миний урьд өмнө хийж байсан бүхэн гэнэт гайхалтай болж, тэгэхэд тэр /Жон Кеннеди/ мөн л сэтгэл хангалуун болж, надаар бахархах болсон. Тэгэхэд надад сайхан санагдах болсон бөгөөд энэ нь бидний хамгийн аз жаргалтай он жилүүд байлаа” гэж Жаклин ярьсан байна. АНУ болон ЗСБНХУ атомын дайны ирмэгт байсан 1962 оны Карибын хямралын үеэр нөхөртэйгөө их ойр дотно байснаа тэрбээр дурсчээ.
Америкийн зарим түшмэд эхнэрээ аюулаас аль болох хол явуулсан байхад тэргүүн хатагтай явахаас татгалзсан байна. “Хэрвээ ямар нэг юм болбол, Цагаан ордны хоргодох байранд багтах газаргүй байсан ч бид бүгд энд, чамтай хамт байх ёстой. Би чамтай хамт баймаар байна, чамтай хамт үхмээр байна. Хүүхдүүд ч мөн адил. Энэ нь чамгүй амьдарснаас дээр” гэж Жаклин ерөнхийлөгчид хэлжээ.
Гунигтай хошигнол
Нөхөр нь өөрийнх нь амийг хороож болзошгүй талаар хошигнож байсныг Жаклин мөн дурсан ярив. Америкийн эрдэмтэн, Принстоны их сургуулийн түүхчтэй ярьж байхдаа Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны өвийн тухай дурсаж байжээ. Амь насанд нь халдаагүй бол Линкольн агуу ерөнхийлөгчийн хувиар түүхэнд мөнхрөх байсан эсэх талаар улс төрч сонирхсон аж. Эрдэмтэн үгүйсгэж, Иргэний дайны дараа улс орноо сэргээн босгох үйл явцын үед Линкольны нэр хүнд зайлшгүй унах байсныг тайлбарлажээ.
“Карибын хямрал сайн сайхнаар дууссаны дараа Жек надад: “За одоо хэн нэг нь намайг буудахыг хүсч байгаа бол хүслээ гүйцэлдүүлэх хамгийн тохиромжтой мөч ирлээ” гэж байсныг би санаж байна” гэж Жаклин Кеннеди дурсан ярьжээ. Шлезингерт өгсөн яриаг үндэс болгон бичсэн “Жаклин Кеннеди: Жон Ф.Кеннедийн амьдралын тухай түүхэн яриа” ном есдүгээр сарын 14-нд гарсан байна.
Жаклин Кеннеди
- Жаклин Ли Бувье 1929 оны долдугаар сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк муж улсын Саутгэмптон хотод мэндэлжээ.
- 1953 оны есдүгээр сарын 12-нд Род-Айленд муж улсын Ньюпорт хотноо сенатч Жон Ф.Кеннедитэй гэрлэсэн байна.
- 31 настайдаа АНУ-ын тэргүүн хатагтай болсон. -1956 онд анхны хүүхэд нь амьгүй төрөв.
- 1957 онд охин Кэролайн, 1960 онд хүү Жон нь төрсөн байна. Түүний хоёр дахь хүү Патрик нь 1963 онд төрөөд хоёр хоногийн дараа нас баржээ.
- Тэр жил /1963 он/ нөхрийнх нь амийг хороосон байна.
- 1968 онд Грекийн хөлөг онгоцны эзэн, хэт саятан Аристотель Онассистай гэрлэж, 1975 онд бэлэвсэрчээ.