Дарангуйлагчдын эхнэрүүд гэж хэн бэ?
2011.05.13

Дарангуйлагчдын эхнэрүүд гэж хэн бэ?

Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудыг нөмөрсөн ард олны бослого хөдөлгөөн, Ливийн удирдагч Каддафийн эргэн тойрон дохь эцэс төгсгөлгүй мэтгэлцээнүүд сүүлийн саруудад хэвлэлүүдийн гол мэдээ болж байгаа билээ. Дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн ийм үйл явдал өдөр бүр өрнөх нь нөгөө талаасаа дарангуйлагчдын “дураараа туйлсан дэглэмийн” тухай асуудлыг сөхөхөд хүргэдэг. Ингээд дарангуйлагчдын эхнэрүүд гэж чухам ямархуу хүмүүс байдаг болох талаар дурдъя.

1. Сафия Фаркаш нь Муамар Каддафийн хоёр дахь эхнэр бөгөөд цорын ганц охин болон долоон хүүгийн зургаагийнх нь эх юм. Сафия Ливийн удирдагчийг мухар олгойн хурц үрэвслийн мэс засал хийлгэсний дараа түүнийг асарч байсан бөгөөд тэд 1971 онд гэрлэжээ. 

Одоо НҮБ Сафиягийн дансыг хаахаар төлөвлөж байгаа юм. Хэмжээлшгүй их хөрөнгөө нөхрийнхөө дэглэмийг дэмжихэд зарцуулж магадгүй гэж болгоомжилж байгаа ажээ. Хатагтай Фаркаш яг хэдий хэмжээний хөрөнгөтэй болох талаар тодорхой мэдээлэл байдаггүй ч доод тал нь 30 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй гэж "Evening Standard" сонинд бичжээ. Мөн 20 тонн алт түүний нэр дээр байдаг ба “Buraq Air” компани түүний мэдлийнх гэж ярилцдаг.

2. Сюзанн Мубарак. Америкийн “Huffington Post” сонинд бичснээр, Египетийн
түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Хосни Мубаракийн эхнэр өөрийн өвөрмөц хэв маяг болон Клинтоны гэр бүлтэй найз гэдгээрээ алдаршжээ.
Британи гаралтай Сюзанн Каир хотын Америкийн их сургуулийг дүүргэсэн байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулсныхаа төлөө олон шагнал хүртжээ. Сюзанн нөхрийнхөө ажилд төдийлөн оролцдоггүй байна. Гэхдээ нөхрийгөө албан тушаалаасаа буух үед хүү Гамаль нь төрийг удирдах ёстой гэсэн санааг байнга гаргадаг байжээ.

3. Асма аль-Асад. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын эхнэр 1975 онд Их Британид төржээ. Лондоны хатан хааны коллежид суралцаж, банкны мэргэжил эзэмшсэнийхээ дараа Нью-Йорк хотод шилжин очсон байна. Ирээдүйн нөхөртэйгөө Лондон хотод танилцжээ. Тэр үед Башар аль-Асад Лондон хотод нүдний эмчийн мэргэжлээр суралцаж байсан аж. Асма 2000 онд Сирийн тэргүүн хатагтай болсон байна.

“Vouge” сэтгүүл түүнийг “бүх тэргүүн хатагтай нараас хамгийн дур булаам дэгжин нь” бөгөөд “цөлийн сарнай” хэмээн нэрлэжээ. Харин Асма “нөхрийнхөө дэглэмд орчин үеийн дүр төрх оруулахыг” хүсдэгээ ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байна. Түүний гол зорилго нь Сирийн 18-наас доош настай хүүхдүүдийг нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг болгохын тулд тэдний үзэл санааг өөрчлөх явдал юм.

4.Лейла Трабелси. Тунисын Ерөнхийлөгч асны эхнэр 53 настай Лейла Трабелсигийн амьдралын түүхийг үнсгэлжингийн үлгэртэй зүйрлэдэг. Жимсний худалдаачны охин тэрбээр дунд сургуулиа төгсөөд үсчнээр ажилладаг байжээ. Анхныхаа нөхрөөс салсныхаа дараа тухайн үед Тунисын Дотоод хэргийн сайд байсан Зин аль-Абидин бен Алитай танилцсан байна. Тэгэхэд бен Али эхнэр, гурван хүүхэдтэй байсан боловч Лейлаг болзоонд урьдаг байв. Лейла хөл хүнд болж, бен Алиг Ерөнхийлөгч болсны дараа тэд гэрлэжээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Лейла болон түүний 10 ах, эгч нар Тунист нэгэн төрлийн мафийн сүлжээ байгуулсан байна.
Нэгдүгээр сард ард олны бослого гарсны дараа хатагтай бен Али улсынхаа алт, валютын нөөцийн дөрөвний нэг буюу 1,5 тонн алтыг хулгайлан зугтжээ.

5.Симон Гбагбо. “Гардиан” сонин Кот-д'Ивуарын Ерөнхийлөгч асан Лоран Гбагбогийн 61 настай эхнэрийг “Халуун орны Хиллари Клинтон” гэж нэрлэжээ. Харин Симоны өрсөлдөгчид нь түүнийг “цуст хатагтай” гэж нэрлэдэг байна. Чухам таван хүүхдийн эх Симоныг "Улсын их хамба" гэж үздэг ажээ.


6.Азам аль-Садат Фарахи. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын эхнэр нөхрийн хамт олны өмнө гарах нь ховорхон байдаг. Фарахи 2009 онд Ром хотноо НҮБ-ын өлсгөлөнтэй тэмцэх асуудлаарх чуулган болохын өмнө анх удаа нийтийн өмнө гарчээ.

7.Грейс Мугабе. Грейс бол Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн хоёр дахь эхнэр юм. 1996 онд тэдний тансаг хурим болж, хэвлэлүүд “зууны хурим” гэж нэрлэсэн билээ. Грейс Ерөнхийлөгчтэй гэрлэхээсээ өмнө түүний нарийн бичгийн дарга байсан бөгөөд төрийн тэргүүнд хоёр хүүхэд төрүүлж өгчээ. “Christian Science Monitor” сэтгүүлд бичсэнээр, 2010 оны сүүлчээр Грейс нэгэн нэртэй сониныг шүүхэд өгч, 15 сая доллар нэхэмжилжээ. Уг сонинд Грейсийг алмаазны хууль бус наймаанд оролцсон тухай Викиликс сайтын материалыг нийтэлсэн байжээ.


8.Гүнж Лалла Сальма. Компьютерын инженер Лалла Беннани 2002 онд 24 настай байхдаа Марроккогийн хаан VI Мухаммедтай гэрлэжээ. Тухайн үед Мухаммед тогтсон уламжлалыг зөрчиж, олны өмнө түүнийг эхнэрээ хэмээн зарласан байна. Маррокод хаадын хурим нь улсын нууцад хамаардаг бөгөөд тэдний эхнэрүүдийн хэн болохыг нь нууцалдаг ажээ. Гүнж Лалла хорт хавдартай тэмцэх буяны байгууллагыг ивээн тэтгэдэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.