19 эмэгтэй төр түшилцжээ
2010.10.19

19 эмэгтэй төр түшилцжээ

Он цагийн түүхийг эргэн сөхвөл 1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллагад 19 эмэгтэй давхардсан тоогоор нийт 30 удаа сонгогдон ажиллажээ. Улсын Бага Хурлын анхны гишүүдийн тоонд хоёр эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол, 1996- 2000, 2000-2004 оны УИХ-д тус бүр найм буюу хамгийн олон эмэгтэй гишүүд төр барилцаж байв. Монгол Улсын Их хурлын гишүүнээр Т. Ганди, С.Оюун нар дөрвөн удаа, Д.Арвин гурван удаа, Д.Туяа, Д.Оюунхорол нар хоёр удаа сонгогдож байв. Мөн түүнчлэн С.Оюун, Д.Туяа нар УИХ-ын нөхөнсонгуулиар сонгогдож байжээ.С.Оюун УИХ-ын дэд даргаар, Д.Мөнхөө, Т.Ганди, Х.Хулан, Ч.Отгонбаяр, Р.Нарангэрэл, Б.Мөнхтыуяа, Д.Оюунхорол нар УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэд нийгмийн бодлого, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль зүйн байнгын хороодыг удирдаж байсан нь хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо асар их байсныгхаруулж байна. Мөн Т.Ганди Эрүүл мэндийн сайд, С.Оюун Гадаад хэргийн сайд, Д.Туяа Эрүүл мэндийн сайд, Н.Болормаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Б.Долгор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Одоо Т.Ганди Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албыг хашиж байгаа юм. Одоогийн УИХ гурван эмэгтэй гишүүнтэй. Тэдний нэг нь Д.Арвин гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар ажиллаж байна. Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль эрх зүйн чиглэлээрманлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

УИХ-ын гишүүн С.ОЮУН


Монголын ардчилал, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун 1998 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд парламентын цөөхөн бүсгүйчүүдийн төлөөлөл болсоор арван оныг үджээ. Монголын улс төрийн орон зайд Иргэний зориг хэмээх шинэ намыг 2000 онд тэрбээр нөхдийн хамт байгуулан, 2004-2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн даргаар ажилласан байна. 2006-2007 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга байсан С.Оюун 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашиж байв. Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан тэрбээр улс төрийн хатуу хөтүү орчинд өлчир сууж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын тогоонд чанагдаж яваа эрч хүчтэй бүсгүй. С.Оюун улс төрд хөл тавихаасаа өмнө 1988-1998 онд Монгол, Чехословакийн хамтарсан үйлдвэрт геологич мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 1990-1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн хийж байлаа. С.Оюун 1996-1998 онд Английн "Рио Тинто" компанид геологичиор ажилласан байна. "Зориг" сангийн тэргүүн, Монголын геологичдын холбооны тэргүүний сонгуульт ажилтай. Иргэний зориг намын дарга.

УИХ-ын гишүүн Д.АРВИН


Монголын цөөхөн улстөрч бүсгүйчүүдийн нэг. Байнгын ажиллагаатай парламентад гурав дахь удаагаа сонгогдсон. 2009 оны 12-р сараас УИХ-ынНийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгынхорооны даргаар ажиллаж байгаа.УИХ-ын Төсвийн байнгынхорооны гишүүн, УИХ дахь Монгол-Итали, Монгол-Буриадынпарламентын бүлгийн дарга.Тэрээр 1981- 1987 онд Ардын Армийн 221,162-р ангиудад ХЗЭ-ийн Хорооны нарийн бичгийн даргаар ахлах дэслэх цолтойгоор ажилласан. 1987- 1991 онд Эх Нялхсын Эрдэм шинжилгээний Төвийн ХЗЭ-ийн Хорооны нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хороонд эвлэлийн ажилтнаар ажиллаж байсан. 1991-2000 онуудад Барилга, Худалдаа, Аялал Жуулчлалын "Их Өргөө" компанийн захирлаар ажиллаж байжээ. Сонгуульт ажил гэвэл Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн. Монгол-Италийн парламентын бүлгэм, Монгол-Оросын парламентын бүлгэмийн гишүүн, Монгол-Буриадын Парламентын Бүлгэмийн дарга, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны дарга, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгч гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Залуус сан"-гийн тэргүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт Эмэгтэйчүүд Комиссын дарга, "Эмэгтэйчүүд Эв Нэгдэл" хөдөлгөөний тэргүүн.

УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ


Сургууль төгссөн залуухан бүсгүйн очиж ажилласан анхны газар нь нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд /1986-1987/ сургууль байлаа. Тэнд Оюунхорол математикийн багш хийж байв. Математик бол бүх шинжлэх ухааны оргил нь болохоор хүүхдүүдэд хичээлээ тааруухан заах эрх байхгүй. Ер нь энэ түүний зарчим.Хожим Монголын анхны хувийн дээд сургууль байгуулж, эх орондоо эрдэм мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж байх үедээч ингэж бодож, бас багш нартаа захидаг байж. Д.Оюунхорол ердөө жилийн дараа л 26 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр/ 1987-1989/ дэвшин ажилласан байна. Тун удалгүй Туул хорооны ХЗЭ-ийн хорооны дарга болов.Энэ бол 1989-1990 он байлаа. Энэ он жилүүд олон монгол залуусын хувь заяанд өөрчлөлт, шинэ шийдэл авчирч байсан үе. Нийслэлийн 10 жилийн 32 дугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр жил хэртэй томилогдон ажилласан Д.Оюунхорол өөрийн санаачлан байгуулсан Отгонтэнгэр дээд сургуулийн ректороор 1991-2000 он хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Дараа нь тэрээр "Отгонтэнгэр"тээ эргэж ирсэн. Харин 2008 онд Д.Оюунхорол УИХ-ын сонгуульд нэр дэвшин дахин ялалт байгуулж, Завхан аймгаас сонгогдсон юм.

Т.ГАНДИ


1992-1996,1996-2000,2000-2004,2004-2008 онуудад пapламентын гишүүнээр ажиллаж байсан. 2000-2004 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2006-2008 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байна.

Э.АЛТАНГЭРЭЛ

1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хоёрхон эмэгтэйн нэг нь. Тэрээр телевизэд олон жил ажилласан сэтгүүлч эмэгтэй байсан юм.

Д.АЛТАЙ



2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг.

Ж.БЯМБАЖАВ

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан хоёр эмэгтэйн нэг нь тэр юм. Мөн 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Н.БОЛОРМАА


2000-2004 оны УИХ-дсонгогдон ажилласан. МөнБоловсрол, соёл, шинжлэхухааны сайдаар ажиллаж байв. Одоо тэрээр төрийнбус байгууллагын сонгуульт ажилтай юм байна.

Н.ГЭРЭЛСҮРЭН

2000-2004 оны парламентад сонгогдон ажиллаж байсан. Тэрээр одоо Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Мөн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт Ерөнхийлөгчийн Сонгуультай. МАХН-ын дэргэдэх ёс зүйн хороо, ахмадын зөвлөлийн сонгуульт ажилтай.

Б.ДОЛГОР

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байна. Мөн Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн Үндэсний хорооны дэд даргын албыг давхар хашдаг.

Б.ДЭЛГЭРМАА


1996-2000 оны парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Одоо Норовбанзад сангийн тэргүүнээр ажиллаж байна. Ардчилсан хүчний холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн.

Д.МӨНХӨӨ


1990-1992 онд АИХ-ын депутат байсан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Монголын анхны Үндсэн хуулиар байгуулагдсан байнгын парламентын гишүүнээр ажиллаж байсан. Одоо Тал голомт" ТББ-ын тэргүүнээр ажилладаг.

Р.НАРАНЦЭЦЭГ

1996-2000 оны парламентад сонгогдон ажиллаж байсан. Энэ үеийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэдгээрээ онцлогтой. Тэрээр одоо ХААН банкинд Улаанбаатарын бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.

Б.МӨНХТУЯА


2004-2008 оны УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэрээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо тэрээр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг.

Р.НАРАНГЭРЭЛ

1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороог даргалж байсан. Мөн УИХ дахь олонхийн бүлгийн орлогч даргаар ажиллаж байв. Тэрээр одоо Иргэний боловсрол төвийн тэргүүнээр ажиллаж байна.

Ч.ОТГОНБАЯР

1996-2000 оны парламентад сонгогдон ажиллаж байсан. Хуульзүйн байнгын хорооны анхны эмэгтэй дарга байсан. 1997-1998 1999-2000 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв . Одоо Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүнээр ажилладаг.

Х.ХУЛАН

1996-2000 онд УИХ-ын гиш сонгогдон ажиллаж байсан. Тэрбээр тухайн үеийн парламентын байнгын хороог даргалж байв

Д.ТУЯА


Ш.Отгонбилэг агсаны эхнэр гэдгээр нь түүнийг илүүтэй тодотгодог. Парламентын гишүүн байх хугацаандаа Эрүүл мэндийн сайдын албыг хашсан. Тэрээр 2000-2004 болон 2004-2008 оны УИХ-д сонгогдон ажилласан. Одоо Эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай юм байна.

О.ЭНХТУЯА

Тэрээр 1996-2000 оны парламентад сонгогдон ажиллаж байсан. Тэрээр Эмэгтэйчүүдийн бүлгэмийн ахлагч, эмэгтэйчүүдийн кокус гэдгийг анх байгуулсан онцлогтой. Одоо Олон улсын байгууллагад ажилладаг байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.