153 жилийн тэртээ эмэгтэйчүүд  эрхийнхээ төлөө тэмцэж байлаа
2010.03.09

153 жилийн тэртээ эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байлаа

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн түүхтэй билээ. Харин эмэгтэйчүүдийн эрх ердөө 150 гаруй жилийн түүхтэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалт бүлгэм байгуулж байсан Клара Цеткин /Clara Zetkin/ хэмээх эмэгтэйтэй салшгүй холбоотой юм.

Эмэгтэйчүүд 16 цаг ажиллаж байхад Эрчүүд 10 цаг ажиллаж байв

1857 оны гуравдугаар сарын найманд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ.
1908 оны энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэх, ажлын цагийг багасгах, цалинг нэмэгдүүлэхийг шаардсан 15 мянган эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ. 

1909 онд Америкт Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэв


Америкын анхны социалист намаас 1909 онд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг анх удаа хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэж байжээ.  Энэхүү өдрийн 1913 оныг хүртэл хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэж байв. 
1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин хэмээх эмэгтэй гуравдугаар сарын наймны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалжээ.  Тэрээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлсэн байна. Түүниий уриа, саналыг дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна. 

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд энэхүү баярыг анх удаа тэмдэглэжээ

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд гуравдугаар сарын 19-ний өдөр Эмэгтэйчүүдийн  баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ.  Харин дараа нь 1912 оны тавдугаар сарын 12-нд уг баярыг тэмдэглэх болжээ.

1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Санкт Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны гуравдугаар сарын хоёронд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд гуравдугаар сарын найманд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна.

1917 онд Оросын эмэгтэйчүүд хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс дөрвөн хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-ны энэ түүхт өдөр нь өнөөгийн тоолол буюу Григорианы тооллоор гуравдугаар сарын найман байлаа.

1975 оноос хойш  гуравдугаар сарын наймны өдрийг жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.