Ард гаралтай тэд л хаан нөхрөө язгууртан болгосон -2
2011.05.10

Ард гаралтай тэд л хаан нөхрөө язгууртан болгосон -2

ГРЕЙС

Сүр жавхлант, эрхэмсэг үзэсгэлэнт хэмээн өнөө ч шагшигддаг Грейс Келли (1929-1982) Холливудын гүнж хэмээх алдраа 26 настайдаа жинхэнэ гүнж хэргэмээр сольсон юм. Ирланд, герман гаралтай, Филадельфид төрсөн тэрбээр 1956 оны дөрөвдүгээр сард Монакогийн хант улсын төрийн тэргүүн ханхүү III Реньетэй гэрлэжээ.

1955 оны дөрөвдүгээр сард Каннын наадамд оролцох Америкийн кино группыг ахлан Францад очихдоо III Реньетэй танилцсан тэрбээр "Могамбо", "Хөдөөний охин" зэрэг киногоор "Алтан бөмбөрцөг", "Оскар" хүртсэн цаг үеийнхээ агуу жижигчдийн нэг байв. Харин угсаа залгамжлах ханхүүтэй болохгүй бол Монако Францын нэг хэсэг болно гэсэн хуулиас эмээн эхнэр хайж байсан III Ренье үзэсгэлэнт Грейсийг хармагцаа л эрсэн хүнээ оллоо гэж бодсон гэдэг. Тэдний хуримыг өрнийн хэвлэл мэдээллийнхэн зууны хурим хэмээж байв.

Грейс гүнж Монакогийн тугаар тогтнолыг авраад зогсохгүй тус улсыг дэлхий нийтэд таниулсан юм. Хоёр охин, нэг хүү төрүүлсэн Грейс 1982 оны есдүгээр сард автомашины ослоор амиа алдсан билээ.

МАКСИМА



"Аргентинаас Нидерланд  хүрэх зам хэчнээн хол, хэцүүг зөвхөн Максима гүнж л мэднэ" гэж Максима Соррегьетаг Нидерландын угсаа залгамжлах ханхүү Виллем Александртай гэрлэхэд хэвлэлийнхэн онцолж байв. Үнэхээр ч алс нутгийн жирийн нягтлан бүсгүй эртний түүхт хөгшин Европт ирээдүйн хатнаар тодорно гэдэг орчин цагийн Үнсгэлжингийн адал явдал байлаа.

1999 онд Испанийн Севилль хотод ханхүүтэй танилцсан Максима өөрийгөө Александр хэмээн танилцуулсан шаргал үст эрийг ирээдүйн хаан гэж зүүдлээ ч үгүй гэдэг. Мадрид, Нью-Йоркоос эхэлсэн тэдний харилцаа хил дамнасан романс болоход олонхи нидерландчууд дургүйцжээ. Учир нь Максимагийн аав дарангуй бодлоготой байсан гэгддэг Аргентины Ерөнхийлөгч Хорхе Виделагийн Засгийн газарт Хөдөө аж ахуйн сайд байсан байна. Мөн зарим хуучинсаг үзэлтэн латин эмэгтэйг ирээдүйн хатнаа болгохыг дэндүү хэтийдсэн хэрэг гэж үзэж байв. Гэвч Нидерландын парламент удтал хэлэлцсэний эцэст ханхүүгийн Максиматай гэрлэх хүсэлтийг зөвшөөрснөөр дээдсийн хурим 2002 оны хоёрдугаар сарын 2-нд болжээ. Гурван гүнж төрүүлсэн Максима олон улсын хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог бөгөөд үзэл бодлоо илэрхийлэхээсээ хэзээ ч эмээдэггүй. Тэрбээр ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцдэг цөөн язгууртны нэг юм.

МЭРИ


Максима гүнжийнх шиг Үнсгэлжингийн мэт сайхан түүх Данийн угсаа залгамжлах ханхүүтийн эхнэр Мэрид мөн хамаатай. Австралид мэндэлсэн Мэри Дональдсон (1972) 2000 оны Сиднейн олимпийн үеэр ханхүү Фредериктэй танилцжээ. Тасманийн их сургуулийг худалдаа, хуулийн хос мэргэжлээр төгссөн тэрбээр ханхүүтэй танилцахдаа үл хөдлөх хөрөнгийн газар нягтлан бодогчоор ажиллаж байв. Олимпийн дараагаас ханхүү Фредерик ногоон тив рүү "гүйдэлтэй" болсон бөгөөд бүтэн жилийн дараа л Данийн хэвлэл мэдээллийнхэн ханхүүгийн аяллуудын учрыг мэдсэн гэдэг.

Мэри 2001 оны арван хоёрдугаар сард Европ уруу нүүж, Парист англи хэлний багшаар ажиллаж байгаад 2003 оны аравдугаар сард ханхүүтэй сүй тавьж, долоон сарын дараа хуримласан байна. Хоёр хүү, хоёр охин төрүүлсэн Мэри гүнж Британийн хаант төрийн адил ард түмний дунд нэр хүнд, сүр хүчээ алдаад байсан Данийн хаант засаглалын өнгө төрхийг өөрчилсөн гэгддэг. Өдгөө даничууд ирээдүйн хатнаа Диана гүнж, Жаклин Кеннедитэй адилтгадаг бол олон улс түүнийг өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй язгууртны нэгээр нэрлэдэг.

МАСАКО


Сэхээтэн гаралтай Масако Овада /1963/ Орос, Америкт амьдарч байсан, англи, францаар төгс ярьдаг, үеийнхээ япон эмэгтэйчүүдийн дунд онцгой боловсролтой нэгэн. Тэрбээр угсаа залгамзклах ханхүү Нарухитотой анх Токиогийн их сургуульд оюутан байхдаа буюу 1986 оны арваннэгдүгээр сард танилцжээ. Ханхүү, Масако хоёрын харилцааг хэвлэл мэдээллийнхэн ихэд онцолж байсан ч Масакогийн өвөө Минаматагийн гамшгийн буруутан "Чиссо" корпорацийн дарга байсан нь түүнийг сүйт бүсгүй болох магадлалтай эмэгтэйчүүдийн жагсаалтаас хасагдахад хүргэсэн байна. Гэвч тэдний романтик харилцаа чимээгүйхэн үргэлжилж, 1993 оны нэгдүгээр сард тэднийг сүй тавихад олон хүн гайхсан гэдэг.

Ихэс дээдсийн амьдралаас эмээсэндээ Нарухитогийн гэрлэх саналаас хэд хэдэн удаа татгалзсан Масако инээмсэглэсэн төрх, төв байдлаараа япончуудын сэтгэлийг даруйдаа татсан юм. Тэрбээр хааны гэр бүлд 2001 оны арван хоёрдугаар сард гүнж төрүүлж өгчээ. Гэхдээ угсаа залгамжлах ханхүү төрүүлээгүй гэсэн олны хандлага, уламжлалт ёсны дарамт Масако гүнжийн эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх болсон гэх мэдээлэл нэг бус цацагдаад байна. Японы Үндсэн хууль дахь "Зөвхөн нуган үр хаан ширээнд заларна" гэсэн заалтыг өөрчлөх эсэх асуудал нь Масако гүнжтэй холбоотойгоор хөндөгдсөн юм.

Одоогоор Нарухитогийн дүү Акишиногийн хүү Хисахито ирээдүйн хаанаар тодроод буй.

ЛЕТИЦИЯ

Астурийн ханхүү буюу Испанийн угсаа залгашклах ханхүү Фелип ирээдүйн хатнаараа сэтгүүлч бүсгүйг сонгосон юм. Летиция Рока-солано (1972) дээдсийн гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө хэдийнээ олны танил болоод байв. Тэрбээр 10 жил үерхсэн, багш мэргэжилтэй найз залуутайгаа 1998 онд гэрлэсэн ч жилийн дараа хоёр тийш болжээ. Энэ нь хожим Летицияг гүнж болоход олны онцолсон гол баримт байсан ч нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөөгүй юм.


Летиция, Фелип нарын хурим 2004 оны тавдугаар сард Мадридын гол цогчин дуганд болжээ. Энэ нь Испанийн нийслэлийг бүтэн зууны дараа доргиосон дээдсийн хурим байв. Учир нь Испанийн одоогийн хаан Хуан Карлос Афинд, Фелипийн гүнж эгч нар Барселон, Севилльд хуримласан юм. Хоёр гүнж төрүүлсэн үзэсгэлэнт Летиция Испанийн хаант төрийг ард түмэнд илүү ойртуулсан гэгддэг.

Туйлын эх оронч тэрбээр испани урлаг, хэл, соёлыг хүүхэд, залууст сурталчлак таниулах соёлын сантай. Нөхрөө хаан ширээнд залрах цагт Летиция Испанийн түүхэн дэх ард гаралтай анхны хатан болно.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.