2011.11.03
Г.Баярсайхан:Гишүүд учраа олсон бол заавал хуралдаад байх шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Сүхбаатар нарын хооронд багагүй маргаан дэгдсэн. Энэ үеэр Ж.Сүхбаатар, С.Эрдэнэ гишүүнийг "Эрүүгийн элемент" хэмээн хэлсэнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргасан гэсэн. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос энэ асуудлыг дүрмийнхээ дагуу авч хэлэлцээч ээ гэсэн утга бүхий гомдол ирсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд бие бие рүүгээ дайрч давшилсан асуудал нэлээд гарсан. Энэ үеэр болсон асуудал юм. УИХ-ын гишүүн нь УИХ-ын чуулган болон байнгын хорооны хурал дээр хэлсэн үгэндээ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн байдаг.Ийм байна гэдэг нь доромжилно гэсэн үг биш юм.
Нэр төрд нь халдаж болохгүй. Ж.Сүхбаатар гишүүнийг уржигдар /өчигдөр/ дуудаж уулзсан. Мөн С.Эрдэнэ гишүүнтэй уулзсан. Ж.Сүхбаатар гишүүн, С.Эрдэнэ гишүүнээс уучлалт гуйсан байна лээ. УИХ-ын Ёс зүйн дэд хороо асуудал болгоныг шүүрч аваад байлгүй гишүүд хоорондоо учраа олж байхад заавал хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт Ж.Сүхбаатар гишүүн алдаагаа ойлгоод, уучлалт гуйсан байна. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу Ж.Сүхбаатар гишүүнд сануулга өгсөн.-Ер нь гишүүдийн хооронд өдөр бүр ямар нэгэн маргаан гардаг. Тэгэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хаягласан өргөдөл, гомдол хэр их ирдэг вэ?
-Манай хороонд УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг-тэй холбоотой өргөдөл нэлээд ирдэг. Зарим эд хөрөнгө нуун дарагдуулсан гэх мэт асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Одоогоос жилийн өмнө 76 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ, дүн шинжилгээ хийе гэсэн санал гаргаж байсан. Харамсалтай нь манайд нэг хүн шийдвэр гаргах боломжгүй учраас энэ асуудал дэмжигдээгүй. Тэгэхээр гишүүдийн эд хөрөнгийн гарал үүсэл ил тод байх хэрэгтэй. Энэ утгаар хөрөнгө орлогын мэдүүлэгт УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь өөрөө хяналт тавьж ажиллах ёстой. Тиймээс гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийх ёстой гэж би хувьдаа боддог. Хэрвээ гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй ил тод байх тусам УИХ өөрөө тунгалаг цэвэр харагдана. Иргэдийн төрдөө итгэх итгэл улам нэмэгдэнэ. Түүнчлэн төр болон иргэдийн хоорондох харилцаа улам идэвхжинэ.-Гишүүдийг хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу өгч, нуун дарагдуулсан гэсэн асуудал нэлээд гардаг. Энэ тохиолдолд хэрхэх вэ?
-Бид дүрмийнхээ дагуу ажиллана. Хэвлэлүүдээр гишүүд болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудал гардаг. Би хувьдаа эд хөрөнгө нуудаг гишүүн байхгүй байх гэж боддог. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ, анализ хийхийг гишүүд маань дэмжих байх гэж бодож байна. УИХ нээлттэй байх ёстой. Түүнээс 1-2 гишүүн дээр тогтож ярих нь зохимжгүй. Одоогийн байдлаар 76 гишүүний гурван жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нууцын сейфэнд хадгалж байна. Нэг хувь нь АТГ-т байдаг. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлгийг нууцын сейфэнд хадгалах бус олон нийтэд хүргэх ёстой л гэж боддог.-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай маргааны асуудал байгаа юу?
-Ж.Сүхбаатар, С.Эрдэнэ гишүүн нарын хооронд үүссэн маргааны асуудал байсан. Хоёр гишүүн маань хоорондоо учраа олсон байна. Өөрөөр хэлэлцэх шаардлагатай асуудал алга байна.-УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүд бие биенээ дайрч, доромжилсон тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл заалт байдаггүй. Цаашид ийм асуудал дахин давтагдвал яах вэ?
- УИХ-ын Ёс зүйн дэд хороонд Ж.Сүхбаатар гишүүнтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн. Үүнд эхний шатны арга хэмжээ болох сануулга өгсөн. Монгол Улсын УИХ-ын дэгийн тухай хуульд 6.1 арга хэмжээ авна гэсэн заалт бий. Гэхдээ гишүүд хоорондоо учраа олсон тохиолдолд хэрхэх вэ гэсэн зүйл хуульд тусгагдаагүй.-УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос хэдэн удаагийн сануулга авсан гишүүнийг эрх мэдлээс нь түтгэлзүүлнэ гэсэн эцсийн хэмжүүр байдаг уу?
-Ер нь барууны өндөр хөгжилтэй орнуудад УИХ-ын Ёс зүйн дэд хороо тухайн парламентын амин сүнс нь байдаг. Түүнчлэн энэ хороон дээр нэр нь дуулдах юм бол тухайн хүний нэр хүнд, пиар, улс төрийн замд маш их хар толбо үлддэг. Тэгэхээр бид цаашдаа барууны жишгээр явах нь зүйтэй.-Сонгуулийн тухай хуулин дээр УИХ дахь хоёр бүлэг нэлээд гацаж байна. Хэрвээ цаашид санал нэгдэж чадахгүй бол ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулж магадгүй гэсэн зүйл яригдаад байна?
-УИХ дахь хоёр нам ойлголцоод, шийдэлд хүрч чадахгүй бол хуучин тогтолцоогоор явах нь тодорхой. Гэхдээ Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгуулийн бүх шатны тогтолцоог шинэчилнэ гээд заасан байгаа. Хэрвээ Сонгуулийн тухай хуулиа шинэчилж чадалгүй, хуучин тогтолцоогоор явах юм бол Хамтарсан Засгийн газар үүргээ биелүүлж чадаагүй байна гэж дүгнэнэ. МАН-ынхан Сонгуулийн тухай хуулийг аман дээрээ шинэчилнэ хэмээн ярьж байгаа. Гэхдээ начир дээрээ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх сонирхол ерөөсөө алга. Одоогийн тэдний ярьж байгаагаар бол бүр дордуулах гэж байна. МАН-аас 28:48 гэсэн хувилбарыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэд- Улаанбаатар хотод нэр дэвших гишүүдийн квотын хэмжээг багасгана гэж ярьж байна. Тэдний ярьж байгаагаар бол өмнөх сонгуулийн хуулиасаа дордсон зүйл ярьж байгаа.-Ер нь ирэх сонгуульд бүх нам оролцох бодолтой байгаа. Тэд зөвхөн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэгдэхийг хүлээж байна. Хэрвээ шинэчилж чадахгүй бол УИХ-д суудалгүй намуудаар хийлгээч гэсэн санал гарч байсан. Энэ хэр боломжтой вэ?
-Нийт ард түмний төлөөлөл болсон гишүүд нээлттэй байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нөлөөлж болно шүү дээ.-Сонгуулийн тухай хуулийн дээр хоёр нам өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн зүйл заалт оруулж байна гэсэн хардлагыг бусад намаас гаргаж байна. Тиймээс ард түмний өмнө санал зөрөлдсөн, удааширсан байдалтай байна гэсэн зүйл яриад байна?
-Хардах бол хүний эрх. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад цаг хугацаа дөхсөн нь ойлгомжтой. Гэхдээ бид Сонгуулийн тухай хуулин дээр хөнгөн хандаж болохгүй. Манай намаас хотын тойргоо багасгахгүй, холимог тогтолцоогоор явъя. МАН-аас дэвшүүлсэн 28:48 гэсэн хувилбартай санал нэгдье гэсэн. Харин яаж зөв зохистой хуваарилах вэ гэдэг дээр санал зөрөлдөөд байна. Манай намын тухайд нийгмийн шинэчлэлийн төлөө байгаа.-Зарим бие даагч гишүүд, УИХ-д суудалгүй намууд Мон-гол Улс даяараа нэг тойрог болоод, ард түмнээс хамгийн олон санал асуулга авсан 76 хүнээр тасалбар болгоё хэмээн ярьж байгаа. Энэ нь шударга, олон нийтэд ил тод байх болно. Ийм байдлаар ирэх сонгуульд орохоос юунд нь айгаад байгаа юм бэ гэх зэрэг асуудлыг хөндсөн?
-Улс даяараа нэг тойрог болоод, сонгуульд орохыг би дэмжиж байгаа. Гэхдээ Үндсэн хуульдаа хүндээ санал өгч, дугуйлна гэсэн заалттай. Тэгэхээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэх зэрэг чухал, чухал асуудлууд байна. Түүнчлэн дан пропорциональд бас сөрөг тал байгаа. Энэ нь намын даргад хэт их хэмжээний эрх мэдэл төвлөрөх эрсдэлтэй. Одоохондоо манайд улс төрийн намууд хараахан төлөвшиж чадаагүй байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.