Лу.Гантөмөр:Би намдаа 50 саяынхаа талыг өгчихсөн шүү дээ
2011.11.08

Лу.Гантөмөр:Би намдаа 50 саяынхаа талыг өгчихсөн шүү дээ

Сонгуулийн хууль, улсын төсөв, мөнгөний бодлого тойрсон төслүүд УИХ-ын чуулганы хуралдаанаар ид хэлэлцэгдэж байна. Эдгээр асуудлуудад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын булгийн дэд дарга Лу.Гантөмөрийн байр суурийг сонирхлоо. Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдэдээ 50 саяын босго тавиад буй. Үүнийг эрхэмгишүүн Лу.Гантөмөр "Хулгай хийж чаддаггүй ядарсан намын арга" хэмээн тодорхойлж байна.

 

-Сонгуулийн тухай хуулийг арваннэгдүгээр сард багтаангарга гэсэн үүргийг УИХ-ын дарга хоёр намын бүлгийн ахлагч нарт өгсөн байна. Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд Сонгуулийн тухай хууль энэ сард багтажгарна гэж харж байна уу?

-Гол маргаж байгаа зүйл нь тойрог том байхуу, жижиг байх уу гэдэг асуудал. Манай намын хувьд аль болох мөнгөний хүчин зүйлийг багасгахын тулд тойргийг томоор нь үлдээе гэсэн зарчмаа хадгалах санал гаргасан. МАН-ын хувьд үүнийг жижиглэх тухай ярьж байна. Хоёр нам аль аль талаасаа буулт хийхгүй бол арваннэгдүгээр сард багтахгүй. Ер нь энэ Сонгуулийн тухай хууль цаашаа явахгүй, тэгэхээр МАН-ын тавьж байгаа жижиг тойргийн давуу талыг бид үнэндээ ойлгохгүй байгаа. Гэхдээ өнөөдөр ойлголцчихлоо.

-Тойргийг жижиглэснээр нэг тойрог олон мандаттай болно. Ингэснээр нэг намын хүмүүс хоорондоо өрсөлдөж таарна. Энэ нь намын төлөвшилд муугаар нөлөөлж, цаашлаад улс орны бодлогод ч сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн болгоомжлол МАН-д байна. Танай намын хувьд өмнөх сонгуулийн үеэр ийм байдал ажиглагдсан уу?

26 том тойргоор УИХ-ын сонгуулийг хийхэд улс төрийн дотоод эв нэгдэл алдагдахгүй шүү дээ. Түүнийг давж байж улс төрийн нам төлөвших байхгүй юу. Нэг тойрогт гурвуулаа баг болоод сонгуульд орж чадахгүй юм бол яаж улс төрийн нам төлөвших юм бэ. Харин ч улс төрийн намыг төлөвшлөөс зугтааж байгаа хэрэг болно. Тэгвэл ерөөсөө л бие даасан хүмүүсийн нэгдэл байя. 48 эсвэл 38 бие хүн байя л даа.

Энэ нь илүү гоё гэж үү.

Улс төрийн намын хувьд үзэл бодол дээрээ нэгдэхээ больчихсон л гэсэн үг. Бидний зорилго бол улс төрийн нам цаашдаа хариуцлагатай, сахилга баттай, өөрийн гэсэн үзэл баримтлалтай, үүн дээрээ хүмүүс нь нэгдээд баг болж ажилладаг болох. Энэ нь төлөөллийн ардчиллын зарчим байхгүй юу. Харамсалтай нь "би, чи" гэсэн маргаан нэгдүгээрт байгаа учраас төлөвшилд нөлөөлж байна гэж хэлээд байна. Тэгэхээр үүнийг давж гарах хэрэгтэй. Тэр арга нь тойргийг улам том болгож, олон мандаттай болгон "та нар хоорондоо нягт бай, нэг зүйлийн төлөө яв, өөрийнхөө биш асуудлын төлөө ажилла" гэдэг рүү нь шахаж байгаа хэрэг. Ингэхгүй бол хэзээ ч төлөвшихгүй. Одоогийнх шигээ 76 жижиг тойрог эсвэл МАН-ын санал болгож байсан шиг 48 "товарищ" гардаг бол тухайн хүн л өөрийнхөө бодлогыг яриад байна уу гэхээс намын платформ, бодлого, философи ярихгүй шүү дээ. Бүр сүүлдээ намын хэрэг алга гээд яриад явж байгаагийн шалтгаан нь "би, би" гэдэг өвчин тусах аюултай. Манай намын хувьд үүнийг давъя л гэж байгаа. Хүчээр давъя, баг бол, хамтраад ажиллацгаа, юуны төлөө явж байна гэдгээ хар, түүнээс биш би гишүүн болно гээд явах нь Монголын хөгжилд садаа болно гэж байгаа. 76 бие хүн гишүүн болох гээд давхих бол маш том гай. Энэ биш би гарна, хийнэ, чадна гээд зүтгээд байх нь ардчилал биш анархизм, дарангуйллын зам руу улам түлхээд байна.

-УИХ-ын дарга зүгээр л тогтоолоор баталдаг асуудлыг хоёр нам гацааж байна гэж байсан?

-Угаасаа хуульдаа олон мандаттай тойрог байх уу, нэг мандаттай байх уу гэдгийг санал хурааж шийддэг. Бид хууль ярьж байна. Систем нь хуульдаа орж л батлагдана. Түүнээс биш УИХ-ын тогтоолыг одоо яриад байгаа юм байхгүй. Д.Дэмбэрэл дарга тойрог тогтоох тухай ярьж байна. Энэ чинь дараагийн асуудал, харин хандлагаа одоо давхар тохиръё гэж байгаа. Хэдэн хувьд хүн, засаг захиргаагаа харгалзах вэ гэх мэт.

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг ид ярьж байна. Оруулж ирсэн төсвийн төсөл дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Ний нуугүй хэлэхэд би одоохондоо хоёрдмол байдалтай байна. Нэг талаас дэврүүн төсөв. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлт, хөгжил монголчуудын амьжиргаа, төрийн үйлчилгээ ард түмэнд уян хатан очих ёстой зэрэг төсөв зохиох үндсэн зарчмуудаа багцлаад харахад маш хэцүү байна л даа. Уг нь асуудлыг шийдэх гэж жил жилийн төсвийг зохиох хэрэгтэй. Харамсалтай нь энэ удаагийн төсөв тодорхой асуудлыг шийдэх гэж зорихгүй байна.

Зөвхөн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэх гэсэн бодолтой, дээр нь яам тамгын газар, аймгуудын хүсэлтийг гүйцээх гэж оролдсон байна.

Үүнийг одоо засахад их хүнд л дээ. Би хувьдаа нэг талаас урсгал зардлыг танана гэж. бодож байгаа. Мөн хөгжил харсан саналуудыг тавина. Наад зах нь Алтанбулагийн чөлөөт бүсэд 30-50 тэрбум төгрөг гаргаад ажилд оруулчих хэрэгтэй. Тэгвэл Монголын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Оросод худалдах боломж байна. Цаашлаад ярих юм бол сургуулийн хүүхдийн уншдаг номыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэдний уншиж байгаа номыг очоод нэг үзээрэй. Хүн аваад уншчих ном байхгүй. Аймаг, дүүргүүдэд ном авах төсвийг нэгээс хоёр тэрбумаар нэмэгдүүлмээр байна. "Британика", "Дэлхийн түүх" гээд сайхан ном гарч байна. Эдгээр номууд аймгийн төвд алга. Тэгэхээр хаанаас авч унших юм бэ. Би хөдөөгүүр зөндөө явлаа. Номын дэлгүүртэй аймаг алга. Ном зарахаа больчихож. Тэгсэн мөртлөө номын сан байна. Тэнд нь яваад орохоор шинэ ном алга. Бүтэн аймгийн ном авах төсөв тэндээс сонгогдсон гишүүний ном авч байгаа төсөвтэй тэнцүү байна. Аймагт 50-100 мянган хүн байна. Тэдний ном авах төсөв УИХ-ын ганц хоёр гишүүний ном авах төсөвтэй тэнцэнэ гээд л бодохоор ард түмний амьдралын доод, дээд хязгаар ямар ялгаатай байгаа нь харагдах байх. Энэ мэтчилэн саналуудыг би хэлэлцүүлгийн үеэр гаргана.

-Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг танилцуулж байх үедээ Монголбанкны Ерөнхийлөгч "Төсвөө танаад өгөөч, тэгэхгүй бол инфляцыг барьж дийлэхгүй байна" гэж байсан. Монголбанк, Засгийн газар бодлогоо нэгтгээд төсвөө танах гэхээр гишүүдийн улс төрийн шийдвэр, тухайлбал өөрийнхөө сонгогдсон тойрог руу хөрөнгө оруулалт татах гэж дайрч байгаа нь саад болоод байгаа юм биш үү?

-Ер нь цаашдаа инфляцыг Төв банкинд хариуцуулдгаа болих хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляцыг барьж байна гээд жирийн бизнес хийдэг хэсгийг улам ядууруулах бодлого явуулаад байна. Бодлогын хүүгээ нэмнэ, ингэснээр банкнууд хүнд зээл өгөх биш, Төв банкруу мөнгөө хийчихдэг. Яг ажил хийх гэж байгаа хүмүүст мөнгөний эх үүсвэр алга байна. Нэг жил банкны 20 хувьтай зээлийг төллөө, дараа нь зээлээ шинэчлэхийн тулд арван хувийг нь хахуульд өгдөг.

Хоёр жил болохоор гарцаагүй төлөх хэрэг гарна.

Тэр үед нь сарын таван хувийн хүүтэй зээлийг хадгаламж зээлийн хоршооноос авдаг. Таван хувийн хүүтэй зээлээ төлөх болохоор хувь хүнээс сарын арван хувийн хүүтэй зээл авч байна. Монголын ажил хийж, баялаг бүтээж байгаа дийлэнх хэсгийг дарамтад оруулах бодлогыг Төв банк зөвхөн инфляцыг барих даалгавраа биелүүлэхийн тулд барьж байна шүү дээ. Одоо больё. Инфляцыг Засгийн газар өөрөө хариуц. Засгийн газар инфляцыг тарьж байгаа юм бол өөрөө хариуц. Тэгэхгүй бол Засгийн газар надад инфляци хамаагүй гээд баахан мөнгө тараадаг. Тэр мөнгө нь гол баялаг бүтээж байгаа хүмүүс рүүгээ очихгүй байна. Тэр хэсэг хаанаас мөнгө олж байна гэхээр ерөөсөө л банк. Банкнаас олдог мөнгө нь цэвэр дарамт. Тэр дарамтаа даахгүй байгаа иргэд цаашаа улам гүнзгий дарамт руу ороод хийж байгаа бизнес, олж байгаа ашгаа улам багасгаад л яваад байдаг. Өнөөдөр бид төсвийн орлого нэмэгдлээ гэж байна. Тэр орлого хаанаас орж ирж байгааг ярих ёстой. Монголчуудаас орж ирж байгаа орлого нь нэмэгдсэн юм уу, гадаадын компаниас байна уу.

Татварын орлого гэдэг бол тэр татвараа төлөхийн өмнөх ашиг нь тухайн хүнд хүрнэ.

Хэрвээ монголчуудын төлсөн татвар 4-5 их наяд байгаа бол би баяртай байна. Тэгэх юм бол ард нь монгол хүмүүст 30 хувь буюу 15 их наяд төгрөг үлдэх ёстой. Ингэвэл надад айдас алга. Харамсалтай нь тийм биш байна. Зүгээр хөөсөн эдийн засаг, төсөв гэдэг энэ байхгүй юу. Бодит зүйл биш. Ирэх жид нэг хүнд ногдох ДНБ таван мянган ам.доллар гэж бодох юм бол ерөөсөө ч энэ хэмжээний бүтээмж Монголд алга байна. Мянган ам.долларт ч хүрэхгүй байна шүү дээ.

-Тэгэхээр Төвбанкны үүрэг юу байна вэ?

-Миний хэлэх гээд байгаа санаа бол Төв банк арилжааны банкнуудаа сайн хяна, тэднийгээ иргэд рүү зээл өгөх боломжийг олго, уян хатан бодлого хий л гэж байна.

-Эдийн засаг, нийгэм, улс төр гээд бүх зүйлд тогтолцооны гажуудал яг энд гарч ирээд байна. Үүний эсрэг Ардчилсан намыг сөрөг хүчин байгаарай гэж ард түмэн сонгож байхад та нар яагаад хамтарсан Засгийн газарт орчхов оо?

-Уг нь бол гажуудаад яваад байгаа зүйлийг нийлээд.засаад явъя л гэсэн шүү дээ. Харамсалтай нь тэгж чадахгүй байна.

-Сөрөг хүчний бодлого гэдэг хүчтэй шүү дээ?

-Бид сөрөг хүчин байж үзсэн. Гэхдээ засаж чадаагүй л байхгүй юу. Гэхдээ энэ талаар тусгайлсан бодлого гаргадаг. Тухайлбал, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо шиг төрийн албан ёсны байгууллага нь бэхжиж, дэлхийн хэмжээний сургууль төгссөн сайн эрдэмтэд нь тэнд ажиллаж байж л Монгол төрийн нүүр царай, бодлогыг зөв болгож гаргаж ирэхгүй бол хоёр намын нэг нь эрх барьж, нөгөөх нь сөрөг байснаараа шийдэгдэхгүй. Төсөв боловсруулж гаргаж ирэх чинь өөрөө төрийн байгууллагын ажил.

Энэ төсөв улс төрийн намын платформ дээр сууж байна уу гэдэг УИХ, Засгийн газар дээр орж ирээд шүүгддэг.

Харамсалтай нь яг тэр төрийн албан дээр суугаад төсөв зохиож байгаа хүмүүс ажлаа мэдэхгүй байна. Гэхдээ туйлын үнэн гэж байхгүй. Цаагуураа мэдээд би худлаа яриад байж болно. Би өөрийнхөө бодлыг   хэлж  байгаа.  тэд  өөрсдийгөө хамгаалах л байх. Гэхдээ үнэндээ яг  Монгол  шиг  ийм   бодлогоор явсан дэлхийн ямар ч улс байхгүй. Төв банкны хүү нь 12 хувьд хүрсэн улс хэзээ  ч  байгаагүй. Төсвийн хөрөнгө   оруулалт   нь   конторын барилгаар дүүрчихсэн улс хаана байна. Энэ чинь улс төрийн аргаар шийддэг  шийдэл биш  байна. Улстөрчид өөрөө сайн дарга болж харагдахын тулд өөрийнхөө нүдэнд харагддаг хөгийн ажлуудыг ярьдаг. Наад зах нь энэ хөрөнгө оруулалтыг харахад эхний  хагас жилд дуусчихаар ажлуудыг бүгдийг нь шахчихсан. Тийм өөдгүй. Хөрөнгө оруулалт хийгдээд жилийн хагас гэхэд арай гэж дуусдаг томхон обьектын ажил энэ төсөв дотор байна уу. Үгүй л байхгүй юу.

-Яг ийм учраас танай нам сангийн сайдаараа дамжуулан жижиг, сажиг хамаг юмнуудаа энэ төсөвт оруулаад ирчихсэн байна гэж шүүмжлээд байгаа?

-Сангийн сайд энэ төсвийг хийхгүй шүү дээ. Цаана нь тэр газрын дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын түвшинд шахагдана. Сангийн сайд суугаад төсөв зохиодог гэж ойлгож болохгүй. Төсөв зохиох тодорхой багтай. Зүгээр л буруу болохоор С.Баярцогт, сайн бол С.Батболд гэсэн мессеж тарааж байгаа. Хэрэв энд улс төрийн ямар нэгэн буруу шийдвэр, нэг улстөрчөөс хамаарах бол тэр нь С.Батболдын буруу. Ерөнхий сайд төсвөө хариуцахгүй юм бол өөр хэн хариуцах юм. Тэр нөхөр өөр юу хийх юм. Төсөв өргөн бариад хэн хэвлэлийн хурал зарлалаа. С.Батболд л зарласан. Хэрэв энэ дээр улс төрийн хариуцлага яръя гэвэл С.Батболдтой л ярих хэрэгтэй.Тэгэхээр үүнийг улс төрийн харалган бодлого. улс төрчдийн алдаатай шийдвэр гэхээсээ илүү яагаад мэргэшсэн, супер эдийн засагчид Монголын төрд ажиллахгүй байна гэдгийг л бодох хэрэгтэй. Олигтойхон цалин өгөөд сайн эдийн засагчдыг авмаар байна. Ний нуугүй хэлэхэд манай төсөв базаж байгаа хүмүүс үнэхээр жулдаж байна. Хайран мөнгө. Энэ мөнгөөрөө манай улс үсрэнгүй хөгжлийнхөө үүдийг нээж болно. Харамсалтай нь хаалга нээх биш одоо бүр цоожлоод байдаг.

-Сэдвээ жаахан өөрчилье. Намын хатуу гишүүнчлэлийг болих тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Хэрэв энэ батлагдвал та намынхаагишүүнчлэлийг татгалзаж чадах уу?

-Намын хатуу гишүүнчлэл он цагийн эрхээр алга болно гэдэгт би итгэдэг. Магадгүй 1996, 2000, 2012 оны намын гишүүдийн сэтгэхүй бүгд өөр. Юу нь өөр вэ гэхээр аль болох сулраад л яваад байгаа. Хатуу байр суурь багасаад л байна. Уг нь бол манай нам гэхээр буруутан хайдаггүй байлаа. 1996 онд манай намын л зөв нөгөө тал дайсан гэж үздэг байсан бол одоо өөр болж. Энэ нь хөгжлөөс хамаардаг юм байна. Төрийн албандаа сайн хүмүүсээ төвлөрүүлээд, бодлогоо хийлгүүлж чадвал улс төрийн намаас бүгд татгалзаж эхэлнэ. Төрийн албан хаагчдадаа итгэж эхэлнэ гэсэн үг. Одоо төрийн албан хаагчдадаа итгэхгүй байгаа учраас намдаа л итгэж байна. Цаашид хуулиар хатуу гишүүнчлэл хийсэн ч гэсэн намын гишүүд алга болно. 2020 он гэхэд л нийт хүн амын 5-10 хувь нь л намын гишүүнээр үлдэнэ. Бусад нь бие даагаад явна. Монгол улс хөгжвөл тэр хүний амьдрал төрөөс хамааралгүй болно шүү дээ.

Харин хөгжиж чадахгүй бол бүгдээрээ л төрөөс хараат байх юм.

Тиймээс би хөгжил дагаж намын гишүүнчлэлгүй болох нь жам ёсны асуудал гэж бодож байгаа. Хоёрдугаарт үүнийг түргэсгэхийн тулд тийм хуулийг УИХ батлаад гаргачихвал сайн л байна. Би дэмжиж байгаа. Гэхдээ хүнийг хүчээр намаас салгаж болохгүй. Үнэхээр үзэл баримтлалаараа намтай холбогдчихсон хүмүүс байна. Нэг хэсэг нь төрийн өмчийг тахиншүтдэг байхад нөгөөх нь хувийн өмчийг дээдэлдэг байвал ялгарч,хуваагдаж л таарна.Тэгэхээр хэн олонх болсон нь асуудлаа шийдээд явна. Энэ бол жинхэнэ улс төрийн цэвэр үзэл баримтлалын хуваагдал мөн.Гэтэл зөвхөн албан тушаал дагасан хуваагдал байгаа учраас намыг үзэн яддаг, дургүй болдог байдал бий болж байна. Би хувьдаа намаас гишүүд холдож байгаа нь муу зүйл гэж харахгүй. Харин ч төрөөс тусдаа амьдарч, үйл ажиллагаа явуулж чадаж байвал Монгол хөгжинө.

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэдээ 50 саяын босго тавьчихаад байна. Энэ нэг талаар хууль зөрчөөд нөгөө талдаа дэндүү зохисгүй үйлдэл юм биш үү?

-Хулгай хийж чаддаггүй ядарсан намын л арга шүү дээ. Гишүүдээсээ мөнгө дээрэмддэг. Хулгай хийж чаддаг бол хэлэхгүйгээр хулгайгаа хийгээд манай нам мөнгөтэй гээд байшингаа бариад л явна» шүү дээ. Нөгөөх нь мөнгөгүй болохоороо хэдэн гишүүдээ дээрэлхээд "чи гишүүн болъё гэж бодож байгаа бол намдаа татвар төлж, хандив өг" гээд шаналгаж зовоодог. Сайн зүйл ерөөсөө биш. Гэхдээ хулгай хийснээс л дээр.

-Сайн хулгайчидтай болохоороо 50 саяыг нэхэж байгаа юм биш үү?

-Хоёр, гурван нөхөр сонингоор хэрүүл хийхэд дандаа сая ам.долларын хэрүүл гарч байгаа биз дээ. Тэгэхэд манай нам зөвхөн 50 сая төгрөг л ярьж байна. МАН-ын томчууд тэрбум төгрөгийн хэрүүл хийдэг. Түүнээс доош хэрүүл байна уу. Үгүй байгаа биз дээ. Намдаа нэг тэрбум өгсөн, тийм хэмжээний байшин, зочид буудалтай гэж байна. Та нар Ардчилсан намыг хөөрхий 50 сая төгрөг цуглуулсныг их гээд, нөгөөхийг нь мөнгөгүй гэж ойлгодгоо болих хэрэгтэй.

-Та 50 саяынхаа хэдийг нь төлчхөөд байна?

-Одоогоор 25 саяыг нь өгчихсөн.

-Ирэх сонгуульд тойргоо солихуу?

-Солихгүй. Гэхдээ солих эсэх нь надаас хамаарахгүй. Миний хүслээр болдог бол солимооргүй л байна. Сонгуулийн хууль хэрхэн гарах нь вэ. Нам ямар даалгавар өгөх юм. Аль ч намын дарга залуучуудаа шатаахыг л боддог биз дээ. "Чи яваад тэндээс гал атгаад ир, тэгвэл чи сайн" гэх мэт ямар ч намд байдаг асуудал. Бид бол намынхаа даалгаврыг биелүүлдэг л хүмүүс. Миний бодлоор дассан, сурсан, хийсэн ажилтай байгаа энэ тойрог дээрээ дахиад сонгуульд ороход сайхан л байна.

Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.