АН-ын ҮЗХ-ны С.Эрдэнэ гишүүний хэлсэн үг
2010.11.22

АН-ын ҮЗХ-ны С.Эрдэнэ гишүүний хэлсэн үг

Саяхан АН-ын ҮЗХ-ны  хуралдсан билээ. Хуралдаан дээр С.Эрдэнэ гишүүний хэлсэн үгийг сийрүүлэн хүргэж байна.

Ний нуугүй хэлэхэд ҮЗХ-ны энэ хурлын уур амьсгал хөгийн инээдэмтэй, харамсмаар байна. Манай намын олон мянган гишүүн ийм зүйл биш огт өөр зүйлийг хүсч байна. Бид энд хэн нэг намын даргыг огцруулах гээгүй, хамтарсан Засгийн газраас гарах гээгүй. Гэхдээ нийгмийн бодит үнэнд дүгнэлт өгч, шударга байх ёстой. Мянган сайхан зүйл яриад яах юм. Н.Алтанхуяг дарга та гараад сонгогдсон тойрогтоо очоод хар. Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоор яваад үз. Таны яриад байгаа тэр сайхан зүйлүүд чинъ хаана байна. Хамтарсан Засгийн газрын чинь гэрээнд байгаа. Нэг жилд 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэж. Таны ярьж байгаагаар энэ хоёр жил хагасын хугацаанд 3000 ажлын байр бий болгож чадсан уу, үгүй юу. Доромжилж байгаа юм шиг Улаанбаатарт хог шүүрдсэн хүнд 150 мянган төгрөг өгнө гээд байж байна. Юунд нь бахархаад байгаа юм. Бахархах юм юу байна. Шударга үнэнийг хэлсэн, шүүмжилсэн тэр хэсгээ доромжилдог, индэрт үг хэлсэн давуу эрхээ ашигладаг, үг хэлэх бүртээ гишүүдээ гутаадаг ийм намын даргатай байгаадаа харамсаж байна. Үнэхээр таны хэлснээр энэ 220 гаруй ҮЗХ-ны гишүүн бүгд нэг нэг бөмбөг хөөгөөд л явж байна. Аль нь хаалганд хийх юм бүү мэд. С.Баярцогтын яриад байгаа "Оюутолгой", "Рио тинто"-гийн гайхамшигтай гэрээ чинь хаана байна. Яг ний нуугүй хэлэхэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх болчихсон л байна. Үүнийг энгийн эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн ойлгоно. Энгийн хувьцааны 34 хувь, давуу эрхийн хувьцаа 80 хувь болчихсон байна, цаана чинь. Нийт хувьцаандаа ногдуулахаар 6.8 хувь байна. Тэнэг хүн хуурч байгаа биш. Энэ бүх нөхцөл байдлыг ойлгосоор байж нөгөө Оюутолгойн луйвар Тавантолгойд давтагдах гэж байна. Одоо тэгээд Ардчилсан нам баяр ёслолын байдалтай хурлаа дуусгах уу. Сүүлд нь хариуцлагыг нь хэн хүлээх юм. Битгий хоноцын сэтгэлгээгээр хандаад байгаач, нөхөд өө. Өнөөдөр хэн нь ч сайд, хэн нь ч энгийн гишүүн байж болно. Энэ нам Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээсэн нам шүү. Түүнээс биш намын дарга нь өөрийнхөө эсрэг хүмүүсийг дарах илтгэл тавьдаг, бүлгийн дарга нь ч гэсэн хэл амаар хүн доромжилдог зүйл байх уу. Ч.Сайханбилэг та илтгэлээ бүлгийн гишүүдээр хэлэлцүүлээгүй. Дур мэдэн шөнөжин сууж хэдэн цаас эрээччихээд албан ёсны бүлгийн илтгэл болгож л байдаг. Бүлэг төлөөлж байгаа бол 27 гишүүндээ илтгэлээ танилцуулах ёстой. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хамгийн муу ажиллаж байна. Монгол орон даяар шар, гепатит өвчин газар авсан, газар сайгүй хэдэн арваараа ирээдүйн амьдрал нь баларч ДОХ- оос долоон дор өвчин тусаад хүүхдүүд үхэж байна. Л.Гансүх гэж нэг нөхөр байна. Байгаль орчин, экологийг баллаж хаячихаад, хэдэн шонхороор нь наймаа хийчихээд өнөөдөр хамтарсан гэрээ 60 хувь биелсэн гэж юу яриад байгаа юм. Үг хэлж, шүүмжилсэн хүн бүр дайсан, хагалан бутаргагч байдаггүй юм. Үнэн үг гашуун ч гэсэн хэрэгтэй. Ардчилсан нам ийм л байсан, ийм ч байгаа, энэ чигээрээ байгаасай гэж би хүсч байна. 20 жил бидний өнгө төрх ийм л байсан. Өнөөдөр бид үзэл баримтлал, өнгө төрхөө хулгайд алдаж байна. МАН-ын Их хурлын тайзны засалтыг санаж байгаа. Өнөөдрийн манай намын хурлын тайзны засалт, өнгө нь хүртэл ихэр юм шиг байна. Одоо нэр нь ч хүртэл ихэр болчихоод байна. Үнэхээр бид МАНАН дунд л явж байна шүү дээ. Ана мана үзье гэж байна Монгол үгээ мэддэггүй намын дарга байдаг юм уу. Монгол хэл мэддэггүй хүний дүрд тоглоод, сонин сонин зүйл ярьж гишүүдээ доромжлоод. Яагаад гишүүдийнхээ үгэнд хүлээцтэй хандаж чаддаггүй юм. Яг үнэндээ энэ нийгэмд юу болж байна. Зүсэм талх, үмх мах иргэдэд олдохгүй байна. Ардчилсан нам өнөөдөр шударга үнэнийг хэлэхгүй юм бол энэ нийгэмд өөр ямар ч улс төрийн хүчин байхгүй. Бид МАН-ыг даган баясагч биш. Энэ нам өөрийн гэсэн өнгө төрхтэй нам. Тийм учраас энэ арав, хорин жилийн хугацаанд юу хийх гэж байна. Зоригтой гаргаж тавих цаг болсон. Нэг нэгэндээ найр тавьж, хамтарсан нэрийн дор хуйвалдаж идэх эрх бидэнд байхгүй. Ганцхан л үнэнийг хэлье. Долдугаар сарын 1-нд зуун залуусыг хэлмэгдүүлж шоронд хийж, Ардчилсан намын ялалтыг хулгай хийхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан шүү дээ. Тиймээс С.Баяр гэдэг хүн стандарт бус Засгийн газрыг байгуулж та бүхэнд урилга өгснийг та бүхэн баяр ёслолын байдалтай хүлээж авсан. Энэ үгийг хэлснээрээ би муу хүн, ад болохоос ч айхгүй байна. "Тавантолгой", Оюутолгойн орд газрыг булааж авахын тулд, энэ мөнгөнд шунаж долдугаар сарын 1-нийг зохион байгуулсан шүү. Шатаасан гээд байгаа МАХН-ын байр төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулаад одоо нээлтээ хийх гэж байна. Энэ бүхэнд манай нам дуугүй л аялдан дагаж чимээгүй байсан. Би намын даргад нөхөр ёсны, жирийн гишүүнийхээ хувьд нэг зүйл хэлье. Та нэг бол намын даргаа хийгээд Засгийн газрын гадна талд бай. Нэг бол Тэргүүн шадар сайдаа хийгээд намын даргыг өг. Өнөөдөр яахаараа МАН-ын дарга манай намын даргыг дуудаж үүрэг өгдөг юм. Магадгүй загнадаг ч юм бил үү. Та хуулиа надаас илүү мэднэ. Битгий эмзэглээд бай. Тэргүүн шадар сайд, Шадар сайдад Ерөнхий сайд үүрэг өгдөг. Та намын дарга юм бол сонсох л хэрэгтэй. Индэр дээрээс битгий давж ярь.

Бичлэг үзэх бол энд дарна уу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.