Г. Баярсайхан: Чонон сүргийг азарган чоно дагуулаад тулаанд орох ёстой
2011.11.11

Г. Баярсайхан: Чонон сүргийг азарган чоно дагуулаад тулаанд орох ёстой

 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай сонгууль, сонгуулийн тухай хууль,  улс төрийн сэдвээр уулзаж ярилцлаа.
-Сонгуулийн тухай хууль шийдэгдэхэд хүрлээ гэх хүмүүс байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх шаардлага байсан. Бид шинэчлээд явж байна. Манай нам бол пропорциональ давамгайлсан хувилбараар сонгуулиа явуулъя гэсэн саналтай байсан. Ингэхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой байлаа. Харамсалтай нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсангүй. Тийм учраас холимог тогтолцоогоор явуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Хамгийн оновчтой хувилбар нь 38:38 гэсэн саналыг манай намаас тавьсан ч сөрөг хүчин зөвшөөрөөгүй. Энэ саналыг Ардын намынхан дэмжихгүй байна. Тэд олонхоороо түрүү барьж 48:28 гэсэн хувилбарыг манай намд тулгаж байгаа юм. Бид үүнийг МАН-ынхан “эхийг нь  эцээлгүй, тугалыг нь тураалгүй” байлгах гэсэн л санаа явж байна гэж харж байгаа. Мажоритари нь 48 байна гэдэг бол хуучин сонгуулийн системээрээ явж байгаатай нэг их ялгаа байхгүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж байгаа юм алга, зүгээр нэг нэр төдий л зүйл болох гээд байна.

-Сонгууль явуулах ажил цахим хэлбэрт шилжиж буйд шударга сонгууль явуулах боломжтой болсон гэж гишүүд үзэж байна?

-Өнгөрсөн 2008 оны сонгуулиас харахад олон алдаа дутагдал харагдсан. Бид мэддэг мөртлөө алдаа дутагдлаа давтаад явсан байдаг. Давхар санал өгөх, өөр хүний өмнөөс өгөх, иргэний үнэмлэхийг олноор хийж тараах зэрэг олон зөрчил дутагдал байсан.

Одоо шинэчлэгдэж буй зүйл нь иргэн бүрийн хурууны хээгээр авна. Энэ сонгуулиар сонгуулийн үнэмлэх тараахгүй, ухаалаг иргэний үнэмлэх тараана. Үнэмлэх ямар учиртай бэ гэхээр тэр дотор хурууны хээгээр унших тусгай программ суурилуулсан. Тийм учраас иргэн бүр хурууны хээгээр санал өгнө. Хүн бүрийн хурууны хээ бол давтагдашгүй байдаг учраас нэг хүн хоёр санал өгөх боломжгүй болж байгаа юм. Электрон машинаар дэлхийн том орнууд сонгуулиа явуулдаг.  Энэ жишгээр санал авах, тоолох аргыг нэвтрүүлж буй нь онцлог. Харин энэ цахим тооллогын машиныг хакеруудаас хамгаалах өндөр шаардлага байх ёстой.

-Нийслэлээс цөөн гишүүний төлөөлөлтэй байя гэдэг саналыг МАН-ынхан гаргаж буй нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байж таараа?

-Ерөнхийлөгчийн сонгууль дээр харсан шүү дээ. Нийслэлээс Ардчилсан намын нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл орон нутагт МАН-ын нэр дэвшигч арай илүү оноо авсан байсан. Энэ утгаараа Ардын намынхан дэмжлэг муутай гэж үзэж хотоос цөөн төлөөлөл оруулах саналтай байгаа юм. Ардын намынхан Сонгуулийн хуулиар далимдуулж гол тактикаа боловсруулж байгаа нь энэ. Нөхдүүд өөрсдийнхөөрөө зүтгээд байх юм бол бид дэмжихгүй, би хувьдаа дэмжихгүй. Тэгсэнээс хуучин сонгуулийн системээрээ явуулсан дээр. Ардын намынхан сонгуулийг боловсронгуй болгоно, төгөлдөржүүлнэ гэж амлаж байсан зүйлээсээ буцаж байна.

Нийслэлийн 20 төлөөлөлийг бууруулчихвал замын түгжрэл, хотын утааг хэн бууруулах билээ. Ер нь өмнөх сонгуулийн системийг бид муулдаг ч бас сайн тал байгаа шүү. Ард түмний жинхэнэ шүүлтүүрээр УИХ-ын төлөөлөл сонгогдож ирсэн.

Өмнөх сонгуулиудаар дандаа мөнгөөр цохиж гарч ирсэн гэж үздэг. Гэтэл мөнгөтэй хөрөнгөтэй олон тэрбумтнууд гарч ирж чадаагүй шүү дээ. Харин ч мэдлэг боловсролтой сайн залуус УИХ-д одоо сууж л байна. Тэгэхээр хуучин сонгуулийн системийг тийм  муу байсан гэж хэлж болохгүй байх.

-Хуулиараа УИХ, Орон нутгийн сонгууль нэг өдөр болно. Гэхдээ удахгүй Орон нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. МАН-ынханы зарим гишүүдийн тайлбарлаж буйгаар нэг өдөр явуулах нь зохимжгүй гэсэн яриа гаргаж байна. Та энэ тал дээр ямар саналтай байна вэ?

-Бидний найр наадам их олон байна, сонгууль нь ч их олон хоног байна. Сонгуулиа нэг өдөр явуулна гээд аль 2008 онд шийдчихсэн шүү дээ. Тэгэхээр бүх сонгуулийг нэг өдөр явуулах нь зөв зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн нэг өдөр явуулах нь ядаж иргэд болоод төрийн ажилд ч маш их чирэгдэл учирдаг. Хавар нэг баахан УИХ-ын сонгууль гэж айл гэр, албан байгууллага, улсын ажил алдагдаад, намар нь бас Орон нутгийн сонгууль гээд бужигнадаг. Ийм байж болохгүй, энэ үүднээсээ нэг явуулдаг байх нь зүйтэй. Сонгууль гэж бид ард иргэдийнхээ ажлыг алдагдуулж болохгүй. Мөн нөгөөтэйгүүр сонгуулийг нэг өдөр явуулж дууссанаар иргэдийн улс төржих явдал ч багасана мөн улс орны төсөвт хэмнэлттэй.

Орон нутгийн сонгуулийн хувьд хэлэхэд аймгийн удирдлагыг иргэд нь өөрсдөө сонгодог болох ёстой. Намаас нэг нөхөр бөөн булхай, арын хаалга хийгээд сонгогдоод гараад ирдэг. Энэ нам гэдэг ойлголтыг одоо халах ёстой. Намаас болж ард иргэд, гэр бүл хүртэл хагаралдах явдал ажиглагдаж байна шүү дээ. Иймд аймаг, сумын засаг даргыг ямар нэгэн намын нөлөөлөлгүйгээр иргэд нь өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Би намыг гишүүнчлэлгүй болгох ёстой гэсэн саналтай байдаг.

-Сонгуулийн хуульд телевиз, радиогоор сурталчилгаа явуулах, сэтгүүл сонин гаргаж тараахыг хориглосон байх аа?

-Сонин сэтгүүл гаргах, урлагийн тоглолт, бэлэн мөнгөний амлалтыг хориглосон. А4 цаасан дээр нэр дэвшигчдийн танилцуулгыг тараахаар болсон.  Сайт  дээр ч санал асуулга явуулахыг хүртэл хориглосон байгаа.

-Ж.Сүхбаатар гишүүн 99 гишүүнтэй болъё гэдэг санал оруулсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр олон гишүүнтэй байх нь хэрэггүй байхаа. Гуравхан сая хүнтэй улсад ахдах байх. Ядаж 5 сая хүнтэй байсан бол яахав 99 гишүүнтэй байж болох юм. Харин ч цөөлөхөд буруудах юм алга. Гишүүдийнхээ тоог олон болгосноороо улсын ажил сайжрахгүй.

 

С.Баяр Оюутолгойн гэрээг хийсэн, их авлига мөнгөний асуудал яригддаг

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хэзээ болох бэ?

-Одоо удахгүй л болох ёстой. Яг хэдийд болохыг сайн мэдэхгүй байна?

-Хурлаар намын даргаа солих асуудал сөхөгдөх үү?

-Би бол байр сууриа хэлж байгаа. Бид сонгуульд Засгийн газраас гараад дангаараа орох ёстой гэсэн саналтай байгаа. Одоо бол бие биеэндээ уусчихсан, энэ үед намын нэр хүнд муу байгаа л гэж би харж байгаа. “Чонон сүргийг тулаанд хонь дагуулаад орвол ялагдана”. Тэгэхээр намын дарга аа солих ёстой гэж бодож байна.

-Тэгвэл дараагнийн намын дарга хэн байж болох бэ?

-Тэр бол тухайн үед л мэдэгдэнэ шүү дээ. Дотроо бол харж л байна. Энэ талаар одоо бас хэлэх боломжгүй байна. Ер нь сөрөг хүчнээ харахад МАН, МАХН нийлэх магадлал өндөр байгаа шүү дээ. Ардчилсан намыг л дарж байвал тэд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялахын төлөө үзнэ. Өчигдөр хонь, чоно байсан хоёр өнөөдөр нөхөрлөөд явах үзэгдэл улс төрд олон. Ардчилсан нам коммунистуудтай нэгдээд явж чадаж байгаа юм чинь, МАН, МАХН нэгдэхэд энүүхэнд шүү дээ. Чонон сүргийг азарган чоно л дагуулаад тулаанд орох ёстой.

-Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд?

-Генсекийн талаар нэг их юм яримааргүй байна даа. Хурлаар генералынхаа тухай л ярина шүү дээ.

-Адчилсан намд АХХ гэж хүчтэй пракц бий болоод  удаж байна. Та энэ пракцийн нэг гишүүн нь. АХХ-ны ерөнхийлөгч З.Энхболд намын ҮЗХ-ны хурлаар намын даргад өрсөлдөх болов уу. Өмнөх намар энэ талаар шуугиад л өнгөрсөн?

-З.Энхболдод хэлэхэд, үзвэл үзсэн шиг л үзэх хэрэгтэй байх.

-Х.Баттулга сайдыг намын даргад өрсөлдөж магадгүй гэж харж байна?

-Ардчилсан намд ардчилсан үзэл суртлаасаа ухрахгүй тийм л хүн хэрэгтэй. Би З.Энхболд, Х.Баттулга хоёрыг намын даргад очвол боломжийн гэж үздэг.

-МАН-ын бага хурал мөн болно. Бас л намын даргыг халах, сэлэх асуудал яригдаж магадгүй юм?

-МАН өнөөдрийнхөө намын дарга, тогтолцоогоороо ороосой л гэж бодож байна. Би Батболдын тухай бол нэг их юм яримааргүй байна. Улс төрөөсөө харвал С.Баяр нь илүү улс төрийн характертай. С.Баяр нь цаана нь сууж байгаад С.Батболд нь намаа тэргүүлж ороосой гэж хүсч байна. Тэгвэл манай намд ашигтай. С.Баяр нууц ноёнтон хэвээрээ байгаа. С.Баяр намынхаа дуртай улс төрчдийг өрөөндөө дуудаад л уулзаж байгаа шүү дээ.

-Сонгуулиар амласан хоёр намын 1, 1.5 сая төгрөгийн амлалт биелэсэн үү?

-Яг нарийн яривал манай улс төрчид уул уурхайгаас их мөнгө орж ирнэ гэсэн том хөөрлийнхөө эхний үеийг давлаа гэж бодож байна. Цаашдаа харин ухаарлынхаа үе рүү орох байх. Хоёр намын амлалт бол улсын эдийн засгийн сүйрүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй амлалт байсан. Тухайлбал  Монгол хүнийг мөхөөх амлалт байсан. Харин цаашид бодитоор харах сургамжийг улс төрийнхөн авсан байх.

Харин татвараа сайн хурааж байна. Бусад дээр нь сайн дүн тавихад хэцүү байна. Зам тавих асуудал хэрэгжсэнгүй, 100 мянган айлын орон сууцыг барих ажил хэрэгжсэнгүй. Яахав бэлэн мөнгөний амлалтын цөөн хувь нь биелэсэн.

-Өөрийн чинь тойрогийнхоо гишүүдэд өгсөн амлалт биелэсэн үү?

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн иргэд ямар үүрэг өгсөн гэхээр байгаль, уул, усаа хайрлан хамгаалаарай, шударга ёсыг сайн сахиж биелүүлээрэй гэж л захисан. Энэ утгаараа би Урт нэртэй хуулийг санаачлагчдын нэг. Гадаадын сувдаг шунахай сэтгэлтэй харийнхнаас гол усаа хамгаалж чадаж байгаа гэж бодож байна. Иргэдийн өмнө өгсөн амлалтаа хангалттай биелүүлсэн гэж бодож байна.

-С.Баяр намын даргаар эргэж ирж, намаа сонгуульд авч орох юм биш байгаа. Тийм зүйл байж болох уу?

-Тэр хүн Оюутойн гэрээг хийсэн, их авлига мөнгөний асуудал яригддаг. Манай улс төрчдийн дунд Оюутолгойн гэрээ хийсэн сайд нарыг миллард доллар хувааж авсан гэж шуугидаг. Ер нь бол улс төрд мөнгөтэй нь явж байна шүү дээ. Ардын намын улс төрчид бол жинхэнэ тэрбумтнууд.

Ардын намын дотоод асуудалд нэг их ормооргүй байна. Тэр ардын намын даргаас илүү манай намын даргын асуудал чухал байна. Сайн лидер манай намыг удирдах хэрэгтэй байна.

-АХХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Танай холбоо ямар ажил хийж байна?

-АХХ бид улс төрд буруу зүйлээ засъя гэсэн бодол санаатай байгууллагдсан. Оюутолгойн гэрээний 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах ёстой гэдэг санал дээр нэгдэж яваа гишүүдийн олонх нь манай гишүүд байна. Энд хамгийн их дуу хоолой болж оролцож байгаа нь. Ер нь хамтарсан Засгийн газрын ганц сөрөг хүчин болж байгаа нь манай холбоо байна. Өнөөдөр Ардчилсан нам МАН-ын хиймэл дагуул болоод удаж байна. Үүний эсрэг байр суурьтай зогсож ирсэн.

-Та УИХ-ын сонгуульд мэдээж дахин өрсөлдөх байх?

-Би сонгуульд өрсөлдөнө. Чингэлтэй дүүргээс өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа.

-Ардчилсан намаас нэр дэвшигч намдаа 50 саяын хандив өгөх ёстой гэсэн үү. Та өгсөн үү?

-Би мөнгө өгөөгүй. Намаа шинэчилье гэж байна. Сэхээтэн залуучуудаа яаж сонгуульд оруулж өрсөлдүүлэх бэ. Ер нь мөнгөний татаас залуучуудад саад болно. Гадаад дотоодод сурч боловсорсон сайхан залуучууд их байна. Тэд одоо намын даргад нэг очиж ёслоно, компанийн захиралд очиж нэг ёслоно. Тэгээд УИХ-д гараад ирдэг эргээд нөгөө компанийн улс төр, бизнесийн улс төр, карманы улс төр гэдэг нь болно. “Чи хэнээс мөнгө авснаа мэдэж байгаа биз” гэхэд л мань нөхөр нам болно. Би тэр 50 саяын эсрэг байна. Ардын нам 100 сая гэж яригдаж байгаад больчихлоо.

-“Эрдэнэс Таван толгой”-гоос 10 хувийг иргэдэд олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Одоо бүр 20 хувь болгоё  гэдэг санал Засгийн газар дээр явж байна. Та энэ дээр ямар саналтай байна.

-Иргэдэд хувьцааг 20 хувь болгож тарааж өгсөн нь л дээр байх. Түүнээс үндэсний компаниудад хувьцааг худалдах нь зохимжтой зүйл биш.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.