Л.Гантөмөр:Манай дарга нар зөвхөн эрх л эдэлдэг болохоос ямар ч үүрэг хүлээдэггүй
2011.11.10

Л.Гантөмөр:Манай дарга нар зөвхөн эрх л эдэлдэг болохоос ямар ч үүрэг хүлээдэггүй


УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хоёр нам удаан хугацаанд тохиролцож чадахгүй байснаа 48:28 гэх "тоонд" хүрэх шиг боллоо?

-Манай намаас мажоритариор сонгууль явуулж байгаа тойргоо томсгоно гэдэг санал тавьсан. Том тойрог байх нь хоёр давуу талтай. Мөнгө тараадаг, худалдаж авдаг гэх мэт мөнгөний хүчин зүйлийг багасгах ач холбогдолтой. Ийм сонгуулиас татгалзъя, аль болох олон хүнээс санал авдаг болгох зорилготой. Дараагийн нэг зүйл нь улс төрийн намууд төлөвшихөд хэрэгтэй гэдэг санал гаргаж байгаа юм. Яагаад намууд төлөвшихөд хэрэгтэй юм гэхээр багаар ажилладаг болно. Жишээ нь, Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүн нэг баг болоод улс орны хөгжлийн төлөө ямар нэг асуудал шийдэхдээ намынхаа бодлогыг нэг номерт тавих учиртай. Ингэж намын бодлого нэг номер  тавигдаад ирэхээр улс төрийн намууд төлөвших явц хурдасна гэж харж бай гаа. Тэгэхгүй бол одоо олон бие даагчтай мэт харагдаад байгаа юм. Хүн болгон өөрийнхөө санаа бодлыг нэгдүгээрт тавьдаг. Улс төрийн намын бодлогын хувьд гаргасан шийдвэр, дэвшүүлсэн зорилт нь хоёр дахь зүйл мэт болчхоод байна.

Сүүлийн хоёр, гурван удаагийн сонгуулийг харж байхад хүн болгон өөрийн уриа лоозон, амлалттай сонгуульд оролцдог болсон. Тэгж ялалт байгуулсан хүн зөвхөн хувь хүнийхээ хувиар асуудалд хандаж, түүнийхээ араас л явж байна. Энэ санаачилгын дүнд тойргуудын хөрөнгө оруулалт ч шийдэгддэг болж. Энэ нь парламентын Засгийн газар нэг танхимын зарчимтай байна гэх мэт зарчмууд алдагдаад эхэлж байгаа юм. Тухайлбал, Боловсролын сайд нь Булган гүйгээд байдаг, Хөдөө аж ахуйн сайдынх нь гол бодлого Архангай аймаг руу чиглээд байх жишээтэй. Тиймээс манай тавьж байгаа саналыг МАН хүлээж авахдаа гол нь үүнийг харгалзсан болов уу гэж бодож байгаа.

-Олон мандаттай болж байгаад та юу хэлэх вэ?

-МАН-ын гаргаж байгаа саналаар бол Улаанбаатарт 14 мандат, 34 нь орон нутагт гэж байгаа юм билээ. Бидний дэвшүүлсэн санал бол Улаанбаатарт ядаж 16, хөдөө орон нутагт 32 гэж байлгая гэж байгаа. Бидний тавьж байгаа энэ санал цааш явах эсэх нь тодорхойгүй л байна. МАН асуудлаа эцсийн байдлаар шийдье гээд хайрцаглаад гаргаад ирсэн. Үүнд манай бүлэг эцэслэн шийдвэрээ гаргана гэж бодож байна.

-Тэгвэл нийслэл дэх мандатын тооноос үүдэн дахин гацаа үүсэж болзошгүй гэсэн үг үү?

-Тойргийнхоо зохион байгуулалтаа хэрхэн хийхээс хамаарна л даа

-МАН-ын зүгээс мандатын тоог хуваарилахдаа газар нутгийн хэмжээг харсан гээд байгаа?

-Засаг захиргааны нэгжийн төлөөлөл байх нь тодорхой. Гэхдээ энд аймгийг нэг хүн төлөөлөх, хоёр хүн төлөөлөх хоёр ямар ч ялгаа байхгүй. Увсаас гурван гишүүн байна уу, нэг гишүүн байна уу, үр дүн нь яг адил Өөрийнхөө мажоритар дээр нэг санал өгөхөөс гадна нөгөө талдаа 28 хун сонгох боломж 48:28 дээр гарч ирж байгаа юм. Тийм учраас засаг захиргааг хатуу баримталж гаргана гэдэг нь үр дүнтэй зүйл биш. Ард түмний нийт санал "тэр чигтээ тусгалаа олох арга бол хүн амын тоог харгалзаж төлөөллийг бий болгох. Хүн амын тоогоороо хийгээд явахаар ард түмэн хэнийг сонгосон бэ гэдэг ньтусгалаа олно. Энэ бол зөвхөн АН-ын санал гэхээсээ илүүтэйгээр парламентад суудалгүй, эрүүл саруулаар улс орны ирээдүйг харж байгаа улс төрийн хүчнүүд ч байгаа санал юм шүү.

-Газар нутгийн хэмжээгээр мандатын тоог хуваарилах нь Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж ярих гишүүд байна лээ?

-Сонгуулийн тойргийг хүн ам, засаг захиргаагаар байгуулна гэсэн заалт байдаг. Аль алиныг нь л харгалзана гэсэн үг л дээ Хүн амыг газар нутгийн хувьд огт төлөөлөлгүй болгож болохгүй. Тухайлбал  Дундговь аймгийн огт төлөөлөлгүй үлдээж болохгүй. Гэхдээ Дундговь, Өмнөговь хоёр нийлээд нэг тойрог болох болдог. Засаг захиргааны аль ч нэгжээс мажоритараар хүн сонгогдоно. Хэдэн мандат вэ гэдэг нь хүн амын тооноос хамаарах ёстой болохоос бус газар нутгийн том багаас хамааруулна гэсэн ойлголт байхгүй.

-Нийслэлд хүн амын 58 хувь амьдардаг гэдэг утгаараа 16-аас ч илүү мандат уг нь байх ёстой биз дээ?

-Мажоритараар явлаа гэхэд тойргийн тоо 26 байна. Ингэхэд 26 тойрог дээрх мандатын тоо Улаанбаатарт ядаж 40 хувь, орон нутагт 60 хувьтай байхад төлөөллийн зарчим алдагдахгүй байх боломж бий. Гэхдээ 40:60 гэдэг харьцааг МАН хэзээ ч зөвшөөрөхгүй.

-Яагаад?

-МАН-ын зүгээс "манай нэр дэвшигчид орон нутагт илүү боломжтой, гишүүд нь танигдсан" гэ-дэг утгаар нь хараад байгаа юм. Тухайлбал, Төв аймгийг М.Энхболд гэдэг гишүүн төлөөлж чадна гэж итгээд байгаа байхгүй юу. Энэ нь цэвэр ирэх сонгуулийн дүнг харж байгаа хэрэг. Түүнийг нь айхтар муулаад байх ч хэрэггүй л дээ. Улс төрийн нам тэр зэргийн юм харалгүй л яах вэ. Тэгэхээр эр нь аль аль хүчин зүйлээ л харах хэрэгтэй байгаа юм. Сонгууль бол сонгууль шүү дээ. Эргэхдээ хүрвэл ямар ч үед эргэнэ. Тиймээс бид нэг, хоёр удаагийн сонгууль харахаасаа илүүтэйгээр монголчууд урт хугацаанд парламентаа зөв төлөөллийн зарчим, тооны харьцаагаар гаргадаг тэр зарчим руу л ойртуулчихъя л гэдэг саналыг АН-аас гаргаад байгаа юм.

-Нөгөө талаас нийслэл дэх мандатын тоог нэмснээр хөдөөгийн төлөөллийг багасгах нь гэсэн зүйл яригдаад байгаа?

-Орон нутгийнханд хандаж хэлэхэд, хөдөөний төлөөлөл алга болно гэж байхгүй. Төлөөллийг чинь цөөрүүлж байна гэсэн мессеж яваад байна. Олон гишүүнтэй байх цөөхөн гишүүнтэй байхын ялгаа гэж юу байх вэ. Харин ч олон байх тусмаа ажил хийдүүлэх гэх мэт асуудал үүсдэг юм биз дээ. Тиймээс аль болох цөөхөн, тодорхой төлөөллийг барьж авах нь илүү хялбар ш үү.

-АН 28 дээрээ хүнээ хэрхэн гаргаж ирэх вэ?

-Улс төрийн намууд 76-гийнхаа жагсаалтыг гаргана. Ингэж гаргаад мажоритараар 38 байна уу, 48 байна уу тэр хэмжээгээр дэвшинэ. Гэхдээ 76 дотроо яаж ч эрэмбэлэгдэж болно. Жишээлбэл, намын дарга байлаа гэхэд манай дарга Сонгино хайрхан дүүрэгт баталгаатай нэг суудал авах юм байна гэвэл намын даргаа ч дэвшүүлнэ. Эргээд эсрэгээрээ манай дарга эрсдэлтэй байна гэж үзвэл нэр дэвшүүлэхгүй аваад үлдэж болно. Тэгэхээр тойрог дээр очоод ялж чадах хүмүүс мажоритар руугаа орно. Харин пропорционалиар сон-гох 28 суудлын хэдэн хувийг АН авах вэ гэдэг асуудал гарна. Тухайлбал, 30 хувийн санал авлаа гэхэд есөн суудалд нь манай эрэмбэлэгдсэн 76-гийн эхний ес сууна гэсэн үг. Хэрэв тэр дотроос хүмүүс нь тойрог дээрээ очоод сонгогдчихсон бол дараагийн хүмүүс нь орж ирнэ.

Гэтэл арын хүмүүс дотроос нь УИХ-д суухгүй сайд болъё гэвэл тэр хүмүүсийн оронд дараагийнх нь орж ирж болно. Энэ мэтээр намын гишүүд эрэмбэлэгдэнэ. Гэхдээ хэрхэн эрэмбэлэх дүрэм, журмын талаар бид ярилцана. Энд аль болох шударга, нийгэмдээ танигдсан, намынхаа хөтөлбөрийг ажил хэрэг болгож чадах хүмүүсээ л жагсаана. АН-ын нүүр царай болсон хүмүүс эхний 20, 30-д жагсах болов уу. Эрэмбэлэх дүрэм журмыг гаргахдаа аль болох хэн нэгэн хувь хүнээс хамааралтай бус, мөнгөний хүчин зүйл бага орсон, хэрүүл маргаан гарахгүй байх зарчмуудыг баримтална. Гишүүдээ эрэмбэлэх тал дээр Японы жишээг хэлье л дээ. Японы намууд жагсаалтаа маргааш сонгуулийн компанит ажил эхэллээ гэхийн урд орой зарладаг. Энэ нь жагсаалтад сэтгэл дундуур байгаа хүнийг өөр нам руу гүйх боломж олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байгаа юм.

-Сэтгэл дундуур хүн гарвал яахвэ?

-Намын дотооддоо зөв буруугаа шийддэг. Хэрэв үнэхээр буруу байх юм бол намын удирдлагууд сонгууль дууссаны дараа хариуцлагаа хүлээдэг юм билээ. Харин зөв хийж чадсан намын дарга Ерөнхий сайд болоод явдаг. Тэгэхээр Япон шиг урд орой нь жагсаалтаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгдөг байхаар зохион байгуулах саналыг би хувьдаа гаргая гэж бодож байгаа. Ер нь улс төрийн намууд тэгэх хэрэгтэй. Ингэснээр улс төрийн нам илүү тогтворжино. Намд хувь хүний хүчин зүйл багасгаж чадах юм бол ардчилсан тогтолцоо бий болж чадна гэж үзэж байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт улс төрийн анхаарал татаж байсан өөр нэг зүйл бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж нарын толхилцоон байлаа. Та үүнийг хувь гишүүний зүгээс юу гэж харж байгаа вэ?

-Би хэрүүл болж байхад Японд байсан болохоор яг юунаас болов гэдгийн нэрийн мэдэхгүй байна. Гэхдээ ирээд хэвлэлээс уншиж байгаад АН-ын гишүүний зүгээс харж хэлбэл улам дэврээсэй л гэж харж байна. Энэ хоёр бол нэг нэгнийхээ но-г дэлгэж чадах хүмүүс. Одоогоор дэлгэсэн зүйл нь зөвхөн эхлэл нь байх. Нүдэнд үзэгдэж байгаа орон сууц, зочид буудал, телевиз сонингийн хэмжээний л хэрүүл яваад байна.

Үнэхээр хийсэн зүйлс нь дэлгэгдчих юм бол Монголд нэг сонин үзэгдэл бий болох байх.

Гэхдээ тэгж чадна гэдэгт итгэхгүй байна. Одоо ч бараг тэгсхийгээд зогсоно биз. Ер нь хууль, шүүхийн өмнө иргэд тэгш эрхтэй биш гэдгийг л энэ хоёр харуулж байна гэж бодож байгаа. Монголд дарга нар хууль үйлчилдэггүй, өөрийнхөө хуулийг тайлбарлаж болдог юм байна. Жирийн иргэн Дорж хэрэгт холбогдлоо гэхэд Нямдоржийг огцруулж байж намайг шалга гэж хэлж чадах уу. Ингээд бодохоор нэг сонин зүйл үүсэж байгаа юм. Энэ бүгд нь монголд хуулиасаа улс төр нь давчихсан гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр цаашид бид улс-төрчдийг биш төр, төрийн жинхэнэ албыг хүчирхэг болгомоор байна. Тухайлбал, цагдаа нь Хууль зүйн сайдаасаа, Прокурор нь Ерөнхийлөгчөөсөө асуудаггүй болмоор байна.

-Төрийн алба гэснээс таныг төрийн эрх, үүргийн талаар судалгаа хийсэн гэж сонссон юм байна. Төрийн эрх нь 700 атал үүрэг нь ердөө 70 байсан гэл үү?

-Би баг гаргаж, хуульчдыг хөлслөн Монголд хэрэгжиж байгаа хуулиудад анализ хийхийг хүссэн юм. Яагаад гэхээр зун шатахууны хомсдол үүсэхэд нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр Монголчуудыг бензинээр таслахгүй байх үүрэг хүлээх хүн байгаагүй гэсэн үг. Д.Зоригт сайд, Онцгой байдлын дарга, Сангийн сайд, Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргад тийм үүрэг байгаагүй. Тиймээс яагаад үүрэг хүлээдэггүй юм гээд шалгаад үзсэн чинь манайхуулиудаддарга нарын талаар зөвхөн бүрэн эрхийн зохицуулалт нь л байдаг юм байна.

Ялангуяа сүүлийн 6-7 жил гаргасан, шинэчлэн найруулсан хуулиудад тийм байна.

Бүрэн эрхийн зохицуулалтаар хийхээр эрх мэдэл нь харагдаад үүрэг нь бүгд алга болдог. Гэтэл бусад оронд тийм байдаггүй юм байна. Тухайлбал, Солонгос улсад гэхэд төрийн албаны харилцааг бүгдийг нь үүргээр зохицуулсан байна. Зөвхөн үүрэгтэй. Ерөнхий сайдын эрх мэдлийн талаар нэг ч үг байхгүй. Харин үүргээ гүйцэтгэхийн тулд тодорхой эрх мэдлийг эдэлдэг байхаар тусгачихсан байна. Үүрэг гүйцэтгэх явцдаа эрхээ эдэлнэ гэсэн үг. Гэтэл манайх эсрэгээрээ үүрэг нь байхгүй, зөвхөн эрх мэдлийг нь хуульчилчихжээ.

Үүргийг нь хуульчлаад өгөхөөр ажил очиж байгаа хүн ямар үүрэгтэй вэ гэдгээ мэддэг.

Эрхээр харилцаагаа зохицуулаад очсон дарга надад ийм эрх байна гэхээс тийм ажил хийх ёстой гэж мэддэггүй юм байна л даа. Тэгэхээр цаашдаа үүргийн хувьсгал хийе гэж байгаа юм. Яг үнэндээ манай дарга нар ард түмний татвараар амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Манай дарга нар, УИХ-ын гишүүд, сайд нар хэн ч байсан би ард түмний татвараар амьдарч байгаа дорой амьтан шүү гэдгээ ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй юм. Үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Ингэх арга бол үүрэг өгөх. Чи ийм  үүрэгтэй хүн, үүргээ биелүүлэхийн тулд ард түмний татвараас цалин өгч байна гэх юм бол сэтгэхүйн харилцаа зөв бууж ирэх юм байна. Би мундаг хүн биш. Арга ядсандаа л ард түмнийхээ татвараас цалин авч амьдрахын тулд энэ ажлын сонголт дээр ирлээ гэж зөвөөр ойлгох хэрэгтэй юм байна л даа. Тийм харилцааг бий болгохын тулд үүргийн зохицуулатыг хийх хэрэгтэй гэж дүгнэсэн. Одоо манай хуульчид яаж тэр зохицуулалтыг хийх талаар судалгаа хийж байна. Удахгүй санал болгоод явна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.