Н.Энхболд: Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд гацах зүйлгүй
-Парламентаас гаднах улс төрийн хүчнүүд Сонгуулийн тухай хуульд оруулах саналаа өргөн барилаа. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд намуудын саналд ямар байр суурьтай байна вэ?
-Бид Сонгуулийн хууль хэлэлцэх явцдаа улс төрийн намуудын төлөөлөлтэй бөөнөөрөө цуглаж ярилцаагүй ч нэг хоёроороо ярилцсан. Урьд өмнө сонгуулийн тогтолцооны саналыг хэлж байсан. УИХ-д суудалтайгаас бусад намууд аль болох пропорциональ тогтолцоо, болохгүй бол холимог тогтолцоог барьж явуулах талаар санал гаргаж байсан. Сая өргөн барьсан бичигтэй танилцаж амжаагүй байна. Манай ажлын хэсэг энэ саналтай танилцаад байнгын хороо, УИХ-д оруулна. Эцсийн дүндээ энэ 76 гишүүн хэлэлцэх болохоор өөр өөрсдийн байр сууринаас асуудалд хандах байх.
-МАН саяхан Ардчилсан намын саналыг хүлээж авлаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Бид тэнцвэржүүлэхийг бодсон. АН-аас тавьсан саналыг манай бүлэг хэлэлцээд, хүлээн авахаар болсон. Одоо Сонгуулийн хуулийн тухай хэлэлцэхэд гацах зүйлгүй болов уу. Сонгуулийн тойргийг 26-д хуваасан байгаа. Нэг тойрог дээр 1-3 орчим нэр дэвшигч байх болов уу. Ингээд тойргоосоо 1-3 мандаттай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон мандаттай сонгууль явах юм.
-Тэнцвэржүүлэх гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ нь хоёр талтай асуудал. Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй орон. Зах хязгаар нутгаа хөгжүүлэх, тэндээ хүн ам суурьшуулах, төрийн дээд байгууллагуудад тэдний төлөөлөл байх хэрэгтэй. Миний хувьд ийм байр суурьтай байдаг. Улаанбаатар хотод хүн амын 50 хувь шахам нь байгаа гэдэг утгаараа УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь Улаанбаатарт байх ёстой гэдэг байж болохгүй асуудал юм. Олон улсын түүхийг аваад үзэхэд зах хязгаар нутаг нь эзгүйдсэнээс тэнд хөгжил байхгүй болж, хэрэгжүүлэх бодлого нь явцгүйгээс оршин тогтнохуйн асуудал аюулд тулгарч байсан гашуун түүх бий.
Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-ын Уралаас камчатк хүртэл тун цөөхөн хүн амьдарч байгаа.
Энэ нь төрийн бодлогынх нь маш том толгойны өвчин болчхоод байна. Яваандаа бид ч бас ийм байдалд орохгүйн тулд бүс нутгаа хөгжүүлж,тэнд хүн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарах ёстой. Энэ талаас нь тооцоод үзвэл одоогийн тойргийн хуваарилалтын систем,ялангуяа орон нутгаас УИХ-д төлөөлөл байх тухай асуудал чухал гэж үзэж байгаа юм. Бид хэлэлцээд аль аль талынх нь сайн талыг агуулсан холимог тогтолцоог сонгож байна. Энд орон нутгийн төлөөллийг ч хамруулж байгаа юм. Намын жагсаалт гэж ярьж байгаа ч энэ бол бодлого юм. Намын жагсаалт гээд 28 хүний нэр гарчихгүй. 76 хүний нэр гарна. Сонгогчид саналаа өгөхдөө тухайн хүн аль намаас нэр дэвшсэн билээ, энэ нам ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа. Тухайн бодлогыг хэрэгжүүлэх хүн нь энэ мөн үү гэдгээр сонгоно. Тиймээс тухайн намын төлөө саналаа өгөх ёстой. Тухайлбал 28 санал хуваарилагдах хувь тэнцүүлсэн тогтолцооны санал хураалт дээр хүн ам бодитой том хувь нэмэр оруулж таарна. Улаанбаатар хотын сонгогчдын саналаа өгсөн намаас парламентад суух хүмүүс нийслэлийг төлөөлж таарна. Энэ утгаараа холимог тогтолцоо манай нөхцөлд тохирч байна гэж хоёр талаасаа тохиролцсон хэрэг.
-Эмэгтэйчүүдийн квотыг энэ хуульд тусгах уу?
-Яг одоогийн төсөл дээр эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь гэсэн байгаа. Энэ асуудал удаашрахгүй шийдэгдэх байх. Эцсийн дүндээ ямар ч квот тавьсан байлаа гэсэн сонгогчдын саналаар л жендерийн асуудал шийдэгдэнэ шүү дээ. Өмнө нь манайх найман эмэгтэй гишүүнтэй байсан одоо гурван гишүүн парламентад сууж байна. Бид эндээс 15-20 хувийн квот өгөөд эмэгтэйчүүдээ сонгуульд нэр дэвшүүллээ гэж бодоход сонгогдох эсэх нь сонгогчдоос хамаарах асуудал. Гэхдээ эмэгтэйчүүддээ хуулиараа энэ бололцоог олгож өгөх нь зөв асуудал. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийнхаа төсөлд тусгасан байгаа.
-Сонгуулийн хуулин дээр мөнгөний амлалт оруулахгүй гэж байгаа ч нэр дэвшигчид хувиараа мөнгө тараагаад байх магадлалтай гээд байгаа?
-Хуульдаа хориотой байгаа. Хууль зөрчвөл нэр дэвшигчийг татна. Хувийн мөнгө, хувьсгалын мөнгө ч бай хуулийн заалтыг л хэрэгжүүлнэ. Сонгуулийн үеэр хувиасаа мөнгө тарааж байна гэвэл нэрийг нь татаад, сонгууль оролцох эрхийг хасна.
-Босго дээр тохиролцсон уу?
-Босгыг удахгүй ярилцана.
-УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай зэрэг явуулахаар хуульд заасан байгаа. Гэхдээ энэ хоёр сонгуулийг зэрэг явуулах нь эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй ч маргаан будлиан гарах магадлал их гэж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар энэ хоёр сонгууль хамт явах ёстой. Асуудал бий. Ялангуяа орон нутгаар явж ажиллахад иргэд саналаа ярьж байна. Сонгууль зохион байгуулж ирсэн, зовлон, жаргалыг нь мэдэх хүмүүстэй ярилцаж байхад хоёр том сонгууль зэрэг явуулахад хүндрэлтэй асуудал их гарна гэдэг. Дээр нь анх удаа автоматаар санал хураах гэж байна. Урьд нь" хэрэглэж байгаагүй арга. Тиймээс эргэлзэж байгаа олон хүн бий. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь ихээхэн техник ажиллагаатай. Зэрэг явуулья гэхэд маргаан дагуулах болов уу гэсэн асуудал нэлээн гарах байх. Асуудлыг ярилцана.Одоогоор энэ хууль хүчин төгөлдөр байгаа шүү дээ.