Ж.Энхбаяр: Номтойбаяр тэрбум төгрөг хандивлалаа гээд нэр дэвших эрх нь шууд нээгдэхгүй
2011.12.05

Ж.Энхбаяр: Номтойбаяр тэрбум төгрөг хандивлалаа гээд нэр дэвших эрх нь шууд нээгдэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж ярилцлаа
-МАН-ынхан намын байраа ашиглалтад оруулж, улс тунхагласны өдөр нээлтээ хийж, тэр өдрөө бага хурлаа хийлээ. Гэсэн ч МАН-ын рейтинг, АН-аас бага байгаа гэсэн судалгаа гарсан. Таны санаа зовж байна уу?

-Монголчуудын хэдэн зуун жилийн хүсэл мөрөөдөл нь тусгаар тогтнол байсан. Тусгаар тогтнолыг байлдан олж авах, тэр тэмцлийг МАН манлайлж түүхэн үүрэг гүйцэтгэсэн нам. Энэ намын 20 дугаар зууны түүхэнд гүйцэтгэсэн, Монгол улсын түүхэнд үлдэх зүйл, том гавьяа нь энэ. Бид сая намынхаа Бага хурлыг хийж, зохион байгуулалтын томоохон ажлыг амжууллаа. Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 20 жилийн төлөвлөгөө боловсруулах том даалгаврыг УЗ-дөө өглөө.

Дотоод зохион байгуулалтын ажил, намын бүтэц бүрэлдэхүүнийг өргөтгөх ажил хийлээ.

Намын бага хурлын гишүүд, намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томиллоо. Бид залуучуудаа, ялангуяа эмэгтэйчүүдээ улс төрд идэвхтэй оролцуулах, тэднийг дэмжих бодлого явуулж байгаа. Бид намын байраа барьж дуусгалаа. Энэ бол ардын намын ажилд хандаж байгаа хандлага, илрэл. Бусармаг улсуудын үйл ажиллагаанаас болж манай намын байр хайлж, үнс нурам болсон ч бид цоо шинэ агуулгатай, шинэ өнгө зүстэй, том ордон байгуулж чадлаа.Энэ бол манай намын хамт олон, нийт гишүүд нэгдэж чаддагийг харуулсан том үйл явдал. -Намын рейтинг тийм ийм гэж шууд хэлэхэд хэцүү л дээ. Янз янзын л судалгаа байгаа. Тэр нь улс төрийн нам, янз бүрийн санаа бодолтой хувь хүний захиалгаар ч хийгдэж байгаа. Эцсийн эцэст судалгаа биш сонгуулийн үр дүнгээр асуудал шийдэгдэнэ. Би тэр судалгаа гэдэг зүйлд огт ач холбогдол өгөхгүй байгаа. Ялангуяа улс төрийн судалгаа ямар ч барьцгүй байдаг, яаж ч гардаг эд. Тэрийг хэн хянаж байгаа, хэн баталгаажуулж байгаа юм, хэн үгүйсгэх юм. Үнэн гэхэд хэцүү, худлаа гэхэд хэцүү зүйл байдаг.

-Сая МАН-ын дарга С.Батболд сонгууль ямар ч хувилбараар явсан манайх ялна гэж хэлээд зарим хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлчих шиг боллоо?

-Ардчилсан сонгууль 20 жилийн өмнө олж авсан хамгийн үнэт зүйл. Бид сонгуулиар төр засгийн эрхийг тайван замаар шилжүүлж чаддаг болсон ард түмэн. Энэ үнэт зүйлийг устгах, алга болгох гэсэн гадна дотны бодлого яваад
байгаа ч энэ нь зарим талаараа үр дүнд хүрч байгаа нь анзаарагдаад байна. Тиймээс Сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Улс төрийн эрх барьж байгаа хоёр нам, улс төрийн хариуцлагатай хоёр намын хувьд сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгож чадсан, эцэслэн батлах процесс явагдаж байна. Ялангуяа сонгуулийн процесс, санал хураах, тоолох, нэр дэвших, сурталчилгаатай холбоотой асуудлууд нэлээн цэгцэрлээ. 2012 оны улс төрийн сонгуулийг монголчууд эв нэгдэлтэй тайван, улс төрийн маш өндөр сонор сэрэмжтэй,давж чадвал, өнөөдрийн эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл бололцоо бүрдээд байна. Гэхдээ энийг хангах хамгийн том суурь нь улс төрийн тогтвортой байдал. Сонгуулийг хариуцлагатай шударга, тайван явуулах хэрэгтэй. Тийм учраас улс төрийн намууд концепц, улс төрийн зөвшилцөлд хүрээд асуудлаа оруулж байна. Энэ бол том ололт. Үүний ач холбогдлыг та нар нийгэмд гаргаж өгөх ёстой. Улс төрийн бүх намууд сонгуульд ялахын төлөө явдаг. Намын дарга намаа удирдаж, сонгуульд ялахын төлөө ордог, ийм ч үүрэгтэй. Энэ үүднээсээ тэр хүн нам сонгуульд ялна гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Энэ бол тэр хүний хэлэх ёстой зүй ёсны үг, үүрэг эрх . нь юм гэж ойлгодог.

-Намын эв нэгдэл гэж ярихаар ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг хүний тухай яриа гардаг. Танай намын дарга байсан хүн шүү дээ.

-МАН асар том суурьтай, олон гишүүд дэмжигчидтэй пирамид бүтэцтэй болохоор тогтох тийм амар биш. Хэн нэгэн даргаас болоод энэ нам бутардаггүй. 1990 оноос хойш маш олон салах процесс явагдсан, төр засгийн удирдлагад байсан олон дарга энэ намыг хаяж гарсан, зарим нь батлахаа шидэж юу эс болох вэ дээ. Би 1996 оноос намынхаа Бага хуралд суусан. Энэ хугацаанд олон зүйл болсон. Энэ нам суурь сайтай болохоор тэр орон зайг маш хурдан нөхөж чаддаг. МАН, хэн нэгэн хувь улстөрчид хөтлөгдөөд дагаад байдаггүй. Бусад улс төрийн намууд, тэр намыг удирдаж байгаа хүнээс, санхүүжүүлж байгаа компаниас нь хамаарч, наашаа цаашаа гуйвж дайвж их олон хөдөлгөөнд ордог. Тийм нялхсын өвчин, жижиг үйлээс МАН-салчихсан. Сая намынхаа уугуул нэрээ сэргээгээд брэндийн хувьд маш том шинэчлэлийг амжилттай хийлээ. Энэ хугацаанд-30 гаруй мянган залуу намд элслээ, нам улам нягтарч, гишүүдийнхээ суурийг 99 хувь хадгалж чадлаа. Энэ том амжилт. Хэн нэг хүнээс болж энэ нам салж бутраад байдаггүй гэдэг нь улам батлагдаж байна.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Нямдорж сайд хоёр нэлээн ширүүхэн үзлээ. Юу гэж харжбайсанбэ?

-Хувь хүмүүсийн харьцаан дээр дүгнэлт өгөөд байх нь сонин биш. Сайхан зүйл биш гэдэг нь тодорхой. Нийгэм өөрөө үнэлэлтээ өгч байгаа. Улстөрч хүн мэдлэг боловсролтой байхаас гадна ёс зүйн хувьд манлайлах, хүндлэгдэх тийм орчин, аураг бүрдүүлэх ёстой. Тэрийгээ л алдчихвал улстөрч биш болчихдог. Ялангуяа Монголын ард түмэн дотор. Монголын уламжлалт сэтгэл зүй байна ш дээ. Ёс зүйн манлайллаа улстөрчид маш их эрхэмлэж явах ёстой гэж боддог,

-Ерөнхийлөгчийн туслах байсан залууг хорьчихлоо. Ингэж болж байгаа юм уу?

-Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна. Асуудалд тэгж л хандах ёстой. Цаг хугацаа харуулна даа. Энд яаран үнэлэлт дүгнэлт өгөөд яах вэ.

-30 мянган залуусыг шинээр элсүүлж, Бага хуралдаа оруулсан ч ихэвчлэн баячуудын хүүхдүүд өнгөлж, Бага хурлын гишүүн болсон. Одоо УИХ-д нэр дэвшинэ гээд явж байна. Энэ зөв үү?

-Нэр дэвшинэ гээд мөнгө тушаахаараа нэр дэвших эрхээ авчихдаг юм биш. Манай намын АН-аас ялгарах хамгийн том ялгаа, давуу тал нь энэ. АН бол 50 сая төгрөг тушаах юм бол бараа зарж байгаа юм шиг сонгуульд нэр дэвших эрхээ олж авдаг, худалдаж авдаг. Манайх бол анхан шат, бүх байгууллагаар шүүгдээд, ялангуяа ард түмнээрээ шүүгддэг. Тэгж байж сонгуульд нэр дэвших эрхээ олж авдаг. Зарчмын хувьд том ялгаа шүү.

-Намдаа тэрбум төгрөгийн хандив өгсөн хүн хоосон хоцрохгүй, зүгээр орхихгүй байлгүй дээ.

-Яг л манай нийгмийн сэтгэл зүй энэ. Бүгдийг хэт материаллаг, өнгө мөнгөөр хэмжих гэж оролддог. Улс төрийнхөө итгэл үнэмшил, юманд хандах хандлагаа хүртэл зоосны нүхээр хараад байгаа. Үгүй юмаа, энэ нам өөр. Маш олон үнэт зүйлтэй. Олон түмэнд нэр хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, тийм л хүнээ нэр дэвшүүлнэ. Тэгсээр ч ирсэн нам, тэр бодлогоо ч барьж яваа. Бүхий л салбарын нэр хүндтэй, олон түмэнд хүндлэгдсэн, манлайлагч нарыг гаргаж ирэх байх. Түүнээс биш мөнгө тушаагаад их хурлын гишүүн болчихдог гэж бодож болохгүй.

-Тэрбум төгрөг хандивлачихсан хүнийг нэр дэвшүүлэхгүй бол бөөн юм болно биз дээ?

-Энд би дүгнэлт өгөөд яах вэ. Үнэхээр тэр залуу итгэл үнэмшилтэй, бүтээх хүсэл эрмэлзэлтэй байж, хамгийн гол нь нутаг орны иргэд нь дэмжиж, гаргаж ирж байгаа бол энэ зүй ёсны асуудал. Зарчим буруу явагдвал болохгүй. Яагаад
гэвэл олонхоор, намын Бага хурлаар нууц санал хураалтаар УИХ-д нэр дэвших  асуудал шийдэгддэг. Нэг хувь хүн биш, ард түмний санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэрийг маш сайн харгалзаж байж, нам хүнээ гаргана. 2008 оны сонгуулийг харсан байх. Мөнгөтэй төгрөгтэй, нисдэг тэргээр дээгүүр нь нисээд, толгой дээрээс нь мөнгө чихэр цацаад явсан хүмүүсийн дийлэнх нь сонгуульд унасан ш дээ. Мөнгөтэй болгон сонгуульд ялдаг гэдэг их өрөөсгөл ойлголт. Хүн өөрөө тогос шиг гоёчихоод хөхөө шиг донгодоод би их хурлын гишүүн болно гэж явах нь утгагүй буруу зүйл юм. Цаанаасаа нийгмийн захиалга байж байх ёстой. Тэнд хэн тэнцэх вэ гэдэг асуудал байх ёстой болохоос биш, би тэнцэнэ гэдэг юм байж болохгүй ээ.

-Гишүүд тэрбум төгрөгөө нэмсэн гэсэн хэл ам гараад байгаа?

-Гишүүдийн мөнгө биш шүү дээ. Нутаг оронд хийх хөрөнгө оруулалтын бололцоо нэмэгдсэн. Энэ үүсвэрийг төрийн байгууллагуудын контор албан газрыг өргөтгөх, шинэ тавилга, тоног төхөөрөмж авах, машин унаа юу байдаг юм, тэр зардлуудыг хэмнэж гаргасан. Засгийн газрын оруулж ирснээс хэмнэж чадсан төсөв. Бид хэмнэсэн, хэмнэлтээс тухайн тойрог нутаг оронд хэрэгтэй салбарын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоо бүрдсэн. Тухайлбал шинэ нэмэгдсэн эх үүсвэрээр Говь-Алтайд нэг сумыг эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчинд холбох асуудлыг шийдсэн.

-Хамтарсан Засгийн газарт үнэлэлт өгөх хугацаа болчихсон байх. Сонгууль хүртэл ингээд явах уу, яах бол?

-Ингээд л явна. Энд сайн тал ч бий, муу тал ч бий. Тэрийг сонгуулиар ард түмэн шүүнэ дээ. Би сайн талаас нь харахыг хичээж байгаа. Нийгэмд аливаа зүйлийг хар талаас нь хангалттай харж шүүмжилж байна. Нийгэм бухимдаж байна, энэ бухимдлыг бид өөрсдөө өдөөж байна. Зохиомол хиймэл хэт улстөржсөн бухимдал эргээд нийгмийг их хар бараан болгож байна.

-Сөрөг хүчний орон зай алга боллоо гэж халагладаг. Тиймээс ч олон хөдөлгөөн эвсэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна гэж ярьдаг.

-Өнөөдөр Монголын улс төрд сөрөг хүчин бараг алга. Сөрөг хүчин болохын тулд нийгмийн дэмжлэгтэй байдаг. Ард түмний нэрийн өмнөөс ярьж байгаа энэ олон хөдөлгөөн, намуудыг харахад нэг дүүргийн сонгуульд, нэг баг хорооны сонгуульд ч олон түмний дэмжлэг авч чаддаггүй нам байна лээ. Би тэдэнд хэлэхэд үнэхээр ард түмний өмнөөс амьдрал ярих гэж байгаа бол сум баг дээр оч, орон нутаг дүүргээс өрсөлдөөд гараад ир, тэгвэл сонсъё гэмээр байна. Ард түмний нэр зүгээр бариад, түүгээрээ ашиг хонжоо олох гэж байгаа бол бас биш. Сөрөг хүчин бүр биш. Сөрөг хүчин нь энэ хоёр намын парламент дахь гишүүд өөрөө. Тэд харьцангуй ажил хэрэгч шүүмжлэлтэй хандаж чадаж байгаа болов уу. Ингэснээрээ хоёр талаасаа сайн шахаж чадаж байгаа. Намаа, Засгийн газраа хоёр нам нь өөрөө дотроосоо шахаж чадаж байгаа. Тэр сөрөг хүчний процесс их хурал дотроо явагдаад байгаа нь сөрөг хүчний орон зайг нөхөж байна уу даа гэж харж байгаа. Асуудалд төв, эрүүл хандаж байгаа гишүүд олон байгаа. УИХ-ын гишүүдийн дуу хоолой харьцангуй нээлттэй чөлөөтэй, үзэл бодлоо сайн илэрхийлж байна. Тэр үүднээс хэд хэдэн бодлогын бичиг баримт, олон зүйл засагдаж, сайжирч байна.

-Саяхан Баттулга сайд хамтарсан Засгийн газрыгшүүмжилж, Алтанхуяг даргыг нэг сайн дугтарлаа...

-АН-ын дотоодын улс төр буюу эрх мэдлийн төлөөх том тэмцэл явагдаж байгаа нь тэр биз. Тэр улс орныг хамарсан яриа биш. Ялангуяа Баттулга сайд өөрөө улсын эдийн засгийн хамгийн гол салбар, хот байгуулалт, барилга, зам тээврийн асуудал хариуцаж байгаа. Тэр салбарт ахиц үр дүн гарч байна уу гэдгийг бид харах ёстой. Тэр хүний ажил тэгж л дүгнэгдэнэ. Энэ хугацаанд хичнээн км зам тавигдав, дэд бүтэц, төмөр зам, тээврийн асуудал сайжрав уу, муудав уу, хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжрав уу, Замын-Үүдийн боомт дээр иргэд бухимдаж байна уу, үгүй юу. Тэр л Баттулга сайдын ажилтай шууд холбоотой. Тэр яриа бол тэдний нам доторх улс төрийн асуудал юм болов уу. Тийм болохоор энд бид хөндлөнгөөс оролцох нь зохистой биш.

-1996 онд та намд орж ирсэн. Одоо намдаа нөлөөтэй, шийдвэр гаргах түвшинд хүрсэн үү ?

-1996 онд манай нам улс төрийн маш хүнд нөхцөл байдалд байсан. Улс төрийн сонгуульд ялагдал хүлээчихсэн, улс төрийн тавцангаас шахан зайлуулах, бүр арчиж хаях, улс төрийн үйл ажиллагааг нь хориглох хүртэл асуудал тавигдаж байсан цаг.

Маш олон хүн тараа таниулж, үргэж дайжиж байсан үе л дээ.

Тийм л цаг үед Цоодолын Хулан, Сувдаа гуайн хүү Бат-Оргил бид хэд энэ нам шинэчлэгдэх ёстой, хөгжих ёстой, энэ нам түүхэн гавьяатай, цаашид байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй орж ирсэн. Намынхаа төлөө өдий хүртэл явж байна. Биднийг дагаад залуус их орсон. Бид тэр үед зөв бодолтой, сайхан хүсэл тэмүүлэлтэй, алсыг харсан гэгээлэг бодолтой байсан. Ямар ч эдийн засаг, эрх мэдэл, албан тушаалын сонирхол байгаагүй. Хамгийн хүнд үед, намд шинэ уур амьсгал ус агаар шиг хэрэгтэй үед бид орж ирсэн. Манай үе шийдвэр гаргах түвшинд очих цаг болоогүй л байна. Монголын нийгэм, улс төрд 60 оныхон нийгмийнхээ ачааг үүрээд явж байна. Бид тэдэнд өөрсдийн чадлын хэмжээнд тусалж байна. 1950оныхон тэдэндээ зөвлөж байна. 60 оныхон ачаа үүрч, бид дэмжиж яваа. Ийм л 3 цагийн хэлхээн дээр манай нам оршиж байна. Энэ бол бас л манай намын давуу тал.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд С.Баяр дарга та хоёрмуудалцаад байсан санагдах юм?

-Нэр дэвшүүлэхгүй ч биш юмаа. Намын боловсон хүчний хувьд намайг өөр чиглэлд бэлдэж байсан, ялангуяа засаглалын түвшинд манай тухайн үеийн удирдлагууд бодсон зүйл байсан. Энд л зарчмын жаахан зөрөлдөөн гарсан. Надад Алтайн ард түмний эрх ашгаас урвах, хойш нь тавих боломжгүй байсан. Тэр ард түмний эрх ашгийг хойш нь тавиад өөрийгөө бодох нь ёс зүйгүй асуудал болох байсан. Олон түмний итгэл найдварыг албан тушаал, эрх мэдлээр сольчихож болохгүй байсан болохоор үүрэг хүлээх замыг сонгосон. УИХ-ын гишүүн болно гэдэг асар их үүрэг хүлээж байна ш дээ. Тэр нь ч зөв болсон байх.Өнгөрсөн дөрвөн жилийг үр дүнтэй өнгөрөөсөн гэж би өөрөө сэтгэл хангалуун байгаа.

-Баяр даргатай тийм сайн харилцаатай биш байхаа. Эсвэл таныг үнэлдэггүй юу?

-Ямар ч байсан эцсийн бүлэгт дэмжсэн, бид ойлголцож чадсан. Тэр тусмаа Баяр дарга миний сонгуулийн компанит ажлын үеэр өөрийн биеэр очиж, дэмжсэн. Манай намын үнэт зүйл энэ. Асуудал шийдтэл юу эс болох вэ. Асуудал шийдсэний дараа нэгдсэн бодлогоор ажиллаж чаддаг нь манай намын давуу чанар.

-Баяр даргыг одоо ч намаа далдаас удирддаг, намдаа хамгийн нөлөөтэй байгаа хүн гэдэг?

-Нөлөөтэй байлгүй яах вэ. Энэ бол зүй ёсны юм. Манай намын үе үеийн удирдлагууд Очирбат гуай, Багабанди гуай, Даш-Ёндон гуай, Баяр даргын үгийг сонсох ёстой. Энэ чинь улс орны залгамж бодлого. Энэ бодлогыг бид үеийн үед авч явах ёстой. Энэ чинь монгол төрийн хар хайрцагны бодлого шүү дээ. Түүнээс биш хар хайрцганд хийгээд тавьсан бичиг цаас биш шүү дээ.

-Та Энхбаяр даргыг нэрлэсэнгүй. Уг нь та хоёр нэр нэгтэй, бас ойр харилцаатай байсан гэдэг дээ?

-Би улстөрчийнх нь хувьд асар их хүндэлдэг. Энэ хүн Монголын түүхэнд үлдэх мөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн. Энийг хаана ч хэлнэ. Энэ хүн төрийн эрх барих дээд байгууллагад 10 хэдэн жил ажиллаж, шилжилтийн хүнд үеийг туулахад тэр хүний гүйцэтгэсэн түүхэн үүрэг байгаа.

-Саяхан байшин хаусны тухай яриа болоход Сайхансамбуугишүүн "манай хоёр 2000 онд л орон сууцны хороололд хоёр өрөө байртай л байсан хүмүүс шүү дээ" гэж байсан.

-Ёстой мэдэхгүй юм даа. Би ийм зүйлээс хөндий байхыг хичээдэг. Аливаа зүйлд зохистой хил хязгаар гэж бий. Хандах хэмжээндээ асуудал тавина. Зөрчилдөөн өрсөлдөөн, улстөрд байх ёстой. Цаашлаад өмд гутал, авгай хүүхдийн нэр ороод ирэхээрээ ёс зүйгүй болдог. Улстөрч хүн маш өндөр ёс зүйтэй байх ёстой.

-Одоо улстөрчид томбайшинтайнэрхолбогдох болж. Л.Гансүхсайд байна. Нямдоржсайдын түрээсийн байшин, Ё.Отгонбаярсайдынхтай хөрш гэжяригдаад байна. Сайд наряахаараа асрамжийнхүүхдүүд шиг нэг дорМСЗ-ийнбарьсанбайранд амьдарч байдаг юмбол.

-Цаг хугацаа л харуулна. Дэлхий дээр юу болж байна, жаахан буруу явбал хүмүүс тэсэхээ больж байна. Хэрэв нэг дор амьдардаг нь үнэн бол энэ сонирхолтой л сэдэв. Ирээдүйд бүр сонирхолтой сэдэв болох байх. Хаа хүрч учиг нь тайлагдах юм байгаа юм. Үнэн мөн нь гарах л байх. Тэрийг ирээдүй цагт орхих хэрэгтэй байх.

-Бизнесмэнүүд 20 жил зүтгэсэн. Гэтэл улстөрчид нь илүү тансаг хэрэглээтэй байдаг, төрөөс баяжих боломж байдаг болохоор тийшээ зүтгэдэг гэдэг.

-Гашуун үнэнийг хэлэхэд баяжих боломж байгаа. Тэрийг хаахын төлөө ажиллаж байна. Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, ялангуяа Эрүүгийн хуульд үндэслэлгүйгээрхөрөнгөжих гэдэг асар том заалт оруулж чадсан. Тэр хөрөнгөө хэрхэн олсноо тайлбарлаж чадахгүй бол шууд эрүүгийн хариуцлага хүлээх, өндөр ялын санкцтайгаар оруулж байгаа. Дээрээс нь төрд алба хашиж байгаа хүн болгон ах дүү, эргэн тойрныхныгоо бизнесийн эрх ашгийг мэдүүлэх, тусгаж өгөх, эрх үүрэг хүлээж байгаа. Жишээлбэл хэвлэлийн компанитай хүн боловсролын салбарт ажиллаад, өөрийнхөө компаниар ном хэвлүүлээд байх боломжгүй болно гэсэн үг.

Сонирхлын зөрчил гэдэг томоохон агуулгыг шинээр гаргаж ирсэн.

Суурь юмыг доороос бага багаар хийж байна. Хөрөнгө оруулгын мэдүүлгээр сонсгол зохион байгуулсан арга хэмжээ, энэ Эрүүгийн хуульд оруулсан. Энэ дөрвөн жилд хийсэн, үлдэх том ажил гэж бодож байгаа. Тэмүүжин, Сүхбаатар гээд залуу гишүүд хамтарч ажилласан. Бид АТГ-аа байгуулсан, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болоод 5-6 жил болж байна. Одоо "зураг авалт" хийгээд байна. Хуурах бололцоо багасаад байгаа. Дээрээс нь бид төрийн албанд хувийн эрх ашгаа хэрхэн зохицуулах вэ гэсэн хууль хэлэлцээд эхэллээ. Төрийн албанд, нийтийн албанд төрийн албан хаагч эрх ашгаа хэрхэн зохицуулах вэ, энэ бол төрийн албаар дамжиж хөрөнгөжиж баяжих, маш том нөлөөллийг хааж байгаа. Хүн бүрийн албан ёсоор мэдүүлсэн түүх бүрдээд байна. Хэрвээ энэ асуудал нь худал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн баяжсан нь цаг хугацааны эрхэнд гараад л ирнэ. Монгол жаахан, бид цөөхүүлээ. Бид хэн нь хэн бэ гэдгээ мэднэ. Дээрээс нь бид ардчиллын үнэт зарчмаа бага багаар баталгаажуулаад л байна. Энэ эрх мэдэлтэй, дарга сайд байсан гээд хуулиас давуу эрх эдлэх нөхцөл бололцоо улам байхгүй болно. Энд залуучууд итгэлтэй байгаа. Бүх улстөрчдөд хэлэхэд ирээдүйгээ л хараарай, үр хүүхдэдээ битгий гай болооч, нэр төрөө материаллаг зүйлээр битгий солиоч гэмээр байна. Энэ бол насгүй ажил л даа. Юм өөр болж байна. Нийгмийн ухамсар өөрчлөгдөж байна.

-АТГ-ыг хэр ажиллаж байна гэж боддог вэ? Жижиг зүйлээр оролдоод том хэрэг илрүүлж чаддаггүй гэдэг.

-Энэ байгууллагад ажиллах эрх зүйн орчин дутуу, боловсон хүчний чадавх муу байгаа. Энийг бүрдүүлэхийн төлөө хэдэн жил ажилласан. Холбогдох хууль зүйн орчинг нь боловсронгуй болгоё, улс төрийн хүчин чадал хамгаалалтыг нь сайн бэхжүүлээд өгье гэдэг асуудал явагдаж байна. Нийтээрээ л Монголын ард түмэн хожно. Хэн удирдахаас үл хамаарч энэ бүтэц ажиллаж байх ёстой. Монгол төрийн дархлаа байх ёстой. Одоо АТГ сайн ажиллах байх, олон олон тул загас баригдах байх гэж бодож байна. Нийгмийн захиалгыг биелүүлэх байх гэж харж байна.

-АТГ-ыг гудамжинд зогсож байгаа замын цагдаагийн гаргасан зөрчил энэ тэр гээд жижиг сажиг хэрэг илрүүлдэг, том хэрэг илрүүлдэггүй гэж шүүмжилдэг?

-Тухайн байгууллага сайн ажиллах эрх зүйн орчин хэлбэрийн хувьд бүрдэж чадаагүй байсан л даа. Одоо баталгаажуулаад, чадваржуулаад явбал Монголын төрд байх ёстой байгууллага. Зарим нь жижиг жараахай илрүүллээ гэж голдог. Ялгаагүй бүх түвшинд байх ёстой. Зам дээр зогсож байгаа цагдаа, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн хяналт, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа бүх хүн орох ёстой. Яг үнэндээ төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа дунд, доод шатанд асар их иргэдийг бухимдуулж байгаа. Энэ байгууллага үүрэг гүйцэтгэх ёстой. 50 мянган төгрөг авсан замын цагдааг ажлаас нь халлаа гэж сүржин мэдүүлж байна гэж голоод байна. Энэ чамлах юм биш, хүмүүс шууд том улай үзэхийг хүсээд байна. Жижиг том гэлгүй таслан зогсоох ёстой.

-Баян ядуугийн ялгаа эрс ихсэж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эдийн засаг өснө. Энэ эдийн засгийн өсөлтийг яаж өрх бүрт, хүн бүрт хүргэх вэ, яаж хөгжил болж хувиргах вэ гэдэг чухал байна. Эдийн засаг өсчихөөр шууд хөгжил болдог юм биш байна. Эдийн засгийн өсөлт цөөнхөд, гадаад урсгалтай, эдийн засгийн өсөлт гараад явчихвал, бидний зорилго хүсэл мөрөөдөл маань биш болно ш дээ.

Тэгэхээр нийгмийн баялгийн зөв зохистой хуваарилалт чухал.

Хүний хөгжлийг хангаж, яавал монгол хүнийг дэлхийн хэмжээний хүн болгох вэ, эрүүл, өрсөлдөх чадвар бүхий, оюуны потенциальтай амьдралаа аваад явах бүрэн чадвартай, боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй, улс үндэстэн, хүн болгох хэрэгтэй байна. Ингэхийн тулд том өөрчлөлт хэрэгтэй байна. Хүний хөгжлийг хангаж  байх эрүүл мэнд, боловсролын салбарт чиглүүлэх, тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн чадавхыг дээшлүүлэх, тэгээд эдийн засгийн гол салбаруудаа ганц уул уурхай гэх бус эдийн засгийн зөв бүтцийг бий болгох, зөв  хуваарилах, бусад салбаруудаа босгож дэмжиж явах хэрэгтэй байна. Манай нам үүнийг хийхийг боддог, АН бол цөөнхийг дэмжих барууны бодлого гэдэг энэ. Ийм л үзэл бодлын зөрөө гарч эхэлж байна даа. Тэгэхгүй бол ганцаараа хэн баяжаад том хашаагаар хүрээлүүлээд цагдаа харуул тавиад, өнөөдрийнх шиг нөхцөл байдалд мөнгөтэй баян амьдрах гээд яах юм, хэнд хэрэгтэй юм. Бүгдээрээ л тайван сайхан амьдрах хэрэгтэй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.