Н.Энхболд: Нухчин дарах гээгүй үнэнийг нийтлүүлэх гэсэн юм
2011.12.01

Н.Энхболд: Нухчин дарах гээгүй үнэнийг нийтлүүлэх гэсэн юм

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.
-Сонгуулийн тухай  хуульд Сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийнхнийг боогдуулахаар тусгажээ. Дөрөв дэх засаглал болсон хэвлэлийнхний хэвлэн нийтлэх эрхийг хумих ямар санаа агуулаад байгаа талаар сонирхож байна?
-Хариуцлагатай байхаа мэддэг байх ёстой. Захиалсан болгоныг дамжуулдаг гэж ойлгодоггүй байлгүй дээ. Иргэдийн мэдлэг нимгэнийг ашиглах, тодорхой зорилгоор  буруу мэдээлэл цацах , нийгмийн өмнө хүлээсэн    үүргээ ухамсарлаагүй    буруу үйлдэл гэж боддог. Зөвхөн Монгол улс ийм  хуультай болох гэж зүтгээд байгаа   юм биш.
Дэлхий даяар хэвлэлийнхний хариуцлагыг эрчимтэй ярьдаг боллоо.
Иймээс сонгуульд оролцож байгаа нам эвсэл хувь хүмүүс, хэвлэлийнхний хариуцлагыг салгаж, үүрэх ёстой үүргийг  нь биелүүлдэг тогтолцоотой болохоор гурван заалт тусгайлан боловсруулж оруулсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн мэдээллийн үнэн зөв бодит байдлыг хариуцах. Хэрвээ мэдээлэл, нийтлэл  нь санаатай болон санамсаргүйгээр нийгэмд буруу ойлголт өгөх, сонгогчийн сонголтод нөлөөлөхийг нь мэдсээр байж хийсэн бол хариуцлага хүлээж тодорхой хэмжээгээр торгууль ноогдуулах ёстой.
-Хариуцлагаа ухамсарлаж байгаа. Гэхдээ торгуулийн мөнгөн дүнг арай их тогтоожээ?
- Төслийн эхний үед торгууль их байгаа талаар ярьж байсан. Торгууль хэд ч байж болно. Хамгийн гол нь худал мэдээлэл гаргахгүй байя гэхээсээ илүү торгууль өндөр байна гэх нь зохисгүй, Гэхдээ бид торгуулийн хэмжээг багасгах байх.
Гуравдагч этгээдийн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг хянуулахаар оруулсан.
Тухайлбал, дайн дажинд уриалах, нийгмийн тогтворгүй байдал руу түлхэх зэрэг явдал үүний ард байж болзошгүй. Ер нь дотоод хяналт, ёс зүйгээрээ ийм материалын хэвлэлийнхэн цацахгүй байвал хариуцлага хүлээхдээ тулахгүй. Сүүлийн үед манайхан сонгуулийн дараа нэг нутаг, нэг улс, үндэстэн болж амьдрахгүй  юм шиг  хэрэлдэж, гүтгэж гүжирддэг. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны үед болж байгаа ч, цөөхөн монголчууд хагарч бутрах, хуваагдах сөрөг талтай. Эдийн засаг томорч, мөнгөний сонирхол гадаадынхныг татаж байгаа өнөө үед бидний сул тал дээр дөрөөлөн үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөх оролдлого ч гарч болзошгүй, Нийгмийн эд эсийн төлөө сайн сайхныг хийхгүй бол зөвхөн  мөнгө, улс төрийн  төлөө яваад амьдрал сайхан болохгүй. Энэ бүхний төлөө хэвлэлийн хариуцлага, торгууль, үүргийг тодорхой болгосон юм.
-Нийгмийн хариуцлага нэрийн дор дандаа сайн сайхан, магтаал гаргах болох нь. Гэмт хэрэг үйлдэж байсан, идэж уусан, авлига авсан тухай үнэнийг нийтлээд хариуцлага хүлээх нь утгагүй байх. Тэгээд худал магтах уу?
-Үнэн  зүйл  мэдээлсэн  бол  яагаад  ч унахгүй биз дээ. Өмнөх сонгуулийн үеийн гүтгэлэг, гүжирдлэгээр бол энэ 76 гишүүн өнөөдөр бүгдээрээ шоронд сууж байх ёстой мэт зүйл гардаг. Бүгд гэмт  хэрэгтэн, идэж уусан, авлигач муу хүмүүс. Үнэхээр сонгуулийн үеэр ярьж байсан шиг хүмүүс сонгогдсон бол энэ төр засаг арай өөр байх байсан биз. Мэдээлэл хамгийн гол нь үнэн байх ёстой гэдэг үүднээс хуульчилж байна. Муу муухай хар мэдээлэл, хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж болох ч гагцхүү үнэн байхыг хэвлэлийнхэн өөрсдөө шийднэ. Эргээд заргалдахад унахгүй байх нь  чухал. Хэт улс төржсөн  бохир үйлдэл, гүжирдлэг нийтэлсэн ч үнэн бодитой бол хэн ч яаж ч чадахгүй. Нүүр бардам асуудлаа зохицуулж бай.
-Дөрөв дэх засаглал  гэж улс төрчид хамгийн их онцолдог атлаа муу муухайгаа илчлүүлэхгүйг санаархаж байгаа юм шиг ээ. Ингэх ямар шаардлага байгаа юм бол?
- Хуулиа битгий зөрч.  Тэгвэл асуудал үүсэхгүй.
-Тэгвэл нухчин дарж байна гэж ойлгож болох нь ээ?
- Тэгж бодохгүй байна. Тэгэх ч гээгүй. Нухчин дарах гээгүй үнэн зөв мэдээлэл  цацуулах гэсэн юм. Тэгвэл торгох, шийтгэх  асуудал үүсэхгүй. Хэчнээн муу, хар байсан ч үнэн зөв мэдээлэл гаргавал хэн торгох юм бэ. Худлаа зүйл битгий гарга, ор үндэсгүй гүтгэж гүжирдэхгүй бай гэдэг үүднээс ийм заалт оруулж байгаа болохоос хэвлэл мэдээллийг  боох гээгүй. Хэвлэл мэдээлэл ч зөвхөн сонгуулиар амьдардаг байгууллага биш.
- Оногдуулсан торгууль сэтгүүлчдэд хамааралтай. Хүчгүйдүүлсэн, хуулиар айлган сүрдүүлсэн аргаар хариуцлага тооцох хэр зохимжтой юм бол?
- Хэн ч айж сүрдэж, торгууль төлөх албагүй. Гол нь үнэнийг мэдээл.
-Торгууль төлөх чадваргүй бол  яах уу. Өөр шийтгэл хүлээх  үү?
-Торгуулийн чадамжтай, чадамжгүй талаас харахгүй байна Үнэнийг мэдээлэл торгуулах шаардлагагүй.
-Үнэнийг нийтэлсэн ч хэлмэгдэх тохиолдол их гардаг. Үнэнийг худал болгохоор гомдол гаргах нь ойлгомжтой. Үүнийг харгалзаж үзээгүй юу?
-Сонгуулийн хуультай холбоогүй асуудал байна.Үнэнийг бичээд хохирч байгааг бусад хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэхээс биш Сонгуулийн хуульд хамаатуулж ойлгох дэмий.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.