Г.Баярсайхан “Улс төрчид хэвлэлийн салбарыг булингартуулж байна”
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Болохгүй бол хэвлэл мэдээллийнхнийг хаах хэрэгтэй” гэх утгатай зүйл ярьсан. Ямар утгаар ингэж хэлэх болов?
-Чөлөөт хэвлэлийг Монголын амин сүнс гэж боддог. Зарим хүн хэвлэл дээр хүссэн зүйлээ бичиж болох юм шигээр ойлгодог. Харин минийхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх чөлөөнөөс гадна хариуцлага, ёс зүйтэй байх ёстой. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулиар захиалагч байгууллагатай гэрээ хийнэ. Харин цацаж буй мэдээллийнх нь хариуцлагыг гэрээ хийсэн байгууллага нь хүлээх тухай заасан байгаа. Үүнээс үзэхэд сонин, хэвлэлээр мөнгө төлсөн бол дуртай мэдээллээ цацаж мэдэх юм. Надад ингэж л санагдаад байна. Наад зах нь ёс суртахууны хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Өнөөдөр хэвлэлийнхэн зар сурталчилгаа явуулж мөнгө олж байгаа.Гэтэл үүнийг нь хэд дахин нугалсан торгууль тавих нь арай хатуудах болов уу.
-Ёс суртахуунтай байхыг онцлоод байгаагаа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Энэ бол маш чухал. Японы фукушимагийн атомын цахилгаан станцын эргэн тойрны хориотой бүсэд очсон сайд нь “үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсныг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг л би асар өндөр улс төрийн соёл, ёс суртахуун гэж харж байна. Англи улсад саяхан Р.Мурдокын хяналтад байдаг сонин нь төрийн өндөр албан тушаалтны яриаг чагнасан, хууль бус аргаар олсон мэдээллээ сонин дээр тавьсан гэх шуугиан үүссэн. Тэгтэл тухайн сонины удирдлага “Ёс суртахуунгүй үйлдэл хийсэн. Цаашид оршин тогтнох боломжгүй” хэмээн сониноо хаасан байгаа юм. Би үүнийг л ёс зүй гээд байна. Яах вэ намайг ийм жишээ татаад ярихаар зарим хүн Г.Баярсайхан сонин, хэвлэлийг хаах тухай ярилаа гэсэн. Миний ярьсан зүйлийг мушгиж байгаа санаа байх. Би чөлөөт хэвлэлд хайртай. Хайртай гэснийг хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгоно биз. манай Ардчилсан нийгэм чөлөөт хэвлэл дээр тогтож байна.
-Тэгвэл улстөрчид яагаад хэвлэлийнхэнд ийм өндөр торгууль ногдуулах гээд байгаа юм бол. Таны хувьд сэтгэл дундуур явдаг зүйл бий юү?
-Чөлөөт хэвлэлийг харж байхад “Оюутолгой”, “Айвенхоу Майнз”-ын өмнө бөхийгөөд байгаад нь сэтгэл дундуур байдаг. Үүнийг хэлэхгүй бол болохгүй. Улс төр бизнесийн бүлэглэлүүд хэвлэл мэдээллийг хяналтандаа байлгах санаа нь торгуулиар илэрч байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг мянга мянган сэтгүүлчид шударга ёсны төлөө дуу хоолойгоо хүргэдэг гэдэгт итгэдэг.
-Мөнгөө төлж сонины зай, телевизийн цагийг авсан хүний материалыг хэвлэлийн сурталчилгаа гэдгийг нь хараад ойлгохоор гаргадаг шүү дээ. Үүнийг уншигчид хараад ойлгохгүй гэж үү?
-Захиалгат зүйл цаанаа зорилготой байдаг. Тиймээс хүний сайн, муу, ёс суртахуунтай, ёс суртахуунгүй үг аль нь ч байлаа гэсэн хэвлэлийнхэн нүдээ аниад бүгдийг нь гаргана гэдэг өөрөө ёс суртахуунгүй зүйл болох болов уу. Нөгөөтэйгүүр хэвлэлийнхэн ёс зүйтэй байхаас урьтаж улстөрчид ёс суртахуунтай байх ёстой юм. Монголын улс төрийн гал тогоонд чанагдаж байгаагийн хувьд нэг зүйл хэлэхэд улстөрчид энэ салбарыг булингартуулж буй зүйл бий. Мөн улс төрийн хүчин, аль нэг намын нөлөө бүхий фракцын тэргүүн нь хувийн сонинтой байх жишээтэй. Үүнээс болж хэвлэлийнхэн булингартаж байгаа юм.
-Тэгэхээр энэ булингараас гаргахын тулд цаашид яах хэрэгтэй юм бол?
-Барууны томоохон хэвлэлийн компаниуд олон хувьцаа эзэмшигчтэй байдаг. Үүнтэй адил хэвлэлийнхэн олон хувьцаа эзэмшигчтэй байгаасай гэж боддог. Тэгтэл өнөөдрийн хувьд нэг эзэнтэй байж, хэлснийх нь дагуу тухайн хэвлэлийн бодлого чиглэж байна.
-Тэгвэл телевиз, сонин, сайтын ар талын эздийг нь ил болгож болохгүй гэж. Ийм ил тод болчихвол амар юм биш үү?
-Бүх зүйл нээлттэй, тунгалаг байх ёстой. Энэ утгаараа нэг сонин олон хувьцаа эзэмшигчтэй бол хэзээ ч хүн гүтгэхгүй, захиалгын материалаар сониныхоо бодлогыг тодорхойлохгүй шүү дээ. Иймээс л улстөрчдийн ёс зүйн талаар яриад байгаа юм. Сургуулийн хүүхдүүд хоолныхоо газар хордлого авдаг, цэцэрлэгт олон хүүхэд шарлаж байхад салбарын сайд нь юу ч болоогүй юм шиг шоу хийгээд л явдаг. Харин үнэн хэрэгтээ нэг хүүхэд сургууль дээрээ хоол идээд хордвол сайд нь огцрох л ёстой байхгүй юу. Энэ бүгд бидэнд улс төрийн ёс суртахуун, хариуцлага зэрэг олон зүйл дутуу байгааг л харуулж байна. Үүнийг үргэлжлүүлээд яривал хамтарсан Засгийн газар, УИХ-ын хариуцлагын талаар задалж ярих шаардлагатай болно.
-Ингэж задалж ярихаас өмнө улстөрчид хариуцлагатай байхын тулд яах ёстойг нь хэлэхгүй юү. Сонгууль дөхөхөөр юун ёс суртахуун, юун хариуцлага гэх нь холгүй байдаг гэхэд хилсдэхгүй болов уу?
- Засгийн газар хамтраад хийж, бүтээж байгаа нь сайн боловч хойноо олон алдаа үлдээдэг юм байна.Өөрөөр хэлбэл хариуцлага алга гэдгийг л би хувьдаа олж харж байна.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлж торгоно” гэдгийг багасгана гэж байсан. Гэтэл гишүүд дурамжхан байгаа болохоор бараг өөрчлөлт оруулахгүй юм шиг яригдаад байх юм?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө ёс суртахуунтай байх ёстой гэдэг үүднээс нь би байр сууриа илэрхийлж байгаа. Өндөр торгуулийн тухайд Засгийн газар нь эдийн засгийн хэлбэрээр хэвлэлийнхээ амыг барих нэг хэлбэр юм болов уу гэж бодож байгаа. Өндөр торгууль ноогдуулах нь буруу.
-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулахыг зөв гэж үзэж байна уу?
-Хамтад нь явуулах хэрэгтэй. Тусад нь явуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гаргадаг. Тиймээс хамтад нь явуулснаар үүнийг багасгах давуу талтай.
-Ардын намын Бага хурал боллоо. Энэ үеэр ирэх 20 жилийн төлөвлөгөөний талаар ярилцлаа. Харин танай намын тухайд нам гүм байна?
-Ардын намын Бага хурал миний харснаар бүгдээрээ ярайтал гараа өргөдөг хуучин коммунист нийгмийн үеийн хурал шиг л харагдсан. Нэрээ сольсон ч мөн чанар нь хэвээр байгааг илтгэж байна л даа. Хурлынхаа үеэр чөлөөтэй үг хэлж, санал бодлоо илэрхийлж буй зүйл анзаарагдсангүй. Ардын намынхан нийгэмд нэг цул мэтээр харуулахыг оролдож байна. Харин угтаа хоёр хуваагдчихсан.
Хэчнээн ярайтал гар өргөж байгаа хэдий ч Ардын нам сул, дотроо айдастай байгаа нь надад харагдаж байна.
Манай намын хувьд хагарч, нийлж, нэгдэхийг 10 гаруй жилийн өмнө үзчихсэн. Одоо бол хагалъя гэсэн ч хагарч, бутрах зүйл алга. Ардчилсан нам бол үзэл бодлоороо нэгдсэн нам. Ер нь ямар ч нам дотор өрсөлдөөн байх ёстой. Хэрэв ийм өрсөлдөөнгүй болбол нам мөхөж байгаагийн шинж. Манай намд фракциуд өөрсдийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлдэг. Ингэлээ гээд асуудал үүсэхээс илүү нам хүчтэй болж байгаа болов уу гэж боддог. Ардын нам 20 жилийн өмнөөс л “Ардчилсан нам хагарлаа” гэсээр ирсэн. Өнөөдөр хамгийн эрүүл, хүчтэй нь Ардчилсан нам юм. Учир нь Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын гишүүд хэзээ ч ярайтал гар өргөхгүй. Харин үүний оронд олонх нь бодлогоо тодорхойлж, цөөнх нь ямар ч тохиолдолд байр сууриа илэрхийлдэг. Энэ бол ардчиллын үнэт зарчим юм.
-Танай намын зарим гишүүн “Ардчилсан нам унхиагүй байна. Сөрөг намууд сонгуулийнхаа ажилд орчхоод байхад манай нам юу ч хийхгүй юм” гэхчлэн шүүмжилж буй. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
- Би намаа шүүмжиллээ гээд манай намд миний амыг барьж, намын даргын зүгээс сануулга өгөх зүйл байдаггүй. Шүүмжлэх нь удирдлагуудаа хурцалж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгодог.
-Ирэх сонгууль дөхчихөөд байгаа энэ үед бие, биеийгээ шүүмжлэх нь нийгэмд хагарч, бутраад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж мэднэ шүү дээ?
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал эрүүл явдаг гэж хэлсэн. Түүнээс биш Ардын намын Бага хурлын гишүүд шиг тушаал, заавар авчхаад амаа үдүүлээд суудаггүй. Монголын улс төрийн тавцанд Ардчилсан нам хамгийн хүчтэй байгаа. Нам дотор болж буй өрсөлдөөнийг бутрах гэж байгаа мэтээр ярьж буй хүчин нь ойлгомжтой. Салж, бутрах бодолтой хүн манай намд байхгүй. Харин миний сонссоноор Ардын намаас одоо ч 20-оод гишүүд нь салах, тусгаарлах тухай ярьдаг юм билээ.
-“Х.Баттулга сайд намын дарга болох бодолтойгоор барахгүй, зарим гишүүнтэй энэ талаар ярилцаж байгаа” гэх яриа бий?
-Энэ бол намын дотооддоо шийдэх асуудал. Ямар ч тохиолдолд олонх юу гэж үзнэ үүнийгээ л дагана.
-МАХН, жижиг нам, иргэний хөдөлгөөнүүдтэй, Иргэний Зориг нам, Монголын Ногоон намтай нэгдэж хүрээгээ өргөжүүлж байгаа. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгууль хэр өрсөлдөөнтэй болох бол гэж бодож байна вэ?
-Миний хувьд пропорциональ систем орсон холимог хувилбарыг хурдан батлах хэрэгтэй. Харин Ардчилсан намын хувьд парламент дахь өөрсдийн байр сууриа бататгаж, ялна гэж бодож байна. Ардчилсан нам бол улс төрийн орон зай дахь үндсэн тоглогч гэж ойлгож явдаг.