МЕДВЕДЕВ, ПУТИН нарын ЗУРГААН АСУУДАЛ
2011.12.06

МЕДВЕДЕВ, ПУТИН нарын ЗУРГААН АСУУДАЛ

 
  • -Швейцарийн “24 Heures” сонины тоймч Никита Робертын нийтлэл-

Дарамт шахалт үзүүлсэн, бие даасан интернэт сайтууд руу кибер халдлага хийсэн гээд ОХУ-ын сонгууль дуулиантай болж өнгөрлөө. Эрх баригч “Нэгдсэн Орос” нам хэрхэн парламентын сонгуульд ялж чадсан, мөн гарсан зөрчлийн талаар сөрөг хүчин мэдэгдэл хийсэн.


Намынхаа сонгуулийн жагсаалтыг толгойлсон Ерөнхийлөгч Дмитрий Медведев ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Кремлийн түлхүүрийг Ерөнхий сайд Владимир Путинд гардуулан өгч, тэгээд өөрөө Засгийн газрын тэргүүний суудалд залрах нь тодорхой. Яг энэ үед тэр хоёрын өмнө 6 гол асуудал гарч ирэх байх.

Өөрчлөлт шинэчлэл

Сонгуулийн дүнг хүлээж буй нь

Бүх л салбарт өөрчлөлт шинэчлэл маш удаан явагдаж байгаа. Тухайлбал, эдийн засагийн салбарыг харахад Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011 онд 4% байгаа нь Европынхоос илүү байгаа юм. Хямралын эсрэг арга хэмжээ үр дүнтэй яваа нь батлагдсан. Гэхдээ эдийн засгийн шинэчлэлд ажил хэрэгч элитүүд итгэхгүй байна. Айсуй эдийн засгийн хямралаас айж, Оросын “уураг тархи” гадагшаа урссаар байна. 18-24 насны орос хүмүүсийн 40% гадаад руу гарах тухай мөрөөддөг гэсэн судалгаа ч бий. Үүний зэрэгцээ капитал нь мөн гадагшаа урсаж, 80 тэрбум долларт хүрсэн нь 2010 оныхоос 2 дахин их байгаа юм.

Дэд бүтэц
 

ОХУ-ын дэд бүтэц элэгдэж муудсан нь эдийн засгийн өсөлтийг удаашируулж байна. Хөрш Хятадын олсон амжилттай харьцуулахад эрс ялгарч байдаг. Орост тээврийн бүх сүлжээг шинэчлэх шаардлагатай. Мөн төмөр замын системийн либералчилалыг хурдавчлах ёстой. Эдгээр ажлыг оросууд 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө амжуулах хэрэгтэй. Тухайлбал 13 хотын хоорондын зам холбоог сайжруулах шаардлагатай байгаа. Түүнээс гадна 2030 онд Орос улс өндөр хурдны 5700 км, хурдны 9000 км шугам барихаар төлөвлөсөн. Гол төсөл нь Москва-Санкт-Петербургийн шугам юм. Оросын эдийн засгийн хөгжил 10 жил үргэлжилсэн ч хоёр нийслэлийн хооронд сая л гол авто замыг барьж эхэлсэн байна.

Авлига

 

Путин, Медеведев нарыг эсэргүүцэгчид жагсаал хийв

Оросын Засгийн газар инфляци өмнө байгаагүй бага хэмжээнд буюу 7% гэж байгаа. Гэтэл орос иргэдийн ихэнх нь үнэ нэмэгдсэн гэж гомдоллодог. Албан тоо баримтад авлигын өсөлтийг тооцдоггүй. Өмнө нь үнэ төлбөргүй байсан боловсрол, эрүүлийг хамгаалах зэрэг үйлчилгээг авахын тулд одоо мөнгө төлдөг болсон. Тэр бүү хэл заримдаа арын хаалгаар мөнгө төлж байж л үйлчилгээ авдаг. Иймээс оросуудын 50%-иас илүү нь 1990-ээд оноос илүү авлига авдаг болсон. Иймээс ОХУ нь “Transparency International”-ын авлигын жагсаалтад 11 байр ухарч, 183 орноос 143-д жагсажээ.

Эрх зүйт улс

Бие даасан шүүх байхгүй, цагдаа болон шоронгийн систем нь авлигад идэгдсэн. Энэ бүхэн оросуудын төр засагтаа итгэх итгэлийг алдагдуулж байна.
Ойрын саруудад болох өмгөөлөгч Сергей Магнитскийн үхлийн буруутнуудыг шүүх хурал нэг ёсондоо Оросын хууль хамгаалагчдыг шалгах юм. Энэ өмгөөлөгч цагдаагийн болон татварын түшмэд их хэмжээгээр улсын хөрөнгийг шамшигдуулсан талаар мэдэгдэл хийсэн. Гэтэл дараахан нь түүнийг санхүүгийн луйврын хэргээр мөрдөн мөшгиж, улмаар хорьсон. Магнитскийг 11 сар урьдчилан хорих төвд хорьсны эцэст зүрхний өвчнөөр нас барсан гэжээ. Гэтэл энэ бүх хугацааны дотор түүнийг зодож цохин, улмаар эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байсан хэмээн зарим эх сурвалж мэдэгдсэн. Шүүгчид, цагдаагийнхан, шоронгийн ажилтнууд одоо ч хариуцлагаас зайлсхийсээр байна.

Кавказ ба ислам

Чечений дайн аль хэдийн дууссан ч хөрш Дагестан, Ингушетэд нөхцөл байдал одоо ч тайван биш. Цагдаа нарт халдах, тэднийг хулгайлах тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд үүний зэрэгцээ ядуурал, авлига гаарч байна. Эдийн засаг хөгжиж байна хэмээн эрх баригчид нь том том мэдэгдэл хийж байгаа ч үнэндээ тэд Москвагийн үгээр “Аль Кайда” болон исламын бусад байгууллагатай холбоотой хэмээн хэт даврагчдыг мөрдөн мөшгиж эхэлсэн. Кавказад байдал хэвийн болтол хол байна. Халдлага, баривчилгааны битүү тойрог үргэлжилсээр Москва руу шилжиж байгаа. Ингээд л террорист ажиллагаа дэгдсээр. Жишээлбэл өнгөрсөн онд метронд, энэ оны 1-р сард онгоцны буудал дээр.  Өнгөрсөн парламентын сонгуульд “Нэгдсэн Орос” нам дундаж үзүүлэлт үзүүлсэн ч засгийн эрхэнд хэвээр үлдлээ. Төрийг хослон захирдаг Путин, Медведев ч мөн адил.

Хүн амын өсөлтийн бууралт

1990-ээд онд энэ бууралт эрчимтэй явагдаж, Орос орон жил тутам 750 мянган иргэнээ алдаж байсан. Харин өнөөдөр Оросод хүн амын өсөлт ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл төрөлт ба нас баралтын түвшин зохих чиглэлд явж эхэлжээ. Гэхдээ энэ эерэг хандлага нь тогтвортой бус. Нас баралтын түвшин, ялангуяа эрчүүдийн дунд асар өндөр хэвээр байна. Орос эрчүүдийн ердөө 60% нь тэтгэврийн нас хүртлээ амьдардаг аж. Жил тутам архинаас болж, энд 400 000-600 000 хүн нас бардаг. Тамхины уршгаар мөн тийм хэмжээний хүмүүс хорвоог орхидог. Энэ бүхэн өнөөгийн Оросын хүн амын гол асуудал болж байна. ОХУ-ын хүн ам 1991 онд 149 сая байсан бол одоо 143 сая болсон. Гэхдээ байдал хэвээр хадгалагдвал 2031 онд 127 сая болтлоо буурч болзошгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.