АН анхаарлыг өөрсдөөсөө холдуулах гэж шатахууны үнийг өсгөлөө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.01.16

АН анхаарлыг өөрсдөөсөө холдуулах гэж шатахууны үнийг өсгөлөө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан нам хамтарсан засгаас гарсан олон асуудал дагуулах боллоо. Хамгийн гол нь нийгэм энэ үйл явцыг зөв буруу хэмээн талцах боллоо. УИХ-ын гишүүн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмнийхээ эрх  ашгийн төлөө намын эрх ашгаа хойш тавиад хамтарсан Засгийн газарт орлоо гэж намын дарга нь мэдэгдэж байсныг нийгэм  мартаагүй  байна. Гэтэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн  хэрэгжилт маань 80 хувьтай, хэрэгжиж  дуусаагүй байдаг. Тиймээс дутуу орхиод явж байгааг юу гэж ойлгох уу.

Зарим нэг нь АН-ын гишүүн бид амласнаа амжуулчихаад гарч байгаа юм" гэх ухааны юм ярьсан шүү.

Тухайлбал, хувьцаа өгөхөөр болсон ч гэх шиг. Ер нь хамтраад хийсэн сайн, мууг хамтдаа л хуваалцах ёстой. Сайн нь манайх, тааруу нь тэднийх гэж хэлж таарахгүй. Дутуу үлдээсэн ажлынхаа хариуцлагаас ч мултарч чадахгүй. Амласан зүйлийнхээ хойноос эцсийг нь хүртэл явж чадахгүй байгааг зөвтгөх аргагүй. Ард иргэд маань ч ойлгож байх шиг. Албан тушаалын төлөө л хамтарсан нь тодорхой байна.

-Магадгүй, нийгэм хоёр талцаад байгаа нь АН хамтарсан засгаас гарах мэдэгдэл хийхтэй зэрэгцээд шатахуун түлшний унэ нэмэгдсэнтэй холбоотой байх. Үнийн өсөлтийг үүнтэй холбон тайлбарлаж болох уу?

-Цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь сонирхолтой зүйл. Амлаж, ярьснаа хэрэгжүүлж чадахгүй буцаж байгааг  нь  нийгэм  шүүмжлээд ирэхээр  иргэдийн  анхаарлыг  өөр зүйл рүү хандуулах гэж шатахууны үнэ өсгөчихлөө гэж АН -ыг хардаж байна  шүү  дээ.  Энэ АН-аас томилогдсон Эрдэс баялаг, эрчим хүчний   дэд   сайд   Б.Ариунсангийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой байх л даа. Шатахууны үнийн өсөлтийг зуун хувь валютын ханшны өсөлттэй  холбож үзэх үндэслэл муу л юм билээ. Өмнө ам.доллар, төгрөгийн ханш 1470 хүрч, гадаад зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн төвшинд байхад түлшний үнэ өсөөгүй байдаг юм.

-Гурван жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан Засгийн газрын ажилд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь мэдээжийн хэрэг. Чухам ямар өөрчлөлт орох бол, томилгоо энэ тэр бол байх нь зүйн хэрэг. Хамгийн гол нь ажилд нь ямар нөлөөлөл үзүүлнэ гэж харж байна?

-Хариуцлагыг нөгөө улстөрийн хүчинтэйгээ хамтарч үүрнэ гэдэг амьдрал дээр хэрэгждэггүй зүйл гэдэг сургамжийг авсан байх гэж найдаж байна, Нэг гол өөрчлөлт бол нийгмийн өмнө хүлээх хариуцлага бидний нуруун дээр ирж байна. Өөрөө хүндрэл үүсэх болов уу гэдэг талаас нь асуугаад байх шиг байна. Энэ байтугай хүнд ачааг нийгмийн өмнө үүрч явсан улс төрийн хүчин учраас даваад гарах бололцоо, нөөц бол хангалттай бий. Харин улстөрөө гол болгож улс орныхоо үндсэн эрх ашгийг бодолцохгүй чагт тавья гээд хүндрэл үүсгэж, үймүүлж эхэлбэл асуудалтай. Арай ч тэгэхгүй байх гэж бодож байна. Улстөрчдийн эрх ашгаас гадна ард иргэдийн маань эрх ашиг гэж байдгийг ойлгох байлгүй дээ.

-Та өргөнхэрэглээний барааныүнэ өсөж байгаа тухайтелевизээр ярьж байсан.Энэ үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх магадлалбайгааг ажиглагчид ярьжбайна. Таны хувьд ямарбайр суурьтай байна. Хамгийн гол нь энэ үнийнөсөлтөд төр буруутайюу, хувийн хэвшлийнхэнбуруутай юу, эсвэл өөр учир шалтгаан байна уу?

-Өсөх магадлал байж болзошгүй учраас угтуулж авах арга хэмжээний талаар ярьж байсан. Тухайлбал, импортын нийлүүлэлтийг сайжруулах, цалингийн өсөлттэй уялдуулаад бизнесийн салбараа татвар, зээлийн бодлогоор дэмжиж борлуулалтыг нь нэмэгдүүлж цалингаа өсгөх бололцоог олгох гэх мэт. Иймэрхүү зохицуулалтуудыг төрийн зүгээс цаг алдалгүй авах юм бол үнийн өсөлтийг хязгаарлах бололцоо бий. Хойноос нь хөөж биш угтуулсан арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил аль аль нь нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах ёстой. Сая жишээлбэл, нефтийн компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн дүгнэлт хийсэн байна. Тийм бол хувиа хичээсэн нийгмээ ядууруулсан тэдгээр улсуудтай төр хариуцлага ярьж, шийтгэл ногдуулах ёстой. Мөнгөний хүчээр төрөө хүчин мөхөсдүүлж ард иргэдээ шулдаг байж хэрхэвч таарахгүй.

-Шатахуун түлшний хувьд бид хойд ах нараас хараат олон жилийг үдлээ. Энэ асуудлыг цэгцлэх боломж болон хугацаа хангалттай өнгөрлөө. Одоо бид ямар гарц хайх хэрэгтэй вэ?

-Тийм л дээ. Манайх   хойд хөршөөсөө хоёр зүйл дээр бүрэн хамааралтай байдаг. Зөвхөн түлш, шатахуун бус эрчим хүч, цахилгааны хувьд ч хараат юм. ОХУ-тай холбосон цахилгааны 220  кв  хоёр  шугам тасрахад манайх  эрчим    хүчний хямралд шууд орно. Үүнийгээ бид мэдэхийн дээдээр мэддэг.  Гэхдээ л ярьсаар өнөөдрийг хүрсэн. Уг нь хэрэгжүүлье гэвэл нэг үеэ бодоход мөнгө,   хөрөнгөтэй болсон  байна. Гэхдээ л хэрэгждэггүй юм. Яагаад тэгээд байдгийг бүү мэд. Ярих бус бодит ажил хэрэг болгох эр зориг дутаад байна уу.

-Үүнээс ноцтой асуудал бол сонгуулийн тухай хууль. Энэ хууль батлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна. Та энэ хуулийг ямар хууль боллоо гэж харж байна?

-Хувь хүнийхээ  хувьд  намын нэрийг  ямар  нэг хэмжээгээр дугуйлдаг болсныг  буруу  гэж боддог. Олонхын шийдвэр учраас дагахгүй гээд яах билээ. Харин мөнгө, бэлэг сэлт тараах гэх мэт хууль бус аргаар төрийн эрх мэдэл олж авах гэдэг оролдлогуудыг хумих талаасаа сайн хууль болсон шүү.

-Одоо энэ хуулийн заалтуудыг Үндсэн хууль зөрчлөө гэж Үндсэн хуулийн цэцэд өгчихлөө. Ингэхэд цэц ямар шийдвэр гаргах бол. Болжээ гээд цааш нь явуулах үндэслэл бий юу?

-Нам дугуйлж байгаа дээр асуудал үүсэж болохыг би үгүйсгэхгүй байна. Хэрэв л шударга цэц юм бол, Үндсэн хуулиар бол, УИХ-ын гишүүн бол ард түмнээс шууд сонгогдсон тэдний элч төлөөлөгч юм гэдгийг хэлмээр байна. Ер нь бол намын нэр дээрээс гишүүн болох тухай заалт Үндсэн хуульд байхгүй. Сүүлийн үед цэцийн гаргаж байгаа шийдвэрүүд нэг л биш байгаа. Би хувьдаа эргэлздэг болсон. Уг нь улс төрийн нөлөөлөлд ордоггүй, бие даасан шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой юм шүү дээ.

-Тойргуудын мандат эрс цөөрсөн нь гишүүдийн дунд маргаан үүсгэж байгаа байх. Нөгөө талд нэлээд хатуу чанга хууль болсон гэдэг. Хамгийн гол нь монгол хөрсөнд зохицсон хууль болж чадсан уу?

-Өргөн уудам, хөгжлийн төвшин янз бур алслагдсан нутагтай манай орны нөхцөлд төлөөллийн зарчмыг илэрхийлсэн мажоритор тогтолцоо нь илүү зохистой байх. Тэр талаас нь харвал, ямар нэг хэмжээгээр энэ байдал хуулинд хадгалагдаж үлдсэн.

-Энэ хуульд бас нэг зүйл нь 48 нь ард иргэдийн дундаас өрсөлдөж гарах бол 28 хун намын нэрээр орж ирэхээр хуульчилсан байгаа. Энд бас шударга бус зүйл нуугдаж байж болох?

-Ер нь ард иргэдээрээ шүүлгэж гарч ирэхийн буруу гэж юу байхав. Тэгээд тэр мөнгө, бэлэг гэх мэт хууль бус нөлөөллүүдийг нь хаачих юм бол.

-Таны сонгогдож ирсэн тойрогт энэ жил маш олон хун өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Тийм ч учраас хамгийн өрсөлдөөнтэй тойрог хэмээн үзэж буй. Таны хувьд ирэх сонгуулиар чухам юу баримталж оролцох вэ?

-УИХ-ын гишүүн болж, ард иргэдээ төлөөлнө гэдэг бол хүссэнээр бүтдэг асуудал бус итгэл авч буй эсэхээр хэмжигддэг асуудал шүү дээ. Тийм учраас сонгогчид маань итгэл өгч байгаа тул нэр дэвшиж өрсөлдөнө.

-Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд дорвитой ажил юу хийв?

-Миний гол амласан зүйлүүд үндсэндээ бүрэн хэрэгжсэн. Тухайлбал, Дулааны станц, Бөхийн өргөө, Ахмадын өргөө, Багш, Хүүхдийн ордон, аймгийн төвд шинэ сургууль, төрөх эмнэлэг, бурхан багшийн цогцолбор барих гэсэн амлалтууд маань хэрэгжээд байна. Мөн гишүүдтэйгээ хамтраад зам, гүүр гэх мэт аялал, жуулчлал хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн зам, гүүрүүдийн хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэж зарим ажил нь эхлээд явж байгаа. Гишүүний хувьд санаачлан аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүдэд худгаас шууд усны шугам татаж оруулах, хөдөөгийн багуудад бага оврын трактор, суу боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэх, сумдын төвд эрүүл мэндийн шинжилгээ хийх анализатор нийлүүлэх гэсэн асуудлуудыг төсөвт тусган хэрэгжүүлж байна. Манайд хотын дараа орох том барааны зах бий. Өвлийн хүйтэнд гадаа зогссоноос олон хун элдэв суурь өвчтэй болдог. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүнтэй хамтран хүнс, барааны битүү худалдааны том зах барих хөрөнгийг 2012 оны төсөвт тусгаад байна.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Одоо МАН дангаараа Засгийн газар бүрдүүлнэ. Ямар сайдууд байгаасай гэж бодож байх юм.

-Тухайн салбараа сайн мэддэг, шууд очоод ажиллах бололцоотой мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байвал сайн.

-Хэрвээ танд ямар нэг салбар тэргүүлж, Засгийн газарт ажиллаач гэвэл юу гэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна.